“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм. Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм” хэмээн  аяны урт замыг туулсаар  Сүхбаатар аймгийн  уугуул  сэтгүүлчдийн баг нутгийн зүг хүлгийн жолоо залав.  Зэгсний толгой бөхөлзсөн намрын налгар өдрүүд тал нутагт минь иржээ.  Хамаг амьтан ичээндээ орчихож байгаа энэ үед бэлчээрийн дайсан оготно хөөеөгөө цуглуулчихсан  энд тэндгүй жижигхэн өвсөн бухлууд холоос бараантан харагдах аж. Зам зуурт юу эсэхийг ярихав. Аяллынхаа төлөвлөгөөнөөс гадна элдэв онигоо ярьж, бас ч гэж дуу аялан явцгаалаа.

Тал нутгийн гайхамшигт байгаль үзэсгэлэнт газруудыг бид олонтаа үзсэн  ч сайхныг мэдэрч ханашгүй.  Энэ нутагтаа төрж өссөн мөртлөө зарим сумдаар очиж үзээгүй хүмүүс ч аяллын багт маань байсан. Бид энэ удаа зүгээр нэг аялж зугаалах гэсэнгүй. Сүүлийн үед гадныхан гэхээсээ дотоодын аялагчид энэ зүг жим гартал ирэх  болсон.  Тэд байгаль, уул усандаа бишрэл хүндэтгэлээ илэрхийлж, идээ  цайныхаа дээжийг өргөдөг уламжлал нэгэнт бий болсон. Бас нэг хачин гэмээр ёс бий болсон нь уул овоо, ус голын дэргэд очоод албатай юм шиг  заавал нэг шил юм задалдаг.  Цай,  сүү, чихэр жимс, архиар дээж өргөөд байгаль дэлхийгээс  сайн сайхныг хүсч залбираад явахдаа хорлоод явчихдаг. Байгальд хортой гэх болгоныг хаяад явчихаар нөгөө хүндэтгэл залбирал чинь хүчин төгөлдөр болох уу гэж тийм хүмүүсэсс асуумаар байгаа юм. Сүүгээ өргөөд савыг нь хаячихна. Сайхан байгальд ирээд заавал сархад хүртэж, шилийг нь хаяна. Байгаль тэр сархадаар нь яадаг ч юм, бүү мэд. Надад бол энэ үйлдэл уул усны нэрийг барьж дээжийг нь өргөсөн болоод өөрсдөө архидах нь  гэсэн хар төрүүлдэг.   Тэр хогон дунд байхгүй юм алга. Таяг, хэмхэрсэн телевизор, архины шил, ундааны сав, ер нь юу эс байхав дээ. 

Уг нь манайхан хуучнаа бодвол эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэх гэж аялж зугаалах нь их болж. Муу нь юу байхав. Аялал жуулчлал гадаадын гэхээсээ дотоодын аялагчдаар хүрээгээ тэлж байна.      Тал нутгаар явж байхад ч  нэгэн харамсам дүр зураг бол аль л байгалийн үзэсгэлэнтэй,  олон хүн очихыг зорьдог газар нь хамгийн их хог новшоор дүүрсэн байх юм.  Шилийн богд уул гэхэд шилэн овоо болжээ. Байгалийн гайхамшигт зүй тогтоцтой үзэсгэлэнт энэ нутагт   ирээд дараа ирэхгүй юм шиг хүнийрхүү загнажээ. Нутгийн хөгшчүүл энэ талаар өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээ авч, байгаль хамгаалах үйлсэд гар бие оролцдог юм байна. Харамсалтай нь тэдний хүч хаанаа ч хүрэхгүй байх нь их. Бас нэг харамсам зүйлд бол маш их түймэр гарах болжээ. Зөвхөн аравдугаар сард л гэхэд Эрдэнэцагаан суманд таван удаа  түймэр гарчээ. Түймэр салхи ихтэй, хуурай үед  маш хурдтайгаар  тархдаг. Тэнд байгаа амьтан ургамал, тэр байтугай айлын гэрийн хаяанд ирээд олон хүний ачаар унтарсан байх жишээний. Чоно бол хэд харайгаад түймрээс гарчихаж байхад туулай хярсаар түлэгдэж үхдэг юм билээ. Бидний аяллын замд ч түймэр гараад унтраагаад ирлээ гэсээр зарим сумын иргэд угтаж байсан. Түймэр ихэнх тохиолдолд хүний болгоомжгүй үйлдлээс их гардаг.



Сүхбаатар аймаг орохын тулд хотоос очсон хүмүүс Мөнхаан сумыг эхлээд дайрдаг. Бидэнтэй замд   Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч тааралдан  Мөнххаан сумыг хүртэл хамт аялахаар болсон юм. Түүнийг бас хог цэвэрлэх ажилдаа уруу татлаа. “Сайхан аялал хийж байгаа юм “ хэмээн тэрээр саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн сумынхаа дурсгалт газрууд,  шинээр босгосон хөшөө дурсгалуудын учир утгыг тайлбарлаж өгөөд Мөнхаан сумаас биднийг үдлээ.

Мөнххаанаас Баруун-Урт суманд ирж, замын тоосноосоо салах зуураа тус аймаг өдрөөс өдөрт өнгө орж байгааг ярилцав. Хотын төв талбай жанжин Сүхбаатарын  ухаа хонгор морьтой хөшөө байдгаараа л байна лээ. Эргэн тойронд нь байсан намхан байшингууд цөөрч байгаа нь илт.   Ихэхнийг нь нурааж шинээр өндөр барилгууд барьж эхэлж байгаа юм байна.

Тамхины хууль гарахаас өмнө Сүхбаатар аймгийнхан  олон нийтийн газар, баар ресторанд тамхи татахыг хориглочихсон учраас нэгэнт хэвшил болжээ. Төв гудамжинд  тамхи татаж байгаа ахмад хүнд “Энд тамхи татаж болдоггүй юм” гэж ирээд л шүүмжилнэ.   Баруун-Уртад жишиг  хороолол гэж ижилхэн хашаатай, цэмцийсэн гудамжууд байх бол тод өнгөтэй цоо шинэ байшин хороолол бас баригдаад эхэлжээ.  Саятны хороолол гэж гээд нэрлэчихэж.  Бүтээн байгуулалт ид өрнөж,  хууль хэрэгжилт энд маш сайн гэдэг нь тодоос тод мэдрэгдэнэ. Аймгийн төв цэмцийгээд гутал өлөн тоос ч болохгүй байгаа нь сайхан санагдлаа.

Аяллын багийнхан   маань эрүүл мэндэд хортой, элдэв муу зуршлаас хол байх нь зүйтэй гэж ярилцсан юм.  Тиймээс  Сүхбаатарын талбайд өглөөний дасгалаа хийгээд, цайгаа уун маршрутын дагуу Баруун-Уртаас Дарьганга сум руу хөдлөв.  Бидний аян замын хөтчөөр зураач Бадарч гуай явсан бөгөөд уул,  ус,  газар нутгийн тухай гайхамшигт  түүх,  домог  ярьж  явлаа.  Аймгийн төвөөс  Мөнххаан хүртэл зам тавьж байгаа юм байна.  Багийн гишүүд маань “Багын мөрөөдөл маань биелж байна”  гэцгээв. Багадаа хот орох гэж хонон өнжин Сүхбаатараас УАЗ-469  машинаар хэрхэн явж ирдэг байсан, одоо энэ бүхэн өөрчлөгдөх нь хэмээн сэтгэл өөдрөг ярьж явлаа.  Аймгийн төвөөс Мөнххаан хүртэл тавигдах энэ зам дараа жил бол дуусчих бололтой. Намрын налгар өдрүүдийг ашиглаад ажлаа амжуулчих санаатай хичээж байна лээ, замчид. 

За ингээд аяллын явцад сонин содон зүйл ихтэй, амьтад нь байгалийн өнгөндөө уусаад сайн ажиглан харахгүй бол зээрийн сүрэг хаа сайгүй зам хөндлөн гараад ирнэ.  Манай багт гэрэл зураг сонирхогчид олон явсан учир байсхийгээд л жолоочийг сандаргаж бууж, суун гайхамшигт байгалийн зургийг дурандаа буулгах  аж. Аймгийн төвөөс Дарьганга орох замд Жарын овоо гэдэг газар бий. Төвөөс 60 км зайтай учраас тэгэж нэрлэсэн байх. Аян замаа өлзийтэй сайн байхыг бэлгэдэн энэ овоонд чулуу өргөж, тойрдог байсан бол одоо үдлээд архидаад, хог хаяад явчихдаг болжээ. Өнгөрсөн жил  тагнуулын байгуулагын залуус сайн дураараа цэвэрлэсэн гэж Бадарч ах хэлж байна лээ. Бид ч хотоос хог хийх баахан уут авсныг хэлэх үү, бээлийгээ өмсөөд л хог түүх цэвэрлэгээний ажлаа эндээс эхлэв.  Тэр хавийн орчмыг цэмцийтэл цэвэрлээд аймгийн захиргаанд аях үүрнийг үлдээгээд аян замаа цааш үргэлжлүүлэв.  Эко аяллын маань анхны ажил энд байв. Бид ингэж цэвэрлэсэн талаараа олон нийтэд зөв сэдэл санаачилга төрүүлэх үүднээс зөв зүйлийг  өөрсдөөсөө эхэлж,  үүнийгээ хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацах зорилго өвөрлөсөн сэтгүүлчид  санаа нийлэн гарсан бөгөөд ямар нэг байгууллага хувь хүний зөвөлгөө, хүсэлтийн дагуу яваагүй гэдгээ бас хэлэх хэрэгтэй болов уу. Ийнхүү бид Дарьганга хүртэл ам хуурайгүй ярьж, бас замд тааралдсан амьтан ургамал, үзэсгэлэнт уул усны тухай хүүрнэх аяны хөтчийнхөө хэлсэн ярьсныг тэмдэглэн явав. Олон он жилүүдийн түүхийг нүүрэндээ зурчихсан мэт гүн үрчлээ тогтсон сайхан сэтгэлт зураач ах  Бадарч гуай алтан овоо, ганга нуурын гайхамшигт домог хүүрнэхдээ өөрөө тэр бүхний нэг хэсэг мэт санаа алдан алсыг ширтэн өгүүлэх аж. Үлгэрийн мэт үзэсгэлэнт Дарьгангын алтан овоо амьтан хүний хөл үймээн ихтэй угтлаа. Тойруулаад хашаа хатгаж, хашааны үүдэнд машины зогсоолтой болсноос хойш унаа тэрэгтэйгээ уул овоонд гардаг муу зуршил  нэгэнт халагджээ. Овооноос бууж ирэх хүмүүс халамцуухан харагдах нь харамсам.

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн бүсгүйчүүд алтан овооны бэлд  сүү өргөн багийн залуус маань дээш гарцгаалаа. Төрийн тахилгат энэ ууланд эртнээс эмэгтэй хүн гардаггүй ёсон байдаг учраас залуус маань л алтан овооны оргилд гарангаа цэвэрлэх боломж байсан юм. Залуус маань бууж ирэхдээ баахан тортой хог түүгээд ирлээ. Бас л хатуу сэтгэлт хүмүүсийн хаяад явсан хог бэлээр нь байтугай оройгоор нь зөндөө байсан нь энэ.     

Уулын энгэр бэлээр шувууд их цугларах аж. Тиймээс бид нэгэнт эко аялал хийж байгаа учраас сүү, будаа л овоонд өргөхөөр шийдсэн юм. Сүхбаатар аймаг эртний сөнөсөн галт уул олонтой. Алтан овооны ойр орчимд Дагшин,  Дуут, Зэгст  гээд л олон нуурууд бий. Дарьганга тэр дундаа алтан Дарь овооны ойр орчим хүртэн чулуу дүүрэн. Бидний багадаа нүхтэй чулуу цуглуулж хүзүүндээ зүүдэг байж билээ. Эндээс бид бүрий орохоос  өмнө Ганга нуурын зүг хөдөллөө. Энд тэндгүй тогмтол нуур олонтой, нуур болгон өөрийн гэсэн домог хуучтай. Үзэсгэлэнт ганга нууранд хун шувууд жил бүр чуулдаг юм. Зарим жилдээ ганга нуурын ойр орчны нууранд хуваагдан чуулдаг. Энэ жил харин Эрдэнэ нуур, Ганга нуурт л хун шувууд  чуулжээ.    

Гэрэл зургийг Э.Ирэхбаяр, Г.Анжгай