Ээлжит бус чуулган зарлаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байх зуурт сөрөг хүчнийн зүгээс энэ далимыг ашиглан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг яарч байна. Тэр тусмаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хатуухан тооцоо хийж буй. Ялангуяа түүний гадаад зах зээл дээрээс босгосон 1,5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтыг “үр ашиггүй” болсон гэж хэлэх хүн олон байгаа.

Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон улсын зах зээл дээрээс болсгосон “Чингис” бондын орлого 1,5 тэрбум ам.доллараас үлдсэн 800 сая ам.доллар Монгол Улсын валютын нөөцөд багтаад явж байгаа" гэсэн. Өөрөөр хэлбэл 700 сая ам.долларыг нь Засгийн газар зарим нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан гэсэн үг. Тухайлбал, сүүлийн 20 жил сэхэл аваагүй байгаа хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ёстой зам барилгын ажлыг санхүүжүүлэх гэх мэтчилэн.

Гэхдээ энэ удаад “Чингис” бондоос хамгийн их хувь хүртсэн салбар бол барилгынхан. Өнгөрөгч зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар шийдвэр гаргаж, нийт 800 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулан “найман хувийн хүүтэй” орон сууцны зээлийг санхүүжүүлсэн билээ.

Үүнээс хойш гурван сарын дотор арилжааны банкууд 447.5 тэрбум төгрөгийг өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэхэд буюу бага хүүтэй зээл рүү шилжүүлэхэд зарцуулсан байна. Мөн шинээр орон сууцны зээл авах хүсэлт гаргасан 7300 гаруй иргэнд 411.4 тэрбум төгрөгийн зээл олгож, найман хувийн зээлд зарцуулсан нийт санхүүжилт 850 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Дээр нь барилгын салбарын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 280 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барилгын материал үйлдвэрлэгчдэд олгосон гэж үзвэл зөвхөн барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт нэг их наядаас давжээ. Харамсалтай нь тэр чинээгээр барилгын үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ тогтворжсон болов уу.

Өмнө хэлсэнчлэн орон сууцны зээлд хамрагдаж арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг найман хувь руу шилжүүлэхэд нийт зээлийн эх үүсвэрийн тал хувь нь явчихсан. Харин өнгөрөгч өдрүүдэд сөрөг намын гишүүдээс гаргаж, Н.Батбаяр сайдын үгүйсгэж чадаагүй нэг баримт бол “Засгийн газраас энэ онд ашиглалтад оруулна гэж амласан 15000 айлын орон сууцын 13000 нь өмнөх гурван жилд баригдаж эхэлсэн, дөнгөж 2000 нь энэ онд баригдсан барилга” байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны нийлүүлэлт өмнөх жилүүдийн л адил инерцээрээ явж байна аа гэсэн үг. Тэгвэл Засгийн газраас барилгын салбарт оруулсан нэг их наяд төгрөг хаашаа орсон бэ? Магадгүй жамаараа явсан орон сууцны үнийг хөөргөдөж, банкуудад нэг удаагийн зузаатгал хийгээд өнгөрсөн юм биш биз? 

Тухайн үед Засгийн газар олон улсын зах зээл дээр арилжаалсан “Чингис” бондын орлогыг Монголбанкинд байршуулах үед Монголд үнэндээ энэ мөнгийг эргүүлчихээр үр ашигтай салбар байгаагүй. Одоо ч байхгүй биз. Харин ямар ч үед үнэ нь унадаггүй, эрэлт нь буудаггүй салбар бол барилга үйлдвэрлэл, орон сууц. Тиймээс бондын мөнгийг хий дэмий хадгалахгүйн тулд хамгийн хурдан эргэдгээр нь орон сууцны зах зээлд хөрөнгө оруулсан хэрэг. Үүн дээр бол Н.Батбаяр сайд жинхэнэ “бизнесмэн” зангаа гаргасан. Эдийн засагт мөнгө эргэж байх нь л чухал гэдэг биз дээ. Гэтэл энэ их мөнгийг шингээж, эргүүлж чадах өөр салбар манайд бий гэж үү?

Тиймээс сөрөг хүчнийхний яриад байгаа “Н.Батбаяр сайд бондын мөнгийг үрэн таран хийсэн”, “үр ашиггүй зарсан” гэдэг бол худлаа зүйл. Хөрөнгө оруулагчийн хувьд тэр гарцаагүй зөв алхам хийсэн байна. Орон сууцны хэрэгцээтэй боловч гар дээрээ бэлэн мөнгөгүй олон ч хүнийг хэсэгтээ баярлуулсан. Ямар өмнөх Засгийн газар шиг бэлнээр нь тараагаад дуусгачихсан биш.

Зүгээр л угаасаа бэлэн мөнгөний хомсдолтой, олсон орлогоосоо давж хэрэглээд сурчихсан манай зах зээл дээр бондын мөнгийг нэг удаа эргэлдүүлээд авч байгаа хэрэг. Энэ нь төсөв барьж байгаа нөхдөд бол мэдээж ашигтай. Хэзээ үр ашгаа өгөх нь мэдэгдэхгүй үйлдвэрлэлд хөрөнгө оруулчихаад хоосон гараа эвхээд сууж байснаас дээр. Харин нөгөө “зорилтот бүлэг” гэж нэрлээд байсан иргэддээ хэрхэн туссан бэ гэдэг өөр асуудал. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах урт хугацааны хөтөлбөр юу болов?

Наад зах нь найман хувийн зээл гарахаас өмнө метр.квадрат нь хоёр сая төгрөгт багтаж байсан орон сууцны үнэ одоо зэрэглэлээсээ хамаарч 2-3 сая төгрөгт хүрээд байгаа. Зээл олгосон зөвхөн эхний сард ам.метрийнх нь үнэ 300-500 мянгаар өссөн байдаг. Товчхондоо гурван айлын байртай болох мөнгөөр хоёр айл байр авчээ гэсэн үг. Тэгэхээр иргэд найман хувийн зээлийг “хүү багатай” хэмээн баярлаад авсан ч өмнө арилжааны банкуудаас авч байсан хүүгийнхээ зөрүүг ам.метрийнх нь үнээр эргүүлээд төлж байна. Дундаас нь орон сууцаа зарж чадахгүй, эргэлтийн мөнгөөр гачигдаж байсан барилгын хэдэн компаниуд жаахан мөнгөжиж авсан юм биз дээ. Ядахдаа ирэх жил хүнээс мөнгө гуйхгүй барилгаа барих байлгүй. Тэр цагт харин барилгын салбарт “хийсэн” бондын мөнгө үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг эргэж ярилцъя.

2013.09.20