Бүх нийтийн хоол хүнсний боловсролд


Орчин үед зөв, зохистой хооллолтын асуудалд ихээхэн анхаарах болжээ. Өнгөрсөн зууны 30-аад оны үеэс эхлэлтэй зөв, зохистой хооллолтын шинжлэх ухаан XX зууны сүүлээс шинэ агуулгаар баяжиж дагнасан хооллолт,  тэнцвэржүүлсэн хүнс тэжээл, зохицуулах үйлчлэлтэй хүнс, экологийн цэвэр хүнс, органик хүнс, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (БИХНБ) гэх мэт өөр хоорондоо нягт холбоотой  ойлголтууд бий болов. 

 Хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй нэгдэл, бодисуудыг зохистой хэмжээгээр агуулсан , эрүүл ахуй , ариун цэврийн хувьд бүрэн баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл хүнс гэж нэрлэдэг. Харин ийм шаардлага хангасан эрүүл хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэхийг зөв зохистой хооллолт гэж гэж нэрлэж болно.

Аль  ч улс гүрэн, нийгэмд хүн амын хооллолт нь хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хүний худалдан авах чадвар,   зөв зохистой хооллох мэдлэг, дадал буюу хэрэглээний боловсрол гэсэн үндсэн хүчин зүйлээс хамаардаг. Энэ бүхэнд тулгуурлан зөв зохистой, тэнцвэржүүлсэн хооллолтын онолын үндэс суурь тавигдаж баримтлах зарчмууд тодорхойлогддог.  Тухайлбал хүн хоногийн хэрэгцээт макро болон микронутриентынхаа хэрэгцээг бүрэн хангахын тулд өдөрт 32-оос доошгүй нэр төрлийн хүнс хэрэглэх ёстой ажээ. Судалгаанаас үзэхэд  хүнс хоолонд агуулагдах шаардлагатай биологийн идэвхит бодис, нэгдэл 100 гаруй байдаг бөгөөд тэдгээрийн 1\\2 нь үл орлогдох зүйлүүд юм.  Макронутриент гэдэг маань шимт бодис буюу уураг, нүүрс ус, өөх тос, харин микронутриент нь эрдэс бодис, аминдэм шүү дээ. Эдгээрийн зохистой харьцаа, хэрэглэх хэмжээ физиологийн нормыг  хангаж  гэмээ нь зөв зохистой тэнцвэржүүлсэн хооллолт болно.

Чухамхүү эдгээрийг үндэс болгож, олон  улс орон хүн амын эрүүл хооллолтыг хангах төрийн бодлогынхоо үзэл баримтлалыг тодорхойлж, үүнийгээ хуульчлан баталгаажуулж байна.  Тэгэхдээ хооллолтын уламжлал, эрүүл мэндээ дэмжин хамгаалдаг дадлыг харгалздаг учраас эрүүл хооллолтын хандлага нь Ази, Европ, Америк тивийн орнуудад ялгаатай. Азийн орнуудад хувь хүний бие махбодийн онцлогийг харгалзсан энергийн харилцан үйлчлэлийн онолыг баримталдаг бол, Европ, Америкт хүнсний бүтээгдэхүүний зохицуулах үйлчлэлийг урьдчилан төсөөлж, шинэ бүтээгдэхүүн буй болгодог. Эрүүл хүнс хоол, зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүний талаархи эдгээр хандлага нь эцсийн эцэст хувь хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалах нэг л зорилгод чиглэгдэж байна.

Өнөө үед хүний эрүүл мэндийг хүнс хоолоор дэмжин хамгаалах нь онол, практикийн өргөн хүрээтэй, шинжлэх ухаан, технологийн шийдэл хүлээсэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний асуудал болж байна. Зөв хооллолт гэдэг нь  чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг огт биш гэдгийг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 

Гэхдээ хүн бүрийн бие махбодын онцлог шинж, нас хүйс, цусны бүлэг, оршин суугаа газар нутаг, цаг агаар, хөдөлмөр эрхлэлт, уламжлалт ёс заншил  зэрэг олон хүчин зүйлээс  хамаарч хүмүүсийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ өөр өөр байдаг.  Тийм болохоор  насанд хүрсэн хэн боловч миний хувьд ийм хоол хүнс,  хооллолтын ийм дэглэм  тохирох юм байна гэдгийг өөрөө амьдралаасаа мэдэж авч, хэрэгжүүлж чадвал  жинхэнэ зөв  хооллолт болно. Мэдээж үүний тулд олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах шаардлагатай болдог. Ингэж гэмээ нь эрүүл амьдралын хэв маягийг өөртөө зохицуулан өөрчилж чадна.


Тэнцвэржүүлсэн хооллолт

XX зууны сүүлээс зөв зохистой хооллолтын онолд тэнцвэржүүлсэн хооллолт гэсэн ойлголт шинээр нэмэгдэн гарч ирэв. Үүнтэй уялдан эрүүл амьдралын хэв маягийн салбарт тэнцвэржүүлсэн хооллолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд  бий болж нэр хүндтэй эрдэмтдийн боловсруулж клиникийн судалгаагаар баталгаажуулсан шинэ нэрийн нэмэлт хүнс тэжээл, БИХНБ-ийг олон улсын зах зээлд нийлүүлж эдгээрийг  тогтмол хэрэглэгчдийн тоо түргэн хурдацтай нэмэгдэж байна.
 
Тэнцвэржүүлсэн хооллолт гэдэг нь дээр өгүүлсэнчлэн хүн идэж буй хоол тэжээлээрээ дамжуулан организмд шаардагдах шимт бодис (макронутриент буюу уураг, нүүрс ус, өөх тос), эрдэс бодис, аминдэм, эслэг, усыг зохих харьцаа, хэмжээгээр нь авч хангах  явдал юм. 

Тэнцвэржүүлсэн хооллолт нь хоёр ач холбогдолтой.
  1. Илчлэг, шим тэжээлт чанарын хувьд хангалттай байх ёстой.
  2. Хүний эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчнөөс сэргийлэх үүднээс хоол хүнсний зүйл нь физиологийн тэнцвэр (баланс)-тэй байх ёстой.
Физиологийн тэнцвэржилт гэдэг нь:
  • Төрөл бүрийн шим тэжээлт бодис хоорондын тэнцвэржилт  харьцаа
  • Уургийн хувьд организмд зайлшгүй шаардагдах аминхүчлүүдийн тэнцвэржилт харьцаа, өөх тосны хувьд ханасан болон ханаагүй тосны хүчлийн тэнцвэржилт харьцаа
  • Нүүрс ус, эслэгийн тэнцвэржилт харьцаа
  • Хүчил, шүлтлэгийн тэнцвэрт харьцаа
  • Амьтны болон ургамлын гаралтай хүнсний тэнцвэржилт харьцаа зэрэг болно. 

Тэнцвэржүүлсэн хооллолтын  үндсэн зарчмууд

Нэгдүгээр зарчим: Өглөөний цайгаа тогтмол заавал  ууж хэвших

“Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа” гэсэн мэргэн үг бий. Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг.

Өөрөөр хэлбэл өглөө юу идсэнээс тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа  шалтгаална. ДЭМБ-ын судалгаагаар өглөөний цай хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг  байна. Иймд өглөөний цай хоолыг тогтмол хэрэглэж  хоногт шаардагдах шим тэжээлт бодис, ялангуяа уургийн хэрэгцээний тодорхой хувийг хоолоор дамжуулан заавал авч чадвал бие организм сэргэж өдрийн турш сэргэлэн цовоо, эрч хүчтэй байх нөхцөл бүрдэнэ.

Хоёрдугаар зарчим: Хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг дэмжих

Үүний тулд өдөр тутмын хоолондоо эслэг агуулсан бүтээгдэхүүн болох шинэ ногоо, жимс, бүхэл үрт бүтээгдэхүүн, ялангуяа үл уусамтгай эслэг ихтэй улаан лооль, шар лууван, навчит ногоо, түүнчлэн организмаас хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй, кальц ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх

Гуравдугаар зарчим: Ундааны дэглэм сахих

Цэвэр ус уух нь организмыг цэвэрлэх шилмэл арга юм. Иймд өдөр бүр 8-10 аяга буюу 2 литр цэвэр ус ууж чихэртэй болон хийжүүлсэн ундаа хэрэглэхээс аль болох татгалзах

Дөрөвдүгээр зарчим:  Хооллох цагийн дэглэмийг чанд баримтлах

Хэдийгээр хүн бүрийн онцлог байдаг ч болж өгвөл 2-3 цагийн зайтай хооллож хэвших, оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө идэж байх

Тавдугаар зарчим: Ашигтай хүнсийг зөв сонгож хэрэглэх

Экологийн цэвэр бүтээгдэхүүн, үүний дотор уураг,  эслэг агуулдаг чихэрлэг биш жимс, ногоо, самар зэргийг өдөр тутмын хоолондоо хэрэглэж занших

Зургаадугаар зарчим: Хооллох дуршлаа хянаж аль ч тохиолдолд хэтрүүлж идэхгүй байх

Организм өдөрт 2-4 удаа хоол “нэхдэг”. Иймд хоолыг тодорхой цагийн зайтай хэрэглэхдээ  хоол боловсруулах эрхтэнд жигд ачаалал өгөхөөр бодож хоолоо тохируулан хэтрүүлэхгүйгээр хэрэглэж байх

Долдугаар зарчим: Хэрэггүй хүнснээс татгалзах
Өөх тос, саахар, цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг аль болохоор багасгаж байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх  хэрэгтэй. Ийм боломж бидэнд бий. Түүнчлэн ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхаарах

Наймдугаар зарчим: Аминдэмийн хэрэгцээгээ бүрэн хангаж байхаар хоол ундаагаа сонгон оновчтой зохицуулж хэрэглэх

Аминдэмийн эх үүсвэр, ач холбогдлын талаар миний бие “Баабар.мн-д өмнө нь бичиж нийтлүүлсэн.(oktyabri niitlelch.mn 2012 оны 4-р сар).  Өнөө үед 20 гаруй аминдэмийн химийн найрлага, бие махбодид үзүүлэх нөлөөг судалж хоногт шаардагдах хэмжээг тогтоогоод байна.

Аминдэмийн дутлаас хоол боловсруулах, шингээх болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж өөрчлөлт гардаг.

Есдүгээр зарчим: Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх

Зөв зохистой тэнцвэржүүлсэн хооллолт нь тухайн хүний  юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас шалтгаалах бөгөөд түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах замаар эрүүл амьдралын хэв маягийг өөртөө төдийүй гэр орондоо хэвшүүлэхэд  оршиж  байна  Үүний тулд хүн бүр  хүнс хоолны мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх,  хувийн зохион байгуулалтаа сайжруулах,  хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байхад тогтмол  анхаарах

Аравдугаар зарчим: Биеийнхээ арьс, үсний арчилгааг тогтмол хийж байнга хяналт тавьж байх.

Гоо сайхан ертөнцийг аварна. Ийм болохоор зөв зохистой тэнцвэржүүлсэн хооллолтоос гадна биеийнхээ гоо сайхан,  арьс, үснийхээ арчилгаанд байнга анхаарч хяналт тавьж байх хэрэгтэй.  Энэ нь эх газрын эрс тэс уур амьсгалтай газар нутагт амьдардаг бидний хувьд юу юунаас илүү чухал шүү.


Ps: Уншигч Та эрүүл хүнс, зөв зохистой тэнцвэржүүлсэн хооллолтын талаар сонирхсон асуултаа ирүүлж болно.





Уншигч танаа

Доктор, профессор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх  цуврал номын тэргүүн  дэвтэр хэвлэгдэж гарлаа.

Айл гэр бүрийн гал тогоонд байх “Хүнсний нэвтэрхий толь-лавлах бичиг” нэртэй энэхүү тэргүүн дэвтэрт хүн төрөлхтний хоол хүнсэндээ  түгээмэл  хэрэглэдэг 500 шахам нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн  өл шим, ашиг тус, хоолны зориулалт, болгох хугацаа, хоорондын зохицол, илчлэг чанарын талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж  мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт болон хар зургийг оруулжээ.