ЭЛЧИН САЙДУУД ХЭН БЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ бол хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг юм. Монгол улсыг төлөөлж гадаадын орнуудад ажиллах элчин сайдуудаар хэн хэн томилогдох нь вэ гэдэг асуудал улс төр сонирхдог хэсгийнхний анхаарлыг зүй ёсоор татдаг учраас сонирхолтой мэдээлэл хэмээн онцолж буй юм. Одоо та бүхэнд Засгийн газраас гарч Ерөнхийлөгчийн шүүлтүүр лүү очсон ноёдууд хэн хэн болохыг танилцуулъя. 

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Булгаагийн Алтангэрэл, БНСУ-д суух Элчин сайдаар Баасанжавын Ганболд, Австри улсад Гунаажавын Батжаргал, Бельгийн Вант улс болон Европын холбоонд Хишигдэлгэрийн Даваадорж, Турк улсад Бадамдоржийн Батхишиг, Кувейт улсад Содномын Энхбат, Казахстанд Жагирын Сүхээ, Афганистанд Отгоны Дамбийням нарын эрхмүүдийг  Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилуулах саналыг  Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо. Одоогоор нэр дэвшсэн хүмүүсийн дэлгэрэнгүй намтрыг олон нийтэд танилцуулаагүй байна. Эдний дотроос Б.Батхишиг, Г.Батжаргал, Б.Ганболд нараас бусдынх нь тухай улс төрийн хүрээнийхэн төдийлөн мэдээлэлгүй байгаа юм. Учир нь дээрх гурван эрхэм бол ГХЯ-ны үндсэн хүмүүс. Б.Батхишигийг дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц биз. Болгарт элчин сайд, ГХЯ-нд төрийн нарийн бичгийн дарга зэрэг албууд түүний сүүлд хашсан алба. Тэрбээр энэ удаа Турк улсад эх орноо төлөөлөн ажиллах болжээ. Элдэв бүлэг фракцид нэр нь тэр бүр хавчуулагддаггүй нь түүний төлөв төвшин, гүн хүн болохыг илтгэдэг. Тийм ч учраас эдүгээн эрээвэр хураавар засгийн үед ч ийнхүү хүндлэгдэж байгаа болов уу.  Гадаад Харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргалыг олон жилийн өмнөөс л ажиглагчид аль нэг орны элчин сайдаар “томилдог” байсан. Гэвч тэр бусад шигээ улс төрийн дамжлэг байхгүй учраас үргэлж үлддэг байсан юм шиг. Тэр бол ГХЯ-ны үндсэн хүн. Үндсэн хүмүүс гэх ойлголт манай төрийн байгууллагуудын далд амьдардаг ноён нуруунууд байдаг. Улс төрийн томилгоогоор гадны хүмүүс ирж буудаллаж байгаад л буцдаг. Харин үндсэн хүмүүс чимээгүй суурь, буурь болон оршсоор л байдаг. ГХЯ бол улс төрийн хаялгаар хамаагүй хөндөгдөж болохгүй газар.  Г.Батжаргал нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. МГИМО-гийн марк. Дараа нь тэрбээр Зүүн Английн Их сургууль төгссөн хэмээн ГХЯ-ны сайтад байрлах намтарт нь өгүүлжээ. Олон улсын харилцаа, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй энэ эрхмийг Австри улсад суух элчин сайдаар томилохоор Засгийн газрын хуралдаанаар тогтсон байна. Дараагийн эрхэм Б.Ганболд. ГХЯ-ны Номхон Далайн орнуудын газрын захирал Баасанжавын Ганболд нь мөн л Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Энэ сургуулийн төгсөгчид манай гадаад харилцааны салбарын үндсэн боловсон хүчнүүд байдаг гэхэд ташаарсан болохгүй биз. Тэдний зарим нь дипломат албанаас улс төр лүү шилжин амжилттай ажиллаж байгаа төдийгүй монголын улс төрд “МГИМО-ынхон” хэмээх фракц ч бий болсон билээ.  Б.Ганболдын намтарт МГИМО-гоос гадна АНУ-ын Хавайн их сургуулийг төгссөн гэх баримт дурайж буй нь түүний түүхэн дэх жин дарах хүчин зүйлсийг илтгэж буй биз ээ. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой энэ эрхам өмнө нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Энэ удаа түүний нэрийг БНСУ-д суух элчин сайдаар дэвшүүлсэн байна. Отгоны Дамбийнямын тухайд тэрбээр мөн л мэргэжлийн дипломатч хүн юм байна. Гадаадад ажиллаж байгаад ирсэн. 2011 онд Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэг дипломат дээд цолтон хүмүүст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ гардуулах ёслолын ажиллагааг анх удаа ГХЯ-нд зохион байгуулсан. Энэ үеэр Булгаагийн Алтангэрэл, Отгоны Дамбийням нар  гэрэгэ гардаж байсныг санаж байна.  Одоогоор бусад эрхмүүдийн тухай мэдээллүүдийг интернэт хэмээх их мэдэгчийнхээс асуугаад ч алга байна. 

ЧИНГИС БОНД ХЭМЭЭН НЭРИЙДСҮГЭЙ ГЭЖЭЭ

УИХ-аас  Засгийн газрын ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн томоохон  бүтээн байгуулалтуудыг  санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг гаргаж өгсөн.  Үүний дагуу зөвхөн 2013 онд  гэхэд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхтэй болоод байгаа юм. Энэ хэмжээ цаашаа сунасаар ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 айшанштэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ. Манай шинэ засгийн газар хамгийн түрүүнд хаяг, шошгонд онцгой анхаардаг зуршилтай нь өөрсөддөө шинэчлэлийн гэх нэр өгсөн өглөөнөөс л тогтсон юм. Шинэчлэлийн Засгийн газар маань ахин нэг шошго “үйлдвэрлэсэн”-ийг та бүхэндээ байртайгаар дуулгая. Элдэв эрхэстэй хэлэлцдэг улс ч энэ Засгийн газар буй. Түүнийгээ илтгэх мэт дэлхийн санхүүгийн зах зээлд гаргаж буй үнэт цаасаа Чингис бонд гэж нэрлэхээр шийджээ. Муу ч юм юу байхав. Харин О.Магнай яах бол. Чингис хэмээх брэнд нэрийг тойрсон хачирхалтай шийдвэр гаргаснаа дөнгөж өнгөрсөн долоо хоногт зарлачихсан. Төр өмчилж авч байгаа болохоор Төрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа бонд болохоор хамаагүй ч юм болов уу...Юутай ч энэхүү үйл явдал өөрөө сүржигнэл ханхлуулж байгаа болохоор хүмүүс мушийгаад байгаа байх. Урьд цагт монголчууд өрнөөс үхтэл айдаг байлаа. “Өртэй хүн өөдөлдөггүй” гэж үздэг байв. Одоо харин эсрэгээрээ өр бол баяр хөөр болжээ. Өр тавьснаа зарлахдаа ч өр нь өвдөхгүй үзэгдэх энэ цагийн Төр ирээдүйгээс бонд нэртэй бөөн бөөн өр зээлэн авчирч, түүнийгээ өхөөрдөн зарим нэг тэнгэртэй хамаатан болсон сайдаараа шүншиглүүлэн нэр хайрлаж юм юм л болж байна. 

Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа.  Энэ нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн санхүүгийн зах зээлд өндөр байгаагийн илэрхийлэл. Их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бид босгож чадлаа гэж сайд Н.Батбаяр зарлаж байна. Монголын чадамжийг дэлхийн зах зээлийн нүдэнд харагдуулах гэж үе үеийн бүх Засгийн газар зүтгэсэн. Гэвч гэнэт тэнгэржсэн хүнд уламжлал муламжлал хамаагүй нь ойлгомжтой биз ээ. 
 
Юутай ч албан ёсоор, ажил хэргийн өнгөөр хэлэхэд Монгол Улсын төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирнэ. Одоо энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүрэг шинэчлэлийн Засгийн газарт ногдож байна. Өөрсдийнх нь мэдээлж байгаагаар энэ хөрөнгийг  нийгмийн халамжид зарцуулахгүй. Ерөөсөө бүтээн байгуулалтад зориулна хэмээж буй нь сайшаалтай.  Гагцхүү тэдний үйл ажиллагааг хянах механизм байхгүй. Парламент албан ёсоор сөрөг хүчингүй байгаа тохиолдолд тэдний сулхан гонгинооныг хяналт гэж хүлээж авах бололцоогүй. Дээр нь МАХН-МҮАН эвсэл задралын ирмэг дээр дэнжигнэж байна. Мэдээж энэ хагарчих шахаж буй бэтэг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг зовоож, Н.Алтанхуягийн тархийг гашилгаж байгаа: Ямартай ч шинэ жилийн оргилуун дарсаа буудуулах нь ч буудуулах байх. Харин арван гурван оны босго даваад хэрхэх бол. Арван гурвыг зарим нь эвгүй тоо ч гэдэг. Гэхдээ од эрхэстэй ойртсон нөхдүүд нь хамаг ид шидээ гарган чардайх биз ээ. Дахиад нэг гачланг мартах нь.