“Дарьгангын хамгийн алдартай дарханы хийцийг алмайран харж байгаа хүүхэд шиг л би түүнийг уншдаг” гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” номын өмнөтгөлд нэгэн нийтлэлч бичжээ. Монголын сэтгүүл зүйд сийлсэн үг бүр нь жинтэй тусдаг энэ хатагтай мэргэжлийнхээ жинхэнэ брэнд. Тиймээс Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн энэ өдрүүдэд түүний үгийг шил дагасан шагнал урамшил, алга ташилтаас илүү  “МНӨ” онцолж байна. Бидний “өрх гэрт” тоос тортог байвал бид л гараараа нямбайлан цэмцийлгэх ёстой. Энэ үүднээс хүнд хүчир талбартаа 20 шахам жил зүтгэхдээ халуун хүйтнээс нь халгаж яваагүй, сэтгүүлч алдраараа даруухан гоёдог түүнтэй ярилцахаар зорьсон юм. 

-Таныг хоргоосон дээрээ асууж авах, хөндөх сэдэв цөөнгүй байна. Та бидэнд зав гаргаж болох уу?
-Уг нь ярилцлага хийчихмээр сонин, амтлаг хүмүүс цаагуур чинь байгаа шүү дээ. Гэхдээ сонин юм. Би бас ярилцлагын зочноороо хэнийг урихаа мэдэхгүй бодоод л, хайгаад, бараг мухардах тийшээ орчихоод байгаа шүү дээ. Чи бас тэгсэн бололтой. Түүнээс биш би тайз дэлгэцийн юм уу, улс төрийн, эсвэл бизнесийн од биш шүү дээ. Миний яриаг салбарынхан маань, зарим уншигчид маань л сонирхох биз. Гэхдээ би танай сонинд дуртай. Бүр дээр үеийн дугаарууд чинь үнэхээр супер гардаг байсан шүү. Одоогийн зарим сэтгүүлүүдийн суурь фундам танай тэр үеийн стилтэй асар их холбоотой. Өнөөгийн дүр зургаар долоо хоног тутмын сонинуудаас ямар ч өрсөлдөөн харагдахаа байсан. Бүгд нэг түвшинд, бараг ижил мэдээллүүд цацдаг. Ур чадварын тухайд ялгарах ялгаа байхгүй болжээ гэж би хардаг. Харин фото сурвалжлагаар танайх сайн. Улам л сенсаациараа, фото сурвалжлагаараа, байр сууриараа, бичиглэлийн ур чадвар, харуулах өнцгөөрөө, хэвлэн нийтлэлтээрээ ялгарахын төлөө зүтгэх хэрэгтэй. Хориод жил тэсч, туулж ирсэн хугацаа гэдэг бол зүгээр нэг амийг нь тасалчих зүйл биш шүү дээ. Хүний амьдралын 20 жил юу билээ. Энэ утгатай дүйж хайрлах хэрэгтэй. Долоо хоног тутмын сонинуудын алтан үе өнгөрч, зүгээр л урсах болсон нь тэдний лидерүүд үндсэн юмнаасаа холдож одсонтой холбоотой байх. С.Баярмөнх, Р.Даваажав, Р.Хадбаатар, Н.Билгүүн, танай Зоригоо Баяраа хаачив. Энийг би хэвлэл мэдээлэл, тэр дундаа сонинд амьдралаа өгсөн хүний хувьд хайрлаж харамсахдаа л хэлж байгаа юм.   

-Хааяа та утсаа авдаггүй. Бичдэг, боддог,ярилцдаг хүний ажил завдал өгдөггүй байх л даа. Нийтлэл ярилцлагуудаас чинь харахад заримдаа ч өөртөө амсхийх дур зорго олгож, эрх чөлөөгөө өмчилмөөр санагддаг шиг?
-Би үнэхээр утсаа авах дургүй. Би найз нөхөд дотны хүмүүстэйгээ мессежээр харьцах дуртай. Надад утас шиг ядаргаатай юм алга. Сая Японд шинжилгээ өгч  хагас сар яваад ирлээ. Өвдөхөөс бусад үед яасан амар амгалан, элдэв дарамт, утасны дуу байхгүй гоё байв аа. Бүр ирмээргүй санагдсан. Ганцаараа байгаагүй удсан байна. Хэдэн сайхан ном уншлаа. Г.Мэнд-Оёо гуайн “Гэгээнтэн”-г уншлаа. Дулдуйтын Равжаа, Дорнын говь хоёрын супер реклам болжээ. Ер нь бол Г.Мэнд-Оёо өндөрт зогсч байгаа зохиолч юм байна. Бас би Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”-ыг уншлаа. Урьд нь яагаад ч юм энэ нөхөр ч дээ, уран зохиолд падлий байхгүй хүн юугаа л бичиж шалихав гээд тоомсорлоогүй. Сая уншлаа. Гэтэл уран зохиолын тоосонд насаараа алхаж байгаа мань мэтийн хийгээгүйг л хийж. Дараа дараагийн уран бүтээл нь улам л сайжрана шүү дээ. Манай түүх хэсэг хэсгээрээ өөрөө уран зохиол шиг, манай ард түмэн өөрөө уран зохиолын асар их өгөгдөлтэй ард түмэн юм байна. Тэрийг бид өөрсдөө алхам алхмаар урлагтаа ашиглаж, урлагаар дамжуулж дэлхийн зах зээл рүү шидэх хэрэгтэй. Үнэхээр би Ц.Оюунгэрэлийг өөртөө шинээр нээсэн. Манай сонины нийтлэлч Х.Бүрэнтогтох надад хэлдэг. Ганаа чи өөрөө барьж аваагүй л байна шүү дээ. Тийм байж оролдлого хийж байгаа хүмүүсийг хүндэтгэ гэж.  
 
-Өглөө босоход өнгө өнгөөр даллах гайхам сайхан хорвоо,үдэш болоход гойд юм юу ч таараагүй бодогдох эгэл жирийн амьдрал...Бид бие биедээ аймшигтай хайргүй болжээ. Бидний амьдрал нэгийгээ дэгээдэж унагах, дэвслэх тал дээр сүрхий дадлагажаад явчих шиг харагддаг” гэж сарын өмнөхөн бичсэнийг тань ухаж ярилцмаар санагдаад?
-Би хааяа яруу найргийн тухай, ганцаардлын тухай эсээнүүд бичдэг. Нэг их сүртэй юм биш л дээ. Гэхдээ миний уншигчид их сайн хүлээж авдаг. Эсээ, дурдатгал, урлаг уран сайхны сэдэвтэй шүүмж бодролууд бичих нь сэтгүүлчийнхээ хувьд өөрийнхөө нэг талыг харуулж, улс төр, нийгмийн сэдвүүдээс түр ч атугай хөндийрөх сайхан боломж болж өгдөг юм. Нөгөө талаас зүгээр нэг хуурай нийтлэлээр элдэв ёс суртахууны тухай гажуудлуудыг хэлэх, иймэрхүү хэлбэрээр хэлэх хоёр ач холбогдлын хувьд ялгаатай. Зөөлөн хэлээр аяархан, наалдуулж хэлэх нь заримдаа давуу санагддаг юм.   

-Таны “Аав бид хоёр” шинэхэн ном уншигчдын гарт очоод удаагүй байна. “Goodbye my love” номоос хойш гарч байгаа энэ уянгын нийтлэлүүдээс  дотроо жинхэнэ уудалж, сэтгэлээ эмхэрч чагнаж бичсэн тань амтагддаг. Тиймээс ч яарч хуйлалгүй өдий хүргэсэн болов уу?
-Би өөртөө хайргүй ч юм шиг амьдарч яваа хүн л дээ. Уг нь хөрөнгө оруулагч олоод номуудаа хийгээд, телевизийн урлагт хийхийг мөрөөддөг, уран зохиолд хийхийг мөрөөддөг зүйлс рүүгээ анхаарал хандуулж болох л байсан. Даан ч надад нэг тийм адгасан, тачаасан, юм руу дайралсан зан байхгүй. Их залуудаа энэ салбарт танигдаж, уншигчдынхаа дунд нэрд гарч, хайрлуулж хүндэтгүүлсэнтэй холбоотой биеэ тоосон зангаасаа ч болдог байх. Би одоо магтаал зэмлэл, хараал ёрөөлийн алинд ч ач холбогдол өгдөггүй. Надад миний мөрөөдөл л чухал байна. Миний номыг Непко компанийнхан хийж өгсөн. Бид тэдэнд үнэхээр баялаж байна. Бас Артаньянд талархаж байна. Дараа үеийнхэн дотроос миний унших дуртай нийтлэлч. Тэр өмнөх үгийг нь бичсэн явдал миний хувьд бөөн стил, бөөн сэтгэл ханамж.   

-Амьдралын хамгийн том кайфуудын нэгийг та сайхан ном уншиж дуусгаад гайхалтай хуудсуудыг нь ахин имрэх. Энэ жаргалыг юутай ч зүйрлэшгүй гэж бичсэн байдаг. Улирал солигдох шиг урин мэдрэмж төрдөг гэл үү? Энэ хавар таньд хэрхэн ирэв ээ?  
-Ном л уншиж байна. Непкогоос гаргасан Мао-г дуусч байна. Бас “Ленин”-ийг уншлаа. Би ийм хэлбэрийн номуудад аягүй дургүй байсан. Гэтэл одоо намтар зохиолууд, баримтат зүйлст илүү татагдаад байдаг болчихсон. Мэргэжилтэй маань холбоотой юм уу, бүү мэд. Үнэндээ би хүмүүстэй уулзахаа больсон. Надад ном унших, цуглуулж ирсэн кинонуудаа үзэхээс өөр аз жаргал алга. Нээрээ шүү. Өөр жаргалтай юм үнэхээр алга. Би сонины шуугиант амьдралд өөрийгөө зориулж яваа хүн. Сүүлдээ бүр дүрдээ итгээд сонины мануухай болох гэж байна. Тийм болохоор би ойрын үед ямар нэгэн шийдвэр гаргана. Би нээрээ өөрийнхөө хэмжээнд дүйсэн гэрээ ч байхгүй “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байгаа. Цэвэр сэтгэл зүрхээрээ. Угаасаа Б.Ганболд эрхлэгч сониноо алдчихаад шинээр эхэлж байхад би ирэхгүй гээд яахийн. Одоо харин ажиллах урам зориг дуудсан, миний чадах, гоё төсөл байвал би ажиллана. Өөрөө сайт нээнэ. Сэтгүүл ч хийж үзмээр байна. Кино, уран зохиол руу би хөл тавихыг хүсч байна. Сониндоо би хайртай л даа. Яг өнөөдөр бол би хамгийн гоё өрөөнд, хамгийн эгэл биш хүмүүстэй хамт сууж, өрсөлдөж, үзэл бодлоо хуваалцаж, хөглөгдөж амьдарч байна. Баасанжавын Ганболд, Баарангийн Пүрэвдаш, Бямбын Ерэнтэй, Хайнжамцын Бүрэнтогтох, О.Содномпил нар бол хамгийн стандарт биш улсууд ш дээ. Хамгийн гоё хүмүүс. Тэр нөхдүүд бол миний хамгийн хайртай хүмүүс. Тэдэнтэй учирснаас хойш би Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат хоёрыгоо ч бараг мартсан. 

-Монголын сэтгүүл зүй хэдхэн хоногийн өмнө 100 жилийнхээ ойтой золголоо.”Армийнхаа” баярын хурал, гавьяа шагнал, алга ташилт зэрэгт та яагаад дуу хоолойгоо гаргаж, огт харагдсангүй вэ?

-Надад сэтгүүл зүйн байгууллагуудаас нэг их урилга ирдэггүй. Би ч тэдний элдэв юманд хутгалддаггүй. Зүгээр хаа нэгтэй нь, нэгэн цагийн үеийн түүхэнд нь миний нэр том үсгээр биш ч бичигдэн үлдэх нь тодорхой. Би ярилцлагын төрөлд юм хийсэн. Үүнийг судлаачид нь баталдаг. Өөр надад дош алга. Би дош болгон дээр туг хатгах гэж өөрийгөө золих хэмжээний тэнэг нь биш. Одоо оролдвол сонины хөрөг нийтлэлд хүчээ соривол сорих юм. 100 жилд 100 топ сэтгүүлч төрсөн гэж үү. Би энэ мэт л гажиг юм л бодож өнгөрөөсөн ш дээ. Надад маш олон мессеж ирсэн. Ерөнхийдөө өвдөөд байгаа болохоор тэр болгонд хариу бичих боломж байсангүй. Манай сэтгүүл зүйд асуудлууд байгаа. Бараг улс төрөөс илүү асуудалтай салбар болчихоод байгаа нь үнэн. Юун түрүүн бид мэргэжлийн идеалаа алдаж эхэлж байгаагаа ярих хэрэгтэй. Сэтгүүл зүй зүгээр л эрээвэр хураавруудын орж ирж тоглодог, тодордог, талдаг салбар болчихоод байна шүү дээ. Та нар сайн хар. Асуулт биш асуулттай, хариулт биш хариулттай нэвтрүүлгүүд дүүрэн. Хэлбэр нь болохоор телевизийн шоу нэвтрүүлгийн хэлбэр, донж стил харагдаад хөгжөөд байдаг. Гэсэн хэрнээ зүгээр л халил, энэ мэргэжлийг үл тоосон хэгжүүрхэл дүүрэн уран сайханчдын ажлууд эфирийг дүүргэж байна.  Болоогүй тэр гадныхан шууд манай ажлуудыг мөнгө болгож байна. Хар л даа. Улс төрийнхнөөс захиалгыг нь аваад л ичих ч үгүй бүлт бүлт, нөгөө хоосон чанар гэдэг шиг алсын, тэнгэрийн гэмээр хийсвэр асуулт маягийн юм хаясан болоод л цаадуул нь ирж сууж зорилгоо хийчихээд л инээгээд гараад явцгааж байгаа нэвтрүүлгүүд дүүрэн байгаа биз дээ.  Гэтэл манайхан намайгаа л интернетийн comment-оор алах дэвслэх гутаах ажилд цагаа зориулж байдаг шүү дээ. Одоо тэд бүр давраад “Энэ сэтгүүлчдийг яах вэ, яаж цэгцлэх вэ” гэчихсэн ярилцлага өгөөд толгойгоо сэгсрээд сууж байна. Энэ юу болж байна вэ. Толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Эрэмбээ, нэр хүндээ олж авах, муусайн зуйвар луйвар юмнуудыг хуу шахаж гаргах хэрэгтэй ш дээ. Хөөе хөөе найзуудаа, та нар одоо даварч байна аа, та наад хийж байгаа юмныхаа онолыг мэдэх үү, наад мэргэжлийг чинь хүн 10-15 жилийн хөдөлмөр зүтгэлээ шингээж байж сая нэг юм эзэмшиж мэргэшдэг юм ш дээ гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Телевизийн эфир бол дурын эмэгтэйн ирж уйлдаг, эсвэл тачигнатлаа инээдэг талбар биш гэж би бодном. Мэдэхгүй юм даа, миний багш нар, ерөнхий эрхлэгч нар, үе үеийн лугууд тэгж л зааж ирсэн.  Одоо эзэд нь юмаа мэддэг харгуй руу жирийгээд орчихсон болохоор мөнгө л олж байвал салбар талбар маань яаж талхлагдах сонин биш болсон байх л даа. Нөгөө талаас бид мэргэжилдээ эрэл хайгуул хийхээ больж. Ажилдаа аймаар хайргүй болсон байна. 

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би уншсан. Надад тэр “Сэтгэлийн байгаль чинь бохирдчихсон юм биш биз дээ. Өөртөө бүтээгдчихсэн байгаа дүрээсээ нэг гарч салж харах хэрэгтэй. Мундаг сэтгүүлч, мундаг хүн гэдэг дүрээсээ. Өөрт байгаа эрхээ дэндүү эдлээд байгаа юм биш биз дээ. “Би л бичдэг, би л үзүүлдэг” гэж түүгээрээ далайлгаж, түүнийгээ зэвсэг болгоод ашиглаад байгаа юм биш биз дээ. Тийм муу ёс зүй, тийм муу соёл таны сэтгэлийн байгаль дотор чинь, таны сэтгэл дотор бий болчихсон юм биш биз. Нийгмийн сэтгэлийн байгалийг бүтээдэг хүмүүс өөрийнхөө сэтгэлийн байгаль руу өнгийчихэд ерөөсөө болохгүй юм байхгүй. 100 жил дээрээ нэг өнгийж  харах хэрэгтэй” гэсэн үг их таалагдсан. Ер нь бүхэлдээ түүний хэлсэн үг сэтгүүлчдэд хандсан аймаар том “урок” болсон л доо. Эрх маань үнэхээр хэн ч биш юмнуудын гарт шилжиж, тэр зэвсгээр юу дуртайгаа хийж байдаг болсонд гол харламаар байгаа нь үнэн. Нөгөө талаар уншигчийн боловсрол, уншигчийн соёл талын асуудлууд бидэнд ямар том дарамт болж байгааг бас шударгаар хэлэх хэрэгтэй. Нийгмийн сайн сайхны төлөө ганц ширхэг тоосго тавиагүй, өдөржин жиргэхээс өөрийг хийхгүй суудаг нөхдүүд бидэнд дүн тавьж, доромжилж, туулж ирсэн амьдралыг маань гутаахыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Хариу хүндэтгэл илэрхийлж чадахгүй шүү, уучлаарай. Олон жил хараал жатга, дарамт шахалт, доромжлолын дундуур явж ирсэн. Энэ хангалттай. Өөрөө хүйтэнд хөрч, халуунд халж, цагдаа шүүхээр байнга дарамтлуулж, утас шөрмөс юу л байна дайрч байдаг, айлгаж ичээх гэж байдаг энэ амьдралаар хэдэн жил амьдарч үзсэн юм бэ. Хэнээс айхгүй явж тэмцэж, бичиж, тэрсэлж амьдарсан бэ. Энэ асуултад хариулах ч бололцоогүй олон хүн сэтгүүл зүйгээр мандаж, дарга даамал, судлаач юу юу ч гэнэв болцгоож явах юм даа хөөрхий. Ийм юмнуудыг би зүгээр л хөөрхийс гэж боддог.    

-Шинэчлэлийн засгийн хэвлэлүүдэд тавьж байгаа  коммент, кабелийн тв-үүдийг хаах гээд дараалсан цензур шахалтууд ч энэ баяраар давхцан оволзлоо.Ар араасаа гал авалцуулж буй энэ орчны тухайд та юу хэлэхсэн бол?
-Баяраар маань өөрсдийн маань толгойг аваад царан дээр тавиад явуулсантай агаар нэгэн зүйл болсон юм даг уу даа. Би Л.Мөнхбаясгалангийн ярилцлагыг уншлаа. Үнэхээр бид өөрсдөө эдийн засгийн хувьд хүчирхэг болж байж л дарамтаас гарах юм байна. Ялангуяа сонин хэвлэл, телевиз, сайт эрхэлж байгаа хүмүүс. Миний хувьд насаараа л хүнд ажиллаж байх зурагтай бололтой. Надад гэр орон, үр хүүхдээс маань өөр өөрийн гэсэн юм алга даа. Төрийн төв хэвлэлээс ажил амьдралын гараагаа эхэлсэн маань ийм маягийн амьдрал руу хөтөлчихөж . Тэрнээс биш би авъяас чадлаар дутаагүй байлгүй. Нэр хүндээр гологдоогүй биз. Миний зан чанарын тухайд бас баахан зохиол домог явдаг юм шиг байгаа юм. Ааштай, хүнтэй таарамж муутай энэ тэр гэсэн. Би энэ талаар харин ч ханилгаатай, нуруутай хүн. Ганцхан би дарамтлуулах дургүй. Хүн намайг дарамтлах гээд л эхлэвэл би гөжөөд л унадаг. Тэсэрдэг, шатдаг. Хариуд нь үсийг нь бостол хэлчихдэг. Үзэлцэнэ. Намайг байгаагаас минь өөрөөр харах, гүжирдэх зэрэгт би үнэхээр тэсвэргүй хариу барьдаг. Одоо тайван, ардаа юм бодож үлдээд, сэтгэлээ юунд ч өгөхгүй явж сурах хэрэгтэй болж байх шиг байна.   

-Намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний хууль ч бүтэл ололгүй өнгөрсөн нь эрх баригчдын олон хүсэлт шахалтаас үүдсэн. Энэ тохиолдолд бид өөрсдөөсөө шалтгаалсан юуг хийж чадах вэ?
-Бид лобби бүлгүүд болж хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал. Лобби гэдгээ шантааж руу харин чирээд давхичихаж болохгүй л дээ. Би болж буй үйл явдлуудын араас нэг л үг амандаа хэлсэн. Огт оролцоогүй.

-Ямар үг?
-Ийм сул бардаак сэтгүүл зүйгээс хэн айх вэ дээ гэж. 

-Таны энэ засгийн өнгөнд бичсэн улс төрийн нийтлэлүүд сайныг ч, мууг нь ч  эн тэнцүүхэн дүгнэж байгаа. Гэхдээ та “Өдрийн сонин”-д байхын ардчиллыг хөхиүлэн дэмжигчийн хувьд энэ удаагийн Ардчиллынхны “төрх”-ийг бол өөрийнхөөрөө харж сэтгэгдлээсээ яриач?
-Бид төв байж сурмаар байна. Аливаад шударга дүгнэлт хийх, голтой байх, ямар нэгэн савалгаагүй байх нь тоймч хүнийг авч явах үндсэн шинж. Өдрийн сонины анхны дугаар гарахаас эхлэн зүтгэсэн миний он жилүүд ч, тэр үеийн ардчиллын он жилүүд ч одоо тэр үеийнхээр нь хадгалах бололцоогүй болсон. Энэ нь амьдралын өөрийнх нь жам юм даа. Надад улс төрд танилууд олон бий. Тэдэн дотор төрөл арилжтал хувирсан хүмүүс ч бий. Хэв хэвээрээ явж байгаа үнэ цэнтэй хүмүүс ч бий.  Ер нь бол бүх юмны нуруу хувь хүний мөн чанар дээр л тогтож байдаг. Улс төр ч ялгаагүй. Хайр үзээгүй өссөн асрах газрын хүүхдүүд шиг өсч том болоод юм юмнаас хүртэх гэж аргачлал нь ямар ч хүний үнэргүй үйлдэл байсан нүдээ аниад хомхойрон дайрч байгаатай тун төстэй байдал ний нуугүй хэлэхэд харагдаж байна. Гэхдээ энд асрах газрын хүүхдүүдийн нэр төрийг би гутааж байгаа юм биш шүү. Зүгээр яг одоо илүү зүйрлэл санаанд орж ирэхгүй байна. Нөгөө талдаа ийм төрх байдал ардчиллын нэг, хоёрдугаар эгнээнийхнээс биш тэрний доод, доодын доод эгнээнийхнээс илүү харагдах юм. Арга ч үгүй байх даа бүхэл бүтэн нэг үе гудамжинд тэнэсэн улс. Та нар төрийн дунд, доод шатны албан байгууллагуудаар нэг ороод хараарай. Ямар ч хэв шинжгүй сонин нөхдүүд ширээний ард тод тод өнгийн зангианд дүүжлэгдчихсэн сууж байгаа. Гэхдээ урьд нь илүү сайн байсан гэсэн үг бас биш л дээ. Урьд нь лагс лагс торхнууд амьсгаа өндөр л сууцгааж байдаг байлаа. Тэдний зангиа нь хоолонд орохдоо яслын хүүхдүүдийн хүзүүндээ зүүдэг нэг хүзүүвч маягийн юм байдаг даа.  Тиймэрхүү л харагддаг байсан сан. Том том машин унасан, дугарч ядсан хар шилтэй нөхдүүд яруу алдарт намын байрны гадаа хөдөлж ядан буугаад л. МАН-ын залуучууд нь бүр яг араас нь арай багасгачихсан мини нөхдүүд бууж ирдэг байсан. Аймаар хорон пацаанууд. Тэд бол баллана даа. Би ганц нэг хуурай дүүтэй. МАН-д ажилладаг. Ёстой хуруу дарам нэг хоёрхон гайгүй залуу бий. Бусад нь бол зүгээр л хорт шавьжнууд. Би нээрээ өөртөө бодогддог нэг юмыг хэлэх үү.

-Хэл л дээ?
-Надад гудамжаар алхаж яваа улстөрч хүн аягүй гоё харагддаг. Ордноос хойшоо гараад цувныхаа хормойг хийсгэчихсэн алхаж яваа тийм дүр төрхөнд би хайртай. Тэгээд таарсан ганц нэг хүнтэй зогсож буу халсан шигээ явж байгаа. Сүүлийн үед тийм зураг алга болсон. Яагаад вэ. Айх юмтай болсны шинж. Гадаа зүгээр алхах нэр нүүргүй болсны л шинж шүү дээ. Гоё эрдэмтэд, том зохиолчид гудамжинд алхаж явах нь ямар гоё харагддаг гээч.  
  
-Та засагт хамтраад байгаа “ Шударга ёс” эвслийн зарим гишүүдийг төрд шургалсан гудамжныхан гэж бичсэн. Хариуд нь таньд ямар нэгэн шум сонсогдсон уу?
-Гудамжны тэмцэл, гудамжны тэмцэгч гэх тэр нэр томъёог би зохиогоогүй л дээ. Тэрийг өөрсдөө ч мэдэж байгаа. Надад тийм юм мэдэгдээгүй. Ихэнхи нь намайг сайн мэднэ. Хүний маань хувьд ч, сэтгүүлчийн маань хувьд ч. Тэнд нэг их хатуу хорсол юу л байв гэж. Би чинь Ж.Батзандан, О.Магнай эд нарт талбай дээр очиж өдрийн цалингаа хандивлаж явсан хүн шүү дээ. Шүүмжлэхдээ шүүмжилдэг. Хайрлахдаа хайрладаг. Ямар ч байсан эргээд уулзахад та намайг сүнсгүй алсан шүү гэж гомдоллох юм би хийгээгүй.  Тэд ч тэгж хэлж байгаагүй.  

-“Ярилцья” булангийн эрхэм зочдын дотроос МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь хэвлэлд өгч байгаагүй дэлгэрэнгүй яриаг таньд дэлгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дүр зураг, прогнозын талаар таниас асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Харвардаас ирсний нь дараа иймэрхүү хэмжээний ярилцлага би авч байсан л даа. Би Ерөнхийлөгчийн тухай нийтлэлээрээ олонтаа бичдэг. Тоймчийн хувьд хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг нь уншиж судалж тойм бичдэг. Одоогоор нэр дэвших нь тодорхой болсон хамгийн хүчирхэг өрсөлдөгч Ц.Элбэгдорж байна. МАН буюу нөгөө талд буй хамгийн хүчирхэг блокоос одоогоор түүнтэй өрсөлдөөд ялах магадлалтай лидер харамсалтай нь харагдахгүй байна. Бусад хүчнүүдээс ч мөн адил. Зүгээр аймшигтай том өрсөлдөөнийг үзүүлж чадах, түүнийг чардайлгаж чадах хуруу дарам хэдэн лидер улс төрд байгаа. Гэвч тэдний зарим нэг нь хүсэхгүй, зарим нэгэнд нь бололцоо байхгүй байна шүү дээ. Харин бүр жижиг түвшний улстөрчид дотор мөрөөдөлтэй хүмүүс цөөнгүй байх шиг байна. Улс төр сонирхогчид бол янз бүрийн л таамаглал дэвшүүлэх юм. Одоогийн Ерөнхийлөгчийг унана гэх хэсэг байхад тэр зүгээр л нэг их хүч хаяхгүй ялна гэх хэсэг ч байна. Ярилцлагын тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авах нь нэр төрийн хэрэг. Аль ч улс оронд, аль ч сэтгүүл зүйд зүгээр л нэр төрийн хэрэг.  

-Та яагаад Twitter, Fasebook-т нэгдэггүй юм бэ. Уг нь та бол жинхэнэ жиргээчин байхаар хүн биз дээ ?

-Намайг зүгээр л ажлаа хийж байхад зарим жиргээчин уурлаж ундууцаж хэлэлцүүлж сүйд болдог л юм билээ. Би жаахан зав муутай, бас бие муутай хүн шүү дээ. Гэхдээ тун удахгүй нэгднээ. Би ямар хүн алж хүрээ талсан биш, надаас болж ямар ч засгийн газар огцорч, онгоц осолдож, зуд турхан болж байгаагүй биз дээ. Тийм болохоор нэг их айж эмээгээд байх юм алга. Comment-оор бол намайг их л давшлах юм билээ. Гэхдээ заримдаа яанаа ажил хийдэг хүн ер нь байна уу гэх сэтгэгдэл төрдөг юм.

-Хамгийн сүүлд таныг гуниглуулсан юм юу болов ?
-Миний нэг анд шоронд хоригдож байна. МИАТ-ын Б.Эрдэнэбилэг. Олон жил сайхан нөхөрлөж явсан дурсамж бидий дунд бий. Эрдэнэбилэг бол эргээд шоронд орохоо мэдэхгүй жаалах хэмжээний тэнэг амьтан биш шүү дээ. Маш ухаантай, маш хөдөлмөрч, маш хянамгай хүн. Улс төрд орохоосоо өмнө өөрийн бизнестэй, компанитай, мөнгөтэй төгрөгтэй байсан хүн. Ч.Хоролсүрэн гэдэг нөхрийн л ар хударгаар нь хийсэн юманд чирэгдэх шиг боллоо. Гэхдээ яагаад батлан даалтаар гаргаж байгаад шалгаж болдоггүй юм бэ. Хаашаа ч зутахгүй хүн шүү дээ Зугтах бол ирэхгүй байсан. Ээжийгээ алдлаа, ганц охин дүүгээ алдлаа. Одоо аав нь тааруу байна. Эхнэр нь бас тийм ч сайн эрүүл мэндтэй хүн биш. Хүний амьдралыг ингэж баллаж болохгүй шүү дээ. Хүчээр л хүлээлгэх гэж урт удаан хорьдог аргачлал манай цагдаагийханд байдаг юм байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд уулзаагүй ч залуу цагийн анд минь болохоор сэтгэл өвдөж байна. Түүнийг бодож үнэхээр гунилаа. Надад найзыгаа өмөөрч сонинд бичих эрх байхгүй. Энэ надтай хийж байгаа, миний хувийн байр суурийг тойрсон ярилцлага учраас хэлж байгаа юм. Хүмүүс их муухай болжээ. Шоронд хэн нэгэн оржээ гэхэд, нэгийгээ баригдлаа хоригдлоо, шалгагдлаа гэхэд бөөн баяр хөөр болдог, улам цааш нь түлхдэг болж. Ийм муухай байж болохгүй шүү дээ. Хүн үнэртэй байх ёстой. Хүний үнэртэй байх ёстой. Хайрлах, итгэх сэтгэлээ хэзээ ч хөсөр хаяж болохгүй. Би урваж, суурин дээрээ бусдыг арилжиж байгаа хүмүүсийг үнэхээр жигшдэг. Эрх мэдэлтэй байхад нь долдойтоод л явсан атлаа буухаар нь нүүрээ буруулаад гүйлдэж байгаа хүмүүсийг би жигшинэ. МАН-ын дарга даамал явсан улсууд одоо хөрсөн дээрээ бууж байгаа байх аа. Нүдгүй, чихгүй байсан улсууд гэж би тэднийг боддог. Одоо АН-ынхан ч гэсэн зусардагчдаас зайгаа барих хэрэгтэй. Энэ бол нийгмийнхээ гоо сайхныг хамгаалж үлдэхийн төлөө хийх алхам юм. Шударга ёсны төлөө, авилгал хээл хахуулийг халахын төлөө тэмцлүүд үр дүнгээ өгч эхэлж л байна. Манай орон тодорхой хэмжээнд доошоо орчихсон байсан байраа дээшлүүлж, шат шатаар ахиж байна. Гэхдээ л ужиг юмыг цэвэрлэхэд бартаа ихтэй. Бас ужиг юмыг хөрсөөр нь арчихын төлөө ажиллахын оронд шинээр томилогдсон АН-ын нөхдүүд ил далд залгамжилж, сэмхэнээр, тодорхой өнгөлөн далдалттайгаар үргэлжлүүлж байна. Бүр залуус нь хүртэл шударга бус шийдвэрүүд их гаргаж байна. Надад энэ тухай цээж хорсгосон, үнэхээр дургүй хүргэсэн мэдээллүүд их ирж байгаа. Жишээлбэл, би тэр Харилцаа холбооны сүлжээ компани билүү тэр хавиар ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн юу хийж байгааг анхааралтай ажиглаж байна. Баттай эх сурвалжуудаас ирж байгаа, шударга туулсан баримт фактууд бий. Би О.Магнайгийн хороонд өргөдөл гаргаж, хохирч шахагдаж байгаа төрийн болон бусад албан хаагчдын төлөө тэмцэнэ. Хүн хамгийн ойрын, өөрийн амьдрал дээрээ хэдэн жил дараалан амсч мэдрэхээр арга буюу тэмцэх сэдэл төрдөг юм байна. Төрөөс хууль бусаар, улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан улсуудыг манай сонинд хандаасай гэж би бас хүсч байна. Бид судалж, хууль шүүхэд хандаж, хамтарч тэмцэж тэдний эрхийг хамгаалах болно. Ажлаас халагдагсдын холбоо гэж ТББ байгуулж тэмцвэл ямар хэмжээний асуудал үүсгэж чадахаа тооцож үзсэн. Гэхдээ би улс төржих хүсэл алга. Энгийн хүмүүсийн төлөө зарим үед ингэхээс өөр аргагүй бодол бас төрж байна.  Зүгээр шударгаар гуйж, хүсч, итгэж найдаж, зүтгэж  яваад энэ залуу хүмүүс юунд ч хүрдэггүй юм байна. Зүгээр л сэргэлэн, аргатай зальтай, чадвар муутай, дээрээ татаастай залуус алба ажилд шат ахиж байна. Ийм байдал бүх яамдад байна. Бүх агентлагуудад байна. Томчуудын хүүхдүүд, хамаатнуудад л ахих бололцоо өгч байна. Бусад нь хэлмэгдэж, доромжлогдож, сэтгэл санаандаа гүн шархтай үлдэж, Төрд зүтгэхээс аажим гутаж эхэлж байна.

-Та улстөрчдөөс юм гуйдаг уу?
-Гуйдаггүй. Эмнэлэг энэ тэр дээр очоод тэсвэр алдаад зарим нэгд нь хэлж гуйж үзэж байсан. Надад төрийн нэг том хүн хэлж байсан юм. Ганаа хүн үр хүүхдийнхээ төлөө бол сургууль соёл хөөцөлдөж гүйх хэрэгтэй шүү. Хүүхдийнхээ төлөө явахаас ичдэг хүн гэж байдаггүй юм гэж. Би охиныгоо мөрөөдлийнх нь сургуульд оруулах гэж хэдэн жил гүйгээд за, энэ бол миний чадах юм биш ажээ гэдгийг ойлгосон. Тэгээд охиндоо за та өөрөө оногдсондоо сур даа, та цаашаа өөрөө мац гэж хэлсэн.  Би өөрийн хар толгойнхоо төлөө бол юу ч гуйж үзээгүй. Үнэхээр дарагдаад байгаа, хэлмэгдээд байгаа залуу хүмүүсийн төлөө ганц нэг хүнд хэлж үзсэн. Намайг мэддэг, хүндэлдэг хүмүүс бол судалж үзээд туслаж, энд тэнд үүссэн муухай зүйлсийг засч залруулж, хамтарч тэмцдэг. Ер нь бол юм шударгаар явдаг зам тавигдаж эхэлж байгаа. Гэхдээ монгол хүний хувиа бодсон, мөнгө төгрөг харсан зан хэвээрээ цагт энэ бол урт удаан зам туулах юм билээ.

-Тэгвэл таныг үнэхээр баярлуулж, баясгасан үйл явдал хамгийн сүүлд юу байв?
-Миний хайртай жүжигчин Дагийранз ардын жүжигчин болсон явдал. Би Булганд уулзаж байсан. Гэхдээ ярилцлага авч байгаагүй. Үнэхээр эглээс эгэл, зүгээр л тэр шагналаа гардчихаад л яваад өгч байгаа нь яасан хайр хүрэм байв аа. Бас би Японд нэгэн сайхан эрхэмтэй танилцаж сэтгэлээ онгойтол ярьж хөөрлөө. Үнэхээр өөр хүн байсан. Аймаар гоё кино үзэх шиг, тэгээд дараа нь унтаж чадахгүй хөрвөөх шиг тийм мэдрэмж төрсөн. Бас намайг тэнд үзүүлж, оношлуулах боломжийг олгосон хүнд баярласан. Зүгээр л учраа олохгүй явж байхад гэнэт гарч ирээд илүү дутуу юу ч хэлэлгүйгээр чанга тэвэрсэн тэр хүнд би баярласан. Хүүе, гэхдээ хайр дурлал энэ тэртэй ямар ч хамаагүй хүн шүү. Би бусдын өмнө тийм хэмжээний үнэн амьдарсан, тийм хэмжээнд дотор нь явдагаа мэдэрч  баярласан. Миний ээж, миний гэр бүл баярласан.   
   
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Зүгээр дээ. Та бүхэнд ажлын амжил хүсье. Миний хувийн тухайд ярилцсан болохоор би өөрийнхөө л өнцгөөс, байгаагаараа л ярилаа шүү. Хэнд ч тулгаагүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Нээрээ уншигчдаасаа нэг юм гуйчих уу.

-Тэг л дээ?
-Миний номыг худалдаж аваарай. Нэр нь “Аав бид хоёр” шүү. Номыг маань худалдаж авна гэдэг надад үзүүлж буй хүндэтгэл, маш сайхан дэмжлэг юм шүү ..Ёо аймаар гуйлаа ш дээ. (инээв)

-Та одоо юу бичих гэж байна.
-“Өдрийн сонины” П.Хашчулуун сэтгүүлч хоёр жилийн өмнө “Дарга хүүхэн” ч билүү нэг нийтлэл бичсэн юм. Тэр хүнийх нь нэр байхгүй. Гэхдээ уншсан хүн болгон таньсан байсан. Ёстой шуугиан тарьсан. Тэр үед маш олон газраас энд нэг ийм хүн байна. Тэнд бас гээд бөөн бөөн түүх, бөөн баримт уншигчид ирүүлсэн. Тэгж яваад л бас нэг ийм баатартай учирсан хэрэг. Яам даяараа тэрийг мэддэг ч өндөрлөг гурвыгаа л атгачихдаг. Тэд нь бүгд түүнийхээр ойлголт авдаг. Аймаар байгаа биз дээ. Би тэгээд “Хэлтсийн дарга эмэгтэй” гэж нийтлэл бичих гээд сүүлийн хоёр жил бодоод байгаан. Шударгаар ажиллаж амьдарч яваа хүмүүсийг яаж хувь тавилангаар нь гишгилж, зовоож, тарчлааж байгааг нь судлаад л байгаа юм. Мэргэжилдээ чадварлаг, шударга, янз бүрийн хууль бус юманд хөдөлж өгдөггүй хүн бол ер нь хавчигдах тал руугаа шүү дээ. Гэхдээ зүгээр амар тайван ажлыг нь хийлгэж болноо доо. Байнга явуулгадаж, худлаа гүтгэж, дарга даамлуудад буруу ойлголт өгч, ёс суртахууны хувьд байж болшгүй үйлдлүүд үзүүлж байдаг. Энэ бол зүгээр л далд аллага байхгүй юу. Тэгээд шинээр ирсэн сайд дарга болгонтой ойртож аваад нөгөө хүнийг л буруу ойлгуулах ажлыг хийдэг. Нөгөөх нь хэнд ч тайлбарлаж, тэмцэх эрх байдаггүй. Ийм хүний оронцогууд олон байна. Надад хүмүүсээс захидал их ирдэг. Ийм хүмүүс их байдаг юм байна. Одоо энэ МАН-ын далбаан дор насаараа дургиж амьдарсан юмнуудын үр хүүхдүүд нь хүртэл гадаад дотоодод даварч байгааг болиулах хэрэгтэй ш дээ. Аав нь насаараа зайдлаад, ахиад охин нь эрхэлж явах бол ядаргаа ш дээ. Гадаадын элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрууд, консулын газруудаас ийм арын хаалганы даль даль хийсэн хүүхнүүдийг татах хэрэгтэй. Тэнд шударгаар ээлж дараагаар нь томилж байх ёстой ш дээ. Манай сэтгүүл зүй бол харин даанч ийм салбар биш юм даа. Энд чаддаг нь л ажиллана. Илүү нь л туг байна. Тэрнээс биш ямар нэг эрхийн тэнэг охин орж ирээд би сүүтэй гүүний унага гэж туйлах бололцоо байхгүй. Би жаахан ёс суртахууны сэдвээр, нийгмийн сэдвээр, шударга бус явдлуудын талаар бичих бодолтой байна. Баримтуудыг нь язайтал нь тавьж байгаад...Хүний үнэр ортол нь, үнэн шударгыг тогттол нь судлана, нотлоно. Би эрүүл мэндээсээ болоод иймэрхүү сэдвүүдээс жаахан дөлдөг болчихсон юм. Залуудаа бол айхгүй бичиж, олон хүний сэтгэлийн тайлал болж өгч чаддаг байлаа.  Энэ бол сэтгүүлч бидний нийгэмдээ оруулах ёстой хувь нэмэр юм. Хүн болгон эргээд шүүлгэнэ. Дандаа шударга бусаар, хүмүүсийг хэлмэгдүүлэн зовоож амьдарсан хүмүүс ч, бидэн шиг айж ичихгүй тэмцэж явсан хүмүүс ч бурханы өмнө шүүлгэнэ. Сэтгүүлч хүнд ер нь нэг их бэргээд, бэмбийгээд явах шаадлага байхгүй шүү дээ. Баримтаа нотолж, уудалж, улайлгаж, буруу хүмүүсийг төрийн нэрэн дор сагаж явах замаас нь түлхэн гаргаж чаддаг эр зоригтой, үнэн амьдарч яваад л дуусах хэрэгтэй. Хувийн гэх эрх ашиг бидэнд юу байх юм.  Ийм л байна даа.    
 
Ярилцсан Ш.Отгонцэцэг (Монголын нэг өдөр сонин )