Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрд сонирхууштай хоёр үйл явдал болов. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзаж, харин гишүүн Б.Чойжилсүрэн “Би УИХ-ын гишүүн байхаас залхаж байна” хэмээн мэдэгдэв.

Р.Амаржаргал гишүүний хувьд ард түмнээс мандат авсан УИХ-ын гишүүдийг намын бодлогыг тодорхойлоход оролцуулахгүй байна гэж уурласан бол харин Б.Чойжилсүрэн гишүүн он дамжсан шүүхийн маргаан, Ардчилсан намын хоёртой хийж буй хэрүүлээс залхсан гэнэ. Б.Чойжилсүрэн гишүүний энэ мэдэгдэл өнгөрөгч сард Улсын дээд шүүхээс гарсан шийдвэртэй холбоотой бололтой. Учир нь шүүхийн шийдвэрийг СЕХ нэг сарын дотор хэрэгжүүлэх ёстой, тэр хугацаа нь 2013 оны аравдугаар сарын 13 буюу энэ долоо хоногийн эцэст дуусах юм байна. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолыг өнгөрөгч лхагва гаригт хүлээж авсан нэр Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

Үнэндээ 2012 оны сонгуулиас хойш “Сонгуулийн хууль зөрчин сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан” хэргээр жил тойрон шалгагдаж, маргаж мэтгэж яваа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт холбогдох эрүүгийн болон захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэрийг нэг бүрчлэн тайлбарлах гэвэл “үлгэрийн далай” болохоос гадна үнэнхүү ядаргаатай. Тиймээс зүв зүгээр тухайн үед болсон үйл явдлыг одоо ярьж байгаа талуудын тайлбартай харьцуулаад үзье.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа буюу долдугаар сарын 3-ны өдөр Увс аймгийн сонгуулийн тойргийн хороо хуралдаад МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгуулахаар долдугаар сарын 4-нд СЕХ-нд саналаа хүргүүлсэн байдаг. Гэвч сонгуулийн санал хураалт дуусахаас бүр өмнө тус аймгийн Ардчилсан намаас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн штаб, шадар туслахууд нь Сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, сонгогчдод мөнгө тараасан үйлдлийг нь баримтжуулан хэвлэл мэдээллээр орон даяар цацсаныг бид мэднэ. Түүгээр ч зогсохгүй Чойжоо, Хүрлээ хоёрыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулахаар тойргийн хороонд гомдол гаргасан байдаг. Эхлээд Өмнөговь суманд, дараа нь Улаангом сумын иргэн н.Цэгээгийн гэрт, мөн Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан үйлдэл тус бүрт нь. Гэвч тойргийн хороо уг асуудлыг 2-3 удаа авч хэлэлцэхдээ тухай бүрт нь “Энэ асуудлыг цагдаа тагнуулын байгууллага шалгах ёстой. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тойргийн хороо бие дааж шийдвэр гаргахгүй” гэж хэлээд Хүрлээ, Чойжоо хоёрыгоо тангараг өргүүлсэн хэрэг.

Гэвч түүнээс хойш юу болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Жил дамжин бүх шатны шүүхээр явсан энэ маргаан Улсын дээд шүүх дээр эцэслэгдэж Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслах хийж байгаад УИХ-ын Төсвийн байнгын хороонд реферэнтээр ажиллах болсон Ш.Чинбат, “Хурд” группийн жолооч н.Гансүх, Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз н.Ариунтуяа нарын долоон хүн Эрүүгийн хуулийн 130-р зүйлээр шүүхээс ял сонссон. н.Ариунтуяа уг хэрэгт шалгагдаж байхдаа БНСУ руу оргон зайлсан ч хэсэг хугацааны дараа хилээр орж ирэхэд нь тагнуулынхан баривчлан саатуулсан билээ. Харин Чойжоо, Хүрлээ хоёр маань аанай л “Бид энэ хүмүүсийг танихгүй” гэж гүрийсээр...

Уг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Хэргийн холбогдогч болох Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нар нь нэр дэвшигчдийн штабад ажиллаж байсан нь байгуулсан гэрээ болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул СЕХ хуульд заасны дагуу саналын тоогоор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын ард жагссан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр тангараг өргүүлэх” үүргийг СЕХ-нд өгсөн юм. Харин Улсын дээд шүүхээс сүүлд гаргасан шийдвэр бол “СЕХ-ны хэлэлцэх асуудалд захиргааны хэргийн шүүх хөндлөнгөөс оролцохгүй ээ” л гэсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх “мөнгө тараасан хэрэгт нэр дэвшигчид холбоотой учир гишүүний үнэмлэхийг хураах ёстой” гэж, харин Дээд шүүх “Гишүүний үнэмлэхийг хураах ёстой боловч энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахгүй. Эрүүгийн шүүхийн шийдвэр гарсан тул СЕХ өөрөө шийдвэрээ гаргах ёстой” гэж үзсэн. Хоёулаа л адилхан “Мандатыг нь хураа” гэсэн байгаа биз дээ. Харин СЕХ ганцаараа юугаа хүлээгээд байгааг чөтгөр л мэдэх байх даа...

ТУНИРХАЛ

УДШ-ийн шийдвэр танилцуулагдсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийв. “Ардчилсан нам Ардын намтай тохироо хийчихээд тохиролцооноосоо буцлаа. Манай нам энэ сонгуулийг хохирол багатай туулахын тулд Өвөрхангайн тойрог дээр буулт хийсэн” гэж. Нэг үгээр хэлбэл, Өвөрхангайн тойргийн танай нам авсан юм чинь Увсын тойргийг манай нам авах ёстой гэдгээ ил шулуухан хэлсэн. Харин Б.Чойжилсүрэн гишүүн “Би энэ хэрүүлээс залхаж байна. УИХ-ын гишүүний суудлаа өгсөн ч яадаг юм” гэж тунирхав.

Өнгөрсөн сонгуулиас хойш МАН-ын дарга нар “Ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр луйвардлаа. Ингэх юм бол сонгууль явуулахийн хэрэг алга” хэмээн хичнээн ч удаагийн жагсаал, цуглааныг зохион байгуулав. Харин энэ удаа өөрсдөөс нь эргээд асуухад, хэдийнээс хуулийн үйлчлэлийг хоёр намын тохиролцоогоор зогсоодог болсон юм бэ? Үнэхээр тийм тохиролцоо байсан бол Ардын намынхныг өрөвдөж байна. Гэхдээ л хууль бол хууль шүү дээ. Түүний дээр гарсан ямар тохиролцоог Ардын намынхан яриад байна аа. Улстөрд наймаалцаж болох юм байна, болохгүй юм бас байна. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа хоёр намын нэг нь нөгөөдөө “Сангийн яамаа манайд өгөхгүй бол бид засагт орохгүй ээ” гэж гэдийж болох ч харин бүхэл бүтэн хоёр аймгийн сонгогчдын саналыг “чи ав, би ав” гэдэг байж арай л болохгүй байх аа. Энэ тал дээр бол харин Ардчилсан намынханд баяр хүргэчихье. Ардын намынхныг хулхидаж байгаад ч гэсэн хуулиа хэрэгжүүлсэнд.

Угаасаа 2012 оны сонгуулийн өмнө баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гол зарчим нь “Ард түмний саналыг мөнгөөр худалдаж авахгүй шүү” гэдэг л зарчим байсан шүү дээ. Үүний төлөө нэр дэвшигчид тойрогтоо мөнгө тараах, бэлэг сэлт өгөх, үнэгүй үйлчилгээ үзүүлэх гээд сонгуулийн дүнд нөлөөлж болох бүх үйлдлийг хуулиар хааж, санал хураалтаа ч хүртэл цахимаар явулсан. Тиймээс хоёр гишүүний мандатыг хурааснаар хууль сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигч, хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж саналаа өгсөн сонгогчид ч бас давхар хариуцлагаа хүлээж байгаа юм. Ядахдаа дараачийн удаа сонгуульдаа илүү хариуцлагатай ханддаг болно биз. Эцсийн бүлэгт сонгууль нь нэг шударга явдаг болчихоосой гэдэг хүсэл эрмэлзэл улстөрчдөд нь ч, иргэдэд нь ч байгаа бол ядахдаа нийтээрээ нэг ижил дүрмээр тоглох хэрэгтэй биз дээ. Энэ бол сонгуулийн хууль болоод сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал. Харин тэр тоглоомын дүрэм нь өөрөө шударга байна уу, шударга бус байна уу гэдэг нь дараачийн асуудал.

СЕХ ч гэсэн ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар энэ хэрэгт хамаагүй юм бол, ийм хэрэг болоогүй юм бол нэр бүхий 13 хүнд гаргаж өгсөн 13 сая төгрөгийн /тэднээс гадна дахиад 38 хүн сая төгрөгөө авахаар материалаа бүрдүүлж, шүүхэд хандаад байгаа/ төлбөрийг хаанаас эргүүлэн төлөх гэж байна вэ?

Сонгуулийн хуульд заасанчлан сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан бол түүнийг нь баримтаар нотлон ирүүлсэн шударга иргэнд тараасан мөнгийг 100 дахин нугалж эргүүлэн төлөх хуультай. Ингэхдээ СЕХ энэ мөнгийг өөрийн зардлаас дайчлан гаргаад, шүүхийн шийдвэр гарны дараа буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой.

ТӨӨРӨГДӨЛ

УИХ-ын гишүүний мандатыг хураах тухай асуудал сөхөгдөхөөр хоёр гишүүн өөдөөс УИХ-ын гишүүний бүрэн эрх, гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал, УИХ-ын тухай хууль яриад эхэлдэг. Энэ бол зүгээр л сонгогчдыг санаатайгаар төөрүүлж байгаа хэрэг. УИХ-ыг гишүүнээс эргүүлэн татах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэзээ ярьдаг вэ гэвэл УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон үед ярьдаг. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр гишүүн хүн хутгалсан нь нотлох баримтаар тогтоогдож, тэр нь гэмт хэргийн сэдэлтэй байх юм бол гишүүнээс нь эргүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ярина. Энэ тохиолдолд УИХ уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Гэхдээ хууль болоод нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргана шүү дээ. Түүнээс биш “Ардчилсан нам олонхи болсон юм чинь” гээд Ардын намынхныг элэг барьж болно гэсэн үг биш.

Харин Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдох явцдаа Сонгуулийн тухай хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан тухай хэрэг. Энэ тохиолдолд сонгуулийн хуульд юу гэж заасан, түүний дагуу л шийдвэрлэх ёстой. СЕХ-ноос олгосон гишүүний мандатыг нь хурааж, дараачийн санал авсан хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд ямар нэг “бүрэн эрхийн” тухай асуудал огтоос үүсэхгүй гэсэн үг.
  
Үнэндээ бол Хүрлээ, Чойжоо хоёрын штабаас мөнгө тарааж байна гэдэг мэдээлэл сонгуулийн санал хураалтаас бараг долоо хоногийн өмнө нийтэд цацагдсан шүү дээ. Бүр видео бичлэгээрээ. Тийм байхад Увсын ард түмэн мэдэхгүй байгаад саналаа өгчихсөн гэдэг юу л бол. Харин ч энэ сонгуулийн цаана үүнээс ч илүү мөнгө үнэртээд байгаа юм биш үү?