Ц.Ганхуяг: Гишүүд хурууны хээгээр санал өгдөг Болгарын туршлага
УИХ-ын гишүүд байхгүй нэгнийхээ өмнөөс санал өгдөг. Нэг гишүүн суудлынхаа ойр орчмын 2-3 хүний саналыг төлөөлөн өгөх нь бий. Зарим нь ирцээ бүртгүүлж картаа шургуулж орхиод өдөржин үндсэн ажлаа тасалдаг. Ийм үед чуулганы танхимд сууж байгаа гишүүдийг тоолбол 10 хүрэхгүй хэрнээ, шургуулж орхиод явсан цахим картын тоогоор ирцээ бүрдүүлж хууль баталдаг жишээ УИХ-д жишиг болон тогтжээ.
-Болгарын парламентад санал хураахад гишүүдийн хурууныхаа хээг уншуулдаг гэх юм. Та энэ талаар судалж үзэв үү?
-УИХ-ын гишүүд энэ чиглэлийн хуулийн төсөл санаачилсан гэсэн. Тийм учраас манай Элчин сайдын яамныхан үүргийнхээ дагуу Болгарын туршлагыг зориуд судалж үзсэн. Нэр томъёоны хувьд яг ч “хурууны хээ”-гээр гэж нэрлэдэггүй юм байна. Хурууны хээгээр санал өгнө гэхээр гишүүдийн хурууны хээг авах мэтээр буруу ташаа ойлголт төрүүлж болохгүй. Төрийн өндөр албан тушаалтны хурууны хээг авах, ашиглах тухай ойлголт нь техник технологи өндөр хөгжсөн өнөө үед хувь хүний нууц болон бусад олон төрлийн нарийн асуудалтай холбоотой. Иймд энэ асуудалд эхнээсээ зөв, анхааралтай хандах хэрэгтэйг болгарууд зөвлөж байна лээ.
-Хурууны хээ биш юм бол өөрөөр юу гэж нэрлэдэг юм бол?
-Хувь гишүүний биометрик мэдээллийг ашиглаж санал хураах гэж нэрлэдэг юм байна. Болгарын нэгэн компани хувь хүний биометрик зарим өгөгдөл дээр үндэслэн тухайн хүнийг таниулдаг тоног төхрөөмж зохион бүтээсэн. Тэгээд парламентынхаа захиалгын дагуу гишүүдийн биометрик өгөгдөл бүхий чиптэй санал хураалт явуулах төхөөрөмж хийсэн байна. Түүнийгээ парламентдаа суурилуулаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд уг тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой ганц ч гомдол санал гараагүй гэнэ. Ер нь Болгар бол мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд бараг эхний гуравт багтах, энэ чиглэлийн сайн боловсон хүчин, туршлагатай улс л даа. Хуучин системийн үед гэхэд манай Монголд хамгийн анх нэвтэрсэн Правец гэж компьютерийг Болгарт үйлдвэрлэдэг байсан.
-Биометрик гэхээр юу гэсэн үг үү, зөвхөн санал хураалтад ашигладаг эд үү?
-Болгарын парламент 240 гишүүнтэй. Гишүүн бүрийн хувийн мэдээллийг оруулсан цахим карттай. Тэр картаараа төр, засгийн болон Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрдэг. Үүнээс гадна мөн энэ картаараа гишүүнийхээ ирцийг бүртгүүлж хуралдаандаа суудаг юм байна.
-Гишүүдийн ямар мэдээллүүдийг цахим карт хадгалдаг вэ?
-Биометрик мэдээлэл бүхий чиптэй санал хураах тоног төхөөрөмжийг ашиглахын тулд парламентын гишүүнийн хоёр гараас сонгож гурван хурууных нь хээг 17-18 цэгт 54 янзаар кодлон авч биометрик өгөгдлийг бүрдүүлдэг юм байна. Болгарын парламентын 240 гишүүний тус бүр гурван хурууны хээний нийт 720 өгөгдөл дээр тулгуурласан мэдээллийн бааз бүрдэнэ гэсэн үг. Үүнээс гадна санал хураалтын мэдээллийг боловсруулах тусгай хоёр сервер, санал хураалтын үр дүнг гишүүн нэг бүрээр, мөн намын харъяалал, бүлэг зэрэг үзүүлэлтээр харуулдаг хоёр дэлгэц, гишүүн тус бүрд биометрик үзүүлэлт бүхий чип байрлуулсан санал өгөх товчлуур зэрэг бусад тоног төхөөмжүүдийг тусгайлан суурилуулсан байна.
- Гишүүд саналаа яаж өгдөг вэ?
-Санал өгөх товчлуурыг гишүүн бүрийн өмнө ширээн дээр хөдөлгөөнгүй суурилуулдаг. Тухайн гишүүн саналаа зөвхөн өөрийн суудал дээрээс өгөх журамтай. Учир нь санал хураалтын явцад тусгайлан бичлэг хийх, техникийн болон ямар нэгэн алдаа гарч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тамгын газрын техникийн ажилтнууд тусгай өрөөнд дэлгэцээр, гишүүдийн суудлын байрлалаар нь хяналт тавьж ажилладаг. Гишүүд саналаа өгөхдөө эхлээд гишүүнийхээ цахим картыг хийж ирцээ бүртгүүлнэ. Тэгээд “Санал хураалтад бэлтгэх” гэдэг үг гишүүний өмнөх саналын товчлуурын жижиг дэлгэц дээр гарахад тухайн гишүүн мэдээллээ өгсөн аль нэг хуруугаа дарж таниулдаг. Хурууны хээний өгөгдлийг уг тоног төхөөрөмж хэдхэн хормын дотор уншиж, мэдээлэл тохирч байвал жижиг “ногоон” гэрэл асч тухайн гишүүн дэлгэцийн доор байрласан “зөвшөөрсөн”, татгалзсан”, “түдгэлзсэн” гэсэн товчийн аль нэгийг дарж саналаа өгдөг. Санал хураалт 30 секунд үргэлжилдэг.
-Санал хураах энэ төхөөрөмжөө байнгын хорооны хуралдаанд ашигладаг уу?
-Зөвхөн нэгдсэн хуралдааны үеэр ашиглаж, байнгын хороо болон бусад хуралдааны үеэр гар өргүүлэн тоолох аргыг хэрэглэдэг юм байна.
-Хэрвээ манайд санал хураалтын ийм систем суурилуулснаар ямар давуу тал бий болох вэ?
-Болгарын парламентын санал хураалтад ашиглаж байгаа энэ тоног төхөөрөмжийг манай улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь төрийн албан хэрэг хөтлөж буй манай хоёр улсын бичиг үсэг төстэй. Мөн техник, технологийн гол асуудлыг Болгарын компани шийдсэн тул үнийн хувьд харьцангүй хямд байж болох талтай. Энэ төхөөрөмжийг ашигласнаар парламентын санал хураалт, парламентын гишүүдийн сонгогчдын өмнө хүлээсэн хариуцлага сайжрах нь дамжиггүй. Нөгөө талаар, УИХ-ын дэгийн тухай хуульд санал хураах чиглэлээр өөрчлөлт оруулж, долоо хоногийн аль нэг өдөр магадгүй тав дахь өдрийг Санал хураалтын өдрөөр тогтоож болох юм. Бусад өдрүүдэд парламентын бүтцүүдэд хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөн, санал хураах томъёоллыг бэлэн болговол зүгээр болов уу. Дэгийн иймэрхүү өөрчлөлт хийснээр УИХ-ын гишүүд УИХ-аар хэлэлцэж байгаа бүх асуудлаар мэтгэлцэж маргалдах бус тодорхой чиглэлээр мэргэших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Жишээ нь, банкны асуудал хэлэлцэх үеэр банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гишүүд олонхи цөөнхийн бүлгийн байр суурийг илтгэсний үндсэн дээр мэтгэлцээнийг өрнүүлвэл УИХ-ын ажил хэрэгч уур амьсгал сайжрах нь тодорхой юм. Мэргэжлийн түвшний мэтгэлцээн дууссанаар санал хураах томъёоллын дагуу гишүүд тогтсон өдөр саналаа өгч, бусад өдрүүдэд иргэдтэй уулзах, тойрог болон бусад газруудад ажиллах зэргээр парламентын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэд сонгогчидтой илүү ойр дөхөм ажиллах боломж бүрдэх болов уу гэж бодож байна.