1921 оны ардын хувьсгал ялаад төд удалгүй тараа таниулж эхэлсэн түүхтэй төстэй үйл явдлыг Үүл дарга гаргав.

“Ажнай”-н Бат-Эрдэнэ, Миеэгомбын Энхболд, Дам­бын Хишгээ гурав саяхан  “Улсын тод манлай” цолны болзол хангасныг Монгол даяар сонсоо байх. Ялангуяа хурдан морины хорхойтнуу­дын хувьд дээрх гурвыг үндсэн ажил мэргэжлээс нь илүү адуу малыг нь анддаггүй юм билээ.

Үндэсний их баяр наад­мыг зохион байгуулах хороо­ны хурдан морины  салбар комисс нь уламжлал ёсоороо цагаан сарын өмнө цугларч хуралдаж. Баяр наадмын тухай хууль, түүнийг мөрдөх дүрэм журам нь уламжлал болчихсон, угаасаа ойлгомж­той норм нормативуудтай. Төрийн өмнөөс цол олгох эрх эдлэгчдийн хувьд хэнд ямар цол өгдөг юм билээ хэмээн толгойгоо гашилтал бодоод хуралдаад байх юм байхгүй. Цаанаасаа ажлын хэсэг нь том бага уралдаануудын дүнг жилийн эцэст нэгтгэж базаад л гүйцээ. Тэнд морь ба эзний нэр бичээстэй байгаа. Уралд­сан морьд, уралдаан хоёр нь будлиангүй бол хэн ямар цолны болзол хангасныг сал­бар хорооны хуралдаантай хуралдаангүй уяачид, малчид бүгд л хоорондоо ярьцгаадаг ганц сэдэв юм байх чинь билээ. Наадамд барилдаад тав давбал начин гэдэг шиг дэндүү ойлгомжтой асуудал. Харин энд өөр хувилбараар цолонд хүрэх ба цолыг нь болиулах оролдлого хийвэл өнөөгийн ардчилсан нийгэмд хачирхалтай явдал болно. Хуучин хаалттай нийгмийн үед спортын мастерийн бол­зол хангачихаад байхад МХЗЭ, БТСУХ зэрэг байгуул­лагаас нам улс төрийн шал­галт авч, гишүүний манлай­лал нь аль хэр юм гэсэн тодорхойлолт нэхээд шаард­лага хангаагүй бол хойшлуул­чихдаг байж билээ. Гэтэл саяын энэ салбар хорооны хуралдаан дээрээс хачин юм сонслоо. Манай Үүл дарга, Оюунгэрэл сайд нар маш их уурласнаар уг хурал  “Үүл нүүж цахилгаан бадарсан...” байдалтай болж өрнөсөн гэнэ. Дээрх эрхмүүдийг юу дургүйг нь хүргээв гэхээр хамаг ажлыг нь хийсэн проле­тари ангийн төлөөлөгч эгэл адуучинд хүртээгүй цолыг аархсан баячуул аваад байх­даа яадаг юм, “Энэ наадмыг би ерөөсөө үзэхээ болилоо” гээд Богдын хатан босоод гүйдэг шиг юм болж шүү. Бүр тэгээд зогсохгүй Ерөнхийлөг­чид очиж хэлээд болиулна гэжээ. Бат-Үүл дарга аа ингэж болохгүй ээ. Яаж байгаа чинь энэ вэ?. Та өөрөө ардчилсан шударга ёсыг Монгол оронд тогтоохын төлөө үсээ цагаан болтлоо тэмцчихээд эцэст нь ийм дэмий юм хийдгээ болиоч. “Ажнай”-н Бат-Эрдэнэ баян тарган л байгаа биз. Миеэгомбын Энхболд сөрөг намынх, улс төрийн байнгын өрсөлдөгч нь тэндээ та нарын л дотоод асуудал. За тэр Дамбын Хишгээгийн залуу халуун насандаа алдаж эндэж явсан базаахгүй намтрыг нь халх даяар андах­гүй. Эдний явдал монгол наадам, морь малны урал­даан­тай  ямар хамаатай юм. Аль эсвэл муусайн хар шар феодал, хийгээд үл бүтэх этгээдүүд шургалж болзош­гүй бүх л зүйл дээр хатуу тэмцэх тухай намын төв хороо­ны тусгай шийдвэр гар­чихсан юм уу. 1921 оны ардын хувьсгалаар үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо олоод нийт Монголчууд баяр­лаж хөөрч байтал төдийлөн удалгүй коммунизмын хар үүл бүрхэж ард түмнийг анги давхаргаар нь ялгаад эхэл­сэн. Харин 1991 оны ардчил­сан хувьсгалын гол амин сүнс нь ард түмнээ баян хоосноор нь ялгаварлан гадуурхахгүй хуулийн өмнө тэгш эрхтэй байдлыг ханга­хын төлөө л байсныг надаар хэлүүлэх юун. Чухам та л баатарлагаар тэмцэж байж Монгол Улсын Үндсэн хуу­линд эдгээр заалтыг оруулаа биз дээ. Одоо бодит амьдрал дээр яагаад энэ хууль зөрчиг­дөөд байна вэ? Уяачийн цол олгодог анкетэн дээр морины эзэн нь том дарга байгаа эсэх, аль намын гишүүн, урьд өмний ял шийтгэл гавьяа шагналын тухай ямар ч асуулт байхгүй. Хурдан хурц адуу нь амьтан болохоос хүн биш. Одоо тэгээд энэ “Улсын тод манлай уяач” цолыг  морь гэдэг өмчийн эзэнд өгөхгүй өөр юунд өгөх гээв. Морины эзэн нь өөрөө уяач байж ч болно. Үгүй ч байж болно. Морь уралдуулдаг нь ганц монгол ч биш. Дэлхий даяар зөвхөн морины эзэн нь л бооцоо шагналаа авч байгаа харагддаг. Морь маланд нь туслалцаж уяж хүлэгсэдтэй нь харьцдаг, өмчийн эзнийг нь болохоор элдвээр хэлж суудаг балмад явдал одоо хаа ч байхгүй. Сонсоогүй л юм байна.

Амьдрал дээрх тэгш биш байдлыг жигдлээд өгдөг бурхан ч байхгүй, нам ч байдаггүйг яалтай билээ. Харин тэгш ханддаг хууль бол бий. Энэ хууль зөвхөн  ардын эрх ашгийг хамгаалдаг юм биш шүү дээ. Өмчгүй хүнийг өмгөөлнө, өмчтэйг ч мөн л өмөөрнө. Тэгэхлээр л манай­хан “Бас баячуулыг хамгаал­на гэж үү дээ” гээд гайхаад байх юм.