Монголчууд нэг барьж авсан бүтээн байгуулалтаа гүйцээж үр ашгийг нь хүртэхийг юун түрүү чухалчлахгүй дахиад л өөр том том зэрэглээ амлаад эхэлдэг гажигтай улс. Бүтсэн юм хомс болохоор ядуурал яаж буурах вэ. Баруун бүсийг эрчим хүчээр хангах Тайшир Дөргөний усан цахилгаан станц юу болсон бэ? Мэдээлэл алга. Ямартай ч Оросоос эрчим хүч импортолж шулуулж буй нь хэвээрээ тул тэр хоёр УЦС баруун бүсийг цахилгаанаар хангаагүй нь ойлгомжтой. Яавал хангадаг болгох вэ гэж чармайхын оронд Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн УЦС барина гэж баахан мөнгө амлаад эхлэв. Чадахгүй болохоороо аргагүйдэж булзаад байна уу, эсвэл ингэж мэхлэх нь тэдэнд өгөөжөө өгөөд байдаг луйвар юм уу. Өөрт ашиггүй аваас ямар ч луйварчин ард түмнээ хоосон хуурахгүй. Юм хийж сураагүй хүн юм юм барьж тавиад юу ч бүтээдэггүй. Бүх гүрнээрээ юм хийж сураагүй лоймол нэгэн шиг арчаагүйтэх гутамшиг. Энэ янзаараа бол шатахуун эрчим хүчний хараат байдлаас гарахгүй дэг ээ.

Оюу толгой Таван толгойг эхлээд яаж сурталдаж байлаа. Нөөцийг нь хэдэн зуун жил идээд барахгүй. Монголын иргэн бүр саятан бус тэрбумтан болно. Монгол дэлхийн баян гүрэн болох өнөө маргаашгүй. Улс төрчид УИХ-д байнга сонгогдохын тулд хүн амын итгэлийг нисгэсэн. Тэнгэрт хөөрсөн итгэл эдүгээ буудуулсан жигүүртэн адил унаж явна. Гайхамшиг зүүд байжээ. Оюу толгойн өгөөжийг өөрсдийн унхиагүйгээс хүртэж чадахгүй хичнээн ч жил хүлээх юм таашгүй. Ирээдүй нь улам бүрхэв. Оюу толгойн араас Таван толгой орлоо. Үр ашиг ярих нь байтугай өрний бөөс болжээ. Сонгууль Таван толгойг сөхрүүлчихэж. Сонгуулиас болж бид хоосорно шүү. Өглөө сэрэхэд л хуучин эхлэсэн төслүүдийнхээ биелэлтийг ярихгүй бултаад, шинэ төслүүд гэх үлгэр амныхаа зоргоор бурах юм. Нүүрснээсээ бензин гаргаад Монголд бензин ус болох гэнэ. Жинхэнэ хийе гэсэн хүн ингэж хийрхдэггүй. Молигдогч өөдгүй этгээд ингэж гулгаж тэшдэг. Олон эм янгирын араас хөөж, аль ч үгүй хоосон хоцордог алцан тэх юм уу манай 76 чинь.

Брэнд бүтээгдэхүүн ярьж эхлэв. Яс чанар өнгө үзэмжээрээ олныг хуйлруулсан бүтээгдэхүүнийг брэнд гэдэг байх. Монгол хүний хийсэн бүтээгдэхүүнийг хар. Ямар ч уран хүн, ямар ч хөгжилтэй орон дуурайлган хийж чадахааргүй тийм болхи юм бид хийдэг. Дэлхийн хамгийн муухай хоолны шалгаруулалтад манай савны хорхог аман хүзүүдсэн. Монгол бүтээгдэхүүний талаар өөр гайхамшиг сонсоогүй. Зам гүүр барилгын чанар дизайн дэлхийн хэмжээнд ямар билээ. Бидэнд хүний гар дээр нүүр бардам  тавих брэнд бий юу. Бодоод би олсонгүй. Эцэг эх мал нь брэнд төл гаргаад байхад эзэн нь нэг ч брэндгүй. Нэгийг ч бий болгож чадаагүй атлаа  мөн ч олон брэндтэй болох нь ээ цаана чинь. Бүтэх нигуртай бүтээгдэхүүнд хүч, хөрөнгө, анхаарлаа хандуулахын оронд юу юуг брэнд болгоно гэнэ вэ, амаараа баахан брэнд гаргалаа. Тэмээн поло, монгол нохойн үзэсгэлэн, аймаг сумдын наадам гээд брэнд болох юм багтахаа болиод нэг ч үгүй төгсөх шинжтэй. Брэндийг зарлаж бүтээдэггүй, хийж бүтээдэг байх аа. Уг нь анхаарлаа тарамдуулалгүй ноос ноолуур хөөвөр арьс ширэн дээрээ тогтож, хөрөнгө хүчээ төвлөрүүлбэл ганц нэг брэндтэй хоцорч юун магад. Учраа олохгүй ингэж эргүүтэж байх хооронд манай бөө нараас брэнд төрнө шүү. 

Арабын ганц бөхтэй нүцгэн хөх тэмээг бодвол туг ширээ хоёр бөхтэй зогдор өвдөг нь сугсалзсан монгол тэмээний гоёмсогт гадны жуулчид татагдах магадлалтай ч манай хахир хүйтэнд хэн ирж үзэх юм бэ. Дэд бүтэцгүй, эзгүй хээр, салхи шуурганд, үзэгчидгүй тэмээн поло өрөвдөлтэй харагддаг. Тэнд очсон цөөхөн хэдэн хүн хоосон талд осгох шахаж, аймаар зутардаг. Гадаадын хоёр гурван жуулчин бүр бойтоглосон. Тэд дахиад хэзээ ч монгол тэмээн поло үзэхгүй гэж хаширсан биз. Аймаг сумдын шороо тоос бужигнасан ямар ч зохион байгуулалтгүй бохир завааны дээд-наадам гэгч тэнэг бөөгнөрлийг яаж брэнд болгох юм бэ. Тэнд сонирхол татах, үзэх харах юм нэг ч байхгүй. Эзгүй хээр уралдаж хамаг хүчээ шавхсан хурдан морьдын эцсэн шогшоог барианы газарт харах юу нь сонин байх вэ. Ямар ч дүрэмгүй, хэрүүл маргаантай, залхуу хүргэж чилээсэн хэдэн уяа бөхийг брэнд гэх үү. Монгол нохойн наадам дээр нохойд уруулж л брэнд болохгүй бол яамай. Хэнэггүй эзэд нь “монгол нохой хүүхэд урдаггүй” гээд дөл сууж байв.

Шаазгай зүү олоод хатгах газаргүй гэдэг шиг Булангийн нэг баян орон манай шонхор шувууг авдагтаа тэгсэн юм уу яасан юм манайд парламентын ордон барих мөнгө өглөө гэж олон жилийн өмнө дуулдсан. Зүгээр олдсон мөнгийг манай төр засаг хэлээрээ түлхээд парламентын ордон барих газраа  шийдэж чадахгүй өнөөг хүрэв. Одоо тэгээд яасан бэ? Сураг нь бүр тасрав. Өгсөн мөнгийг нь манай сайн эрчүүд зэлрүүлчихэв үү? Магадгүй улс шүү. Парламентын ордон барь гэж өгсөн валютыг яаснаа ард түмэнд мэдээлээч. Сураг дуулдсан сайхан сайхан мэдээ яасан нь мэдэгдэхгүй таг болдог. Арьс ширний үйлдвэрийг нийслэлээс гаргана гэж намайг залуу байхад л ярьсан. Сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин км нутгаас 5-р ДЦС барих газар олдохгүй байгаа гэсэн. Нефть нэрэх үйлдвэр барих ажил олон “цэцэн” санаа оноонд пологтоод ямар ч ахицгүй хэдэн жил гацав. Ядаж бага оврын үйлдвэр барих зөвшөөрөл хувийнханд өгдөггүй. Яагаад ингэнэ вэ гэвэл төр засаг дургүй юмандаа их хойрго аж. Хуурч саатуулаад, хожсон хугацаандаа Оросоос эрчим хүч, шатахуун импортлоод байх далд ашиг сонирхолтой хүмүүс үү гэмээр. Жилээс жилд ихсээд буй хотын утааг гарынхаа салаагаар хараад, утаагүй зуух утаагүй түлш гэх хулхи бизнест хэдэн арван тэрбумаар төсөвлөж, луйварчдын сүлжээг тэжээсээр ирлээ.

Бүтээн байгуулалт бүтвэл луйварчдын олз омог хаагдаж, бүтэхгүй он дамжиж сунжраад байвал тэд урсгал зардлаас сороод л байдаг хэрэг үү. Учир иймээс манай томчууд нэг бүтээн байгуулалт барьж аваад ашиглалтад өгөхийн оронд түүнийгээ зориуд дуусгалгүй дутуу байлгаж байгаад өөр том том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт лоббидон батлуулж мөнгө унагадаг гэх сэжиг бий. Юм бүтээх хүсэлгүй лидерүүд олон үлгэр амлаж, хөрөнгө мөнгө замбараагүй урсгаж, мэдэн будилж байж дундаас нь хумсалж баяждаг гэсэн хардлага газар авчээ.

Төр засаг маань 76 алцан тэх юм уу, эсвэл 76 салан баавгай юм уу. Баавгай барьсан тарвагаа сугавчлаад л дараа нь барьснаа дахин сугавчилж түрүүчийнхээ сугавчилсан тарвагаа цувруулж гээсээр ямагт хоосон явдаг гэж ард түмэн манай өнөөдрийн ажил шиг ажлыг зүйрлэсэн байдаг. 1800 км төмөр замаа дуусгаж үр ашгийг нь хүртээсэй. Хэдэн зуун бетон хийц бүхий нухан гарц, гүүртэй 1800 км замаа гүйцээж чадахгүй завааруулж хаячихаад өөр бүтээн байгуулалт амлаад унах вий. Хурдны зам, хотын зам, 21 аймгийг холбох замыг бондын мөнгөөр тавих аж. Нөхөн төлөх орлого олдог бизнест бондоо зармаар. Авто замаас ямар ч орлого орж ирдэггүйг бүгд мэднэ. Гэтэл бондоо эргэж хүүтэй нь төлөхгүй юм шиг улаан мөнгөний орлогогүй бизнест зарж буйг иргэд бид ойлгохгүй байна.

Гутрангуйгаар төсөөлбөл энэ олон замаа оромдож эхэлтэл нүд хуурсан зам нь араасаа эвдэрч мөнхийн засварт нь дахин өч төчнөөн хөрөнгө үрж, Оюу толгой Таван толгойгоо хэдэн олигархи нь гадныхантай хуйвалдаж идээд, цахилгаан станцууд болон нефть нэрэх үйлдвэр барихаа “орос ах дургүй байна геополитик горьгүй” гэж орхиод, ард түмнээ хуурахын тулд аварга аварга бүтээн байгуулалт панаалдаад эхэлбэл яана. Хэрэв тэгвэл аль ч үгүй алцан тэх, салан баавгай хоёр л монгол брэнд болох вий.

Өөдрөгөөр төсөөлбөл ашдын бэлгээс амны бэлэг бүх юм ном ёсоороо сайн сайхан бүтэх байгаа. Бүтээсэй гэж хүн бүр залбирч буй юм чинь бүтэх нигуртай. Ноос ноолуур хөөвөр, арьс ширэн бүтээгдэхүүн, онгон дагшин бэлчээрийн малын мах брэнд болж дэлхийг ноёлоход гагцхүү эзнийхээ ухааныг хүлээж буй. Эзэд нь саяхан ой ухаанаар дэлхийн IQ уралдаанд айргийн тавд орсон юм чинь чадах нь дамжиггүй. Иргэдийн сэтгэлд өөдрөг гутрангуй таамаг сүлэлдсээр бурхандаа мөргөнөм.     

2013-03-12