Төрийн түшээд давхар давхар эрх мэдэл эдэлж, олон ажлын дунд самгардаж, эрэмбэ дарааг нь алдагдуулж, завхруулж байгааг шүүмжлэхдээ Ерөнхийлөгчийн “Давхар дээл” гэж томъёолсон асуудал өнөөдөр олны анхааралд байна. Төрийн хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалийг бүхэлд нь хөндсөн энэхүү “давхар дээлийн тогтолцоо” чухам хаанаас эхэлж, хэрхэн өрнөж, хаанаа саарч, аль хэсэгтээ шуударч эдүгээ хүрснийг сануулах зорилгоор он дарааллийн бяцхан цаглабар бэлтгэлээ. Зөвхөн “давхар дээл”-ийн сэдвийг хөөж товчоолсон тул тухайн үед улс төр, нийгмийн хүрээнд болж байсан анхаарал татахуйц хэрэг явдлуудыг тодорхой дурдах боломж хомс байсанд хүлцэл очиж байна. Гэхдээ цаг хугацааны дараалал, хуулийн өөрчлөлтүүд болон Засгийн газруудын халаа сэлгээ зэргээс цаг үеийн онцлог, үйл явдлын зөрчлүүдийг сэргээн санаж болохуйц болсон гэж найдна.

1992.01.13   
Монгол Улсын Үндсэн хууль батлагдлаа. “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” Монгол Улсын Үндсэн хууль. 29.1

1992.07.06   
Харин УИХ-ын тухай хуульд зөрчилтэй заалт оров. “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” УИХ-ын тухай хууль. 22.1

1992.07.21   
УИХ сонгуулийн 26 дугаар тойргоос сонгогдсон гишүүн П.Жасрай Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Парламентын 76 суудлын 70-ыг МАХН авсан байв.

1992.08.11   
УИХ-аас 17 тоот тогтоол гаргаж Засгийн газрын гишүүдийг томилсны дотор УИХ-ын гишүүн Ч.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн, Н.Энхбаяр нар сайд боллоо.

1992.10.09   
Сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энэбишийг Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Засаг захиргааны сайдаар томилов.

1993.05.06   
Засгийн газрын тухай хуулийг баталлаа. “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” Засгийн газрын тухай хууль. 20.1

1994.01.12   
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Төрмандах нь “Монголын Чөлөөт Телевиз-1” (МЧТ-1) нэртэй аж ахуйн нэгж байгуулан, банкинд харилцах данс нээн ажиллаж байгааг хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв.

1994.02.23   
УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж МоАХ-ны дарга, МААА-ны холбооны ерөнхийлөгчөөр, С.Зориг МҮАН-ын дэргэдэх Стратеги судлалын төвийн захирал, Ардчилал-Таймс сонины санаачлагч, Д.Ганболд МҮАН-ын даргын албан тушаал хашиж байгааг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд, хуулиар тогтоосон үүрэгт нь харшлахгүй байна гэж дүгнэлээ.

1996.07.17   
УИХ-ын тухай хуулийг 22.1 заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29.1 заалтыг зөрчиж буй тухай иргэн Д.Ламжавын өргөдлийг Үндсэн хууль Цэц хянан хэлэлцээд заалтуудыг нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

1996.07.19   
Ерөнхий сайдаар томилогдсон М.Энхсайхан өөрийн Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь УИХ-ын гаднаас бүрдүүлэв.

1996.07.30   
УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ авч хэлэлцээд хууль зүйн үндэслэлгүй  гэж үзлээ.

1996.08.26   
Парламент УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгий газарт давхар ажиллах болох гишүүдийн тооны дээд хязгаарыг өсгөлөө. "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй" УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. 22.1

1996.09.07   
Үндсэн хуулийн Цэц их суудлын буюу бүх гишүүдийн хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг өмнө гаргасан дүгнэлтийг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн УИХ-ын тогтоолтой хамт хүчингүй болгов.

1997.01.26.   
УИХ гишүүдийнхээ “хуулиар тогтоосон үүрэг”-ийг хуульчлав. “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох, улс төрийн нам болон төрийн бус байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль. 6.1

1998.01.15   
УИХ-ын гишүүдийн Засгйн газарт давхар ажиллах эрх зүйн боломжийг улам тодотгов. "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах" “УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно. Ийнхүү Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч байгаа УИХ-ын гишүүн өөрийнх нь эрхэлсэн ажлын хүрээнд хяналт тавих үүрэг бүхий Байнгын болон дэд хорооны гишүүн байх, Байнгын болон дэд хорооны даргаар сонгогдохыг хориглоно” УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль. 8.2.11; 8.3

1998.04.23   
Баянхонгорын 9 дүгээр тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов. Түүний Засгийн газар С.Зориг, С.Батчулуун, Б.Батбаяр, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, С.Баярцогт, Р.Одонбаатар, Ш.Батбаяр, Ч.Сайханбилэг нарын УИХ-ын гишүүдээс 100 хувь бүрдсэн юм.

1998.10.23.   
Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Засгийн газрын гишүүний албан тушаал, үүргийг УИХ-ын гишүүний үүрэгт хамааруулах хууль зүйн үндэслэл Үндсэн хуулиар тогтоогдохгүй байгаа тул УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн утга агуулгатай зөрчилдсөн байна гэж үзлээ.

1998.11.12   
Үндсэн хуулийн цэцийн дээрх 09 тоот дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 112 дугаар тогтоол гаргав.

1998.11.24   
УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлтүүд болон цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн УИХ-ын дээрх тогтоолыг бүгдийг нь Үндсэн хуулийн Цэц дахин хүчингүй болголоо.

1998.12.09   
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ж.Наранцацралт Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Түүний Засгийн газрын бүрэлдэхүүн харьцангуй удаан бүрдсэн бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу 100 хувь УИХ-ын гигүүн бус сайд нараас бүрджээ.

1999.12.24   
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулж, 29.1-ийг “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна.УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” болгон найруулав.

1999.07.30   
Сонгуулийн 65 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Засгийн газрын тэргүүнээр томилогдлоо. Тэрээр өмнөх Засгийн газрын гишүүн сайд нартай үргэлжлүүлэн ажилласан бөгөөд өөрөөс нь бусад нь УИХ-ын гишүүн бус байлаа.

2000.07.26   
УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАХН-ынхан Засгийн газраа байгуулахдаа 65 дугаар тойргоос сонгогдсон гишүүн Н.Энхбаярыг Ерөнхий сайд болголоо.

2000.08.09   
Засгийн газрын гишүүд томилогдлоо. Н.Энхбаярын Засгийн газар нийт 13 гишүүнтэй ажилласны дөрөв нь буюу Ерөнхий сайд өөрөө, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ө.Энхтүвшин нар УИХ-ын гишүүнийхээ ажлыг давхар гүйцэтгэсэн юм.

2000.11.29   
Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа Монгол Улсын иргэн С.Нарангэрэл нарын гомдлоор УИХ-ын 1999 оны 12 дугаар сарын 24-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцээд, уг нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгов.

2000.12.04   
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзэн, нэмэлт өөрчлөлтүүдийг дахин сэргээн батлав.

2004.08.20   
УИХ-ын ээлжит сонгуульд АН, Эх орон намуудын “Ардчилсан холбоо” эвсэл 36, МАХН 36 суудал авч тэнцсэн тул хамтарсан Засгийн газар байгуулахаар тогтож, АН-ын дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томиллоо. Энэ Засгийн газар 18 сайдтай ажилласан дотор УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шаравдорж, Н.Батбаяр, Ц.Мөнх-Оргил, Г.Батхүү, Т.Очирхүү, С.Батболд, Ц.Баярсайхан, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Т.Ганди, У.Хүрэлсүх нар орсон юм.

2006.01.25   
Задарсан “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын халааг авч, УИХ-ын гишүүн М.Энхболд Ерөнхий сайд боллоо.

2006.01.28   
Шинээр байгуулагдсан МАХН, “Эх орон” намын эвслийн Засгийн газрын гишүүд томилогдов. Ерөнхий сайдтайгаа нийлээд нийт 17 гишүүнтэй танхим бүрдсэний 15 нь УИХ-ын гишүүний давхар албатай байв.

2007.02.06   
УИХ-ын гишүүн сайд нар болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай нарыг мөн л УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Туяа нараар солив.

2007.11.22   
МАХН-ын дүрмийн дагуу шинээр сонгогдсон дарга С.Баяр Ерөнхий сайд боллоо. Түүний Засгийн газарт ажилласан 16 сайдын дотор М.Энхболд, Ж.Батхуяг, С.Оюун, Р.Раш, Д.Дэмбэрэл, Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд гэх найман УИХ-ын гишүүн багтсан юм.

2008.09.11   
УИХ-ын сонгуульд хэдийгээр МАХН олон суудал авсан ч гэлээ АН-тай эвсэж “Эв нэгдлийн” Засгийн газар байгуулахаар болсон юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Баяр Ерөнхий сайдын албандаа улирлаа.

2008.09.19   
С.Баярын Засгийн газрын танхим бүрдлээ. Нийт 15 сайд Засгийн газарт ажиллахаар болсны 11 нь УИХ гишүүн байв. Тэд бол С.Баяр, Н.Алтанхуяг, М.Энхболд, Сү.Батболд, С.Баярцогт, Ц.Нямдорж, Л.Гансүх, Л.Болд, Х.Баттулга, С.Ламбаа нар.

2009.10.29   
Эрүүл мэндийн улмаас ажлаа өгсөн С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалд Сү.Батболдыг хөтөлж авчирлаа.

2009.11.12   
Ерөнхий сайд Сү.Батболд Засгийн газрынхаа гишүүдийг УИХ-аар томилуулав. Түүний танхимд ажилласан 14 сайдын (өөртэй нь 15) 11 нь (12) буюу Н.Алтанхуяг, М.Энхболд, Г.Занданшатар, С.Баярцогт, Ц.Нямдорж, Л.Гансүх, Л.Болд, Х.Баттулга, Д.Зоригт, С.Ламбаа, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын гишүүн байлаа.

2011.01.12    
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх засаглал хоорондын зүй зохист харилцаа, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог алдагдуулах гол үндэс болж байгааг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 05 тоот захирамж гаргаж, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргаар ахлуулан байгуулж ажиллуулав.

2011.05.27    
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Одхүү, Л.Гансүх, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа. Гол зорилго нь УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихыг хязгаарлахад чиглэж байлаа.

2011.06.10    
Д.Энхбат нарын УИХ-ын 12 гишүүн дээрхтэй ижил зорилгоор мөн Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд санаачлав.

2011.12.13.    
Ж.Сүхбаатар тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 32 гишүүн парламент, Засгийн газарт давхар гишүүнчлэгдэхийг зогсоохоор Үндсэн хуульд мөн л нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжигдсэн боловч нэгдсэн хуралдаанаар ороогүй.

2012.01.20    
“7 сарын 1”-ний үйл явдлыг эерүүлэх зорилгоор байгуулагдсан “Эв нэгдлийн” Засгийн газраас АН гарч, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх, Л.Болд, Х.Баттулга, С.Ламбаа нар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Эд бүгд УИХ-ын гишүүд байв.

2012.01.27    
Засгийн газраас гарсан АН-ынхны оронд томилогдсон Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Н.Хүрэлбаатар нарын таван сайдын гурав нь УИХ-ын гишүүн.

2012.08.09    
АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдож, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын гурвалсан эвслийн Засгийн газрыг тэргүүлэхээр болов.

2012.08.17-20   
Гурвал эвслийн “Шинэчлэлийн” Засгийн газрыг Ерөнхий сайдын хамт нийт 19 сайдтайгаар байгуулахад Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёроос бусад 17 нь УИХ-ын гишүүн байна.

2013.06.10    
Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг Тамгын газрын дарга  П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Эдгээр төслүүдэд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашихгүй байх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

2013.11.16   
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” Үндэсний зөвлөлдөх уулзалт дээр “Манай засагт хоёр юм буруу байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа нь буруу байна. Хоёрт нь, зээлд дуртай байгаа нь буруу байна” гэж мэдэгдлээ.

2013.12.13    
УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, Иргэний зориг-ногоон нам, бие даагчдын зөвлөлийн дарга нар Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

2013.12.27    
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газар болон УИХ-ын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарав.

2014.01.14    
УИХ-ын төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцээд, Засгийн газрын бүрэлдэхүүний тавиас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байх, үүн дотроо ерөнхий чиг үүргийн сайд нар нь хавсарч ажиллах, хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх өдрөөс мөрдөх зэрэг саналуудыг дэвшүүлэв.

2014.01.23    
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа. Ерөнхий сайдаас бусад сайдын албыг УИХ гишүүд хийхгүй байх тухай хуулийн төсөлдөө Ерөнхийлөгч хэрэгжиж эхлэх хугацааг 2016 оны долдугаар сарын 1 байхаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг хоёр жилээр наашлуулах, “Шударга ёс” эвсэл төслөөр нь дэмжих, АН дараагийн парламентын бүрэн эрхийн эхэн дээрээс мөрдөх саналтай байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийн төслүүд