Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс “УБТЗ” ХНН-ийн даргаар Н.Сэрээнэндоржийг томилуулах хүсэлт 2021 оны хоёрдугаар сарын18-нд Оросын талын хувь нийлүүлэгч, “РЖД” НХН-ийн Ерөнхий захирал О.Белозеровт илгээгдсэн байдаг. Харин О.Белозеровын гарын үсэгтэй хариу бичиг 2021  оны 3 дугаар сарын 2-нд ирсэн бөгөөд үүнд Н.Сэрээнэндоржийн нэрийг дурдаагүй, нэг ёсондоо өөрсдөө шийдэх зөвшөөрлийг Монголын талд өгчээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг “УБТЗ” ХНН-ийн орлогчоор ажиллаж байхад Н.Сэрээнэндорж хэрэгт холбогдож, ял сонсож байсныг тэрбээр санаж л баймаар юм. Гэвч яагаад заавал түүнийг санал болгосон юм бол. Уг нь ёс зүй, улс орны нэр хүнд гээд бодох зүйл их л баймаар.

Үүнтэй давхцан Төмөр замын Удирдах газарт өчигдөр /2021.03.10/ АТГ-аас нэгжлэг хийсний дараа Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг түр саатуулаад сулласан бөгөөд хэдийгээр албан үүргийн дагуу ерөнхий инженертэй хамт энэ бүх асуудалд холбогдсон ч “томчуудын тоглоомд” хомроглуулсан нь харамсалтай.

Түүнийг яагаад саатуулах болов? “УБТЗ” ХНН-ын Ерөнхий хороо 2016 оны есдүгээр сарын 28-нд Москвад болсон хуралдаанаараа Замын даргаар Д.Жигжиднямааг, Ерөнхий инженерээр А.Мещеряковыг томилсон байдаг.Ерөнхий инженерийн энэхүү томилгооны тухайд Замын дарга асан Р.Раш,төмөр замын инженер О.Сүрэн нарын экс парламентчид маш үндэслэлтэй тайлбараар шүүмжилж байсан гэдэг.

Учир нь УБТЗ-ын Техникийн бодлогыг хариуцдаг албан тушаал нь Монголын талд туйлын чухал орон тоо байсан ч 2007 онд В.Отгондэмбэрэлийг Замын даргаар томилох үед тухайн үеийн Ерөнхий хорооны орлогч дарга Х.Наранхүү “Орос хүнийг ерөнхий инженерээр ажиллуулна” гэсэн агуулгатай протоколд гарын үсэг зурсан байдаг. Тэр үед Х.Наранхүү Сангийн яаманд ажиллахын зэрэгцээ Ерөнхий хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байж.

Энэ шийдвэрийг Монголын тал биелүүлэхгүй явсаар албан тушаалын наймааны нэг хэсэг болсон гэдэг.Ер нь “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий инженерийн албан тушаал нь Оросын талд яагаад тийм чухал байв? Үүний учир нь дөнгөж эхлэх бэлтгэл ажлаа базаж байсан 62 сая ам.долларын өртөгтэй дохиолол, холбооны шинэчлэлийн ажлыг ерөнхий инженер гардан гүйцэтгэхээр болсонтой холбоотой. Харамсалтай нь энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй, шинээр байгуулсан систем нь ажиллах нь эргэлзээтэй, Улсын комисс хүлээж авах боломжгүй байдалд хүрсэн.

Гэтэл “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд нь “Элтеза”-гийн талд ажиллаж, төлбөрийн 95 хувийг шилжүүлээд өгчихсөн. “Элтеза”-гийн гүйцэтгэл ч байхгүй, хариуцлага ч тооцох аргагүй болж нэг ёсондоо Монголын тал, “УБТЗ” ХНН нь гэрээний гүйцэтгэлийг нэхэж Элтезад хуулийн хүрээнд шахалт үзүүлэх боломжгүй болжээ.

Тэдний гэрээний дагуу гүйцэтгэх ихэнх ажлуудыг хүлээж авсан Ерөнхий инженер Александр МещеряковКовидын хөл хориог даалимдуулан Эрхүүгээс эргэж ирээгүйгээр барахгүй ажлаас халагдах өргөдлөө шуудангаар ирүүлсэн байгаа юм.

Монголын тал түүний асуудлаар шийдвэр гаргаагүй, Оросын тал түүнийг өмөөрдөггүй, харин ч бүр шинээр Ерөнхий инженер томилох асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 25-нд болсон Ерөнхий хорооны хурлаар хэлэлцсэн байдаг. Мөн “УБТЗ” ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч “РЖД” НХН-ийн захирал О.Белозеров 2021 оны 2 дугаар сарын 17-нд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт энэ асуудлаар хандсан байдаг. Хариуг эрхэм сайд яг долоо хоногийн дараа бичиж явуулсан байна.

УБТЗ-ын Ерөнхий инженерийн суудлаас Замын дарга болж, улмаар 2015 оны 6 дугаар сард мөн л АТГ-аас саатуулан хорьж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жилийн ял оноосон ч түүнийг нь өршөөн хэлтрүүлж байсан шийдвэр сонссон түүхтэй Н.Сэрээнэндорж мөн л төмөр замын “гал тогооны” үндсэн цөөн хүний нэг яах аргагүй мөн ч Орос, Монгол дарга нарт “хомроглуулсан” түүхтэй.

Монголыг хохироосон “Элтеза”-ийн будилааны сайн мэдэх хүн дарга нарт хэрэгтэй. Алсуураа энэ асуудал одоогийн ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, тухайн үед буюу 2012 онд Зам тээврийн сайдаар томилогдчихоод Т.Очирхүүг Замын даргаас халж Н.Сэрээнэндоржийг оронд нь томилуулахаар Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж байхад тэр үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг дураараа туйлахыг нь “хазаарласан” тулдаа үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Гэхдээ Дорноговийн АН-ын дарга нь тэр үед А.Гансүх байсан, Н.Сэрээнэндорж Сайншандынх гэхээс өөр сүртэй холбоо сүлбээ байхгүй ч “РЖД”, “Bombardier”-ийн дундын компани “Элтеза”-аар л холбогдож болох юм. Ямартай ч Оросын талын хувь нийлүүлэгч, “РЖД”НХН-ийн даргаО.Белозеров Н.Сэрээнэндоржийн нэргүйгээр өөрсдөө шийдэх зөвшөөрлийг Монголын талд өгсөн нь нөхцөл байдлыг улам сонирхолтой болгож байна.