-Марксист ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-

Бодоо, Данзан тэргүүтэй ”МАН”-ынхан Хүрээнээс Орос улсыг зорин гарахдаа “Гамин цэргийг хөөн зайлуулж туслана уу, Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залж өгнө үү “ гэсэн бичигтэй, эх орноо гамингийн савраас аврах чин зорилготой явсан. Ардын намын хувьсгалчдыг Сибирийн  коммунистууд тосч аваад  бүх юм шал ондоогоор эргэжээ. Ардын намын тусламж гуйсан  бичиг нь  шал ондоо агуулгатай болж, богд хааны бичиг, тамга хэргтэй, хэрэггүй ч  гэх шиг мэдэх мэдэхгүй улс төрийн башир аргатай тулгарав. Юун Хятадын Ерөнхийлөгч гамингийн цэргийг эсэргүүцэх,  Хятадын ардын нам, гамин намтай хамтран ажиллах болов. Гэхдээ л нийслэл хүрээнд байхдаа яаран сандран байгуулсан ”Ардын нам” хэмээх байгууллага нь бүүр томорч  хилийн чанадад МАХН-ыг дахин байгуулжээ. Орос, Буриад, Халимаг зүсэн бүрийн гишүүн элсүүлж, дэлхийн хэмжээний коммунист хөдөлгөөнд нэгдэх болов. Нэгдэх ч гэж дээ үнэндээ манай гэнэн хувьсгалчид коментернд олзлогдож бүх ажил тэдний заавраар хийгдэж эхэлжээ. Хятадын ардын намтай холбоо тогтоож, Хятадад ардын хувьсгалт намыг байгуулж,  дэлхийн хувьсгал ялуулахад туслах   юм болов. Мөнгө төгрөг зэр зэвсгийн тусламж хангалттай өгөх болжээ. Сүхбаатар, Чойбалсан нар комментерний Сибирийн товчоонд ажилд орж цэргийн бэлтгэл хийлээ. Комментерн манай хоёр хувьсгалчаас, дэлхийн пролетарид үнэнчээ баталж тангараг өргөхийг шаардаад байлаа. Хэрвээ тангараг өргөх юм бол  хангалттай цалин авдаг болно. Цэрэг техник, зэр зэвсгийн хүчээр туслахад бэлэн гэжээ. Сүхбаатар, Чойбалсан нар тангараг өргөж, Улааны суртлыг Монголд дэлгэрүүлж түүндээ үнэнч явхаа батлажээ. Тангаргийг батлах бичгийг хүн бүрээр үйлдүүлж хоёр хүн гарын үсэг зурна.

Батлах  бичиг

1921 оны 3 сарын 5

Батлах бичиг шийтгэн гаргаж хадгалуулахын учир

Манай намын төв хороо ба намын цэргийн Ерөнхийлөн захирах газраас эрхбиш Барон Унгерний ба бусад Оросын цагаан намын цэргүүдийн хамт явж байгаа монголчуудыг салган хагацуулахыг хичээсүгэй.

 Манай Монгол ардын цэрэг хэрхэвч урваж Оросын цагаан хааны цэрэг лүгээ ба тэд лүгээ нөхөрлөсөн монголчууд лугаа нийлэхгүй.

Манай газраас Монгол улсын харьяат олон ард нийгэмд ардын намын суртлыг аливаа аргаар нэвтрүүлэн дэлэгрүүлж бүгд Монголыг Зөвлөлийн засагт орос улс лугаа нөхөрлөн найрамдлыг зузаатгах явдлыг хичээмүй.

Монгол ардын намын бүгд цэргийн ерөнхийлөн захирах Сүхбаатар

Намын цэргийг захирах газрын түшмэл Билэгсайхан

Монголын цагаагчин тахиа жилийн цагаан сарын 27-ны өдөр гэжээ.



Энэ үеэс эх орондоо байхдаа байгуулсан МАН гэдэг нэрийн хилийн чанадад байгуулагдсан МАХН гэсэн бас нэг нэр буй боллоо. Хувьсгалт намын удирдагч Дэлхийн коммунист хөдөлгөөний гишүүн бол комментерний ажилтан, Зөвлөлтийн Ардын комиссарт бүртгэгдэж тусгай нууц тангараг өргөдөг байжээ. Манай хоёр хувьсгалч ингэж Оросын дотоод яам ардын комиссарын гарч болдоггүй хавх,  овоо хараанд орж олзлогдсоноо тэр үед яахан мэднэ. Коментерн Ардын намын анхны долоогоос Сүхбаатар, Чойбалсан нарыг ингэж өөд нь татаж Монголыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэх төлөвлөгөөгөө удирдуулан хийлгэхээр сургаж, боловсруулж байлаа. ОК\б\Н \Оросын коммунист большевик нам\-ын Сибирийн товчооны дарга нар Н.К.Гончаров, Н.Г.Буртман, Ф.И.Гафон ардын намынхныг зохион байгуулалтын хувьд муу байна гээд тусламж үзүүлж зоригжуулан зохион байгуулж, бүхнийг  өөрсдөө удирдав. Энэ хурал дээр дараахь таван асуудлыг МАХН шийдэх боллоо.
  1. Намын туршлагатай ажилтнуудыг бэлтгэх.
  2. Намын гишүүдээс бүрдсэн зэвсэгт, бүлэглэл байгуулж зэвсгээр хангах.
  3. Ухуулах хуудас урилга хэвлэх бага оврын хэвлэх үйлдвэрийг олж, монгол хэлээр ном хэвлэх ажлыг зохион байгуулах
  4. Намын нийт гишүүдийг зэвсэглэхэд зориулсан зэвсэг олох.
  5. Цэрэг нам улс төрийн сургууль байгуулах явдал болно.
Уг хэлэлцээрээс хоёр хоногийн дараа Монголын талын хүсэлт болгож хоёр зүйлийг нэмлээ. Нэмэгдсэн зүйл нь Цэргийн сургагч нараар монголд туслах, эдийн засгийг дэмжиж зээл олгох зэрэг байжээ. Ардын намын 10 мянган цэргийг хангах зэвсэг хэрэгтэй гэсэн тоо гаргав. Үүнд 200-300 пулемёт, 20-30 хээрийн их буу, атомашин, 7-8 сая ам.долларын зээл хүсчээ. Эрхүүгийн хувьсгалчдын боловсруулсан ийм бичиг авч Данзан, Чагдаржав, Лосол гурав 1920 оны наймдугаар сарын 27-нд Москвад очжээ. Ажлын удирдамж томилолтыг Эрхүүгийн нөхдүүд боловсруулжээ.

Орос улсын зөвлөлт засаг лугаа хэлэлцэх зүйл.

“Нэгдүгээр зүйл

Гадаад монголын лам ноёдоос гадна бүхий ардын намын хүсэл нь гурван улсын гэрээ бичиг ёсоор автономыг босгоход эрхийг хэтдэх ба Орос, Хятад нарын зөвшөөрлийг харгалзахгүй болгохыг хүснэ.

Хоёрдугаар зүйл


Энэ тухайн хэргийг бүтээхийн тулд Монгол Ардын нам, Хятадын Ардын Нам лугаа хэлхээ барилдлагатай болохыг хүсэхээс гадна, Орос улсын зөвлөлт засгийн газраас тусламж гуйн хүсэх нь:

Нэг. Олон улс ба иргэн улс лугаа хэлэлцэж, Ардын намын зорьсон хэргийг эвдрэлтгүйгээр бүтээх ба Хятадын Ардын нам лугаа хэлхээ барилдлагатай болгох явдалд туслах хийгээд эдгээр зүйлүүдийг Зөвлөлт засгийн газраас хэлэлцэх цагт манай Ардын намын хороонд цаг тухайд нь хожигдуулалгүй мэдэгдэж байхыг хүснэ.

Хоёр.
Эдүгээ ойрын цагт Хятадын хувьсгал мэдэгдэхгүй бөгөөд энэ учраас Монголын хэрэг эвдрэлтгүй бүтэх нь батгүй тул Монгол Ардын нам Орос улсын Зөвлөлт засгийн газраас морьт цэрэг 24 мянган бүрэн зэвсэг багш нар туслан олгохыг гуйна.

Гурав. Эдүгээ цагт хуучин Монголын Засгийн газрын сангийн зүйлийг Хятад булаасан учраас эдүгээ ойрын цагт шинэ засаг ба Ардын намын хооронд зарцуулах мөнгө  чухал хэрэгтэй тул зургаа долоон сая лан мөнгийг Зөвлөлт засгийн газраас урьдчилан туслахыг гуйна” гэжээ. Энэ бичиг тагна Урианхайд хувьсгал хийнэ, улмаар Азийн хувьсгалыг монгол толгойлно гэх санаатай өгүүлбэрүүд коментерний санаачилгаар орж баяжлаа. Өнөө Монголын хувьсгалчдын хүрэн зандан ташуурт нууж хил давсан бичиг маань өөрсдийн мэдэлгүй ийм гаж болж бүүр дэлхийн хувьсгалын шинжтэй болж Москвад хүрчээ. Лосол Омскоос буцаж Чагдаржав, Данзан нар Москвад есдүгээр сарын дундуур хүрчээ. Чухам энэ үеэс л Монголын хувьсгалчид хоорондоо муудаж хэрэлдэж байр суурийн зөрүү гарснаар хожмоо улаан оросын даалгавраар бие биенээ хөнөөхөд хүрсэн гэлтэй. Москвад очсон Чагдаржав, Данзан нар хоосон эргээгүй баахан зэр зэвсэг, мөнгө санхүүтэй болсон. Өнгөцхөн харахад марксист түүх бүтээгчдийнхээр өгөөмөр тусламж мөн бол большевикууд Монголын ардын намын бичгээр далимдуулан Монгол орныг цэрэг зэвсгийн хүчээр эзлэх хувьсгал экспортолсон болж харагдана. С.Данзан нарын Л.М.Карахинтай хийсэн хэлэлцээрээр

1. Гурван мянган байлдагчийнх
2. 24 мянган байлдагчийнх
2. Гар бөмбөг 10 000
3.Нисэх онгоц 2
4. Хуягт машин үйлчилгээ бүрэн хэрэглэлийн хамт
5. Их буу 4, тус бүр 1000 сумны хамт
6. Пулемёт том 10, жижиг 30
7. Гар буу 150
8. Ачааны ба суудлын машин тус бүр 2 бүх хэрэгслийн хамт
9. Хээрийн телефон 2 дивизийнх
10. 300.000 лан цагаан мөнгө,\600 000 рубль\ зэрэг болно.

Эхний удаагийн зарлагад 3000 хүний бүрэн хэрэгсэл зэвсэг, нисдэг онгоц хоёр, хуягт цахилгаан тэрэг нэг, ачааны тэрэг нэг, мөнгө 30 түмэн лан, винтовын сум 30 түм тус тус үнэгүй өгөхөөр тогтжээ. Одоо монголчуудад ёстой партизан цэргийн дуунд гардгаар

Шивээ хиагтыг авахад, шилэн дэнлүү хэрэггүй болж
Шийдээд ирсэн гаминг ширмэн бөмбөгөөр сөнөөнө,

Мөн
Дөрвөлжин сүмийн үүдэнд
Дөрвөн пулемёт зоов

Ингээд агаараар нисдэг Аэрофолон ардын намын сүрт зэвсэг болох нь тэр.

Хүрээнд байдал өөр болж Барон Монголын хамтарсан цэрэг нийслэл хүрээг гамингуудаас чөлөөлж гамин цэргүүд буюу Хятадын ардын намын цэргүүд Хиагтад ирчихээд хил гарах гэж байв. Улаан арми, Дундад Иргэн Улсын гэрээ ёсоор гамин цэргүүдийг хороолгүй хил давуулах үүргийг улаан армийн командлагч анги салбарууддаа өгчихөөд байсан үе байв.  Зөвлөлийн засагт Орос улс Монголыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэх гээгүй бол Нийслэл хүрээнд цэргээ оруулах шаардлага байхгүй болсон. Харин Ардын намынхны хувьд улаан Оросын баахан зэр зэвсэг, мөнгө төгрөгийг авчихсан, дээр нь урвахгүй шарвахгүй гэж тангараг тавьсан учраас хэцүү байдалд орлоо. Хиагтыг дайрахын өмнө МАХН-ыг Орос Буриадуудын хяналт дор дахин байгуулсан түүхийг бид мэдэх бөлгөө. Коментерний Хятад, Монгол, Солонгост хувьсгал хийх, монгол түвдийн хэлтэст найман хувьсгалч ажиллаж Ф.И.Гафон, Б.З.Шумяцкий нар голлон удирдаж байжээ. Үүнд Ринчино, Дашепылов, Сүхбаатар, Чойбалсан нар наймдугаар сарын 20-ноос, Николаев есдүгээр сарын 3-наас, Дараагийн 4-ний өдрөөс Бегзеев, Манчиков нар албан тушаалд орсон бөгөөд Д.Убугоновыг аравдугаар сарын 15-наас авахаар тохирчээ. Монголд хувьсгал хийх бүгд 37 хүний цалин 1.246.812 рублийг төсөвөлжээ. Монголд очих зардал нэг ажилтанд 50 ам.доллараар төсөвлөсөн байна. Коментерн Хятадын хотуудыг мөн адил цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авах төлөвлөгөөтэй байсан ч чадаагүй ажээ.Улаан цэргүүдийг дагуулаад монгол цэрэг татаж командлаад  явах  төлөөлөгчид нь ирсэн нь ганц Монгол байв. Энэ үед Бодоо Эрхүүд ирээд журмын нөхөдтэйгөө уулзаад Коментерний газар нэг бичиг бичиж өгөөд ”Богдтой уулзана, Хүрээнээс чимээ тасарлаа” гээд буцсан байна. Ингэж анх Хүрээнээс гарахдаа Богдыгоо эргүүлэн хаан ширээнд нь залах, гамин цэргийн гараас улс орноо аврах зорилготой анх гарсан хувьсгалчид зарим нь коментернд олзлогдоод зарим нь учраа олохгүй буцав. Ямар ч байсан хилийн цаана МАХН гэдэг улс төр цэргийн байгууллагыг мөн коментерний удирдлага доор хилийн чанадад байгуулж улмаар Хиагтыг чөлөөлж нийслэл Хүрээ руу хөдлөв. Марксист Ленинист түүхчдийн биш судалгаагаар Хиагтын чөлөөлөлт их будлиантай болсон. Уламжлалт ойлголтоор Ардын хувьсгал Хиагтаас эхэлж тэнд үүрлэж байсан 10 мянган гамин цэргийг 400 партизан бут цохисон. Сүүлийн үеийн судалгаагаар Хиагтад гамин цэрэг байхгүй байсан бүгд хил гарсан. Улаан оросууд монголчуудаар зэвсэг туршуулж хээрийн сургууль хийсэн. Хиагтад 20 гаран том агуулах байсан, Сибирийн улаан армийн нөөц хомсдсон учраас агуулахуудыг дээрэмдэж их түймэр тавьсан гэж үзэж байгаа эрдэмтэд байна. Үзэл суртлын түүхчдийн халгадаг нэг баримт бол гамин цэрэг улаан армитай холбоотон гэдгийг нэг их дэлгэдэггүй байжээ.

Улаан оросууд гамин цэргүүдтэй холбоотон байсан тухай албан бичиг

Улаан Орос бол сайн Орос, Хятадын гамингуудыг хөөн зайлуулсан, цагаан Орос бол муу орос монголчуудыг алж хядаж байсан. Түүх ингэж бичигддэг. Цаг хугацаа өнгөрөх тутам түүх  түүхээрээ бичигдэж эхэлж байна. Одоо Зөвлөлтийн засагт Орос улсын ажилчин тариачны улаан арми, Дундад иргэн улсын ардын намын цэргүүдтэй холбоотой байсан түүхэн баримт олдоод байна. Хүрээг чөлөөлөх тулалдаанд Барон Унгерн, монгол цэргийн хамтарсан хүчинд бут цохигдсон гамин цэрэг урагшаа нутаг руугаа биш хойшоо хил гарсны учир одоо л тайлагдаж байна. Ажилчин тариачны улаан армийн Ерөнхий командлагчийн Сибирийг хариуцсан туслах В.И.Широны тушаалыг үз.

Ерөнхий командлагчийн Сибирийг хариуцсан туслах Широнд

Москва 1920 оны 11 сарын 4-ний өдөр 19:00 цаг.

Хуулбарыг гадаад хэргийн ардын комиссар Чечеринд
Хятадын БНУ-д Барон Унгерны эсрэг тэмцэхэд нь туслах тухай. Дугаар 6528

Монгол дахь хятад цэргийн командлалын хүсэлтийг хүлээн авч Гадаад хэргийн ардын комисаритай зөвшөлцсөний үндсэн дээр тушаах нь:

Хятадын талын хүсэлтийг хүлээн авч Барон Унгерний цэргийг Монголын нутаг дэвсгэр дээр бүрмөсөн бут цохих үйл ажиллагааг явуул.

Ажилчин тариачны улаан армийн Ерөнхий командлагч Каменев.

Цэргийн зөвлөлийн дарга Гершфелд

Штабын дарга Лебедев  гэжээ.


Хойшоо зугтаасан гамин цэргийг уг тушаалын дагуу Улаан орос найрсгаар угтан авч транссибирийн төмөр замаар Манжуур руу гаргажээ. Цэргийн архивын баримтаас үзэхэд улаан армийн Монголд туслах албан ёсны шийдвэр гурван сарын дараа Бүх Оросын төвийн гүйцэтгэх хорооноос гарсан нь хачирхалтай. Улаан Орос гамин цэргийн холбоотон болж үүргээ биелүүлж байхад цагаан Оросын генералууд Монгол дахь гамингуудтай хөөцөлдөж байлаа. Резухин хоёрдугаар сарын 3-4 нд хойд хил руу зугтсан гамингийн гол хүчийг нэхэн бут цохив. Чойрт байрлаж байсан Хятад цэргийн нөөц горинзоныг Унгерн өөрөө дайлаар мордож гуравсарын 11,12-нд 5000 орчим гаминг устгасан гэж бичигджээ. Мөн гуравсарын 12-нд хятад цэргийн 8000 хүнтэй хүчийг одоогийн Лүнгийн гүүр хавьд Улаанхад уулын хөндийд бут цохисон байна. Түүх, Зөвлөлт орос хоёр монголчуудыг ингэж дайжигнаж байж. Хойшоо зугтаасан гамин цэргийн толгойлогч Чен И нар 5-ны өдөр Маймаачин хотод хүрчээ. Улаан армитай хамтран ажиллах гэрээ ёсоор ямар ч саадгүйгээр Тройцковскт хүрч Зөвлөлт Орос Улсын Ардын комиссарын төлөөлөгч О.И.Мекстник, хотын горинзоны дарга Н.А.Катарухиннартай уулзжээ. Чен И, Гон сулин Хятад руу буцаж Чу Лужан цэргийн штабын хамтаар Маймаачинд үлджээ.  Ямар ч байсан Мекстник манай хувьсгалчдыг удирдан зохион байгуулж Монголыг эзлэх төлөвлөгөөгөө боловсруулж байсан байна. Хүрээнээс зугтаасан гамин цэргүүд Хиагт орох замдаа монголчуудыг ёстой сүйдэлж айл, малыг хүйс тэмтэрч байжээ. Хэдийгээр цэргээр хамтран туслах холбоотон ч гэсэн Монгол улсыг тусгаар тогтносон улс мөн гэсэн гурван улсын гэрээг мартаагүй байлаа. Харин Ардын намын сайн дурын цэргүүдээр Хиагтыг чөлөөлөх жүжиг тавив. Ардын комиссар Местник тэргүүтэй большевикууд манай ардын намын зарим хэсгийг Монголоос цэрэг татуулахаар, заримыг нь намын хурал хийлгэхээр, заримыг нь сонин гаргуулахаар хуваарилаад байсан байна.  Энэ үед Тройцковск хот хөл хөдөлгөөнтэй байлаа. Хятадын гамин цэргийн эрхтнүүдийг нутаг буцаах, Монголд цагаан цэргийг цохих армийг оруулах, Монголын ардын намыг зохион байгуулах их ажил оволзож байжээ. Ардын комиссар Местниковын тушаалаар И.Г.Демко, штабын ажилтан Лятте, Беритте, П.И.Летвинцев, Бэлтгэлийн ажилтан Лярский, цэргийн эмч Ружецкий, тагнуулч Ленский, Александров нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн хувьсгалчдыг улаан цэргийн анхны сургагч, зөвлөх болгов. Мөн халимаг, буриад 16 зөвлөх сургагчийг Монголд илгээж. Эд бол зөвлөх сургагч  нэртэй боловч шалгарсан алуурчид байсан гэдэг.  Улаан арми Монгол нутаг дээр байгаа цагаан цэргийг бут цохихын тулд асар том цэргийн бэлтгэл хийж байв. Үнэндээ бол улаан армийн зэвсэг галт хэрэгсэл, мөнгө төгрөг Монголд хувьсгал болон орж иржээ. Харин оросууд Лениний тусламж Ардын намд өгч буй гэж тайлбарлана. Тусламжийн зэр зэвсгийн түрүүчийг Наушкаар дамжуулан Алтанд төвлөрүүлж Сүхбаатар нарт хүлээлгэн өглөө. Мөн энэ үед нийслэл хүрээний засгийн газар хийгээд дахин хаан ширээндээ заларсан Богд хаан хойд хилийн тухай ямар мэдээ авч, ямар бодлоготой байсан бол. Автономит засгийг сэргээсэн тухай Хүрээний засгийн газраас Зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарт илгээсэн захидлыг хүргэхээр Бодоо, зайсан Ээндэнданзан, Батхаан нар Хүрээнээс морджээ. Тэд мөн сарын 11-нд Минж харуулын хилийн комиссарт өгчээ. Мөн Бодоогоор Барон цэргийн хүн хүч, зэр зэвсгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг илгээсэн байв.