Нямдорж дүвчин чойжин бууж байна. Наадмаас ардын хувьсгалыг хасчихлаа, нэртэйгээр нь наадмаа ерөөсөө хийхээ больчих л гэнэ. Сөнөөд байхгүй болж байсан Монголыг ардын хувьсгал амилуулсан л гэнэ. 500 мянган хүнтэй, толгой дараалан тэмбүүтэй, мал нь ердөө есөн сая байсан орныг өдий болгосон л гэнэ. Ардын хувьсгал Монголоор дүүрэн байсан хятадуудыг даран сөнөөгөөд тусгаар тогтнолыг авчирсан л гэнэ. Ардчилсан намынхан бол гамин бароны сүнс л гэнэ. Тусгаар тогтнолоосоо өөрснөө татгалзаж байна, Монголын тусгаар тогтнолыг хятадууд монголчуудаар өөрснөөр нь үгүйсгүүлж байна л гэнэ. Ялтын гэрээгээр Англи, АНУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний баталгаа болсон танктай хөшөөг зайлууллаа л гэнэ. Ордныг тойроод байсан тусгаар тогтнуулагч нарын сайхан шарилыг бас зөөгөөд аваад явчихлаа л гэнэ. Ард түмэнтэйгээ би нийллээ, та нартай үхтлээ тэмцэнэ хэмээн эцэст нь ёслол төгөлдөр мэдэгдлээ.

Хэргийн мөрөөр хөөвөл түүнд өгсөн наадмын урилга дээр Ардын хувьсгалын ой гэсэн үг байгаагүй бололтой. Үндэсний их баяр наадам гээд нэрэлчихэж. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө энэхүү Үндэсний их баяр наадамд Монгол нутагт тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс тунхагласны 807 жил, Тусгаар тогтнолоо сэргээсний 102 жил, Ардын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсналын 23 жилийн ой тус тус тохиож байгааг онцолсон. Уг нь Бүгд найрамдах улс тунхагласны 89 жилийн ойг нэмээд хэлчихсэн бол бүр утга төгөлдөр болох байлаа.

Бид урт удаан түүхтэй ард түмэн. Төрт ёсны уламжлал л гэхэд хэдэн мянганаар хэмжигдэж байна. Орос, Франц, Англи гэсэн хүчирхэг гүрнүүд ганц мянганаар хэмжигдэх түүхтэй. Энэтхэг, Хятад, Иран өөрсдийн урт түүхээр бахархдаг. Мянга хүрэхгүй жилийн түүхтэй Солонгос зориудаар зохиож өөрийн түүхээ урагшлуулан дөрвөн мянган болгон суртчилж байна. Харин бид түүх намтраа ахарлан монголчуудын бичнээс хүн болох процесс 1921 оноос эхэлснээр суртчилаад олон жил боллоо.

Саяхан Монголын харилцаа холбоо үүсэн байгуулагдсаныхаа 92 жилийн ойг дуулиантай тэмдэглэв. МОНЦАМЭ-ийн ойд зориулсан товхимолд дарга нь бичихдээ Монголд цахилгаан холбоог 1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатар байгуулсан, үүний түүхэн баримт нь “Сүхбаатар” кинонд дурайтал тод гардаг гэжээ. Гэтэл түүхэн баримтаас үзэхэд Москва Бээжинг холбосон цахилгаан шугам Монголд 1893 онд байгуулагдсан байх юм. Оросын Мондоос Улиастай хүртлэх шугам ХХ зуун гарахаас өмнө татагджээ.  Ийм жишээ үй түм. Одоогийн хууль зүйн яам 1911 онд Шүүх яам нэртэйгээр байгуулагдсаныг 1996 оноос сэргээн тэмдэглэх болсон. 2000 онд Нямдорж тэнд сайд болон эзэгнэж аваад нэрэн дээр нь Дотоод яам гэж нэмээд ойг нь 1921 оноос эхлүүлж анхны сайдаар Магсар хурцыг зарлан хөргийг нь өнгөт өргөн дэлгэцээр зуруулан хонтоортоо залсан билээ. Хувь заяаны шоглоомоор Магсар хурц нь Ардын намтай хамаагүй, Богд хаанаас томилсон ноёдын бүлгийн хүн байлаа (Уг нь анхны сайд нь 1911 онд томилогдсон Намсрай ван л даа). Дотоод яам бол 1937 онд байгуулагдангуутаа их хядлага эхлүүлж Монголын насанд хүрсэн эрчүүдийн тав тутмын нэгийг хороосон юм шүү дээ.

Нямдорж мэтийн үзэл суртлын мангаа нарын тархинд шигдэн өвчин болсон үнэмшил эзэнтэйгээ хамт л үгүй болно уу гэхээс мэс заслалаар ч эдгэхгүй. Монгол орныг 1921 онд Барон Унгернаар толгойлуулсан цэргийн хүчин хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлсөн. Найдан ван, Баяр гүн, Цэвээн тэргүүн, Манлай ван Дамдинсүрэн, Сумъяа бээс мэтийн эх орончид цусаа урсган сэлэм эргүүлж явж энэ орны тусгаар тогтнолыг хамгаалсан юм. Харин хожим эднийг үр хүүхдийнх нь хамт Дотоод яамныхан хядаж түүхийн хуудаснаас цустай гараараа арчин цэвэрлэсэн. Ардын намыг үүсгэн байгуулсан Бодоо Хиагтад буй нөхөддөө бичихдээ Нэгэнт хятадын түрэмгийлэгчдийг хөөн гаргах ариун үйлс хэрэгжсэн тул бушуу нааш ир, улаан орос дагуулж ирэх хэрэггүй гэж сануулж байжээ. Ардын хувьсгалыг хийсэн ардын, түшмэдийн, ноёдын бүлгийн эх орончид аугаа хүмүүс байсан. Тэднийг эхлээд Дотоодын хамгаалах газрынхан, дараа нь Дотоод яамныхан нэгбүрчлэн хядаж дуусгасан. Улаан оросууд дээрэм хийж хүн амьтан алаад байгаад дургүйцсэн Богд хаан өөрийн дотны шавь Сүх жанжнаар энэ явдлыг эсэргүүцэж байгаагаа хэлүүлсний улмаас аль алин нь хорлогдож хорвоог орхисон бололтой байдаг. 

1918 онд Майский хэмээх орос Хүрээнд ирж хэдэн сар болохдоо хээл хахууль өгч байж монгол түшмэдээс баахан тоо баримт гаргуулаад түүндээ түшиглэн ном бичжээ. Улс орныг минь гутаан доромжилж, түүх намтартай нь хүн ардтай нь бараг л мал амьтан шахам байсан мэтээр дүрсэлсэн, мөнөөх Нямдоржийн эшлээд байгаа баримт хаанаас буй болсон, хэрхэн хахуульдсан, үнэнтэй хэр зөрөөтэй болох талаар монголч эрдэмтэн Поппе тодорхой бичиж үлдээжээ. Монгол түшмэд ч хахуулийг нь авах мөртөө шал худлаа баримт гаргаж өгсөн байдаг. Монголын мал сүрэг есөн сая гэх авч 1923 онд хийсэн хамгийн анхны малын жинхэнэ тооллогоор 22 сая гэж гарсан байх юм. Хорхой шавьж биш, таван жилийн дотор гурав дахин үржнэ гэж байхгүй л дээ. Хүн ам 1928 онд 800 мянга байсан, арван жилийн дотор ингэж өсөхгүй л дээ. Харин Дотоод яамны их хядлагын дараа хүн амын тоо ихэд хорогдсон юм шүү. 1932 онд тогтоосноор арьс өнгөний өвчин хүн амын 25 хувийг хамарч байсан болохоос арай ч толгой дараалан биш байхаа.

Ардчилсан намынхан ардчиллыг өмчлөөд байна гэсэн шүүмж их гардаг. Тэр үнэн. Ардчилал Ардчилсан намын өмч биш, Монголын ард түмний ололт. Түүнтэй адил 1921 оны ардын хувьсгал ч Нямдоржийн өмч биш, бидний туулсан замнал. Миний өвөг эцэг Гэлэгдорж хэмээх хамжлага ард 1924 онд Монгол ардын намын 3-р их хуралд Цэцэрлэгмандал аймгийн Сайнноёны хошуу буюу өнөөгийн Өвөрхангай аймгийг төлөөлөн оролцож байсан. Би өвөг эцгээсээ урваагүй, гэхдээ түүгээр далимдуулж МАН-ын түүх надад л хамаатай гэж дүвчигнэхгүй. Бид хамтдаа шинэчлэгдэн өөрчлөгдөж цаг үеийнхээ тусгал болж яваа. Бидний өнгөрсөн түүх – бидний нийтлэг эмгэнэл, бидний нийтлэг бахархал. ХХ зууны Монголын түүх нь дүүрэн эмгэнэл, дүүрэн бахархал. Бид энэ зуунд морио унаж модоо тохож дундад зууны хоцрогдлоос орж ирсэн. Бид эмгэнэлт түүхийн дундуур замнасаар зууныхаа төвшинд хөл нийлүүлж чадсан. Бидэн шиг зуухан жилийн дотор ийм том дэвшил хийж чадсан өөр үндэстэн дэлхийд ховор. Үе үеийн эх орончдын бүтээл бол өнөөгийн Монгол. Энэ улсыг Дотоод яам биш үе үеийн эх орончид босгосон юм.

Хичнээн нүглээ үүрч яваа ч Энхбаяр бол Нямдоржийн хажууд хийсэн бүтээсэн юмтай хүн. Энэ мэтийн фанат өвчтөний хийрхлийг даван тэрээр юутай ч газар өмчөх эрхийг монголчуудад олгосон. Газрын асуудлыг шийдэхгүйгээр зах зээлийн тогтолцоонд орох боломжгүй. 17 тэрбум долларын дааж давашгүй өрийг тэр л тэглэж чадсан юм шүү. Өр тэглээгүй бол бид бүхий л байгалийн баялагаа тавиад туух байлаа шүү дээ. Нямдоржтонгуудыг даван туулж аргалж дөнгөсөнд л түүний гавъяа бий. Ардчилсан нам үүнийг хичнээн хүсээд ч хийж чадахгүй байв, яагаад гэвэл урд нь хөндөлдөх Нямдоржийг давж харайж чадахгүй. Ирэх зочдыг айлган угтах танкны хөшөөг тэр л нүүлгэж чадсан. Танк нүүснээр Англи АНУ-ын Монголыг хүлээн зөвшөөрсөн баталгаа үгүй болно гэж үгүй. Тэр танкаар Монголын тусгаар тогтнолын дэнчин тавигдсан гэдэг хөөрхий Нямдоржийн л төсөөлөл. Төрийнхөө ордныг шарилаар тойруулж чимэглэдэгийг мөн Энхбаяр л болиулсан. Шарилан дунд амьдрах юу нь сайхан байгаа юм бэ? Нарийн ярьвал бунханд байсан Сүх жанжны гэх шарил 162 см байсныг 1952 ба 2005 онд тодорхойлсон. Бодвол хятадын хүүр тавих газраас эндүүрлээр нэг хужаагийг яс Төрийн төв ордныхоо өмнө 60 жил тавигдан шүтэгдээ биз. Сүх жанжин маань Нямдорж бид хоёроос хавьгүй өндөр нэгэн байсныг үлдсэн фотогоос нь харж болно.

МАН өнөөдөр дахиад л намын шинэчлэлийн тухай шуугих боллоо. Хэддэхээг нь мэдэхгүй юм, тоолж барагдахаа больсон. Нямдорж мэтийн хоцрогдлын туйлыг зуудаг нохой болгон ашигласаар байх ахул шинэчлэлийн тухай ярьж болно гэж үү? Улс төрийн энэ хүчирхэг институцийг шинэчлэх болохоор л шинийг сэдэгчдээ хядсаар ирсэн уламжлалтай. Ерөнхий сайд Амар, Гэндэн болон Лоохууз, Нямбуу, Ширэндэв, Жалан–Аажав гээд үе үеийн эх орончид нямдоржтонд алуулаад л дууссан шүү дээ. Ардчилсан шинэ үед алж хядах нь үгүй болсон ч Бямбасүрэн, Гомбосүрэн, Чимэд, Очирбат гээд аль л гялайж гялтайх болгон нь нямдоржтонгуудад хавчигдан намаа орхисон бус уу? Сонгуулын мэжиратори систем үйлчилж байгаа цагт улс төрд хоёр нам л цойлдог. Нэг үгэндээ хоёр намын систем. Өнөөдөр Төрийн бүхий л эрхийг Ардчилсан нам атгаж байгаа. Ийм тохиолдолд ухаалаг хүчирхэг сөрөг намын үүрэг роль асар чухал. Улдан чангаах биш, урагшлуулан ташуурдагч сөрөг хүчин. Ийм сөрөг хүчингүйгээс болж 2000-2004 онд Монгол орон авилгын уурхай болсон. Энэ бол асар гашуун туршлага. Үүнийг давтахгүйн тулд л өнөөдөр Монголд бодит, ухаалаг, эрүүл сөрөг хүчин зайлшгүй хэрэгтэй байна. Нямдоржийг нэгэнтээ Чимид гуай “окопны сэтгэлгээтэй” гэж тодорхойлж билээ.  Ганц Нямдорж биш шүү дээ! Бид нэг завин дээр суусан нэг зорилготой үндэстэн. Дотор нь окопонд суугаад өндийсөн болгоныг буудаж суудаг “эх оронч”-той бол удахгүй завь хөмөрч бүгдээрээ живнэ биз дээ?

Эргээд сана даа, өмч хувьчлана, хувийн хэвшлийн хүлээн зөвшөөрнө, олон ургалч үзэл болон хүний эрхийг тунхаглана гэхээр хэн улдан чангааж байлаа? УИХ-ын шинэхэн гишүүн Нямдорж нэгдэл тарааж мал хувьчлана гэхээр хэрхэн боож үхэж байлаа? Бүхий л арилжааны банк төрийн мэдэлд байж идэж уудаг нь хэрээс хэтэрсэн байхад санхүүгийн реформ хийх гэхээр Нямдорж “би ард түмэнтэйгээ нийлж байна” хэмээн шөнө өдөргүй чойжин бууж байсныг санаж байна уу? Түүнийхээр “ард түмэн” гэдэг нь өөрийгөө хэлж буй бололтой. Байр хувьчлах, гадаад паспорт бүгдэд нь олгох, авилгын эсрэг тэмцэх гээд цаг үетэйгээ таарсан шинэчлэл болгоныг хэн улдан чангааж угзран тасчиж байсныг эргээд нэг сана л даа! Нямдорж Хууль зүй Дотоод явдлын сайд болуутаа л Жамбалдоржийн хар хуулийг амилуулж эрүүгийн хуулийн өөрийн хувилбарыг ёсчилсноор 10 мянган төгрөг хулуусан хүүхэн 10 жилийн ял авч байлаа. Жишээ болгож хоёр гурвыг буудан хороогоод байвал нийгэм айдаснаас болж цэвэршдэг гэсэн Вышинскийн онолыг хаа нэгтэйгээс сонссон бололтой. “Олон хүн шорон явуулсан учраас төрийн хамгаалалтанд оролгүй болохгүй нь, намайг УИХ-ын дарга болгож өгөөч” гэж гүйсээр байгаад тэр албанд очин жорлондоо хууль зассан хэргээр шившигтэйгээр хөөгдөж байсан. Өөрийг нь доромжилсон хэрэгт генерал Баатарт дөрвөн жилийн ял өгч байсан нь шинэ үед болсон цорын ганц тохиол байх. “Намайг сайд боллоо гэж нутгийнхан маань жипээр шагнаж зуслангийн байх авч өгсөн”, “Та нарыг бодоод би хууль зассан, яршиг зүгээр ингээд байвал дахиж хууль засахгүй шүү” гэх мэтийн олон нийтэд хийсэн мэдэгдэл нь түүний аль зэрэг хуулийн мэдлэгтэйг тод харуулна. Ийм амитнаар зуудаг нохой хийн давших МАН шинэчлэлийн тухай ярих болгон нь зүгээр л сандал ширээний төлөөх тэмцэл мэт харагдана.

МАН-ын зарим залуус шинэчлэл яриад хоцрогдсон хэрэгт мань эрийг холбогдуулаад эхлэнгүүт мань зуудаг нохой дахин “ард түмнийхээ талд орж” окопондоо байрлан дайсантайгаа “чөмгөө дундартал” тулалдахаа илэрхийлж буй бололтой. Шинэчлэнэ гэхээр л Нямдож шиг чойжигновол болдог гэсэн ойлголт намын шинэчлэгч залуус гэгдэх завсрын үеийнхэнд гүн халдварласан нь ажиглагдана. Тэгэхээр энэ нь халдварт өвчин бололтой. Улс оронд маань хүчирхэг, эрүүл саруул, дайчин, цаг үетэйгээ таарсан шинэлэг сэтгэлгээтэй, урагшлуулан ташуурдагч сөрөг хүчин мөн ч хэрэгтэй байна даа. Шийдвэр болгоныг буудан сөнөөж, гарц болгоныг хаан боймлож, урагшлах зам болгоныг нураан сүйтгэж, окопны нөгөө тал болгоныг буудан хороодог хүчнийг сөрөг хүчин гэх үү, хорлон сүйтгэл гэх үү?

Жич: Крыловын нэгэн ёгт үлгэр: Тариачин хэдэн галуу тууж явна. Галууд өөрсдийг нь ширүүн тууж явна хэмээн гомдоллож, тэгэж ярьвал галууд Ром хотыг аварсан түүхтэй гэцгээв. Ром руу дайсан шөнөөр довтлоход галууд үргэн нисэж чимээ гаргаснаар хотынхон сэрж тулалдаанд орон Ромыг аварсан домог байдаг. Тариачин асууж: “Та нарын өвөг дээдэс тийм гавъяа байгуулсан байдаг байж. Харин та нар өөрснөө ямар гавъяа байгуулсан юм бэ?”. Галууд өөрдийгөө дорвитой юм хийж чадаагүй, зөвхөн өвөг дээдэс л их гавъяатай гэжээ. Тариачин: “Тэгвэл олон юм донгосолгүй тостой халуун тогоо руу марш!” гэсэн гэнэ. 

2013.7.14