МОНГОЛЫН ГУРВАН СУЛРАЛ
Монголын ядуурал бол эдийн засгийн биш, улс төрийн хямралаас үүдэлтэй.
Улс орон хөгжих буюу иргэд нь амар амгалан, аз жаргалтай амьдрахын тулд ардчилсан засаглал, чөлөөт зах зээл, шударга ёс гэсэн гурван тулгуур бат бэх бүрдсэн байх ёстой. Эдгээр тулгуураа Монгол улс хараат бус болсноосоо хойш 30 жилийн дотор ямар түвшинд бүрдүүлсэн, ямар асуудал, сорилт эдүгээ тулгараад байна вэ?
Хуулийн засаглал
Өндөр хөгжсөн орнууд төр засгаа ардчилсан сонгуулиар байгуулж, дараагийн сонгуулиар нь сонгогчдоороо дүгнүүлж иржээ. Амалсан, ярьснаа биелүүлж ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан бол улс төрийн хүчин дахин сонгогдоно үгүй бол өөр нам төрийн эрхэнд гардаг.
Төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин хууль журам гаргаж, түүнийг нь гүйцэтгэх засаглал нь үр өгөөжтэй биелүүлж, эдийн засаг хөгжих боломжийг хангадаг. Тэгвэл Монгол улсад энэхүү хууль журам гаргах ажил нь учир дутагдалтай, төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин алсын хараагүй, сонгуулийн дөрвөн жилдээ тохируулж хууль батлаж ирлээ. Хамгийн тод жишээ нь сонгуулийн хуулийг сонгууль бүрийн өмнө өөрчилж байна.
Мөн хуулийг өөрсдийн явцуу эрх ашигт тааруулан гаргадаг болов. Жишээ нь нийтийн өмч хөрөнгийг завшсан этгээдэд тохируулж хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг хууль гаргаад хэргийг нь хаадаг болов. Төрийн өмчийг хуулийн дагуу төрийн компани, банк байгуулж, дамжуулан завшсаны дараа элдэв нэртэй өршөөлийн хууль гаргаж мөнгө угаадаг болов. Ил тод байдлын гэх гоё нэртэй хууль гаргаж 2016 онд буюу монголын Засгийн газар түүхэндээ хамгийн их доллар зээлсний дараа алга болсон, нийтийн хөрөнгийг завшсан этгээдүүдийг өршөөж орхив. Энэ хуулиар эдийн засгаасаа том буюу 33 их наяд төгрөгийн хөрөнгө ил болж, эдүгээ Улаанбаатар хотын урд захаар хэдэн зуун барилга шахцалдуулан барьж байна.
Төрийн эрхийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн хоёр том нам нь (МАН ба АН), санхүүжилтийн тайлангаа хэзээ ч үнэнээр нь гаргаж, хуулийн дагуу нийтэд ил тод болгож байгаагүй учир монголын төр засаг олигарх бүлэглэлийн гар хөл болов. Төр засгийн албан тушаалыг бараа шиг зардаг зуршил хэвийн үзэгдэл болжээ.
Монголд хуулийн засаглал сул байна.
Чөлөөт зах зээл
Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн чөлөөт зах зээл л хамгийн их материаллаг баялагийг бүтээжээ. Чөлөөт зах зээл ажиллах суурь нөхцөл бол хувийн өмч юм. Коммунист нийгэм хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн нийтийн өмч байх ёстой гэж номлож байсан учир эдийн засаг бүрэн дампуурсан.
Коммунизмаас салснаас хойш Монгол улс хувийн өмч бүрдүүлэхийг оролдсоор байна. Зах зээлийн нийгэмд шилжин орсон 30 жилийн дотор монголчууд түүхэндээ хамгийн их хувийн өмчтэй боллоо. Эдийн засаг олон дахин томорч, иргэдийн амьдрал элбэг хангалуун болж, 10 жилээр урт наслах болов. Хүн ам 50 хувь, мал 250 хувиар өслөө.
Хүснэгт 1: Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд (1990 ба 2018 онд)
Эх сурвалж: Дэлхийн Банк, Үндэсний Статистикийн Хороо
Нийтийн өмчит үйлдвэр аж ахуйн газрыг иргэддээ хувьчлав. Нэгдлийн өмчид байсан малыг малчдад нь хувьчлав. 30 жилд малын тоо 2.5 дахин өсч 66 сая болов. Гэхдээ хонь 2 дахин өсч 30 сая, ямаа 5.3 дахин өсч 27 сая болжээ. Орон сууцыг бас оршин сууж байсан өрхүүдэд нь хувьчлав. Газрыг иргэдэд хувьчлав. Иргэд бизнес чөлөөтэй эрхлэх болсноор өөрсдийн үйлдвэр, аж ахуйн газар, барилгатай болов.
Гэхдээ нийтийн өмч, ялангуяа газрыг орон нутаг, хотын засаг захиргаа, яамдын түшмэдүүд хувьдаа ихээхэн завшив. Хамгийн тод жишээ нь нийслэлийн урд уулын бүх амууд, Яармагийн дэнж, хотын төвийн газрын олголт.
Хууль бусаар хувийн өмчтэй болох үзэгдэл монголд хавтгайрав.
Шударга ёс
Шударга ёсыг сахиулах нь шүүхийн үүрэг. Дээрх хоёр сорилт монголд шүүх засаглал бүрэн дампуурсныг батлаж байна. Шударга ёс гэдэг нь хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохоос эхэлдэг. Монгол улсын шүүх авлига авсан төрийн ажилтнуудад хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа учраас FATF буюу мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага манай улсыг саарал жагсаалтад дахин оруулах гэж байна.
Шүүх нь нэг хүнээс буюу Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болсон учир төрийн бүтцээ өөрчлөх гэж байна. Авлигадаа живсэн учир Монгол улс Үндсэн хуулиндаа энэ зуунд анхны өөрчлөлтөө хийх гэж байна. Өөрчлөлт хийсэн ч, хууль журмаа сахиулж чадахгүй бол энэ улс ядуурлаасаа салж чадахгүй.
Монголын ядуурал бол эдийн засгийн биш, улс төрийн хямралаас үүдэлтэй. Төр засгийн эрх мэдэлд очсон нь баяжих болсон учир иргэд төрийн албан тушаалд очихын төлөө улс төржиж, намчирхан талцах нь хэвийн үзэгдэл болсон. Эхнэр нөхөр хоёр улс төржөөд салдаг болсон.
Энэ бүхэн бас хүний өөрийн хөгжилтэй холбоотой. Боловсролын одоо байгаа тогтолцоо нь хүүхдийг сайн хүн болгохоос илүү мэдлэгтэй болгохыг зорьдог. Монголчуудад хамтрах, нийтийн сонирхлоо хамгаалах эрмэлзлэл бага.
Монголд шударга бус байдал давамгайлж байна.
Товчоор, хөгжил, цэцэглэлийн гурван тулгуураа бэхжүүлж чадахгүй байгаа учир Монгол улс хүрсэн олон амжилтын үр шимээ ижил тэгш хүртэхгүй байгаа юм. Энэ гурван сулархай тулгуураа бэхжүүлэх нь монголчуудын өнөөгийн хамгийн том сорилт болчихлоо.
2019.07.17
батмөнх
Зочин
zochin
Коммун
Зочин
зочин
иргэн