Ийм юм болсон болтой байна. Муун гэж байна. Тэр ёстой  муу муунаа. Эхэлж сургуулийн хөтөлбөрөөс уран зохиолыг хасуулаад,  дараа нь  маныгаа... Гэвч ардын хянан шалгахын хурц харааг орлож үлдсэн ард түмний хурц хараанаас мултарсангүй.Ийнхүү хувьтай монголын хүүхдүүд хувьсгалт уран зохиолтойгоо үлдсэн байна. Цаашлаад мууны муу хүн нь ч олдож. Тэр нь боловсролын яаманд шургалсанаж.  Яг л бүх цэргийн жанжин Дэмид (Лувсандоной?) бээр сэрмэгцээ  Улаанбаатарыг бөмбөгдөх гээд унтаж байхад барьсан шиг түүнийг барьсан байна.  Мууныхаа даалгавраар “Сэрмэгцээ дунд сургуулийн хөтөлбөрөөс хувьсгалт уран зохиолыг хасуулах юм шүү” гэж төлөвлөөд   унтаж байхад нь илрүүлсэн дэг.  Яг л жанжин Дэмидийгсэрээхэд “Пээ Улаанбаатарыг  бөмбөгдөх цаг болчихсон уу” гэж дуу алдан өөрийгээ илчилсэн гэдэг шиг Мууны агент “Пөөх.Уран зохиолыг хасах цаг болчихсон уу” гэж хэлээд баригдсэн гэх.

Муунаасаа илүү сонирхолтой, муугаасаа илүү хачирхалтай нь ийм шальгүй, гар дээр буух унацгүй тэмцэлд манайхан өргөнөөр оролцоод байгаад байна. Монголчууд ухаантай. Уул уурхай, газрын маргаан, тендерийн холион мэтийн унацтай юманд л хөдлөнө үү гэхээс биш иймэрхүү зардлаа ч нөхөхгүй юманд оролцож хөнгөдөх ард түмэн ч арай биш л юмсан.

Ингээд ямар дарцаг дэрвээд байгааг ойлгохгүй байгаа учраас дарцагыг нь биш түүнийг хийсгээд байгаа салхины тухай хамтдаа эргүүлэх гээд үзье л дээ.

Надад заримдаа бодогддог юм, манай зарим хүн ХХ зууны гуч дөчөөд онд яасан жаргалтай байгаа бол гэж. Өдөр бүр л ард түмний дайсан илэрч байгааг харж цэнгээд л, Монголыг хорлох гэсэн манжгогийн гар, японы хөл баригдаж байгааг үзэж баясаад л, өөрөө бас цөөнгүй дайсан тагнуул зааж өгч бариулаад л, хажуу айлынх нь хаалгыг шөнө дөлөөр хэмх балбан хэн нэгнийг барих, уйлж унжих чимээг чагнанхан улам гоё унтаад л...

Их хэлмэгдүүлэлт, аллага нь нүүдэлчин монголчуудын төрөлхийн хартай, сэжигч зан, атаач чанарт ургах мэт зохиж байсан болтой. Сталин аллагыг эхлүүлээд, жаахан зүгшрүүлээд өгөхөд л монголчууд маш хурдан бие даагаад “өө үхсэн  хойно оо, дайсан л олоод байх юм уу? Амархан юм байна” гэлцэн цаашаа замнаснаас гарцаагүй. Туулсан замнал ба тухайн ард түмний мөн чанар хоёр үргэлж холбоотой гэдэг оргүй үг биш болтой.  Өнөөдөр юу юугүй буудаад хядаад хаядаг тогтоц нь алга болсноос биш махны машин руу нэгнийгээ чихдэг, эрлэгийн элчид нөхрийнхээ хаягийг заадаг  тэр л ард түмэн хэвээрээ ажгуу. Хэрвээ Сталин багш бунхнаасаа босоод ирдэг юм гэхэд  түүний гарт хаяж өгөх ардын “дайсны жагсаалт”, түүнийг нь хүргээд өгөх элч аль алин нь бэв бэлэн ажгуу.

Шинэ цагийн  “Порт Артурын хэрэг”, “Эрэгдэндагвын бүлэг”, “Лоохуузын хамсаатан”-ы хэмжээнд үзэн ядагдаж буй Муун гэж юусан билээ гэдгийг эргэн санацгаая. Ардчилсан хувьсгалын дараахан манай дарга нарыг гадаад явуулдаг ийм газар гэнэт бий болсон. Өнөөдөр манай олон дарга, бөх, бөө, урлагийн мастерууд гэр бүлийн цомгоо гаргаж ирээд гадаадад авахуулсан зургаа шатааж байгаа байх даа. Учир нь бидний улсыг ядуу даржин, харамлах Оюутолгой, хөөх Рио Тинтогүй байхад Мууна л гадаадад явуулдаг, “зураг бүхэн нартай байв” гэдэг шиг тэнд даруулсан фото болгон дээр мууны этгээд орсон байдаг болоод тэр.

Манайхан  Мууныг шашны сект гэж огт сэжиглээгүй.  Ер нь шашин гэхээр сүм лам санаанд буудаг, “ард түмнийг мунхууруулагч хар тамхи” гэхээс өөр юм мэддэггүй байсан цаг. Мэргэ төлөг тавьж, засал хийхгүй шашин байна гэж хэний санаанд орох билээ?Дэлхийн энх тайвны гэр бүлийн холбоо гэдэг сайхан газар л биднийг харж үзээд дэлхий ертөнцийг үзүүлээд байна гэж бодоцгооно. Нөхрөө дайсан болгож харахдаа гаргуун боловч дайсныг өөрийг нь танихдаа маруухан улс шүү дээ, бид чинь.

Бэлэнчлэх, өөртөө асран халамжлагч хайх төрөлхийн сэтгэлгээтэй бидний хувьд Мууна нь “шинэ зөвлөлт ах”, арай ондоо “Москвагийн тусламж” маягтай буух. Ер нь бол Зөвлөлтийн дагуул улс байсан нь хэн нэгнээр асрамжлуулах дуртай монголчуудын сэтгэл оюунд бас л зохимжтой байсан болтой. Ер нь өнгөрсөн түүхийг  анзаарах бүрийд түүний зүй зохистой бөгөөд гарцаагүй байдал нь тодрох мэт байдаг.

Үнэн хэрэгтээ 1990 онд Бурхангүйчүүдийн нийгмээсээ сая гарсан монголчуудыг  дэлхийн янз бүрийн шашин, урсгал сектүүд сонирхож эхэлсэн шиг байгаа юм. Өнөөх түүхийн цагаан толбо гэлээ гэдэг огт шашингүй, ямар ч шүтлэг дэлгэрүүлж болох атар хөрс л харагдаа биз. Харин тэдний ихэнх нь тооцоо судалгаа муутай ханджээ.  Жишээлэхэд,  уйгаржин монголоор Казахстанд хэвлэсэн Библи байхыг харсан.  Монголоос  тийшээ баахан  казах иргэн нүүж байна гэж дуулаад, тэднийг уйгаржингаар уншина гэж санаад хийсэн ажил байх л гэж тааварлахаас.  Угаасаа ч ХХ зууны эцэс хүртэл оршиж байгаа бурхангүйчүүдийн хаалттай нийгэм гэхээр хаана ч судлагдаагүй обьект болж таарна аа даа. Тэдний нэг Муун. Монголчуудыг өөрийн шашин сурталдаа оруулаад шанд нь гадаад явуулах менежмэнт хийсэн болтой.

Мууныхан “Гадаадад манай зардлаар явж, манай хуралд суух уу” гэж асуугаад зөвшөөрснийг нь манай талын хүн болов гэж үзэж байсан даг. Учир нь тэд хэдийгээр мууначин боловч “үнэгүй юм гэж байхгүй” гэсэн моральтой ертөнцийн төлөөлөл. Харин манайхан “ хүний юмыг зүгээр авч болно” гэж үздэг социалистууд байсан цаг. Мууны зардал бол зөвлөлтийн буцалтгүй тусламжаас ялгаагүй гэж бодоод л яваад байж. Харийн гар хөл гэж хэлэгддэгээс эхлээд харийнхны эсрэг цогтой тэмцдгээрээ алдаршсан гарууд хүртэл Мууны буянаар далай анх гаталсан нь үнэн. Буцаж ирээд бултсан нь ч бас үнэн. Төрийн ордонд тэдний том хурал болж нам төр, спорт урлагийн зүтгэлтнүүдийн сор хэсэг нь оролцон “эхнэртээ алгадуулах” ёс үйлдэн, гэр бүлдээ хийсэн гэм нүглээ цайруулж байлаа. Хуучин сонин залхууралгүй ухаад сурвалжлагыг уншиж болно. Алгадсан, алгадуулсан, харсан алин ч үүнийг ямар нэг шашин, сектийн зан үйл гэж бодоогүй. Үнэхээрийн дэлхийн, үнэхээрийн гэр бүлийн, үнэхээрийн холбооны, үнэхээрийн их хуралд сууж байна гэж бодоцгоож байсан даа. Тэр алгадуулдаг зан үйлийг нь ёолкноор засдаг мод, валентины баярын школад,  майн баярын лоозонгийн нэг адил л түгсэн ёс заншил гэж санасан.

Харин хожмоо монголчуудын нүд ч нээгдсэн байх, Мууныхан ч гадаадад зүгээр явуулаагүй гэдгээ ойлгуулсан байх, манайхан тэгс ингэсгээд  тэднийг орхисон. Худлаа хэлэх хэцүү биш учраас манай зүгээс ямар ч түвэг чирэгдэл учраагүй.Яг л  “үйлийн үрээс айна” хэмээн бурхан багшаа хуурсан шиг,  “социализмаасаа хэзээ ч ухрахгүй” гэж орон бүхний пролетари нарыг  мэхэлсэн шигээ голруулаад хаясан. Сүжигтэй нэг нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон монгол зурхайд элбэг таардаг “Тангарагаасаа няцахад сайн” өдрийг сонгосон байх. Эрс тэс нөгөө нь  “За сүртэйш дээ, худлаа л хэлээ биз, тэгээд яачихаав” гэж зандарсан ч байх.
Христэд итгэдэг гэж зүтгэсээр байгаад тэдний шугамаар Америк явсан нэг нөхрийг мэднэ. Зорьсондоо хүрэхийн тулд гурав дөрвөн жил Христэд мөргөөд л байсан байгаа юм. Харин очуутаа л онгоц буудлаас зугтаачихсан гэж байгаа.Ерөөсөө ч коммунизмын дараахь монголчууд өөр шашин, шинэ итгэл үнэмшил рүү мэдэгдэхүйц алхам хийгээгүй. Судлаач др.Батчулууны бичсэнчлэн хамгийн сүүлд юу шүтэж байгаад больсон тэр цэг рүүгээ эргэж очдог аж. Үнэхээр ч монголчууд 1920-иад онд ямархуу шүтлэг, мөргөл орхиод Бурхангүйчүүдийн замаар орсон, тэр л  цэг дээрээ эргэн ирсэн юм. Өнөөдөр албан ёсоор 25мянга орчим бөө бүртгэгдсэн юм гэсэн. Бидний худал хуурмагаас айдаггүй зан маань л Мууначин болохоос аварсан гэж хэлж болно. Хэлсэндээ хүрдэггүй элит хэсэгтээ мөргөмү.

Харин ХХ зууны  атрын анхны аян, нэгдэлжих хөдөлгөөнөөс өргөн хүрээтэй өрнөж  буй “боловсролын салбар дахь мууны уурхайг илчлэн бутцохих” операцийн цаад шалтгаан нь Муунаасаа илүү муу өөр юмтай холбоотой болов уу.
Манайхан ямар ч ажлыг ямар ч нэрээр хийж чаддаг эрдэмтэй. Энэ бол боловсролын салбарт хийгдэж эхэлсэн ба хийгдэхээр хүлээгдэж буй шинэтгэлийн эсэргүүцэх хөдөлгөөний хэсэг болов уу гэж таамагламаар харагдана. Шууд ерөнхий сайдыг зүхэх гэхээр зүрх хүрэхгүй, боловсолын сайдаас бас гуйх юмтай байдаг. Нэлээн дээгүүр хаягласан дургүйцэл доор байгаа нэгэн дээр бууж байна гэсэн үг.

Боловсрол хийгээд эрүүл мэндийн салбар тогтоцын хувьд капитализм доторхи социализм болон үлдсэн. Эдгээр салбарт маш хачин үзэгдэл бий. Цалин орлогоо голж тэмцэхгүй атлаа даргыгаа голдог нь сонин. Ялангуяа шинэ дарга ирэхэд, удирдах бүрэлдүүнд гаднаас хүн орохыг тэвчихгүй тэмцэлд босдог зэрэг нь хачин. Уул нь  ажилтан ажилтнууд “ийм нөхцөл бүрдүүлж өгвөл би ажиллана”гэж шаарддаг баймаар.  Гэтэл “тэрийг л дарга болгохгүй бол бид ажиллахгүй” гэсэн хачин шаардлага тавина. Чухамхүү хийж эхэлсэн болон эхлэх шинэтгэлд уурссан хэсгийнхэн өөрийн бухимдлаа салбарын яам болон төрдөө илэрхийлэх боломжийг “Мууны муу хүн” олгосон байх.Тэрнээс биш Мууныхан хичээлээс хөтөлбөрөөс монголын уран зохиолыг хасуулж яах ч билээ дээ. Нарийн яривал, сурах бичигт нь эх  түүхээ гүжирдсэн агуулгатай, үндэсний соёл зан үйлээ жигших сэтгэл давамгайлсан, улс төржсөн социалист агуулгатай, хувьсгалт уран зохиол л дүүрэн байгаа. Өөр уран зохиол байхгүй юм чинь яалтай ч билээ. Нарийндаа бол шинэ үеийн оюун санааг  Муунаас ч илүү  муутгаж мэдэх зүйл нь чухам тэр түүхээ гуйвуулсан хувьсгалт утга зохиол гэхээсээ илүү нэг системд нөгөө системийн менежментээр амьдарч болоод байгаа тэр бүтэц болоод байна. Муунаас ч муу зүйл.