Татаж шанзалсан махыг сонгино саримс мэтээр амт тохируулан, зуурч элдсэн гуриланд боогоод халуун ууранд жигнэж болгодог  хоолыг бид бууз гэж нэрлэдэг.  Энэ хоол Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы (bāozi), Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман (nikuman), Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду,  буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг.

Ер нь бууз, тоомий, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж  ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь хийх арга маяг, хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх шанзаар өөр өөр байна. Тухайлбал, хуушуур, бууз, тоомийг мал, ангийн махнаас гадна сүүлний, шимэлдэгний, сүүл, будаатай, мах, будаатай, халиартай, жууцайтай, пүнтүүзтэй, халгайтай, дотор махтай гэхчилэн олон янзын шанзаар хийдэг бол баншийг махтай, халиартай, жууцайтай, цагаан ногоотой, пүнтүүзтэй банш гэхчилэн өөр өөр шанзтай бэлтгэнэ. Дээрх төрөл зүйлээс монголчууд тураг мах, сүүл хольсон шанзтай буузыг ихэд эрхэмлэн гол төлөв хүндэтгэлийн зоог байдлаар хэрэглэж ирсэн уламжлалтай.  Хэдийгээр өөр үндэстний хоол боловч эдгээрийг хийх, нэрлэх монгол хувилбаруудыг манай ард түмэн эртнээс бий болгожээ. Жишээ нь монголчууд  буузыг <<хонин бууз>>, <<тарваган бууз>>, <<майхан бууз>>, <<саран бууз>>, <<цэцгэн бууз>>, <<бөөрөнхий бууз>>, <<гонзгой бууз>>, <<залхуу бууз>> бас  хонгорцог, таван хошуу, цагариг, овоодой, цорготой гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны монголчилсон хувилбар буйг гэрчилнэ. Үүний жишээ нь монголчууд зарим ургамал, хүнсийг үхэр гоньд, хонин гоньд, хурган мэхээр гэх буюу  үхэр бантан, хонин бантан, хурган бантан гэхчилэн өөрийнхөөрөө нэрлэж ирсэнтэй холбоотой гэж үзэж болно. Оросын нэгэн сайтад буузыг гэр хэлбэртэй гээд гэрт байдаг зуух, утаа гардаг яндангийн зохион байгуулалттай гэж тайлбарласан нь бас ч оргүй үг биш бололтой. Зуухны утаа яндангаар гадагшладаг бол буузны уур амсраараа гардаг шүү дээ.  Буузны нэрийн хувьд өөр нэг жишээ сонирхуулъя.   Дээхэн үед “Дээлний” бууз гэж байжээ. Хүрээ маягийн бууз гэнэ. Энэ нь  Хүрээний  гангачуулын идэж уух нь хүртэл учиртай байсантай холбоотой. Өнөө айхтар сүрхий гоё дээл хувцсаа тос шөл болгочихгүйн тулд ажиллагаа ихтэй ч 2-3 хазах биш нэг үмхчих жижигхэн чимхдэг байж л дээ. Түүнийгээ тэгж нэрлэсэн хэрэг.

Харин сүүлийн жилүүдэд дээрх хоолоор төрөлжсөн газруудад <<хаан бууз>>, <<шим бууз>>, <<зочин бууз>>, <<өег бууз>>, <<ээжийн бууз>>, <<амтлаг бууз>>, <<заан бууз>>, тэр ч атугай <<Чингис хуушуур>> гэх мэтийн тааралдсан нэр бүхнээ өгч байгаа нь монгол уламжлалт нэртэй огт холбоогүй бөгөөд ингэж нэрлэж байсан тухай баримт сэлт олдохгүй байна. Нөгөө талаар жор, орц, хэлбэр дүрс, бэлтгэх аргын бараг ялгаагүй байхад ийн санааны зоргоор нэрлэж байгаа нь үндэсний хоолны утга учрыг алдагдуулсан, цэвэр бизнесийн зорилготой гэж  үзэх үндэстэй.

Бууз нь монголчуудын цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг. Монгол Улс 700 мянга гаруй өрхтэй.  Тэгэхээр цагаан сараар  нэг айл дунджаар 300 бууз хийнэ гэж тооцъё. Энэ бол дундаж тоо. Гэтэл зарим айл 4-5 мянгыг ч хийдэг тухай бичсэн байсан. Тэр ч бүү хэл улсын ерөнхийлөгчийнх өнгөрсөн цагаан сараар 9000 бууз хийсэн тухай хэвлэлээр цацаж байсныг санаж байна.  Эндээс тооцож үзвэл  монголчууд нэг Цагаан сараар 200 сая ширхэгээс давсан тооны бууз хийж иддэг байх нь. Нэг хүнд 80 орчим бууз ногдоно гэсэн үг.

Нийтийн хоолонд мөрдөж буй жороор нэг буузанд 35 гр мах ордог, харин айл гэрийн жижиг буузанд үүнээс 2 дахин бага мах орно гэж хамгийн багаар тооцоход бид цагаан сараар дор хаяж дөрвөн мянгаас илүү  тонн махаар цагаан сарын  бууз хийж иддэг ажээ. Үүн дээр бараг айл бүр хонины ууц, мөч мах чанаж тавина. 700 мянган өрхийн зөвхөн тал нь ууц тавина гэж үзвэл доод тал нь хамгийн тарга хүч сайтай 350 мянган хонь нядлагдана.

Саяхан нэгэн сайт дээр дурдсанаар өөх багатай махаар хийсэн нэг ширхэг жижиг бууз ойролцоогоор 40 ккал гэжээ.  Монголчууд золголт хийж явахдаа өдөрт дор хаяж таван айлаар орж, нэг айлд гурван бууз иднэ гэж хамгийн багаар тооцож үзэхэд  хоногт авах илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин их байна.

Гэтэл манайхны золголт хэдэн өдөр үргэлжилдэг билээ?  Бас тэгээд манайхан буузаа хамгийн тарган үхэр, хонины махаар хийж  дээр нь өөх, сүү нэмж байж амттайд тооцдог.  Ийм болохоор монгол нэг ширхэг буузны илчлэг 40 биш, түүнээс 3-5 дахин их байх жишээтэй. Ийм их өл шимтэй хоолыг ойр ойрхон, хэтрүүлж идсэнээр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг товчхон сануулъя. Судалгаанаас үзэхэд  хүний эрүүл мэндэд тааламжгүй нөлөөлдөг пурины суурь гэхэд хонины маханд,  карнозин, креатинин зэрэг азотот бодис, холестерин, лецитин үхрийн маханд ихээр агуулагддаг бөгөөд  өөхтэй махыг боловсруулах явцад цөс, нойр булчирхайн ачаалал эрс ихэсдэг сөрөг талтай. Үүнээс болж хоол боловсруулах эрхтэн хямардаг. Ийм болохоор  хэдийгээр давтагдашгүй сайхан амттай, хүндэтгэлийн сайхан зоог ч  гэсэн буузаар дайлах, дайлуулахдаа туйлын ухаалаг байхыг зөвлөхөд илүүдэхгүй

Эрхэм уншигч та бүхэндээ  Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ирж буй жилдээ  эрүүл энх саруул сайхан, эрч дүүрэн сэтгэл түвшин байхын өлзийтэй  ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!



Уншигч танаа

Доктор, профессор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх  цуврал номын тэргүүн  дэвтэр хэвлэгдэж гарлаа.

Айл гэр бүрийн гал тогоонд байх “Хүнсний нэвтэрхий толь-лавлах бичиг” нэртэй энэхүү тэргүүн дэвтэрт хүн төрөлхтний хоол хүнсэндээ  түгээмэл  хэрэглэдэг 500 шахам нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн  өл шим, ашиг тус, хоолны зориулалт, болгох хугацаа, хоорондын зохицол, илчлэг чанарын талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж  мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт болон хар зургийг оруулжээ.






БУУЗ ЧИМХЭЛТИЙН ОЛОН ХЭЛБЭР

         
Монгол бууз


Майхан бууз


Тоомий бууз


Гонзгой бууз


Хонин бууз


Хонхорцог бууз


Мушгиа бууз


Саран бууз


Уйгар бууз


Залхуу бууз


Ороомог бууз


Цэцгэн бууз


Суумай бууз


Шарсан бууз


Турк бууз


Узбек бууз-манты


Боодгон бууз


Тарваган бууз


Бортгон бууз


Махгүй бууз


Буриад бууз-позы


Мантуун бууз


Ча Сиу Бао
Хятадын Гаунжоу мужийн оршин суугчид энэ баншийг хийдэг. Тэд бүхлээр нь шарсан махыг исгэсэн гуриланд боодог байна. Мантуун буузтай төстэй.


Махтай хайрмаг
Шарж хуурсан махаар хийдэг энэ буузыг Европ, Латин Америк, Зүүн өмнөд Азийн орнууд түгээмэл хэрэглэдэг. Харин Аргентинд туна загасаар бууз боох нь түгээмэл байдаг


 Шарсан таротой банш
Халуун орны таро гэдэг ургамлын үндсийг бүхэл махтай хольсноор чихэрлэг, тансаг амттан бэлэн болдог.


 Фуфу
Амтат төмсөөр хийсэн фуфу банш нь Түвд Болон Баруун Африкийн гол хүнс юм. Гэхдээ төрөл бүрийн ногоогоор хийж болох бөгөөд шөлөнд буцалгаж болно. Мөн хурганы мах эсвэл тахианы мах нэмж хийх боломжтой.


 Ньокки
Италийн уламжлалт буузыг төмс, гурил, өндөг, гоймон гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнээр хийдэг бөгөөд үндэтсэн бүр өөр өөрийн уламжлалаар хийж, чиддэг байна. Бууцай, бяслаг, улаан соусаар амталдаг хамгийн амттай бүтээгдэхүүний нэг юм.


 Гёоза
Япончуудын хийдэг баншийг улаан цуу, буурцагны соус, улаан чинжүүний тосыг хольж, хайруулын тавганд шардаг байна. Мах, хүнсний ногоог илдсэн гуриланд ороож, хамтад нь нухаад ирмэгнүүдийг нь чимхэнэ. Хятадад энэ баншийг Жиаози гэж нэрлэдэг.


Хар Гоу
Хятадын уламжлалт Хар Гоу баншийг жигнэж хийдэг.


Герман бууз
Германы уламжлалт баншийг голд нь мах хийж, төмсөөр тойруулан илдэж болгодог. Төмс эсвэл амуу будааны гурилаар хийж, буцалгана.


Кинкали
Гүрж үндэстний уламжлалт баншийг халуун ногоотой махаар хийх боловч бяслаг, ургамал холих нь цөөнгүй. Илдсэн гурилыг түүхий маханд ороож, жигнэхийнхээ өмнө чимхэнэ.


 Креплах
Еврей үндэстнүүд энэ баншийг шилэнд буцалгаж хийдэг. Гурилаа өндгөөр зуурч, үхрийн мах эсвэл төмс бооно.


 Бууз
Төрөл бүрийн махыг гуриланд боож хийдэг Монголын уламжлалт буузыг хүн бүр мэднэ.


Пиерожи
Польш улсын уламжлалт баншийг бяслаг, төмс, давсалж дарсан байцаа, мөөг, мах, жимсээр хийдэг. Буцалгаж, шарж, жигнэж болно.


Питепалт
Шведийн уламжлалт баншийг төмс, буудайн эсвэл арвайн гурилаар хийх ба Питео гэдэг хотын нэрээр нэрлэж заншжээ. Тэд цөцгийн тос эсвэл жимсний чанамалаар махаа амталдаг байна.


Манти
Төв Азиас гаралтай энэ буузыг соусаар амталсан үхэр, хонины махаар хийдэг. Мөн улаан чинжүүгээр амталдаг байна.


 Момос
Непал, Түвд, Хойд Азид анх үүссэн энэ баншийг исгэсэн гурилыг илдэж, жигнэж хийдэг. Мөн маханд боож, тавганд шардаг ажээ.


 Равиоли
Хүнсний ногоо, мах, бяслагаар хийдэг Итали бууз нь гэрийн эзэгтэй нарын хамгийн сайн сонголт юм.


Самосас
Энэтхэгчүүд төмс, вандуй, халуун ногоо, мах зэргээр энэ амттаныг хийдэг. Тэд эдгээр бүтээгдэхүүнийг гуриланд боогоод шардаг ажээ.


Шумай
Хятадын шумай баншийг сам хорхойгоор хийдэг. Гэхдээ бүхэл тахианы махаар хийж өдөр тутмын зоогт барих нь цөөнгүй.


Өмнөд Африкийн банш
Өмнөд Африкийн цөлд амьдарг ард түмэн чихрийн сироп, цөцгийн тосоор бүрсэн энэ баншийг иддэг байна.


 Вонтонс
Хятад баншийг шөлөнд буцалгаж, соусаар амтална. Гэхдээ муж бүрт бэлтгэх арга нь өөр өөр байдаг.


Шөлний банш
Шанхайд алдартай энэ баншны голд амталсан мах хийдэг. Төрөл бүрийн мах хольж болно.


Баварийн талхан банш
Германы зүүн өмнөд мужийн оршин суугчид сонгино, яншуй зэрэг энгийн амталагчаар энэхүү амтат баншийг хийдэг.


Пелмени
Оросын Сибирийн иргэдийн пелмени буузны жор нь манай ард түмнийхтэй төстэй.


Дим Сим
Австралийн уламжлалт банш нь Хятад баншны өөр нэг хувилбар гэнэ. Үүнийг байцаанд мах ороож, хуйлж жигнээд, эсвэл шарж хийдэг.