Хятад Андерсэн
Ер нь хятад зохиолчид олон улсад нэр хүндтэй шагнал авсан хойноо л бусад улс оронд танигдаж алдаршдаг. Цао Вэньсюанийн тухайд 2016 оны дөрвөн сарын 4-нд ЮНЕСКО-гоос хоёр жил тутамд хүүхдийн шилдэг зохиолч, зураачдад олгодог (бага Нобель ч гэдэг) Андерсэний нэрэмжит нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Юм бичих авьяастай нь багаасаа тодорсон Цао Вэньсюань 1974 онд Бээжингийн их сургуульд элсэн орж, хятад хэл, уран зохиолын мэргэжилтнээр дүүргэжээ. Өдгөө тус их сургуулийн профессор болсон зохиолч Бээжингийн зохиолчдын хороог удирдаж байна.
Цао Вэньсюань анх 1979 онд хоёр өгүүллэгээ нийтлүүлж, хүүхэд залуусын уран зохиолд хувь нэмэр оруулсан залуу уран бүтээлчдэд олгодог шагнал хүртсэн бөгөөд 2004 онд Андерсэний нэрэмжит шагналд нэр дэвшиж байжээ.
1988 онд хэвлүүлсэн “Сүрлэн байшин” роман нь нийт гурван зуун удаа, 10 сая гаруй хувь хэвлэгдэж нэг ёсны дээд амжилт тогтоосон юм.
Цао Вэньсюань зохиолчийн хувьд бусдаас юугаар ялгагддаг вэ гэвэл өгүүлэмжийн суурь дүрслэл, байгалийн үзэмж, үйл явдал өрнөж буй дэвсгэрийг маш нарийн өгүүлэн дүрсэлдгээрээ ялгаатай. Тэрээр нэг ярилцлагадаа “Орчин үеийн зохиолчид суурь дүрслэлийг төдийлөн ойшоодоггүй. Хүүхдийн зохиол гэхээр үйл явдал, үзэл санаанд нь илүү анхаардаг болжээ. Ийм хандлага баруунаас улбаатай” гэжээ.
Хятадын уран зохиолын хувьд нарийн ширийн зүйлсийг ихэд анхаарч, суурь өгүүлэмжээр тухайн зохиолын өнгө будгийг тодорхойлдог онцлогтой.
Цао Вэньсюанийн зохиолын баатрууд ихэвчлэн хүнд хэцүү хувь заяатай хүүхдүүд юм. Тарчигхан амьдралтай, зарим нь тахир дутуу энэ хүүхдүүд ганцаардал, гадуурхалтай тулж тэмцдэг. Түүнээс гадна зохиол бүтээл нь чин үнэнч хайр, хэн хэнээ гэсэн халуун дулаан сэтгэлээр бялхаж байдаг билээ. Ерөөсөө хүнлэг сэтгэлийг дээдлэн, бусдыг өрөвдөн хайрлахад сургадаг гэж хэлж болно.
Хятад хүүхдүүдийн хамгийн их уншдаг таван зохиолд багтсан Цао Вэньсюанийн “Хүрэлхүү, Наранцэцэг хоёр” романыг тун удахгүй НЭПКО Кидс компаниас монгол хэлээр хэвлэн гаргах гэж байна.