ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ! НОЙРСОЖ БУЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Г СЭРЭЭЖ ӨГӨӨЧ!!!
-Чишш! Эрдэнэс Тавантолгой унтаж байна!-
Ерөнхийлөгч ард түмнээ сонсож байна. Улсын Дээд шүүхийн гадаа хоёр өдөр жагсаж МАНАН бүлэглэлээс хараат шүүгчдийг нэрлэж, “Монгол Улсын эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан 20 гаруй гэмт хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхгүй байгаа” тул огцруулахыг шаардсан. Хэдийгээр тэдний нэр заасан шүүгчдийг биш боловч нэр бүхий 17 шүүгчдийг шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Олон нийт Ерөнхийлөгчийн зарлигт талархаж, иргэдээ сонсож итгэлийг нь дааж ажиллахаа харууллаа гэж хүлээн авч буй нь анзаарагдаж байна.
Харин одоо Ерөнхийлөгчид дараагийн хүлээлт тулгараад байна. Энэ удаад өөрийн эхлүүлсэн Тавантолгойн ордын үр шимийг иргэд хүртэх ажил яагаад удаашраад байгаад анхаарлаа хандуулж өгөхийг хүсье. Түүнд энэ талаар өөрийн гэсэн түүх, туулж өнгөрүүлсэн зам мөр бий.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаж загнаж байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр мөнгөн аяга өвөртлөн очиж Салхитын мөнгөний ордыг тавиад туух уу, эцсийн бүтээгдэхүүн болсон ийм аягатай байх уу гэж асуусан юм. “Салхитын мөнгөний орд дээрх хөрөнгө оруулагчид ч, тэдний “хэрэг” дээр ажиллаж байсан хууль, шүүхийн байгууллага дахь холбоотнууд нь муудалцаж талцсаны дүнд цагаан алт, мөнгөний агууламжтай хүдрийг татвараас нууж гаргадаг байсан нь илэрсэн. Тиймээс Ерөнхийлөгч тэр мөнгөн аягыг Ерөнхий прокурорт авчирсан юм билээ. Гэхдээ Тамгын газрын дарга нь нэхэл хатуутай тулдаа аягаа буцааж авч уутандаа хийчихсэн. Ерөнхийлөгчийн дараагийн “бэлэг” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланг тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж байв. М.Энх-Амгалан “хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, хэнийг ч хариуцлагаас мултлахгүй” гэсээр ажлаа өгсөн. Оронд нь Б.Жаргалсайхан Ерөнхий прокуророор томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрөв. Түүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой”-д юу тохиолдов? Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сүр жавхлантайгаар нэгжиж баривчлаад 24 цаг хориход өнөөх нь гоё хоолтой, сайн сайхан тохижсон 461-р ангийг магтсан дуулсаар гарч ирэв. Эрүүдэн шүүлгээгүй, дулаан шоронд хорих ямар байдгийг үзүүлэх гэсэн бололтой.
Өөрөөр “Эрдэнэс Тавантолгой” амар амгалан, бүр IPO ч хийхдээ яарахгүй байна. Яаруулахаар салбарын сайд нь “Яарч байна, ажиллаж байна” гээд мэдэгдэл хүргүүлдэг юм. Тэр мэдэгдлийг хаана ч “зарсан” авахгүй л дээ. Тиймээс хувьцаагаа гаргахад яарах хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрсдийгөө өмөөрөх, сайдаараа өмөөрүүлэх огт багадаагүй. Тэдний төгссөн сургуулийг Монголын олон залуус төгсдөг юм шүү дээ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК “тоож” авдаггүй. Намын удирдлага нь гарын үсгээ өгөөд, утсаар яриад зохицуулдаг байдлаар ажилд орохыг хүсдэггүй, тийм аав, ахгүй болохоор тэр. Тэгээд ч олон сайхан монгол залуусыг ойртуулмааргүй бохирдож байгаа харагдах юм.
Ерөнхийлөгчийн гараас “Гавьяат эдийн засагч” цол хүртсэнээсээ хориодхон хоногийн дараа түүнийг дагалдан Прокуроруудын удирдах ажилтны зөвлөгөөн дээр давхиж очоод “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 жилээр үнэгүй өгөх зорилготой гэрээ байгуулах оролдлого” гэгчтэй холбоотой 178 хуудас баримтыг өгөөд зогсож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Д.Жаргалсайхан гэж хэн бэ. Ерөнхийлөгч Та мэдэх үү?
Түүний хүү Ж.Ууганбатын нэр дээр “Таятан”, Таятан фүүд”, Таятан трейдинг” гээд гурван компани бий. Эдгээрээс “Таятан фүүд” ХХК нь 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ЖДҮХС-аас 850 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар тогтоогдсон. Монголын төрийн өмчит компаниудын удирдлагын суудалд ёстой л “Даатгал хээр” шигээ хурдалж яваа тэрбээр МАСЗХ-оор дамжин“Монгол даатгал” ХХК-ийн захирал, ШӨХТГ-ын дарга, МАН-ын генсекийн Ахлах зөвлөх, Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн захирал, Финляндын хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал гэхчлэн тасралтгүй 20 жил албан тушаалын сорыг хүртдэг. Дэлхийн 70 гаруй улсад 700 гаруй салбартай SFC сүлжээ рестораны хувьд арай л гунигтай факт биш гэж үү. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирлын хамааралтай этгээд буюу төрсөн хүү нь ЖДҮХС-ийн зээлд хамрагдсан байна гэдэг сайхан харагдахгүй л байна.
Баттулгын Ганхуяг. Дахиад л бичихээс. Оюутны холбоо. Ажил амьдрал, ахиж дэвшихийн үүдийг нээсэн хайрт Оюутны холбоо нь байгаагүй бол юун Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой...Гэтэл гадаад хэлнийхээ боловсролоор гайхуулж, басгоморхож явна гэсэн. Харин би өмнө нь бичихдээ “хамгийн чухал” намтрынх нь хэсгийг мартсан байна билээ. 1994-1995 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид “ЖА” байсан юм билээ. Гоёор хэлбэл, жагсаалын дарга. Муухайгаар хэлбэл, “Армид ЖА явахаар адуунд азарга яв” гэдэгл юм билээ. Манай Ерөнхий сайдын ажлын гараа бас Ардын армийн 152 дугаар ангийн Улс төрийн орлогчоос эхэлсэн байхад “муусайн бичээч би” анзаараагүй л байгаа юм. Энэ бол ирээдүйд Оюутны холбоондоо, их улс төрд, тэр тусмаа “Эрдэнэс”-ээр овоглосон олон компанийн толгойд ажиллах түлхүүр байж шүү дээ. Үг дааж сураарай, шүүмжлэл хүлээж аваарай, Б.Ганхуяг захирал аа. Хол явах хүн чинь захын нэг бичээч авгайн үгэнд гомдож туниад, хүнээрээ хөөлгөөд байвал зам хоргодохгүй шүү. Амжилт хүсье.
“ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Р.Мэргэн. “Аугаа их” С.Баяр нарын хамт “Монголиан майнинг корпорэйшн” компани гэдэг “оффшорчдын” тогооноос хамт хооллодог бололтой юм. Түүний ХОМ-д байсан энэ компанийг хараад үнэхээр гайхснаа нуух юун. Дээр нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргынхаа үүрэгт ажлыг өгөөд хэдхэн хонож байгаа аж. Энэ бол ашиг сонирхол, ажлын уялдаа талаасаа том зөрчил нуугдаж байсан гэдгийн жишээ. ТУЗ-ийн гишүүдийн “асуудалгүй” компаниудын талаар энд дурьдсангүй. Тэр ч байтугай Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, “ЭТТ” компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг бас хийдэг гэж байгаа. Яаж хөрвөхөөрөө бөхийн дэвжээнээс нүүрсний уурхай хүртэл ингэтлээ хол хөрвөж хамгийн чухал ажлыг нь хавсраад хийгээд байдгийг бүү мэд. Түүнийг бол Уул уурхайн “сайдын хүн” гэж харахаас энэ чигийн төрийн өмчит компанийн “гал тогоог” аваад явна гэж төсөөлөхөд ч бэрх. Энэ хачин гаж тогтолцоо нь ажил урагшлахад саад болоод байгаа юм биш биз?
Харин “60 тэрбумын” гэх овогтой болсон намаас албан тушаал авдаг, ЖДҮХС-гийн зээлд “мэдээлэлд ойр” байдлаа ашиглан хамааралтай этгээдээ санхүүгээр дэмжиж чадсан, оффшорчдын компанид хувь эзэмшдэг зэрэг байдлаас харахад энэ бол цоо эрүүл ТУЗ гэж хэлэх аргагүй. Ингэж шүүмжлэхээр хөрөнгө оруулагчид нь уншчихаад үргэж зугтаад байгаа тухай мэдэгдэл ирэх байх.
Гэвч урагшлахгүй байгаа IPO-оос “айх” байтугай УИХ-д олонхийн санал авсан намын сонгуулийн амлалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтыг дахин уншиж “Ер нь ард иргэд Тавантолгойн ордоос хувь хишиг хүртэх билүү” гэдгээ лавлаж харахад хүрээд байна.
Одоогоос нэг жилийн өмнө, 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан.Тэгэхэд л ярьж байсан асуудал, яаруулах шалтгаан, ногдол ашиг хуваарилах хувилбаруудын шийдэл энэ бүхэн яг хэвээрээ...Дахиад ярих хэрэг байна уу? Ярихгүй бол бүр ч явахгүй. Ерөнхий сайд нь үл тоож “гээсэн” болохоор яарахгүй байгаа мэт. Баг бол байдаг чадлаараа ажилласан гэж байгаа. Одоо Ерөнхийлөгч нэг түлхэж өгнө үү!
Магадгүй бүр болохгүй бол бөх гэдэг талаасаа “жүдоч” Ерөнхийлөгч, “чөлөөтийн” Сайд, “чөлөөтийн” нарийн бичиг гурав мэхээ уралдуулж нэг нь гоц мөргөөд шийд олоод ирэх ч юм бил үү.
Харин “үзүүлэн” шиг харуулдаг хэдэн гоё дипломтой залуу захирлуудыг хэзээ “хэрэглэх” вэ? Д.Ганхуяг захирлын ганц жилийн Харвард, М.Баяраагийн гурван жилийн хөгжлийн магистр, IPO багийн ахлах шинжээч Ш.Амаржаргал АНУ-ын Peabody Energy-д ажилласан туршлагаа хэзээ харуулах бол? Монголд ашиглаж үзсэн үү? Яагаад дэлхийн томоохон уул уурхайн компаниудад өгч байсан стратегийн зөвлөгөөгөө энэ багийнхандаа өгч эдийн засгийн нөлөө бүхий салбарт, өгөгдсөн эрх мэдэлд мэдлэг боловсролоо ашиглаад үр дүнтэй ажиллаж болохгүй байна вэ?
“Энэ чинь Монгол шүү дээ” гээд суугаад байвал “Эрдэнэс Тавантолгой” иргэдэд хэзээ өгөөжөө өгөх вэ. Тархиндаа хийсэн мэдлэг, төгссөн сургууль чинь томдоод Монголоо голоод байгаа бол “Холын газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирэх хэрэг” байна уу?
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ “Монголросцветмет”-ийн хангамжин дээр туйлж байгаад ЭТТ-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Тэнд нь Цагдаагийн академи төгссөн, нэг нэг жилээр мэргэжлээ дээшлүүлж явсан англи хэл судлаач хэрэгтэй бололтой юм. Бас нэг “хараат бус” нь УИХ-ын гишүүн асан, сайд асан Р.Бурмаа. Олон нийтэд “Сонгогчдын боловсрол төв”-өөр танил болсон тэрбээр болгар хэлээрээ бусдаасаа илүүрхэнэ. Орос, англи хэлээр бол үеийнхнийхээ нэгэн адил дунд сургуулийн хэмжээнд мэдлэгтэй, харин төгссөн сургуулиа “нуучихсан” байна билээ.
Улс төр муухай. Улстөржсөн компанид ажиллах гоё. Ийм л дүр зургийг та нараас олж харж байна. Одоо больё, залуус аа. Хийсэн бүхнийг чинь үгүйсгээд урагш алхуулахгүй байвал ард иргэддээ гарч ирээд хэлэх хэрэгтэй. Та нартай мөр зэрэгцэн суралцсан, мэдлэг боловсрол эзэмшсэн олон залуус яаж улсаа хөгжүүлэхийг чинь хүлээж байна. Давуу талаа ашиглаад түрүүлж алхсан нь та нар! Гарын үсгээр ажилд орж, гадаад хэлээр шалгалт өгч, Төрийн албаны шалгалтад хойгуур жагсаад урдуур орж өндөр албанд томилогдож үзээгүй өрсөлдөгчид чинь хүлээж байна.
Үлгэр л биш юм бол та бүхний зүтгэсэн чинь ажил хэрэг болох ёстой. “Үл мэдэх Цэцэгхэн хотхонд” гэдэг шиг мэддэг юмаа хийхгүй байх ичгэвтэр бөгөөд хэцүү биш гэж үү.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Таныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийг өөрчлөх ажилд анхаарал хандуулж, иргэддээ Тавантолгойн үр ашгийг ямар байдлаар хүртээх, IPO хийх хүсэлтэй эсэхээ тодорхой илэрхийлж яаралтай арга хэмжээ авна уу гэж хүсч байна. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд авч очоод буцааж ууталсан мөнгөн аягаа шинэ Ерөнхий прокурорт өгөөд, хаана алдаа байгааг ол гэж даалгаад үз дээ. Их сонирхолтой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.