Дайн байлдаан гэж хуваагдахын өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байх
Дэлхийг овоо томоор бүрхээд байгаа ардчилалд асуудал бий. Гэхдээ үүнээс сайн засаглалыг хүн төрөлхтөн олоогүй байгаа. Буцаад хэмжээгүй эрхт хаант засаглал руу шилжвэл хөгжил, тайван амьдрал, таны эрх, эрх чөлөө аажимаар хумигдана. Шууд хэлэхэд удирдагчаа ардчиллаар хүссэнээрээ сольж чаддаг улсад дэлхийн хамгийг хүчтэй зэвсэг, технологи байгаа нь сайн зүйл шүү.
Саяхныг болтол хүн төрөлхтөн хэмжээгүй эрхт хаант засагтай байлаа. Тэр үед хүний эрх гэдэг ойлголт байхгүй бүхнийг ганцаар шийддэг хаан болон хэдэн язгууртнуудын мэдэлд тухайн улс орон байсан юм. Хүмүүс ажил хийж татвар төлөхөөс өөр юу ч хийж чадахгүй хэдэн мянган жилийг туулсан. Дарангуйлагч засгууд хоорондоо байлдаж битүү дайн, үймээн самуун дунд хүн төрөлхтөн явж байсан. Харин 1688 онд Британий аралд гарсан хувьсгал Хэмжээгүй эрхт хаант засгийг хязгаарлаж парламентийн засаглал үүсэх нөхцөл болжээ. Ингэж хүний эрх, эрх чөлөөний эхлэл тавигдсан. Энэ үеэс эхлээд хүн төрөлхтний "үзэл бодол" хоёр хуваагдах болсон юм. Нэг нь хүний эрх чөлөөний талд, нөгөө тал нь дарангуйлалгч засгийн талд. Энэ жижиг цог Францын хувьсгалыг эхлүүлж 100 жил үргэлжилсэн юм. Наполеон Европыг тэр чигээр нь хаант засгаас нь чөлөөлсөн учраас түүний нэр төр өдий болтол нэр хүндтэй байдаг. Тэр ард иргэдтэй биш тэднийг дарангуйлж байсан Хэмжээгүй эрхт хаадтай байлдаж иргэдийг чөлөөлсөн юм. Баруун европ чөлөөлөгдсөн ч , зүүн европт буцаад л хэмжээгүй эрхт хааныхаа мэдэлд орсон. Одоо ч энэ хөгжлийн ялгаа харагддаг. Англид гарсан хүний эрхийн цог хүн төрөлхтний түүхэнд байгаагүй том амжилтыг араасаа дагуулж уурын хөдөлгүүр, оёдлын машин бий болж аж үйлдвэрийн хувьсгал, эрин эхэлсэн билээ. Өөрийн зохиосон бүтээлээрээ мөнгө олох боломж нээгдсэн учраас бүгд чадах чинээгээрээ зохион бүтээх ажилд орсон нь энэ байлаа. Өмнө нь хаанд таалагдаагүй бүтээлийн эзэн шууд цаазын тавцанд очдог байв. Иргэд боловсролтой, ухаантай болчихно гэж хаад болгоомжилж байсан юм. Ингэж иргэд хуулиар хамгаалагдах болсон. Аж үйлдвэрийн хувьсгалаар хүмүүс мөнгөтэй тогтмол орлоготой болж, ажлын цагтай болж улмаар чөлөөт цагтай болсон юм. Ингэж 1850 оноос хойш спортын бүх холбоодууд 50-хан жилийн дотор бий болж, дундын наадам болох Олимпыг хүртэл санаачилсан юм. Мэдээж аж үйлдвэр хөгжсөн улсуудын санаачилгаар. Улмаар 1776 онд АНУ байгуулагдаж Үндсэн хууль ямар чухлыг харсан. Бид нар л тоохгүй байгаа болохоос хэмжээгүй дарангуйлагчаас хүн бүрийн эрх тэгш хуулийг бий болгох нь тухайн үедээ асар том ололт байлаа.
1868 онд хааны эрх мэдэл билэг тэмдэг төдий, түүний ард Токугавагийн гэр бүл Япон улсыг хэмжээгүй эрхт засаглаж байв. 1600 оноос хойш засгийн эрхийг барьсан Токугавагийн гэр бүлийн дор Япон улс туйлын ядуу зөдүү байсан юм. Токугавагийн мэдэлд хараахан ороогүй Сацума овгийн бүс нутаг өмнөд зүгт байрладаг автономит эрхтэй, бүр гадагшаа бие дааж худалдаа хийдэг байжээ. Овгийн тэргүүн Окубо Тошимичи нь Тоса болон Хидзэн овгийн удирдагчдыг өөрийн талд оруулж Токугавагийн удмыг эрх мэдлээ хязгаарлаж хаанд хуучин хэргэмийг нь өгч гэхдээ эрхийг нь хязгаарлаж парламентийн засаглалтай болох эхлэлийг тавьсан юм. Эрс шийдэмгий шаардлагад иргэний дайн гарахаас сэргийлж Токугавагийн удмыг эрх мэдлээ шилжүүлэхийг санал болгоход азаар зөвшөөрсөн юм. Ингэж Япон улс
- Дээд, доод гэсэн хууль тогтоох хоёр танхимыг байгуулж, төрөөс хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг нийт олонхийн санаа бодлыг үндэслэн шийдвэрлэх
- Эзэн, язгууртнуудаас болон ард иргэдийн дундаас эрдэм чадлаар шалгарсан хүнийг зөвлөлийн гишүүн болгох
- Нийт олонхийн саналд үндэслэн зохих хууль журмын дагуу гадаад асуудлыг шийдэх гэх мэт илүү ардчилсан засаглал руу шилжсэн байна. Ингэж Японы их үсрэлт буюу Мэйжигийн эрин эхэлсэн түүхтэй. Гэхдээ Токугавагийн удмынхан эргэж босож магадгүй гэж үзсэн учраас газар нутгийг нь хураан авч иргэний дайн дэгдэж 1 жилийн дараа Токугавагийн удам бүрэн ялагджээ.
Эдгээр түүхүүдээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр хүн төрөлхтний хурдацтай хөгжлийн зам парламентийн засаг үүссэн эдгээр улсуудаас гадагш тарж, тэр хүрээ одоог хүртэл тарсаар байгаа юм.
Ном хэвлэвэл хүмүүс ухаантай болоод бослого гаргана, төмөр зам тавьбал хүмүүс хүссэн газар руугаа дураараа зорчиж бослого гаргана гэж үзэж байсан Осман болон Оросын хаант засаг цагийн эрхэнд унаж мөхсөн бөгөөд баруун европоосоо хөгжил цэцэглэлтийн хувьд асар хол хоцорсон байлаа. Тэнд төмөр зам тавигдаж хүмүүс хүссэн номоо уншиж байсан юм. 1917 онд Хаант оросыг унагасан большевикууд нэрийг нь өөрчлөөд коммунизм, социализм нэртэй өөр нэг төрлийн хэмжээгүй хаант улсыг үргэлжлүүлсэн юм. Германд нацизм, Италид фашизм бий болж, Япон ч эзлэн түрэмгийлэл рүү орсон байдаг. Гэвч тухайн үеийн засаглалын хэлбэр нь азаар ялагдсанаар хүн төрөлхтөн парламентийн засаглал, ардчиллаа хадгалж үлдсэн юм.
Солонгосын хойг, Вьетнамд болсон дайн хоёр системийн дайн. Орос, Америк л гэж хараад байгаа болохоос үнэндээ Нэг нь парламентийн засаглал, Нөгөөх нь "хэмжээгүй эрхт хаант" засаглалын тулаан. Бид хэмжээгүй эрхтийг нь Зөвлөлтийн дор дагасан боловч 1990 онд сайн дураараа татгалзаж нөгөө тал руу нь орсон. Үнэндээ дарангуйлал ялах уу, хүний эрхийг дээдэлдэг тал ялах уу л гэдэг тулаан. Өнөөдөр Өмнөд болон Хойд Солонгос үүний сонгодог жишээ болжээ. Хэрвээ Вьетнам хоёр хуваагдсан бол өнөөдөр Өмнөд Вьетнам асар өндөр хөгжилтэй улс байхыг үгүйсгэхгүй. Мэдээж Парламентийн засаглал, ардчилалд буруу зөрүү дутагдал бий. Юмыг олон талаас нь боддоггүй хүмүүс Парламентийн засаглалыг дэмжиж чаддаггүй гэж боддог. Яагаад гэвэл тэнд хүн өдөр бүр хоол идэж биеэ арчилдаг шиг олон арчилгаа, хариуцлага хэрэгтэй байдаг. Мангастай тулалдахдаа өөрөө хүртэл мангас болохгүй байх ёстой этик бий. Манайхан бол дөнгөж учраа олох гээд ядаж буй манай ардчилал, парламент болон өөрсдийн хэдэн улс төрчдөөрөө төсөөлөөд бдаг талтай. Парламентийн засаглалтай улсууд дотор ч гэсэн төрийн эрхийг авах гэсэн хоёр хуваагдмал нам болон эрх баригчид бий. Коммунист намууд ч байдаг. Азаар тэр төрлийн намууд ялвал ямар аюултайг Хитлерийн ардчиллаар сонгогдож гарч ирсэн үе харуулдаг. Парламентийн засаглал сайн зүйл бөгөөд дагалдах муу зүйлийг нь янзалж, засаад явах ёстой. Барууныхан өөрсдөө ингэдэг тэгдэг гэдэг хүмүүс энэ ялгаануудыг сайн ойлгодоггүй юм болов уу гэж боддог. Дарангуйлагчийг болохгүй гээд эсэргүүцэхээр барууны тал гэж ойлгодог хүмүүст хэлэхэд баруундаа биш эрх зүйт төр, парламентийн засаглал, хүний эрхийн талд байдаг юм шүү гэдгийг хэлье.
Өнөөдөр бидний хуваагдал үзэл бодлын маргаан яг энэ дээр болж буй. Дарангуйлагч төрийг дэмжиж буй хүмүүс манайд харьцангүй цөөрч байгаа ч энэ хүмүүсийн онцлог нь өөрийн хүсэл, үзэл бодол болон хийж буй үйлдэл нь зөрж байгаагаар харж болно. Хойд Солонгос, Куба, Орост очиж амьдрахыг хүсэхгүй мөртлөө тэдний тогтолцоо, удирдагчдыг дэмждэг. Үг үйлдэл хоёрын зөрүүгээ ялгадаггүй учраас ойлголцох боломж тун хэцүү тийм хүмүүс бий. Асуудлыг системээр харж чадахгүй болохоор ялихгүй хэдэн шалтаг гаргаж ирээд Оросын зөв ч гэж ойлгодог. Энэ дунд боловсролтой, баруунд сурсан амьдардаг нөхдүүд ч байх шиг. Нэг талдаа ойлгоод байгаа юм шиг нөгөө талдаа ойлгоогүй байдаг.
Орос, Украины асуудал бол том зургаараа дарангуйлагч болон парламентийн засаглалын тулаан юм. Украин ардчиллыг хүсэж байгаа учраас ардчилсан улсууд дэмжиж байгаа нь Ирак, Сири, Афганистанаас өөр юм. Тэнд дарангуйлагчид байсан, дотроо асар том зөрчилтэй байсан. Мэдээж аль алинд нь сайн муу байгаа, тэрийг тоочвол дуусахгүй. Гэхдээ дарангуйлагч ялвал яах вэ? Дараагийн улсаа эзэлнэ. Зогсохгүй. Хятад ингэж болох юм гэдэг мэссэж авна. Хойд Солонгос өвчигнөнө.
Дэлхийг овоо томоор бүрхээд байгаа ардчилалд асуудал бий. Гэхдээ үүнээс сайн засаглалыг хүн төрөлхтөн олоогүй байгаа. Буцаад хэмжээгүй эрхт хаант засаглал руу шилжвэл хөгжил, тайван амьдрал, таны эрх, эрх чөлөө аажимаар хумигдана. Шууд хэлэхэд удирдагчаа ардчиллаар хүссэнээрээ сольж чаддаг улсад дэлхийн хамгийг хүчтэй зэвсэг, технологи байгаа нь сайн зүйл шүү. Орос, Хятад, Хойд Солонгос мэт өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй улс бсан бол ийм энх тайван ч дэлхийг бид харахгүй л болов уу! Дээр нь хоёр том авторитар улсын дунд ардчилал мандуулж буй бид үнэхээр гайхамшиг шүү.
MONGOLIA NEWS
Зочин
Зочин
зочин
zaluu
Зочин
Т
зочин
Зочин
Эрдэнэбаяр