Дэлхийн хөгжил мэ­дээл­лээ дагаад улам хур­далж, түүний үр шимийг хаа сайгүй хүртэх боллоо. Ард­чилал, зах зээлээс ч үл ха­мааран бидэнд  гар утас, компью­тер, шинэ технологийн ертөнц өөрөө хүрээд ирэх бай­сан байж магадгүй. Гэх­дээ коммунизмаас шууд ин­тернэт рүү давхиад ор­чих­сон бол гадаад ер­төн­цөд болоод байгаа шиг ёстой цусандаа хут­гал­дах байх шүү.

Одоо том жижиг улс ор­нууд эргэлзэх завгүй­гээр дутуугаа гүй­цээж, дун­дуураа дүүргэх хөгж­лийн төлөө харвацгааж явна. Ятгалганд автахгүй бай­хын аргагүй үнэм­шил­тэй программчлал ажил­лаж бод­логошрох, сэ­рэм­жийн ой санамж хэ­рэг­цээнээс гарсаар байна.

Харин манай монголчуудын хувьд том үндэстний аранга зааж маш их бодлого бодоцгоодог уламжлалтай. Тэгж байгаад за­римдаа нийтийн хөгжлөөс хэд хэдэн зуунаар хоцорч байсан тал бий. Моод монголоор дуусдаг л гэдэг. Тэглээ гээд өнөөдөр харам­саад баршгүй юу болчихсон юм. Аливаа бодлогын сонгодог урлаг, дуурь, классик нь математикт байдаг юм билээ. Хэзээний л хүүхдийг их дээд сургуульд элсүү­лэхийн тулд тоогоор конкурсдэж  "тамладаг" биз дээ. Шинжлэх ухаа­ны салбарууд урьд өмнө  нь ч одоо ч  мэргэжилтнээ бэлтгэхдээ дурны хонгионуудаас бус тоондоо дөм­гүүдийг сорчилдог нь их учиртай. Дуучин бэлтгэхэд хүртэл мате­матик сэтгэлгээ нь түүхий шүүрхий эсэхийг амталцгаадаг нь туйлшрал биш юм. Тэгэхээр хүүхэд тоондоо гайгүй оноо авахын тулд тэр балай тэнцэтгэл бишийн учрыг олох, олохгүй ч хариуг нь зөв гаргахын тулд нусаа шоржигнуулан дэвтэр цаастай ноцолдох шаардлага гардаг. Дараа нь дадал, адаптаци хангалттай хийх цаг гарах тул эхлэн сурагчдаас  математик, алгебраар  дамжуулан онолын загвар дээр хэр зэрэг "ажилласан жил"-ийг нь мэдэж авдаг. Ерөнхий сэтгэн бодох чадвар эзэмшихэд түүнд зориул­сан хугацаа их шаардагддаг. Энд гүйлгээд уншчих, хүнээр сайхан яриулчих, одоо цагт бол нэтээс татаад авах замаар хангагдах салбар бол математик биш. Үнэн­дээ ухаалаг гар утас, программууд нь тэнэг биш жирийн хүний оюун ухааныг гүйцтэлээ лав л 400 жил шаардлагатай. Математикийг ки­нон дээрээс хараад ойлгочих бо­ломж­гүйгээс болж хүүхдүүд хо­шуугаа цорвойлгон тоо бодоод тоглоомоо хойш тавьж байна. Бод­лого дээр нэг цэг юм уу тэг санам­саргүй алдаад шал худлаа хариу гарна. Дахиад л нухна. Ингэсээр байгаад нэг мэдэхнээ юм сурах нь тийм ч төвөгтэй эд биш болчихсон байдаг. Дараагийн шатны сургуу­лиуд ийм л хүүхдүүдийг түүдэг  тогтолцоо мянган жил хувиралгүй үргэл­жилсэн биз ээ.

Бусад математиктай төстэй тоо бодлого ихээхэн орсон  физик химийн зарчмууд амьдралд ойр­хон байдаг болохоор онол гэхээсээ практик давамгайлчихдаг. Тэдгээрт аль эрт нээсэн хууль теоромуудын дагуух туршлага туршилтууд зон­хилдог. Энэ дагуу бид нисдэг, шумбадаг, зайнаас харилцдаг, саран дээр ч буугаад авсан. За ер нь олон мөрөөдлийг  математикаас бусад салбарынхан амьдралд хэрэгжүүлжээ. Тэнд очиж амжилт ологсдыг олон нийт ч эрдэмтэн зохиогч нь эд юм байна гэцгээдэг.  Гэтэл "бурхны бүх хаалга хаагдсан байхад цонх нээлттэй"-г олж харах хийсвэр сэтгэлгээ, бараг оргүйгээс ургуулан бодох чадвартангуудыг бүх салбарынхан хайж явдаг юм. Барилга бариад дуусахын даваан дээр нураад уначихааргүй краны сайн суурийг хүн бүр эзэмшсэн байх ёстой. Тэр суурь нь хүүхэд гараагаа математик сэтгэлгээнээс хэр зэрэг амжилттай эхлүүлсэн эсэхээс нөлөөлөөд байдаг. Цөөн зарим нь тэр чигтээ уг сонгодог урлагаараа дагнадаг л байх.  

Тэргүүлэгч улс орнуудын хөгж­лийн машин нүргэлэн асч ажиллаж байхад цаад мухрын өрөөнд нь өөр нөхдүүд шал дэмий зүйлд цагаа баран сууж байдаг. Тэрхүү "хөзөр тоглоод" сууж буй нөхдүүд бол математикчид бөлгөө.

Парисын Клейгийн институци гэгч байгууллага дэлхийд матема­тикийн долоон бодлого зарласан байгаа юм. Нэг нь нэг сая долларын шагналын сантай уг бодлогуудын хариуг оллоо гэхэд дараа нь улс ардын аж ахуй, шинжлэх ухааны бусад салбарт юу ч өөрчлөгдөхгүй. Саявтар Оросын Пелерьман гэгч нэгийг нь бодчихлоо гээд шуугисан. Харин сая доллараа авахгүй ад­раад яваа сурагтай. Тийм баян тарган биш мөртлөө уг эрдэмтний этгээд араншин нь л тэр байх. Энэ мэтчилэн математикийн ертөнцийн дээд түвшинд өчнөөн олон бодлого бодлогошрол явагдаж түүний араас амь амьдралаа зориулсан нөх­дүүд цөөнгүй бий.  Эндээс ойл­гогдож байгаа нэг зүйл бол хичнээн мөнгө төсөв нь байгаад ч шийдэж үл чадах асуудалтай  ухаант хү­мүүн үргэлж тааралддаг гэдгийг л сануулж байгаа юм. Мөнхийн зүй тогтол маань ч мянганы нэг то­хиолдолд алдаа заадаг. Асуултын хариу нь илүү томсгосон зарчмын хүрээнд үү, эсвэл шал өөр зүй тогтол дотор уу гэх мэт бидний мэддэг "замын хөдөлгөөний дү­рэм"-ээс хэтэрхий хол цаадах руу өнгийхөд зөвхөн онолын матема­тикийн солиорлоос өөр багаж хэрэгсэл хэрэг болдоггүй. Тэр багаж нь ердөө л хуудас цаас, дээр нь сараачих гаргацтайхан үзэг бал төдий. Интернэт, компьютер, ро­бот нь математикчдын хувьд гай­хам­шиг биш алх бахины нэгэн төрөлд багтдаг. Орчлонгийн хяз­гааргүйд гэгээрсэн хувилгаан аятай  зөвхөн онолоор хооллож амьдра­лаас хэд хэдэн зуунаар тасарч одсон энэ шинжлэх ухаан нь үнэ­хээр агуу юм. Энд дараа дараагийн их хөгжлийн тэсрэлтүүд уугиж байдаг голомт нь учраас улс ор­нууд тоочдодоо саад болдоггүй.

Манай орны боловсролын сис­темд математик бүх үеийн туршид чухал байр суурьтай явсаар ирсэн нь талархууштай. Зах зээлд хэн зоригтой хөдөлсөн нь мөн азтай нь амархан хөл дээрээ босч бусадтай өндөр намаараа зэрэгцээд ирчих­лээ. Одоо тэгвэл  уралдаж ууж идэж ханасан бол арай холыг бодох сөгөөтэй болцгоодог. Говьд төөр­сөн эр хүний тухай онигоорхуу. "...Түрүүн унтаж хэвтэх тухай яриад байсан уу хүүхээн..." гэлээ гэгчээр. Бизнесийн салбарууд гэхэд л хү­ний нөөцөөсөө болоод цаашаа явахгүй гацах боллоо. Төрийн төдийгүй хувийн хэвшлийнхэн чадварлаг удирдлага, ажилтны эрэлд хатаж байна. (Дэлхий даяар тийм байна гэсээн)

Манай нөхцөлд  хууччуул угаа­саа системээсээ болж гологдоод тэр орон зайд нь хальт мулт хэлтэй, зах зээл менежмэнт гэж ярьсан женьтелмэн жаалууд орж ирж хэсэг тоглосон. Шинэ хуучин хоёулаа хэрэггүй болсны бурууг ёс сур­тахуундаа байна гэж эндүүрсэн. Томоотой, сайхан сэтгэлтэй, үнэнч, үгнээс гардаггүй мэдээж амбицгүй хүн өнөө цагт ховор бараа ч бас олддог. Тэд мөн л сувай үнээнүүд байв. Өөдөөс "Харин яахав босс оо" гэхээс өөр ид шидгүй. Өнөөдөр барууны том  том сургуулийн  дип­ломтой, эдийн засагч, хуульч нар ёстой нохойн гуяар далласан ч  ирэхээр олон бэлтгэгджээ. Нэг ажлын байран дээр баахан гадаад сургууль төгсөгч өрсөлдөөд бүгдээ­рээ тэнцэхгүй байгаагийн цаад учир бол "Тэд бидэнд хэрэггүй залуус" юм. Орчин цагт гадаад хэл, хууль, компьютер, эдийн засаг нь ховор мэргэжил гэхээсээ жолооны үнэмлэх лугаа нийтийн хэрэглээ болчихож.

Яг ингэхийг нь мэдсэн юм шиг математикийн дагнасан төрөлжсөн сургуулиуд одоогоос хэдэн жилийн өмнө олноор байгуулагдаж түрүү­чээ­сээ үр дүнгээ өгч эхэлж байна. Бүр дунд сургуульд байхаасаа сэтгэлгээний онолоор  "хэмх нү­дүүлсэн" хүүхдүүд дараагийн сургууль, ажил амьдралын талбарт одоо л орж ирцгээв. Наснаасаа хэрсүү, оновчтой суралцах, загварт үл захирагдах, янз бүрийн гарц эрэлхийлэхдээ адтай, тэвчээртэй  зэрэг "Тэд бидэнд хэрэгтэй" ча­нарууд нүүрэн дээр нь бичээстэй боловсон хүчнүүд үзэгдэх болсон байна. Манай "Өдрийн сонин" тоогоор дагнасан "Олонлог" гэдэг хувийн дунд сургуультай олон жил хамт ажиллаж  математик Монго­лын ирээдүйд ус цас лугаа хэ­рэгтэйг сурталчилсаар ирсэн юм. Энд ашиг огт харахгүйгээр Мате­матикийн эчнээ улсын олимпиадыг өнөө жил хоёр дахиа явуулж бай­гаа билээ. Уг олимпиадад зориулж "Математик бодох урлаг" гэсэн дөрвөн цуврал ном хэвлэн гарга­лаа. Энэ ном нь том шатарчдын тоглосон өргийг задлаад бичдэг шиг энд тэндхийн адармаатай бодлогуудыг хэрхэн бодсон тухай нас насанд нь тааруулж өгүүлсэн байгаа. Математикийн олон улсын олимпиадад ирсэн бодлого түүнийг хэрхэн бодсоныг уг номуудаас харж болно. Ихэнх багш ба сурах бичиг "Үүний хариуг ол" гэсэн даалгавраар дүүрэн байдаг бол уг ном тийм биш. Өнөөдөр "айлын хүүхэд" тоондоо сайн байж түү­гээрээ гул барин өндөрлөгт  хял­бархан хүрдэг болчихлоо. Тэгвэл нийтээрээ математик сэтгэлгээтэй болж болохгүй юу гэсэн асуудлыг эдгээр ном хариулах зорилготой.

Цаашдаа маш оюунлагаар амьд­­рах хүсэлтэй монголчуудад  математик сэтгэлгээ улам хэрэг болох нь тодорхой. Цөөн хүн амаа­саа шалтгаалж нэг хүн, нэг бай­гууллага олон талт үйл ажиллагаа, хэд хэдэн хувилбарт ажил мэр­гэжил сонгох нь Монгол орны хувьд түгээмэл байдаг. Энэхүү өвөрмөц онцлог нь зөвхөн үүрэг гүйцэт­гэг­чээр хангагддаггүй. Өөрөөр хэлбэл цөөхүүлхнээ атлаа олонхи нь ухаан­гүй байвал том гүрнүүдтэй удаан хамт оршиж яахин чадна.