Яасан их “аваанзтай хавар” гээч вэ? Оросууд  Украйнаас  Крымыг нь аваад л, манайхан болохоор Бодь компаниас паркаа авраад л.

Ер нь энэ Бодь-ийнхон тэнэг ээ. Паркийн газар дээр менежмэнт хийсэн биш юу юун дээр унав аа. Газар дээр менежмэнт хийхээр авсан нь тэнэг гэх гэсэн биш. Парк авсан байж парк болгох гэж маанагтсанд л хамаг маанаг нь байна.

Үнэн төлөвлөгөөгөө хэлсэн хүнд “хүн байтугаа үхэр өшөөтэй “байсан тэр цагт хүүхдийн паркийг хүүхдийн парк болгоно гэж авах нь зүй. Орон сууц барих газрыг “Бурхан багшийг 1:1 хэмжээтэйгээр, өөрийнх нь  биеэс авсан хэвээр барина”, гуанз барих талбайг “боксын дэвжээ босгоод хажуугаар өнгөрсөн бүх ардыг зодоонд сургана” гэхчлэн бүлтэрч олж авдаг байсан тэр цагт тэгэхгүй бол болохгүй.

Ухаантай сүйхээтэй бусад чинь харсаар байтал хаус бариад л тэрийгээ бурхан багшийн “байшин дүр”мөн гэж зүтгээд, боксчид их өлсдөг учраас гуанзыг нь эхэлж барихгүй бол болдоггүй гэж мэтгэн зоогийн өргөө босгоод, ажлаа бүтээгээд явсан.  Жуулчны урцын зөвшөөрлөөрөө улаан цайм хаус хороолол босгоод түүнээ “том жуулчин чинь ах дүү нараа дагуулж ирдэг тул ингэхээс өөр мэхгүй” гэж ухуулсан.  Ард түмэн уурласан гэж бодно уу, үгүй юм аа. Харин ч тэдний ухаантай, сэргэлэнг бахадсан удаатай. Тэд “Ийм хүн ч хол явна аа” гэлцэн хүүхэд, багачууд руугаа найдлага тавин харсан. Аль 1919 онд Монголд өвөлжсөн И.А.Майский “монголчууд зальтай хүнээ ухаантай гэж үздэг”болохыг дэмий нэг тэмдэглээгүй юм шүү.

Тэгтэл та нар яал аа. Янз бүрийн тоглоом нэмээд. Тоглоом тоотой нь дээр гэж багад нь сургаагүй л юм байх аа даа.

Ард түмэн эхэндээ та нарт итгэж байсаан. Галзуу хулгана босгож байна гээд юм угсраад эхлэхэд чинь “Молоодээц, нээрээ томоохон барилгын каркаазыг чинь галзуу хулганын араам гэж бүлтэрч болох юм байна шүү” хэмээн бахдан хэлэлцэж байлаа. Гэтэл та нар урмыг минь яаж хугаллаа даа. Үнэхээр л галзуурсан аятай  галзуу хулгана барьчихаж энэ тэр. Та өөрснөө галзуу хулгана, за.

Нийгэмд шударга сайн байсан нь бус нийтийн жишгийг дагасан нь хождог, сайн юмыг бус сайн сэтгэгдэл төрүүлэх юмыг хийсэн нь магтагддаг гэдгийг олж харахгүй хаагуур явсан юм бэ.

Бусад чинь хэлсэндээ хүрэлгүйгээр санасандаа хүрээд болоод байхад зөрөөд юунд хүрэв. Хэлсэндээ хүрэх гэсэн биш санаснаас цаашгүй хоцорч, ард түмэн паркийн газраа та нараас нэхэж байна. Яагаад боксын, бурхны газрыг ард түмэн нэхэхгүй байна гэж гайхна уу? Боксыг нь ч, бурханыг нь ч тэд хийгээгүй юм чинь юуг нь нэхэх билээ? Ард түмэн зөвхөн харагдаж байгаа юм аа л нэхдэг. Сайхан ирээдүй шаардахын оронд хүрэлцээтэй өнөөдрийг хүсдэг учраас аль ч төр хөгжлийн бодлогоос илүү, хөнгөлөлт, хямдралтай ноцолддог юм.

Паркыг байлгаад байгаа учраас ард түмэн паркаа нэхэж байгаа юм. Паркийг алга болгочихсон бол  юу ч нэхэгдэхгүй гэсэн үг. Хэрвээ галзуу хулганын оронд галзуу баар барьчихсан бол олон түмэн ямар паркаа нэхэх билээ. Парк л тэднийх болохоос биш баар тэднийх биш шүү дээ.

Дахиад нүдээ нээгээд хар. Парк уудам нутагтай байсан. Ард түмэн орон сууц офис болгосон хэсгийг нэхэхгүй, паркаар нь байлгасан хэсгийг л нэхээд байгаа биз дээ. Учир нь орон сууц офис тэднийх биш, харин парк тэднийх.

Бусадтайгаа адил орон сууц барьсан бол СӨХ нь та нартай нийлээд өмчөө хамгаалах байсан. Бусадтайгаа адилхан худалдааны төв барьсансан бол худалдаачин ард түмэн иргэний хөдөлгөөнөө байгуулаад та нарыг өмнөөс босох байсан. Харин бусадтайгаа адил байгаагүйнхаа төлөө та нар ганцаардаж байгаа юм. Шударга байсан нь биш, бусад шигээ байсан нь зөвддөг хорвоо.

Та нар хэлсэндээ хүрч, паркийг  парк хэвээр нь хөгжүүлж, нуран унаж байсан соёл амралтын хүрээлэнг аварч байгаадаа итгэлтэй байсан.  Гэтэл өнөөдөр харинч  та нараас паркийг аврах хөдөлгөөн гараад байгаагийн учир юу гэж бодно.

Худалдааны төв, хорооллоо байг гэхэд дүүрэн саравч бариад лангуу түрээсэлчихсэн байхад хэн та нарыг хөөх юм бэ? Их хурлын гишүүд байн байн очиж үнэ судалсан, ард түмний аж  байдалтай танилцсан сайхан орон байх болно. Та нар хураамжаа аваад л, ардыг тэжээгчийн алдрыг хүртээд суух байсан бус уу?

Та нар хүүхэд, залуус, эцэг эхчүүдийг амрах зугаацах, цэнгэх газартай байлгаж баярлуулсан, тэд бидний төлөө юм хэлнэ гэж горьдож байна уу. Гэнэн байна даа. Монгол хүн баярлахаараа талархдаггүй гэдгийг мэддэггүй юм уу. Баярласан монгол алга болчихдог юм. Та нар дээр амьтан ах дүү, найз нөхөд чинь бишгүй л ирж, тусламж дэмжлэг хүсдэг биз дээ. Хэрвээ хэрэг нь бүтээгүй бол дахин дахин эргэлдээ л байдаг. Тэгж тэгж нэг мэдэхэд таг болно. Цөхрөөд, залхаад алга болж байна гэж эндүүрэх явдалгүй. Бид чинь хэргээ бүтээхээс нааш цөхөрдөг хөнгөмсөг “нароод” огт биш.  Бас баярласнаа илэрхийлж хүндээ хөнгөнөөс өгдөг гарууд ч биш.  Бид бусдыг өөртөө туслах үүрэгтэй гэж үздэг бөгөөд хэн нэгний тусыг авах нь зүгээр л тэр хүнд үүргээ биелүүлэх боломж олгож байгаа явдал юм. Үүргээ биелүүлсний төлөө талархана гэж юу байх билээ? Жишээлэхэд, захирал хүн өглөө 9 цагт ирж байгаа ажилтандаа “үүргээ биелүүлж ажилдаа ирсэнд талархая” гээд зогсож байдаггүй биз дээ.

Дээр нь залуусыг чөлөөт цагаа өнгөрөөх сайхан газартай байлгаад хождоггүй гэдгийг Залуучуудын холбоо та нарын эсрэг байгаа явдал хэлээд байна.

Сайн юм хийгээд байхад хүмүүс та нарт дургүй байгаагаагийн учрыг мэдэх үү. Нэгдүгээрт,  хэлсэндээ хүрэхгүй байхын хэрээр амжилт олдог тогтоцод та нар заналхийлж байна. Хэлсэндээ хүрэхгүйгээр зорьсондоо хүрсэн мянга мянган хүний бизнест хохирол учруулах гэж байна. Цаашдаа нийгмийн зүгээс хэлсэндээ хүрэхийг шаардаад эхэлбэл яах билээ. Нийгмийн нэгэн бүлэг нь үүний учир та нарт дургүй байна.

Хоёрдугаарт, та нарын ялагдалтай цуг шударга байж, хэлсэндээ хүрэх эрмэлзэл хамтдаа бөхөөд, шударга байх нь гаж үзэгдэл болчих вий гэж нөгөө хэсэг нь ууртай байна. Энэ хоёрыг хасахаар нь цаана нь аль хэр юм үлдэж байгаа бол?

Тоглоомын хүрээлэнг тоглоомоор аваад тоглочихын оронд тоглоомтой болгосон нь тоглоом болсон түүх ийм буюу.