(Хүчтэй гар хүсэгчдэд зориулав)

Коммунист дэглэм дарангуйлагчийг төрүүлдэг. Дарангуйлагч нь улс орны аюулгүй байдлыг хангах нэрээр гадны аль нэг улсыг өөрсдийн дайснаар тодруулах, өөр үзэлтэй хүмүүс, сөрөг намуудыг хориглох, нам доторхи өрсөлдөгчөө устгах замаар төр засгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлдэг.

Улс орноо удирдах “онол” боловсруулж, батлан хамгаалах нэрээр эдийн засгаа цэрэг дайнд бүрэн зориулснаар төдөлгүй дампууралд хүргэдэг. Ард түмэн улам бүр ядуурна, өлсөнө. Гол буруутан нь мэдээж гадаад, дотоодын дайснууд. Тэр дайснуудыг тагнаж чагнаж мөрдөж, хэлмэгдүүлэн шийтгэж,  цөлж, шоронд хориж, алж устган бүхнийг төмөр нударга дороо захирдаг. Улс төрийн товчоо, удирдах дээд зөвлөл гэх мэт гоё нэртэй элит анги бүрдэж, тэдний амьдардаг хотхон, газар, тусгай дэлгүүр, эмнэлэг, сувилал, унаа тэрэг бий болж үр хүүхдүүд нь хоорондоо гэрлэж, “тусгай” анги бүрэлдэнэ.

Дарангуйлагч өөрийн давуу эрх, аюулгүй байдлаа хангах зорилгоор дайснуудыг тагнаж илрүүлэх, шийтгэх тусгай хүчний байгууллага бий болгож, бэхжүүлэн өргөжүүлдэг.  Улс орноо айдас хүйдэст автуулснаар, хуулиас ангид, хязгааргүй бүрэн эрхэт “хаан” болж, хувь хүнийг тахин шүтэх үзэл бүрэн биелэлээ олдог. Эцэст нь эсвэл төрийн эргэлтээр зайлуулагддаг, зарим нь үхэн үхтлээ дарладаг.  Дарангуйлагч нас бармагц нь орон даяар сүржин дэглэлттэй уйлаан майлаан, уй гашуу болно. Төдөлгүй түүнийг үзэн ядалт ил тод болж эхэлнэ. Ясыг нь зөөж өөр газар хүртэл хаядаг. Үр удам нь түмний жигшил, дургүйцлийн дунд амьдардаг.

Энэ технологи, ийм замын зургаар олон улс орон явсан түүхтэй. ЗХУ, Хятад, Монгол, Румын, Албани, Хойд Солонгос, Куба гэх зэрэг маш урт жагсаал гарна. Цаашид ч энэ жагсаалт үргэлжилнэ.

Энвэр Ходжагийн Албани

Дэлхийн II дайн дуусах үеэр холбоотны цэргүүд Албаниас гарч, 1944 оны 5-р сард Фашизмын эсрэг үндэсний чөлөөлөх зөвлөлийн их хурлаар АКН (Албаны Коммунист Нам)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энвэр Ходжаг тус Зөвлөлийн тэргүүнээр сонгов. Зургаан сарын дараа коммунистууд Тиранад орж Албанийн төр засгийн эрхийг авч, 1946 оны эхээр БНААУ байгуулагдав.

Энвэр Ходжа дараа жил нь Москвад Сталинтай уулзав. Энэ хоёр нийт таван удаа уулзсан. 1951 онд Сталин нас барж, Зүүн Европ даяар Сталинизмийг зогсоосон боловч энэхүү харгис үзэл санаа ганцхан Албанид 1990 он хүртэл хадгалагдаж үлджээ.

Е.Ходжа бүр 1944 оны 12 дугаар сард төр засагт өндөр албан тушаал хашиж байсан 66 хүнийг баривчилж “тусгай шүүх”-ээр хэргийг нь хэлэлцэв.  Дайны үед засгийн газарт ажиллаж байсан Ерөнхий сайд, Парламентийн дарга, сайд нар гэх зэрэг баруунд сурсан, боловсрол мэдлэгтэй элит хүмүүсийг Италийн эзлэн түрэмгийлэгсдэд үйлчилсэн гэж буруутгав. Тиранад Үндэсний Театр-т болж, бас радиогоор нэвтрүүлж байсан энэ шүүх ажиллагаа 1945 оны 4-р сард шийдвэрээ танилцуулав. 17 хүнийг цаазаар авах, бусдыг нь 20-30 жилээр хорих, 5 хүнийг гэмгүйд тооцсон болно. Цаазаар авахуулах хүний дотор Ходжагийн хүргэн ах байв.

Ходже нийт 39 шорон шинээр, 70 лагерь бариулсан юм. Ходже “дайны онцгой татвар” тогтоож, худалдаачин болон чинээлэг иргэдэд маш өндөр татвар ногдуулав. Татвар төлөөгүй хүнийг шоронд хорьж, ихэнх нь тэндээ нас баржээ. Хувийн байшин, машин болон бусад үндсэн хөрөнгийг төрийн мэдэлд авав. Газрын эздийн өмчийг хураан нийтийн болгож хамтралд өгөв. Энэ явцад Зүүнд суралцсан коммунистаар шинэ элит бүрдүүлж байлаа.

Удалгүй Дотоод яамны дэргэд Югославын туршлагаар, “Сигурими” нэртэй тусгай алба байгуулав. Дэглэмийн аюулгүй байдлыг хамгаалах гол үүрэгтэй энэ байгууллага 46 жил оршин тогтохдоо Албани хүн бүрийн зүрхэнд орсон аймшигтай хүчний байгууллага болжээ. Нийт 200,000 шуурхай ажилтантай байсан. 1990 он гэхэд энэ байгууллага 1 сая хүн дээр (1975 онд Албаний хүн ам 2.4 сая байсан) хувийн хэрэг нээж, хүн бүрийн улс төрийн үзэл бодол, найдвартай эсэх, гэр бүл, нууц амраг хэзээ, хэнтэй уулзаж юу хийж, ярьсаныг мэдэж байжээ. Бараг хүн бүр бие биенээ тагнаж, чагнадаг, мэдээлдэг болжээ. Хана нэвт чагнах тоног төхөөрөмж ердийн хэрэглээ болжээ. Зарим шоронд 10 ам метр талбайтай камерт 20 хүн хоригдох болов. Улс төрийн хувьд найдваргүй этгээдийг баривчилж хорихоос гадна гэр бүлийг нь хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх лагерьт явуулж, үр хүүхдийг нь дээд боловсролтой болохыг хориглож байлаа. Мөн гадаадын империалистуудын гэнэтийн довтолгооноос хамгаалах нэрээр орон даяар 175 мянган газар дор хоргодох байр (bunker) байгуулжээ.

Сталины үхлээс хойш Албани өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж, зөвхөн Хятадын КН-тай ажил хэргийн харилцаатай, тодорхой худалдаа хийж байсан. 1985 онд Ходжаг нас барахад Албани дэлхийн гуравдахь ядуу улс буюу нэг хүнд ногдох ДНБ нь 15 доллар байлаа.

Ходжа 1960 оноос хойш гадаад руу яваагүй, улс төрийн элит амьдардаг Тирана хотын тусгай дүүрэг, Блокоос гараагүй ажээ. Гадаа дэлгүүрүүд хоосон хүн ам нь өлсөж байхад тусгай хамгаалалттай энэ хотхон дотор барууны хүнс, барааны дэлгүүр үйлчилдэг байлаа. Өөрсдийн тусгай эмнэлэгтэй, Ходжаг эмчилж, тордох гэж барууны эмч нарын баг ажиллаж байжээ. Ерөнхий сайд Мехмет Шехүгийн хүү баруунд гарсан, дэглэмийг эсэргүүцэгчийн охинтой суух болсныг мэдээд Ходжа эхнэртэйгээ ихэд хилэгнэж, өөрийн үе залгамжлагч гэж байсныгаа өөр хүнээр (Рамиз Алиа) орлуулах болж, Мехмет төдөлгүй өөрийгөө буудав. Рамиз Алиа 1985 онд Ходжа нас барсны дараа 6 жил төрийн тэргүүнээр ажилласан юм.

Эцэст нь,

Монгол улсад сүүлийн жилүүдэд төрийн төмөр нударга шаардлагатай гэх дуу хоолой хүчтэй болсоор байна. Манай улсын өнөөгийн байдалд шүүмжлэлтэй зүйл олон бий. Ардчиллын замаар явж ирсэн гучаад жилд ололт амжилт их байгаа ч, агаарын бохирдол, замын түгжрэл, ядуурал, болосвролын ялгаа, газрын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа, авилга хээл хахууль гээд олон асуудалтай бид тулгарсан ч шийдэж чадахгүй байна. Иргэд бухимдаж, энэ бүхнийг хүчтэй захирагч гарч ирээд бүгдийг нь хашрааж, шоронд хатаахыг хүсэх боллоо.

Харин ардчилсан нийгэмд энэ асуудлыг шийдэх цорын ганц зам бол хууль сахиулахыг иргэд нийтээр шаардах явдал юм. Гэтэл Монгол улс эдүгээ хууль дүрмээ сахиулж чадахгүй болжээ. Гол шалтгаан нь авилга. Мөнгөөр эрх мэдлийг худалдан авч, хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалыг эрхэндээ оруулсан этгээдүүдтэй Засгийн газар нь ч тэмцээд дийлэхгүй байгаад хэргийн учир оршино. Энэ бүхний хамгийн тод жишээ бол нийтийн мөнгийг олон сувгаар зувчуулж, төр засгийн удирдлага, засгийн газар, шүүхтэй нь худалдаж авсан “Сахал” хочит Д.Эрдэнэбилгийн хэрэг нь прокурооос удаа дараа буцаж, шүүх дээр хойшлуулсаар олон жил сунжирч Засгийн газар солигдохыг хүлээлгэж чадаад байгаад оршино. Ийм жишээ Хөгжлийн банк, ЖДҮ-ийн зээл, Боловсролын сангийн хулгай, нүүрсний хулгай гэх мэт маш олон бий. Аль ч хэрэг нь бүрэн шийдэхгүй өдийг хүрлээ. Энэ бүхнийг ажиглан харж буй хүний хувьд би Е.Ходжагийн үеийн Албани улсын эмгэнэлт түүхийг энд  сануулж байна.

Ингээд шүүх засаглал нь юу ч шийдэхгүй, шударга ёсыг тогтоож чадахгүй удах аваас ард түмний бослого гарч, эмх замбараагүй байдал үүсч, улмаар босогчдыг нухчин дарж, эцэст нь аврагчийн дүрээр дарангуйлагч гарч ирээд “төмөр нударгаар” ард түмнийг барьдаг. Тэгээд дарангуйлагч нь гадаадын дайснаар сүрдүүлэн, онцгой дэглэм тогтоож, бүгдийнх нь хөрөнгийг хурааж, дарангуйллаа баталгаажуулах магадлал илүү их нэмэгдэнэ. Ганц хүний засаглал тогтсоны дараа иргэдийг шорон, гуйланчлал хоёр л хүлээж байдаг.

(Энэ нийтлэлийг Тирана хотод саяхан очсоны дараа бичиж, тоо баримтуудыг интернетээс болон Blendo Pevziu: Enver Hoxha The iron Fist of Albania номноос авсан болно).