В.Ганзориг: Ньюком групп богино хугацаанд олон салбарт хөрөнгө оруулалт хийн бужигнуулж байснаа сүүлийн үед “чимээгүй” болсон мэт санагддаг. Танай групп компанийн үйл ажиллагааны талаар эхний асуултаа асуумаар байна.

Э.Орчлон: Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж буйд баярлалаа! Ньюком групп 1993 онд үүсгэн байгуулагдаж, дэд бүтэц болон бусад томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн 100 хувийн Монгол эзэмшилтэй компани. Бидний хамгийн анхны хөрөнгө оруулсан компани бол Мобиком корпораци. Японы хөрөнгө оруулагчидтай нийлээд 1990 оны эхээр Монголдоо гар утасны сүлжээг байгуулж, үүрэн операторын салбарын тэргүүн үүргийг гүйцэтгэсэн. Энэ туршлага дээрээ улбаалаад бусад бизнесийн салбарт цэцэглэн хөгжиж боломжийг бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг агаарын тээвэр, эрчим хүч, дэд бүтэц зэрэг хөрөнгө оруулалтын өндөр эрсдэлтэй салбарууд руу орсон. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Би өөрөө Изинист ажиллаж байсан. 2010 онд сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд дотоодын нислэгийн зах зээл харьцангуй унасан байсан. Аймаг хооронд автобус, машинаар зорчиж байгаа их урсгалыг хараад дотоодын агаарын тээвэрт том боломж байна гэж дүгнэсэн. Улмаар энэ салбарыг хөгжүүлэх ёстой гэж шийдээд Ньюком групп дотоодын иргэний агаарын тээврийн бизнест хөрөнгө оруулсан. Найман жил амжилттай ажиллаж, араасаа дотоодын олон авиа компаниудыг төрүүлж, энэ зах зээлийг хөгжүүлж чадсан. Харин таван жилийн өмнө Изинисээс бид 100 хувь гарсан. Шалтгаан нь бид сорилт, эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулаад тухайн салбарт нь шинэчлэл хийж, зах зээлийн горимоор ажиллах боломжийг нь бүрдүүлэх байсан. Үүний дагуу бидний тодорхойлсон дараагийн салбар эрчим хүч болсон. 

Монгол Улс уул уурхай дээр суурилсан эдийн засагтай. Ямар ч салбар дээр суурилсан хамаагүй эдийн засгаа хөгжүүлье гэвэл энэ тэргүүнд эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй. Хичнээн том үйлдвэр барьсан ч цахилгаанаар хангаж чадахгүй бол хоосон байшин болоод дуусдаг. Иймээс манай эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зайлшгүй гэж дүгнээд 2015 оноос хойш энэ салбарт төвлөрөхөөр шийдсэн. Эрчим хүч өндөр эрсдэлтэй, өгөөж багатай, ашиг олох хугацаа урт салбар. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 10-аас дээш жилээр яригддаг. 

Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч дэлхий даяар моданд орж байна. Энэ нь санхүүжүүлэх байгууллагууд ихээр гарч ирж буйтай холбоотой. Үүнийг хүмүүс хараад сэргээгдэх эрчим хүчний бизнес өндөр ашигтай салбар гэж өрөөсгөл боддог. Миний танилууд надтай уулзаад 30, 40 МВт-ын нарны цахилгаан станц барих гэсэн юм, зөвлөөд өгөөч гээд ярьдаг. Энэ бол амар биш бизнес, бас нэлээд том станц гэсэн үг л дээ. Энэ мэтээр хүмүүс үүнийг маш хялбар, бас ашигтай бизнес гэж буруу ойлгодог. Бидний хийж буй гэрээ дор хаяж 20-25 жил эрчим хүч худалдах, худалдан авах хугацаатай байдаг. Ингэж байж хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт босдог. Гэхдээ хүнд хэцүү, эрсдэлтэй гээд энэ салбарыг орхиж бас болохгүй. Оролцохгүй байх тусам энэ салбарын нөхцөл байдал хүндэрдэг.

Манай ээж НҮБ-д ажилладаг дипломат хүн учраас гэр бүлээ дагаад би багадаа Грек, Италийн дунд оршдог, хөгжлийн хувьд ухарч явж байсан Албани улсад амьдардаг байсан. Албанид коммунизмын үед баригдсан ганц цахилгаан станц ажилладаг байв. Энэ салбартаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй төдийгүй татаас өгч цахилгааны үнээ хүчээр хэт доогуур барьдаг байсан. Ийм маягаар ганц байгаа станцаа тордсоор байгаад өдөр бүр 15-20 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийдэг горим руу шилжсэн. Энэ нь сүүлдээ нар мандаж, жаргадаг шиг амьдралын хууль болж, бүх хүмүүс нь хүлээн зөвшөөрөөд лаа, гаазаа бэлддэг болсон байсан. Энэ бол эрчим хүчний салбараа тоохгүй, орхигдуулснаас үүдэлтэй том сургамж гэж надад санагддаг. Эндээс эрчим хүчний салбар хувь хүн, өрх гэр, албан байгууллага, үйлдвэр, том зургаараа улс орны эдийн засагт ямар том ач холбогдолтой нь ойлгогдоно. Бид одоогоор азтай байна. Учир нь энэ зовлонг хараахан амсаагүй байгаа. Ийм зовлонг амсахгүйгээр бид цаашаа явах ёстой. Тиймээс Ньюком групп энэ салбарт төвлөрөн ажиллаж байна. Товчхондоо, Ньюком групп чимээгүй болоогүй. Бид өөр юманд сатаарах завгүй маш их ажилтай байгаа. 

- Мобиком корпораци дээр Ньюком групп хөрөнгө оруулагч хэвээрээ байгаа юу?

- Хэвээрээ байгаа. Нөгөө талаас бид сэргээгдэх эрчим хүч ашиглан бусад салбаруудад ямар шинэчлэл хийж болохыг судалж байна. Тухайлбал, Улаанбаатар хоттой хамтраад нийтийн тээврийг цахилгаанжуулах, шинэчлэх төслийг эхлүүлээд, хөрөнгө оруулагч болсон. Хот өөрсдөө хөрөнгөө гаргаад туршилтын 10 цахилгаан автобусыг оруулж ирээд ашиглаж байна. Энэ туршилт маш амжилттай явж байгаа. Иргэд ч ам сайтай байна лээ. Монголын нөхцөлд асуудалгүй ажиллах боломжтой гэдэг дүр зураг гарч ирсэн. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Үүнийгээ ашиглан эдийн засгийн чухал салбаруудаа тэтгэж, түлш нь болж явах ёстой.

- 1990 оны эхээр цахилгааны дутагдлын хүнд зовлонг бид амссан шүү дээ. Дарханд лав нэг хэсэг орой бүр цахилгаан тасардаг байсан. Одоо манай улсын цахилгаан, дулааны нөхцөл байдал ямар байгаа вэ? Эрсдлийн төвшин хэр байна?

- Манай төвийн эрчим хүчний систем жилийн 1200 МВт-ын хэрэглээтэй. Гурав ба дөрөв гэсэн үндсэн хоёр том станцтай. Буруу санаагүй бол ДЦС-4 1983 онд ашиглалтанд орсон. Үүнээс хойш бид томоохон дулааны станц барьж чадаагүй л явж байна. Монгол Улс эрчим хүчээ импортоор Орос болон Хятадаас авдаг. Төвийн эрчим хүчний систем Оросоос, Оюу Толгой Хятадаас цахилгаан авдаг. Ид ачаалал буюу 19-22 цагийн хооронд манай систем ачааллаа дийлэхээ больдог. Үүнийгээ бид Оросоос 240 МВт хүртэлх цахилгаан импортолж нөхдөг. Нөгөө талаас Монголын хамгийн том үйлдвэр уурхай Оюу Толгой Хятадаас 100 хувь эрчим хүчээ авч байна. 

Эрчим хүчний салбарын үнэ цэнийг нийгмээрээ бид хэр сайн ойлгож байгаа вэ гэдэг дээр би эргэлзээтэй явдаг. Монгол Улс дэлхийн хамгийн хямд эрчим хүчний тарифтай улсуудын нэгт тооцогддог. Шалтгаан нь гэвэл нэгт, 1980-аад онд баригдсан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ том үйлдвэрийн элэгдлийн зардал нь хэдийнэ нөхөгдөөд дууссан. Өөрөөр хэлбэл, хүний цалин ба засварын зардал л шингэсэн тарифаар цахилгаан үйлдвэрлэгдэж байна гэсэн үг. Хоёрт, асар их татаасыг энэ салбарт өгдөг. Дулааны нүүрсийг хүртэл уурхайгаас цахилгаан станцууд руу татаастай өгдөг. Нүүрсний үнэ зах зээлийн ханшаар тооцогддоггүй. Дундаж өрх сард дунджаар 25-30 мянган төгрөг цахилгааны төлбөрт төлж байгаа. Энэ дүнг гар утас, хувцас, бензин шатахуунд сард бүр зарцуулдаг мөнгөн дүнтэй харьцуулахад хамгийн багадаа орно. 

Өнөөдрийг хүртэл томоохон хэмжээний шинэ ДЦС барьж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ системд мөнгө төвлөрдөггүй. Бусад салбарын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлийн үнээр үнэлээд зарж чаддаг. Энэ үнээрээ тэд дараагийн үйлдвэрээ барьж, хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай тарифийг хүчээр барьдаг учраас өөртөө хөрөнгө оруулалт хийж чаддаггүй. Ийм учраас хувийн хэвшил эрсдэл үүрч, хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үзээд Ньюком групп 2013 оноос хойш 50 МВт-ын хоёр ч салхин цахилгаан станц ашиглалтанд орууллаа. 2013 онд Төв аймгийн Салхитад Монгол Улсын анхны хувийн хэвшлийн сэргээгдэх эрчим хүчний том эх үүсвэрийг барьсан. Салхитын төсөлд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас 70 хувийг нь бид зээлээр санхүүжүүлсэн. Энэ төслийн ихэнх орлого зээлээ төлөхөд зарцуулагдаж байгаа.

- Нүүрснээс авахуулаад бүгд татаасаар явдаг энэ салбар руу ашиг хийх зорилгоор хөрөнгө оруулна гэдэг нь бизнесийн хувьд логикгүй сонсогдоод байна. Ийм салбарт олон зуун сая долларын хөрөнгө оруулалт хийгээд яаж өрсөлдөх гээд байгаа юм бэ? Сардаа 20 мянган төгрөг цахилгаанд төлдөг хэн ч гэсэн 25 мянгыг төлөхийг хүсэхгүй шүү дээ?

- Наадах чинь хамгийн том асуудал. Салхи, нарны цахилгаан үнэтэй гэж ярьдаг. Үүнийгээ гурав ба дөрөвдүгээр цахилгаан станцын үнэтэй харьцуулаад ингэж хэлдэг юм. Асуудал нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт байгаа хэрэг огт биш шүү. Одоо ямар ч төрлийн шинэ цахилгаан станц бариад ТЭЦ-4-ийн үнээр цахилгаанаа нийлүүлэх боломжгүй. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед баригдсан цахилгаан станцаас хойш баригдсан томоохон эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч болж таараад байгаа юм. Нүүрсэн цахилгаан станцын төслүүд дээр хөрөнгө оруулалт, санхүүжилт олдохоо больсон. Одоо жишээ нь 300 МВт-ын салхи, нарны цахилгаан станц баръя гэвэл нүүрсэн цахилгаан станцаас бага өртгөөр цахилгаан үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой болсон. 

Оюу Толгойн цахилгааны хэрэглээг Таван толгойн нүүрсэн цахилгаан станцаар хангах төсөл нэлээд яригдаж байна. Эдний тариф нь миний мэдэхийн 10 центээс дээшээ байсан. Бид Оюу Толгойн хэрэглээг 100 хувь хангаж чадах сэргээгдэх эрчим хүчний 500 МВт-ын станц барьж, нэгжийн өртгийг нь 8 цент рүү оруулах боломжтой судалгааг хийсэн. Энэ саналаа холбогдох газруудад нь өгсөн байгаа. 

- Тухайн жил нар, салхи ховор байснаас болж цахилгаан станц доголдох эрсдэл тэр том үйлдвэр дээр үүсэхгүй юу?

- Ийм эрсдэл байгаа. Гэхдээ үүнийг зай хураагуураар шийддэг болсон. Сүүлийн үед зай хураагуурын технологи асар хурдтай хөгжиж байгаа. Энэ хэрээр өртөг, зардал нь багассан. Салхигүй, наргүй үед зай хураагуур ашиглан цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Бид 2006 оноос хойш Монголын нар, салхины судалгааг хийж байна. 14 жилийн нар, салхины мэдээлэл, өгөгдөл, хүчин чадлын тооцоолол, ирээдүйн таамаглал бидэнд байдаг. Энэ бүхний үндсэн дээр бид ТЭЗҮ-гээ бичиж, цахилгаан станцынхаа тооцооллыг хийсэн. 

- Сэргээгдэх эрчим хүчний талаар сөрөг ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг. Тухайлбал, энэ нь уламжлалт эх үүсвэрээр илүү их хор нөлөөг нийгэмд үзүүлж, эдийн засагт алдагдал үүсгэдэг гэж маргадаг. Үүн дээр та тайлбар хийнэ үү!

- Би сэргээгдэх эрчим хүчээр дагнасан хүн биш. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч гоё сонсогдоод, эсвэл моданд ороод байгаа болохоор нь араас нь гүйгээд хийгээд байгаа хэрэг бүр биш. Миний үндсэн зорилго Монгол Улсын эрчим хүчний тогтвортой байдлыг хангах юм. Эдийн засагч, бизнесмен, хөрөнгө оруулагчийн нүдээр энэ зорилгыг харвал ирээдүйн шийдэл нь яах аргагүй сэргээгдэх эрчим хүч болдог. Би нэг жишээ яръя. Ньюком групп Франц, Япон, Солонгосын гурван том хөрөнгө оруулагчтай нийлээд ДЦС-5 концессийн шалгаруулалтанд орж ялсан. Хөрөнгө оруулалтаа яг хийх гээд 2016 онд ид ажиллаж байсан. Мөнгө боссон, банкуудтайгаа тохирчихсон, гэрээгээ зурчихсан байсан. Гэтэл нэг өдөр Парис, Токио, Сеүл дэх манай гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд мэдэгдэл илгээсэн. Тэр мэдэгдэлд “Уучлаарай, манай компанийн ТУЗ, хувьцаа эзэмшигчдээс нүүрсэн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах боломжгүй боллоо” гэж дурдсан байсан. Францын Засгийн газар нүүрснээс татгалзсан байсан. Энэ бодлого аль таван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн байсан ч манай ДЦС-5 төслийг өндөр ач холбогдолтой гэж үзээд манай хөрөнгө оруулагчид ТУЗ-өөсөө тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байсан юм билээ. Гэвч яах аргагүй уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээтэй холбогдон боломжгүй боллоо гэж хэлсэн. Францын Engie гээд дэлхийн хаа сайгүй эрчим хүчний хөрөнгө оруулалт хийдэг том компани байдаг. Тэд бидэнд хоёрхон л нүүрсний төсөл байсан юм. Үүний нэг нь Монголын ДЦС-5 төсөл байсан. Өнөөдрийн хурлаар энэ хоёр нүүрсний төслийг хоёуланг нь зогсоох шийдвэр гаргалаа гэж хэлж байсан.

ДЦС-5 бол асар чухал төсөл. Учир нь Улаанбаатар хотын дулааны асуудал хүнд байдалд орсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны судалгаагаар 2023 оноос өмнө Улаанбаатар хот дулааны шинэ эх үүсвэртэй болохгүй бол хот хөлдөх эрсдэлтэй гэж дүгнэсэн. Одоо байгаа станцын нэг турбин өвөл эвдрэхэд л хот хөлдөх болно. Хот хөлдөх эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Ийм учраас ДЦС-5 өндөр ач холбогдолтой төсөлд тооцогдож байсан юм. Нэмээд энэ төсөл цахилгаан ба дулааны төсөл байсан. Бид дулаанаа үнэгүй нийлүүлэх гэрээг засагтай хийсэн байв. 

Энэ хооронд би ДЦС-ын турбин нийлүүлдэг Siemens зэрэг том компаниудтай уулзаад явж байхад “Уучлаарай, бид нүүрсэн цахилгаан станцын турбин үйлдвэрлэхээ болиод нар, салхины модуль үйлдвэрлэдэг болсон. Иймээс танай ДЦС-5-д турбин нийлүүлэх боломжгүй. Заавал нийлүүлнэ гэвэл зөвхөн та нарт зориулж л хийнэ. Асар үнэтэй тусна, сэлбэг хэрэгсэл байхгүй, арчилгаа үйлчилгээн дээр чинь асуудал гарна шүү. Бид баталгаа гаргаж чадахгүй” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, одоо нүүрсэн цахилгаан станц дээр нийлүүлэгчид баталгаа өгөхөө байсан. 

- ДЦС-5 төсөл зогссон юм байна. Гэтэл гурван жилийн дараа Улаанбаатар хот хөлдөх бодитой эрсдэлтэй тулжээ. Шийдэл нь юу юм бэ?

- ДЦС-5 төслийг санхүүжүүлэхгүй боллоо гэдэг нь бидний хувьд асар хүнд мэдээ байсан. Би зөвхөн сэргээгдэх эрчим хүч гээд нүүрсний эсрэг байдаг хүн биш. Би Монгол Улсаа тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах зорилгын төлөө л ажилладаг. Бидний хамаг сэтгэл, хүч, цагаа зориулж байсан ажлын нэг яах аргагүй энэ төсөл байсан. Ийм учраас нүүрсний хувилбар бүтэлгүй болсны дараа өөр шийдлүүд хайж байгаад техникийн хувьд байгалийн шингэрүүлсэн хийгээр (LNG) ажиллах боломжтой шинэ эх үүсвэрийг олсон. Ийм төслүүд дээр хөрөнгө оруулагчид элбэг, санхүүжүүлэх банкууд ч бэлэн байдаг юм байна. Хийн турбин хийдэг үйлдвэрлэгчид ч олон болсон. 

- Монголд байгалийн хийн эх үүсвэр нь байдаг юм уу?

- Байгаа. Энэ нөөцийг зах зээлийн эргэлтэнд оруулах гээд явж байгаа компаниуд бий. Түүнчлэн төмөр замаа ашиглан Оросоо хангалт авах боломжтой. Иймээс эхний таван жил Оросоос хийгээ авч байгаад эх орныхоо нөөцийг ашиглаж эхлэх ТЭЗҮ дээр бид яг одоо ажиллаж байна. Энэ хүсэлтээ яаманд өгсөн бөгөөд манай салбарын яам биднийг дэмжиж байгаа. Энэ шийдлээ ажил хэрэг болгоно. 

- Яам дэмжээд дэмжээд 2023 он буюу хот хөлдөхөөс өмнө бариад ашиглалтанд өгч амжих юм уу?

- Яг үнэнийг хэлэхэд хэцүү. Нүүрсэн цахилгаан станцыг ч гэсэн дор хаяж дөрвөн жил барина. Аль ч хувилбар байсан 2023 оноос өмнө амжихгүй. Иймээс эрчим хүчний салбарын үнэ цэнийг өсгөхөөс өөр аргагүй. Тодорхой хэмжээнд халаалтын асуудлыг цахилгаанаар шийдэж болно. Гэхдээ энэ бол сайн шийдэл биш. Иймээс манай баг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг маш сайн судалж, хурдтай ажиллахыг хичээж байгаа. 

- Засгийн газар Оюу Толгойн эрчим хүчийг дотоодоосоо хангах ёстой гээд Таван Толгойн нүүрсэн цахилгаан станцын төслийг эхлүүлж байгаа. Энэ төсөл дээр маань санхүүжүүлэгч олдох болов уу?

- Миний мэдэхийн энэ төсөл 2012 оноос хойш яригдаж байгаа. Одоогоор айхтар ахисан зүйл байхгүй. Асуудал нь хөрөнгө оруулагч олдохгүй, санхүүжүүлэгч банкууд байхгүй, турбин нийлүүлэгч компанид олоход улам хүнд болж байгаа. Би ч өөрөө ойрын хэдэн жил нүүрсэн турбин хайж явсангүй. Бид 2017 онд 50 МВт-ын салхин цахилгаан станцыг Цогтцэцийд барьсан. Энэ төслийн явцад би Цэций сумын Сийрст багийнханд төслөө тайлбарлан танилцуулж, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг байв. Орон нутгийн иргэд нүүрсэндээ дассан, салхин цахилгаан станц гээд ярихаар ямар ч ойлголтгүй байдаг байсан. Зарим хүн салхин сэнс үүл хөөгөөд бороо оруулахгүй гэж хүртэл ярьдаг байлаа. Иймээс бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Цогтцэций сумтай хамтран ажиллах 20 жилийн гэрээг 2016 онд байгуулсан. Энэ гэрээгээр бид тухайн сумын нэг хэсэг нь болж, сумын иргэдийн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны асуудал дээр нь хамтран дэмжин ажиллах 10 бүлэг ажлыг тодорхойлсон. Энэ ажлуудын хүрээнд нэн тэргүүнд хийх нь гурван худаг гаргаж өгөх ажил байсан. Орон нутгийн иргэд маань ч гэсэн бидэнд олон юм хэрэггүй, гурван ширхэг худаг л гаргаад өг гэж хүссэн. Бид хэдэн зуун сая төгрөг зарцуулан, усны хайгуулын гурван компани сольж хайгуул, өрөмдлөг хийгээд хийгээд 2019 он хүртэл худаг гаргаж өгч чадаагүй. Сүүлд нилээд гүнээс, насос дээр нь нарны панель суулгаж хүчин чадлыг нь нэмж байж ус гаргаж авсан. Усны зовлонг би гурван жил яг өөрөө мэдэрсэн. 

Таван Толгойн хувьд ус их асуудалтай. Усаар нүүрсэн цахилгаан станцын турбиныг эргүүлдэг. Усны уураар том турбин эргүүлж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Тэр том турбиныг эргүүлэхийн тулд асар их хэмжээний усыг өндөр хэмд халаан уур болгодог. Иймээс Оюу Толгойн хэрэгцээг хангахын тулд тэнд 300-450 МВт-ын нүүрсэн цахилгаан станц барина гэдэг нь асуудалтай. Сэргээгдэх эрчим хүч санал болгохоор зарим хүн маргадаг. Шалтгаан нь Таван Толгойгоос бид коксжсон нүүрс олборлож байгаа. Үүнийг олборлохын тулд тэртэй тэргүй дээд давхарга дээр нь байдаг бор нүүрсийг зайлуулдаг. Мөнгө илүүдээ гарсан биш, энэ бор нүүрсийг зах зээлийн эргэлтэд оруулах ёстой гэж ярьдаг. Жилдээ гардаг хоёр сая орчим бор нүүрсний тухай асуудал юм. Хятадад ийм нүүрсний хэрэглээ байхгүй болчихсон. Миний хувьд дайвар бүтээгдэхүүн болж хаягдаж байгаа нүүрсийг заавал эргэлтэнд оруулахын тулд чандмань эрдэнэ болсон усаа золиослох ёсгүй гэж үздэг. 

Би өөрөө Оюу Толгой компанид ажиллаж байсан. 2016 онд Ньюкомд ороод Оюу Толгойг сэргээгдэх эрчим хүчээр хангаж болохгүй гэж үү гэж бодож эхэлсэн. Эцэст нь үзээд алдъя гээд гадны том зөвлөх, инженерийн компаниуд хөлслөөд гурван жилийн турш ТЭЗҮ хийлгэсэн. Улмаар сэргээгдэх эрчим хүч, зайн хураагуур хослуулах замаар шинэ нүүрсэн цахилгаан станцаас илүү хямд өртгөөр Оюу Толгойг 100 хувь эрчим хүчээр хангах боломжтой гэсэн ТЭЗҮ-ийн дүгнэлт гарсан. Ахуйн хэрэглээг эс тооцвол энэ төсөлд ус хэрэггүй. Өнгөрсөн оны 11 дүгээр сард бид албан ёсоор Засгийн газарт Оюу Толгойг дотоодоосоо 500 МВт-ын нар, салхи, зайн хураагуур хосолсон станцын эрчим хүчээр хангах бүрэн боломж байгааг танилцуулсан. Нөгөө талдаа энэ төслийн хөрөнгө оруулагчдаа бид бэлэн болгосон. 

- Нууц биш бол ямар хүмүүс хөрөнгө оруулагчаар ороход бэлэн байна вэ?

- Японы Софтбанк. Энэ компани манай Цогтцэцийн салхин цахилгаан станц дээр хөрөнгө оруулсан. Мөн банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэх боломжтой гээд захидлаа ирүүлсэн. Энэ төслийн өртөг нийт 800 сая ам.доллар болж байгаа. ТЭЗҮ нь бэлэн болчихсон, турбин, нарны панелийн үйлдвэрүүдтэйгээ яриагаа хийчихсэн бэлэн төсөл бидэнд байгаа. 

- Тэгвэл Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойг дотоодын эрчим хүчээр хангахын тулд Таван Толгой ба танай төсөл гээд хоёр ч сонголттой болсон байгаа юм байна. Тийм үү?

- Ийм сонголтыг бид өгсөн. Хэзээ, ямар хариу гарахыг би хэлж мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн үнэ тарифийг бид бүр 8 цент руу бууруулж саналаа өгсөн байгаа. Сэргээгдэх эрчим хүч өндөр өгөөжтэй салбар биш. Урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг бас эрсдэлтэй салбар. Софтбанк Алибаба, Убэрт хөрөнгө оруулсан байдаг. Тэд хоёр жилийн өмнө 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Apple, Саудын Арабтай хамтраад байгуулсан. Алибабад оруулсан хөрөнгөөсөө 44 хувийн өгөөж авч байсан туршлагатай хөрөнгө оруулагч. Ийм хөрөнгө оруулагчийг банкны зээлийн хүүгээс бага өгөөжтэй төсөлд орооч гэж ятгах хэцүү. Энэ амар ажил биш. Монгол Улсын нөхцөл байдал, цаашилбал Хятад, Солонгос руу сэргээгдэх эрчим хүч экспортлох ажлын эхлэл гэж бид тайлбарлаж, бас зорьдог. Оюу Толгой одоо зэс, мөнгө, алтны баяжмал экспортолж байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл нэмээд бид эрчим хүч экспортлох боломжтой болно. Сэргээгдэх эрчим хүч экспортлох гэрээг Өвөр Монголын эрчим хүчний сүлжээтэй ярилцаад эхэлсэн байгаа. Энэ дүр зургийг өндөр өгөөж хардаг, том хөрөнгө оруулагчид тайлбарлан, сонирхлыг нь татаад зөвшөөрүүлж чадсан нь бидний амжилт. 

- Энэ хүнд үед 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцлийг амжилттай хийж, мөнгөө босгож байгаад баяр хүргэе! Ингэхэд та хэдэн настай вэ?

- Би одоо 31 настай. 

- Хэдхэн жилийн өмнө таныг Азийн Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг залуугаар шалгарч байсныг санаж байна. Энэ шагналынхаа үнэ цэнийг юу гэж боддог вэ?

- Би АНУ-д сургууль төгссөн. Форбесийн энэ жагсаалтыг мэддэг байсан. Гэхдээ өөрийгөө хэзээ ч энд орно гэж бодож байгаагүй. Манай хоёр найз миний нэрийг дэвшүүлсэн. Тэр дагуу нь анкетаа бөглөж явуулаад мартсан байсан. Хэдэн сарын дараа надтай эргэж холбогдоод нэмэлт асуулт асууж ярилцлага хийгээд фото зураг явуулахыг хүссэн. Надаас гадна хоёр монгол залуу тэр жагсаалтанд орсон. Сонирхолтой байсан. Энэ бол шагнал биш. Мөнгөн шагнал дагалдахгүй харин ч зардалтай. Учир нь жил болгон дэлхийн аль нэг улсад цугларалт нь болж, тэнд нь очих ёстой. Өнгөрсөн оны хурал нь яг наадмын үеэр Хонг Конгд болсон. Энэ жил Токиод болох байсан ч ковидоос болоод цуцлагдсан. Дэлхийн бусад мундаг залуустай харьцуулахад монгол залуус хэр хол явж байгааг нь мэдрэх надад сонирхолтой байсан. Яг очоод уулзахад ямар ч ялгаа, зөрүү байгаагүй. Зарим талаараа тэднээс илүү зүйл монгол залууст зөндөө байсан. 

Амжилтын хэмжүүр хүн болгонд ямар өөр байдаг гэдгийг би тэндээс ойлгосон. Олон хүн амжилтыг хэр их мөнгө босгосон, хэр баян болсноор нь дүгнэх гээд байдаг. Сүүлдээ бүр замхраад сошиал медиагийн дагагчийн тоогоор хүртэл хэмжих гээд байдаг. Тэнд уулзсан залуусын ихэнх нь маш даруухан хүмүүс байсан. Жишээ нь, тэнд 25 настай Камбож залуутай танилцсан. Камбож улс иргэний дайнаас болоод хамгийн их газрын минатай улс болсон. Мань эрийн хамгийн сайн найз нь зугаалж явж байгаад газрын минад өртөн дэлбэрч нас барсан. Үүнээс хойш тэр залуу энэ чиглэлээр их сургуульд сурч газрыг мина цэвэрлэж аюулгүй болгодог роботууд хийж эхэлсэн. Өдөр болгон роботоо дагуулаад мина цэвэрлээд явдаг. Энэ хүний амжилт өдөрт хэдэн минаг аюулгүй болгож, хэдэн хүний амь аварснаар хэмжигддэг. Энийг нь мэдэхгүй ярьвал учраа олоогүй хүүхэд шиг л санагдана. Энэ залуу мөнгөтэй, баян биш ч гэсэн өөрийн амьдралдаа асар сэтгэл хангалуун явдаг байх жишээний. 

Нөгөө нь 28 настай Энэтхэг залуу байсан. Энэ залуу тэтгэвэртээ гарсан тусгай албаныхантай хамтран ядуу мужуудаар явж гэмт хэргийн бүлэглэл дунд нэвтэрч, хүүхдийн наймааг зогсоодог ажил хийдэг. Өөрийнхөө амийг өдөр бүр эрсдэлд оруулдаг гэсэн үг. Энэ хүний амжилтын хэмжүүр тухайн сард хэдэн хүүхдийн амийг аварч, хэдэн хүүхдийг гэр бүлтэй нь уулзуулдагаар хэмжигддэг. Энэ бүхэн надад том сургамж бас ухаарал болсон. 

- Ньюком компани дээр таны ажлыг дэмждэг хувь нийлүүлэгчид тань чухал байдаг болов уу. Сүүлийн үед үндэсний том компаниуд олон нийтийн нээлттэй болоод эхэлсэн. Ньюком группын хувьд IPO хийх төлөвлөгөө байгаа болов уу?

- Ньюком групп компанийн засаглалаараа бахархдаг. Бид үүсгэн байгуулагдсан 1993 оноос ямар нэг байдлаар улс төртэй хутгалдаагүй, оюуны ухааныхаа чадлаар гадаадаас хөрөнгө оруулалт татсаар ирсэн. Энэ нь мэргэшсэн залуусаар багаа бүрдүүлж ажилладаг засаглалын тогтолцоотой холбоотой. Ньюком группын ТУЗ хүртэл ийм багаас бүрддэг. Энэ нь монгол компаниудын хувьд маш өвөрмөц жишээ гэж би боддог. Монголын хөрөнгийн зах зээл хөгжиж бас өсөх ёстой. Яагаад гэвэл үүгээр дамжин сайн засаглал бий болдог. Америкийг харахаар ихэнх том компаниуд нь бүгд нээлттэй хувьцаат компани байдаг. Монголд бизнес хийхэд голцуу өндөр өртөгтэй банкны зээлээр санхүүждэг. Хөрөнгийн зах зээл сайн хөгжвөл санхүүгийн өөр эх үүсвэрээс мөнгө босгох боломж компаниудад бий болно. Энэ хэрээр банкуудын өрсөлдөх чадвар дээшилнэ. Та ямар нэг компанид их, бага хэмжээгээр хувь нийлүүлсэн бол компанийн үйл ажиллагааг байнга сонирхон судалж эхэлнэ. Учир нь тэр компани таны эрх ашиг болдог. 

Цааш цаашдын төслүүдэд хөрөнгө оруулалт босгохын тулд Ньюком групп хөрөнгийн зах зээлийг судалж байгаа. Бид билэгдлийн шинжтэй IPO хийж, хоёрын хооронд бага хувиа олон нийтэд санал болгохгүй. Бодитой, хэн хэндээ ашигтай, юунд хөрөнгө оруулах нь маш ойлгомжтой байлгана. Энэ төсөл дээр манай багийн залуус ажиллаж байгаа. Энэ шилжилтийг хийх засаглалын бүтэц нь бүрдсэн байгаа. Бид зөвхөн дотоодын хөрөнгийн бирж биш олон улсад давхар бүртгэлтэй компани болох зорилготой. Ийм боломж бий. Ирэх 10 жилийн дотор энэ өөрчлөлтийг бид хийнэ. 

- Гадаадад байгаа монгол залууст өгөх таны зөвлөгөө?

- Монголд очих уу, яах уу гэж асуудаг залуус надад таалагддаггүй. Ээж дипломат ажилтан байсан тул ажлын шаардлагынх нь дагуу би нэгдүгээр ангидаа байхдаа Монголоос гараад явсан. Анх Узбекстанд амьдарч байгаад дараа нь Киркизстан, Албани, Косово, Англи, Америкт сурч амьдарсан. Тэр үеэс л би аль болох сайн боловсрол эзэмшээд Монгол руугаа л хурдан буцах юмсан гэж боддог байсан. Нью Йоркийн их сургуульд сурч байгаад олон улсын оюутны холбооных нь ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Олон орны олон оюутнууд биднээс зөвлөгөө авч, зовлон жаргалаа хуваалцдаг байсан. Би тэрийг нь сургууль руугаа уламжлаад шийдэл хайдаг байв. Тэр үед оюутнуудаас нэг хүсэлт маш их ирдэг байсан. Сургуулиа төгсөөд ажилд орж чадахгүй бол нутаг буцах болоод байна. Ямар нэг байдлаар АНУ-д үлдмээр байна гэдэг байв. Би өөрөө сургуулиа төгсөөд бушуухан нутаг руу буцах мөрөөдөлтэй байсан хүн тэдгээр оюутнуудыг үнэхээр ойлгож чадахгүй, хүсэлтийг нь сонсоод шоконд ордог байсан.

Олон улсаар явж байхад сайн явж байгаа, муу ч явж байгаа олон монголчуудтайгаа таардаг. Тэдгээр бүх залуус Монгол руугаа явах мөрөөдөлтэй байдаг. Эх орон нь иргэдээ ингэж татдаг улстай би нэг их таарч байгаагүй. Очих газартай, өөрийн эх оронтой байна гэдэг маш гоё мэдрэмж. Хаана ч явж байсан эх орондоо очих тэмүүлэлтэй байх сайхан. Ийм тэмүүлэлгүй, очих газаргүй бол аймшигтай хоосон. Энэ хэрээр бид их азтай ард түмэн гэж боддог.

Залуу хүн дэлхийн хаана ч ажиллаж чаддаг болох чадвар, бололцоогоо өөрсөддөө бүрдүүлэх хэрэгтэй. Мэдлэг чадвар, өөрийн мэргэжлээрээ Монголдоо, Нью Йоркд ч гологдохгүй ажиллаж чаддаг болох ёстой. Үүнийг төлөө ажиллах хэрэгтэй. Ийм болж чадвал хэзээ Монгол очвол зүгээр вэ гэж асуух хэрэггүй болно. Иймээс аль болох олон боломжийг өөртөө бий болгож сонголтоо хийдэг байх нөхцлийг бүрдүүлээрэй. Гадаадад сурч, ажиллаж байгаа, Монголдоо ирэх эсэхээ шийдэж чадахгүй байгаад залууст би ингэж л зөвлөмөөр байна. 

Нью Йоркийн их сургууль хотынхоо яг төвд байрладаг, Wall Street-тэй маш ойрхон. Манай ангийн олон хүүхэд төгсөөд тэндэхийн санхүүгийн байгууллагуудад ажилд орсон. Ажлын шугамаар компани нь хөрөнгө оруулсан өөрт нь ямар ч хамааралгүй, сэтгэл, зүрхний хувьд холбоогүй улсуудад томилолтоор тэд ажилладаг. Тэд асар том эдийн засгийн өчүүхэн хэсэг нь болоод явж байгаа. Монголдоо сэтгэлээсээ ажиллаж, ур чадвараа гаргаж чадвал нэг хүний энэ нийгэмд оруулах хувь нэмэр, нөлөө нь өөр улсад ажилласнаас хамаагүй өндөр байна. Монголдоо ирээд тууштай, шантралгүй, зөв ажиллаж чадвал энэ бүх нөлөөг бий болгож, бүтээн байгуулалтын төслүүдээр дамжуулан улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж их байгаа.

- Маш сонирхолтой бас хэрэгтэй ярилцлага мэдээлэл өгсөн танд баярлалаа! Дараа нь 800 сая биш 80 тэрбум ам.доллар босгож, улс эх орондоо төсөл хэрэгжүүлээрэй.