"Агнистын гэгээ” цуврал №10


НУУЦЫН НОМ
Тантарын эх сурвалж

Ошо багшийн тайлбар

Уялга үг
    
Вигъяан Бхайрава Тантар хэмээх өнө эртний нууц сударт заасан бясалгалын зуун арван хоёр аргыг Ошо багш хүн төрөлхтөнд тайлжээ. Тэдгээрээс гол түгээмэл аргуудыг энэ номд түүвэрлэн эмхтгэв. Дотоод эрчим хүчний нууцад нэвтэрч, сөрөг төлвийг эерэгт хувиргах, зөрчлийг зохицолд ургуулах замаар хөгжин цэцэглэх нь Тантарын зарчим. Тантар нь арга зам, үндэс суурь гэсэн утгатай аж. (Тантра-г уламжлалт монгол дуудлагаар Тантар гэж буулгав. Сутра – судар, шастра – шастир болдогтой адил.) Тантарын ёс нь Бурханы шашны Очир хөлгөний хэлбэрээр Монгол оронд эрт цагаас дэлгэрч ирсэн. Очир хөлгөн нь гадаад үйлэнд дулдуйдах үйлийн үндэс, үйл хийгээд бясалгалыг хувь тэнцүү эдлэх явдлын үндэс, үйлээс бясалгалд шилжих ёогийн үндэс, дотоод бясалгалыг дагнах ханьцашгүй ёогийн үндэс гэсэн дөрвөн үндсээс бүрддэг.



Ханьцашгүй үндэс нь эгэл үзэгдэл, шуналыг ариун үзэгдлийн бясалгалаар бурханлагт хувиргах үүсгэлийн зэрэг, нарийн хий биеийн оньсонд нэвтэрч, угаас төгөлдөр чанарыг онон бясалгах төгсгөлийн зэрэг гэсэн хоёр үе шаттай. Эдгээрийг дотроо агуулсан Сандуй (Нууцын хураангуй) тэргүүтэн аргын ёс, Дэмчог (Дээд амгалант) тэргүүтэн билгийн ёс, Жигжид (Аюулган үйлдэгч), Дүйнхор (Цагийн хүрдэн) тэргүүтэн хоёргүй ёсны тантарууд дэлгэрчээ. Очир хөлгөнийг судалж, бясалгаж, гэгээрсэн олон егүзэр хутагт монголчууд дундаас тодорсон билээ. Гэхдээ ёгт нэр томъёо, нууцын тамгаар тамгалагдан явсаар олон нийтэд байтугай лам хуврагууддаа ч үл ойлгогдох мухар сүжгийн мөр болж, уншилга зан үйл төдий байдал хавтгайрсан тал анзаарагддаг.

Дээд төвшинд хүрсэн багш сав болох шавьдаа л авшиг хүртээж, нууцыг задлах хатуу чанд дүрэмтэй байв. Энэ нь, ид шид хөөцөлдөх хийгээд илбэ жилбэнд төөрөлдөх, бясалгалын хүчийг буруу зорилгод ашиглахаас сэргийлсэн эртний арш нараас угтай ёс юм. Түүнээс гадна бие, сэтгэхүйн оньс болсон хүрдэнд төвлөрөх, дотоод эрчим хүчийг задлан хувиргах явц нь нарийн ээдрээтэй бөгөөд хөтөч багшгүй бол эндэж гэмтэх ч асуудал бий учир тийнхүү нууцалдаг байжээ. Энэ талаар Ошо багш ч нэг бус удаа сануулсан байна. Гэхдээ л үзэл суртлын хаалт, хэлний бэрхшээл, цаг үеийн алслал мэтээс болж утга учир нь балартжээ. Хэдий тийм ч бясалгалын замд орохын тулд лам хувраг болж, сүм хийдэд шавилж, дээдийн номын нууцыг төвд судар, самгарьд тарниас эрж явах шаардлагагүй болсон нь энэ цаг үеийн онцлог гэлтэй. Чин сэтгэлээр зоривол багш ч бэлэн, номын цогцос ч нээлттэй болжээ. Очир хөлгөний дээд бясалгал болох билгийн мэлмийд төвлөрөх, гэрэл аялгууны бясалгал Чин Хай багшийн адистидаар Монгол оронд дэлгэрч байгаа нь үүний нэгэн жишээ юм. Өөрийн биеэр төгс туулан гэгээрсэн багшийн заавар зөвлөгөө, адис ивээл юутай ч зүйрлэшгүй өмөг билээ.

“Олон хэмжээсэнд зүйл бүрээр хөгжин цэцэглэх боломж чамд бий. Хөгжил бүр чинь цааш улам хөгжиж, улам тэлэх үүдийг нээдэг. Үүнд эдгээр арга тус болно. Бясалгалын арга бол шинжлэх ухаанч учраас үр дүнгүй эрэл зүдрэлээс аврах хэрэгсэл юм. Арга хэрэгслийг эзэмшихгүй бол хэчнээн олон төрөлдөө хэрэн хэсүүчлэхийг таашгүй. Хөтөч багштай, бас зөв арга хэрэгсэлтэй бол түмэн төрөл дамжин туулах замыг хэдхэн агшинд товчлох болно” гэж эл номд өгүүлжээ.

Номын хэсгээс...

Сүүдэр шийг гэрчлэхүй

Сэтгэлийн оволзсон хөдөлгөөн дунд үймрэлгүй орш.
Орчлон ертөнцийг илбийн наадам шиг үзэж, хөгжин баяс.    
Өвдөлт, таашаал хоёрын алинд ч уягдалгүй, тэг дунд нь орш.
Бусдын хүсэл хийгээд үйл бүхэн өөрийн дотор буйг хүлээн зөвшөөрвөөс хувирах болно.

Язгуур сэтгэл бол толь мэт тунгалаг. Тоосонд дарагдавч тунгалаг чанар нь алга болоогүй. Энэ бүх арга хэрэгсэл толь мэт бодь сэтгэлийг тоос шорооноос нь салгах зорилготой. Аян замын эрхээр бидэнд тоос шороо халдахаас аргагүй. Өчнөөн олон төрөл дамжин, төчнөөн олон харгуй замаар бядан яваа аянчид шүү дээ, бид. Эдгээр аргад суралцахын өмнө дотоод хувиралд хандах Дорнын хандлага Өрнийнхөөс тэс өөр гэдгийг ойлгоорой. Христианы үзэл бодлоор бол хүний уг оршихуйд гэм суусан гэдэг. Харин Дорнын үзлээр бол оршихуйд ямар ч гэм зэм байхгүй, онгон дагшин чанар нь хэвээрээ гэж үздэг. Толин дээр тоос буусан төдий. Энэ бол гэм нүгэл биш, зүгээр л хуурамч ижилсэл. Бид язгуур сэтгэлтэйгээ биш, тоос тортогтой ижилсдэг. Бидний туршлага, мэдлэг, ой санамж бүгд тоос. Өнгөрсөн цагийн хураагдахуун бүхэн тоос юм. Яг энэ агшин л цэвэр байдаг. Гэвч бид энэ цэвэр ахуйг огоорч, өнгөрсөнтэй ижилсэж амьдардаг. Бясалгалын зорилго нь хүнийг өнгөрснөөс салгаж, энд одоо-д татан авчрахад оршино.

Будда өнгөрснөөс салж, өөрийн цэвэр чанарт оршихын тулд маш их эрэл хайгуул хийжээ. Өнгөрсөн цагийн хүлээснээс салахгүй бол үйлийн үр, өр төлөөс үргэлжилнэ. Өнгөрсөн цагт төөрсөн хүн ирээдүйг ч андуурна. Ирээдүй нь өнгөрсөн цагийн л тусгал. Хоёр хуурмаг үзэгдлийн мананд одоох цэвэр ахуй далдлагддаг юм. Будда олон багш дээр очиж, олон арга замыг судалжээ. Тэдгээр багш нар хаа нэгтээ байдаг диваажин, хэзээ нэгэн цагт хүрэх нирвааныг л заадаг байв. “Би яг энд, яг одоо л бүрэн дүүрэн байхыг хүсч байна” гэж Буддаг хэлэхэд нь тэд “Үүнийг хийж, түүнийг хэрэгжүүлэх юм бол ирээдүйд буюу дараа төрөлдөө ийм, тийм төлөвт хүрнэ” гэхчлэн хэлдэг байлаа. Номлогчдыг орхин явсаар тэр орь ганцаар үлджээ. Тэгээд юу хийсэн бэ? Маш энгийн зүйл хийсэн. Нэгэнтээ л ухаарах юм бол чиний хувьд энэ зүйл мэдээжийн гэмээр энгийн байна. Харин ойлгоогүй үед давшгүй даваа, хүршгүй мөрөөдөл болж хувирна. Түүний хийсэн зүйл бол энэ агшиндаа үлдэх байжээ. Тэрээр өнгөрснийг мартаж, ирээдүйг огоорчээ. “Би энд, одоо л байх болно. Би зүгээр л орших болно” гэж тэр өөртөө хэлжээ. Ганц хором ч атугай ийнхүү оршвол ер бусын амт шимтийг мэдрэх болно. Тэр бол цэвэр ухамсрын амт. Нэгэнтээ амталсан бол хэзээ ч марташгүй. Тэр амт, тэр анхилга өөртөө хувирлын шидийг агуулдаг юм.

Өнгөрснөөс салж, цэвэр ухамсрын толь руу харах олон арга бий. Эдгээр арга бол механик хэрэгсэл биш. Механик хэрэгсэл маягаар ашиглаад тайвширч болно. Гэхдээ тэр бол чиний язгуур оршихуй биш, зүгээр л зохиомол төлөв байх вий. Тиймээс уг язгуураа ухаарсан гүн ойлголт, чин сэтгэл хэрэгтэй.

Эхний арга:
Сэтгэлийн оволзсон хөдөлгөөн дунд үймрэлгүй орш.

Хүсэл тачаал, уур бухимдал оволзох үед чи хэсэг зуур ухаан мэдрэлээ алддаг. Энэ үедээ үл хөдлөгч, үл хямрагч төвөө санах юм бол хувцас тайлах шиг зуурдын хучаасыг ярж чадна. Уур бухимдал хүрээ хязгаарт л өрнөж буй. Язгуур сэтгэл буюу төвд үймээн шуугиан үгүй. Түүнийг олж хардаггүй нь төвөг зовлонгийн шалтгаан болдог. Уурлаж байхдаа чи уур хүргэсэн хэн нэгэн буюу обьект рүү чиглэдэг. Уур бол обьект, та хоёрын дундах зүйл. Эндээс чи хаашаа ч чиглэж болно. Обьект рүү чиглэвэл сэтгэлийн тоос тортогт хэсэгт хутгалдаж үлдэнэ. Субьект буюу дотоод руугаа чиглэвэл үл хямрагч төвдөө орох болно.
Хүсэл тачаалын хувьд ч мөн адил. Хүсэл өдөөгч обьект рүү тэмүүлж, төвөөсөө холдох тусам чи үймрэх буюу. Алслал, үймрэл хоёрын хувь тэнцүү. Хэдий чинээ төвөөсөө холдоно, төдий чинээ үймэрнэ. Хэдий чинээ төвдөө ойртоно, төдий хэрээр үймрэл багасна. Яг төвдөө орших юм бол ямар ч үймрэлгүй байна. Циклоны төвд нам гүм байдагтай адил. Уур, тачаалын тойрог угтаа чиний дотоод үл хямрагч төвийг баталдаг.Үл хямрагч төв үгүй сэн бол чи яаж үймрэл хямралыг сэхээрэх вэ? Өвдөж байгаа хүний дотор эрүүл саруул нэгэн байгаа учраас л өвчнийг гэрчилж байгаа юм. Угаасаа өөрөө өвчтэй бол өвчингөө үл мэдэрнэ. Уурлаж байгаагаа мэдэж байгаа бол чиний дотор уураас ангид нэгэн гэрч байгаа гэсэн үг. Түүнийг танин барих юм уу, мартах нь өөр хэрэг.

Сэтгэлийн оволзсон хөдөлгөөн дунд үймрэлгүй орш.

Энэ бол сэтгэл хөдлөлөө нухчин дарах номлол биш. Дарлаа гээд чи улам илүү үймэрнэ. Уураа дарах ч, гаргах ч хялбар. Аль алийг нь бид хийж явдаг. Хүчтэний өмнө бариад, хүчгүй нэгэнд гаргаж явдаг шүү дээ. Гагцхүү гэрчлэх л хэцүү. Уураа бусдад гаргалгүйгээр зүгээр илэрхийлж болно. Чингэхдээ түүн дээр бясалгал хий! Жишээ нь, толины өмнө ганцаараа зогсоод яаж ч авирласан болно. Хэн нэгнийг зодмоор байвал хоосон агаар луу цохь. Хашгичмаар байвал хашгич. Энэ бүхнээ бас хөндлөнгөөс харан гэрчил.Өөрийгөө хараад инээд чинь хүрэх буйза. Ийнхүү гэрчилснээр уур бухимдлаа суллаад зогсохгүй, үл хямрагч дотоод төвөө таних болно. Хүсэл тачаал дээр ч ийм туршил хий. Тантар хүсэл тачаалыг буруушаадаггүйн учир энэ. Тачаангуйн гал дунд ч сэрүүн төвдөө оршиж болно. Хүрээ хязгаарт юу ч өрнөсөн чи өөрөө гүний ажиглагч бай.

Үймэрч хямарсан үед бүгдийг мартаж, бясалгалаа алдах нь бишгүй. Тиймээс дөхөм аргаар дадуул. Уурлах мөчийг хүлээж суух хэрэггүй. Ганцаараа байхдаа хуучин цагийн дурсамжаа сөх. Галзууртлаа уурлаж байсан орчин нөхцөл рүүгээ эргэн орж, мэдэр. Яг одоо болоогүй учраас чамд гэрчлэхэд дөхөм байна. Хүсэл тачаалын хувьд ч адил. Хүний сэтгэлд үй түмэн дутуу гуцуу хүсэл хяслын үйл үр оршдог. Хэн нэгнийг алмаар санагдсан, хэн нэгэн рүү тачаадан тэмүүлсэн гэхчлэн. Өнгөрсөн цагийн түйтгэр бүхнийг үл хямрагч төвөөс гэрчилж чадах юм бол чи цэвэрших болно. Болоод өнгөрсөн тохиол дунд гэрч байж чадсан хүн болж буй тохиолд ч гэрч байж чадна.

Гүржиев энэ аргыг тун чухалчилж байв. Тэрээр орчин нөхцлийг бүтээхдээ урлагтай багш. Фонтэйнэблүүд түүний бяцхан сургууль байлаа. Бүлгэмийнхэн сууцгааж буй өрөө рүү ороход хэн нэг нь чамайг доромжлох болно. Нөхцлийг дэглэж байгаа нь үл мэдэгдэнэ. Үймэрч эхлэх үед өөр нэгэн хүн ташуур нэмнэ. Энэ мэтчилэн өрнөсөөр эцэстээ чамайг багтарч ядах хоромд багш “Үл хямрагчийг санаарай!” гэж хашгирна. Гэнэт чи сэрүү татсан амарлингуй төвөө мэдэрнэ. Гэвч уур чинь шууд замхарчихгүй. Хэдийнэ цусанд нэвчиж, биенд тархсан байгаа. Тэгээд царай чинь минчийж барайсан чигээрээ хөхрөх буйза. Энэ үед чи үймэрч хямарсан хязгаар хийгээд үл хямрагч төв хоёуланг ухаарна.

Гэр бүл, найз нөхдийн хүрээг ийм сургууль болгож, бие биедээ орчин нөхцлөөр тусалж болно шүү дээ. Хөгжилтэй тоглоом шиг атлаа үнэхээр өгөөжтэй. Бачуурч үхэх гэж байсан хүн гэв гэнэт инээгээд л... Халуу шатсан нөхцөл дунд сэрүүн төвөө нэг л удаа нээж танисан хүн дараа ямар ч халууралд орсон сэхээрч чаддаг юм.


НЭПКО хэвлэлийн газар