Цирк рүү явцгаая, АЛИАЛАГЧИД дуудаж байна
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бэлтэл ажилдаа намууд хэдийнэ орцгоожээ. Уг нь бол хамтарсан засаг байгуулагдахад үзэглэсэн гэрээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн өрөг байх ёстой юм. Гэвч манай уран сайханчид одоо эвсч нийлж байж арай ядан барьсан гэрийнхээ хатавчнаас л нэг нэгээрээ босч ирээд солгой хоолойгоор тэнхээ мэдэн дуулцгааж эхэллээ.
УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл гэсэн шинэ малгай өмсөн, дуулах дуу, дугтрах хүчээ нэгтгэн оролцсон МАХН, МҮАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн яаж орох нь ойлгомжгүй болж хувирлаа. Засгийн газрыг байгуулах гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай нэг субъект болж оролцоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулснаа тэд мартжээ. Үнэхээр хачирхалтай явдлууд болж байна. Туйлбаргүй, дүрэмгүй, улс төрд тэртээ тэргүй амьдрах насгүй болчихсон хэсүүлчидтэй нэгдэж байгааг нь сануулж байсан цаг саяхансан. Юм ч хурдан өрнөж байна шүү. Нэг бодлын ийм алиалагчид байхгүйсэн бол уйтгартай ч юм шиг.
МАХН-ынхан саяхан хийсэн Бага чуулганаасаа “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргавал УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг нам дотроо нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сойно” гэсэн шийдвэр гаргаснаа зарлачихлаа.
Өнөө уулын зэрлэгүүд маань явж явж бүр МҮАН-аас ч тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох юм яриад унах нь тэр ээ. Ийм зэрлэгүүдтэй ямар хэлээр ярих ёстойгоо одоо ёстой хаа хаанаа мэдэхээ байсаан... Арга ядаад МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН-тай хамтран Засгийн газрыг байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж оролцоно гэж гэрээгээ баталгаажуулсан. Түүнийгээ дагах ёстой шүү дээ” гэж аяархан сануулав. Хүний өмнөөс ичих хэцүү. Тэр тусмаа ханилж яваагаасаа олны өмнө ичих зовлон шүү дээ.
Уулнаас бууж ирээд баллаж байгаа манай нөхдүүд ийнхүү Бага чуулган гэгчээ хийж хариуцлагагүй, бодлогогүй, улс төрийн утгаараа биежиж хэлбэржсэн бодьгал биш гэдгээ харуулсан ойворгон шийдвэр гаргажээ. Чингээд зогсохгүй бас нэг сонин шийдвэр гээчийг гаргасан гэж байгаа. Засгийн гэрт эвсч орж ирэхдээ зурсан гэрээгээ ийнхүү амаараа ураад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд аль ч намтай эвсэхэд бэлэн гэж дэвэх нь тэр ээ. Энэ юу гэсэн үг вэ. Тэгэхээр нөхдүүд ирэх дөрөвдүгээр сард зарлах Бага хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд бусад нам улс төрийн хүчинтэй эвсэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргаж ч мэдэх нь. Тэгвэл юу болох вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Шударга ёс” эвсэл задрана гэсэн үг үү. Тэдэнд ийм эрх дарх бий юү. Байлгаад засгаас гарлаа гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ өрсөлдүүлэх хууль эрх зүйн бололцоо байгаа билүү. Энэ мэт асуухад ч төвөгтэй зүйлс олон гарч ирж байна. Ёстой хэцүү нөхдүүдтэй учирчээ.
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ийн халуурч эхэлж буй үед намуудын эрх бүхий албан тушаалтнууд арга буюу анхан шатны байдлаар байр сууриа илэрхийлцгээлээ. Тэдний дотроос хамгийн зарчимтай нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийнх байв. Улс төрийн хүчнийхээ хувьд хамгийн цул, хамгийн хүчирхэг байр суурь дээр байгаа намын хувьд тэд зарчим сануулж байна. Өөр яах билээ.
Тэрбээр хамгийн эхлээд МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийн хувьд Засгийн газрыг хамтарч байгуулахдаа гарын үсэг зурсан гэрээнд тодорхой заалт байгаа. Тэр нь Засгийн газарт хамтарч орсон намууд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно гэж гэдгийг сануулав. Хоёрдугаарт, хамтрагчдадаа дүрэмтэй тоглохыг санал болгосон нь өнөөгийн учир замбараагүй, зарчимгүй, улс төрийн соёлгүй уур амьсгалыг егөөдсөн чимхэлт байв. Энэ тухайд тэрбээр “Ардчилсан намын хувьд бүх шийдвэр хамтын шийдвэр байдаг. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдийг харахад нэг улстөрч “аймаар аймаар” мэдэгдэл хийх юм байна шүү дээ. Зарим нь “нэгдлээ” л гэнэ, зарим нь “эвслээ”, зарим нь “эсэргүүцлээ” л гэнэ. Ардчилсан намын хувьд бол ийм шийдвэр аль нэг улстөрчийн амнаас гарах ямар ч боломж байхгүй. Бид чинь бас нэг хурал хуйтай, тэрнийх нь эрх мэдэл нь тогтчихсон, түүгээрээ эвсэх үү, нэгдэх үү гэдгээ шийддэг. Өнөөдөр манай намын дарга дээр ч гэсэн ороод “Та байр сууриа хэл” гэвэл хамтын удирдлагын шийдвэр нь гараагүй учраас тодорхой зүйл хэлэхэд хэцүү шүү дээ” гэж хэллээ.
Энэ үнэн. Нэг танхимд мөр зэрэгцэн сууж, аяга хоол ч байсан, албан тушаал ч байсан эн тэнцүү хуваалцаж буй нөхдүүд өглөө босч ирээд л МАНАН БУДАН-гаар нь дуудаад л, тэгнэ ингэнэ гээд дур дураараа хашгираад унахаар наанадаж ёс зүйн хувьд яаж таатай сонсогдох билээ. Гэвч өөрсдийнх нь хийсэн үйлийн үр болохоор яалтай.
Түүнтэй зэрэгцэж МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог мөн байр сууриа илэрийллээ. Хашир бол ёстой барин тавин, авахад хэцүү, хаяхад бэрх юм цацжээ.
“Намын бага чуулган дээр МАН-тай нэгдэх талаар бид задгай ярьсан. Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан буугдаад, нэг субъект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт хамааралтай асуудлаар хамтарч болно гэсэн үг. Үүний нэг хэлбэр нь магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд явж явж нэг нэр дэвшигчийг тодруулж магад” гэсэн түүний яриа дурайж байх юм.
Эндээс ямар дүгнэлт хийж болохоор харагдаж байна вэ. Нэгдүгээрт, гэрээ бол юу ч биш болж хувирсан нь баттай болжээ. Хамтарсан Засгийн газарт хөтлөлцөж орж ирсэн МҮАН гэсэн хамтрагчаа шууд л хаяж байгаа юм даг уу даа. Цааш нь өнөө нөхөр бүр баллаж өгчээ. Шууд болзол тулгав. Бараг шулуухан Энхбаярдах болзол юм даа. Юуны ч билээ саваар овоглогдон өнхөрч явдаг манай баатар цааш нь ийн урсгажээ. “Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шударга бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалдсан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамтрахгүй гэх байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ МАН толгой дээрээ байсан олигархиудыг цэвэрлэж чадах юм бол бидний яриа ойртох байх” гэж дуугаа өндөрсгөснөөр энэ удаагийн мэдэгдэл нь арай гэж зогсов. Хаанаас ирсэн, хэн гуай айлын гэрийн дотоод руу ийн сүрхий өнгийв гэмээр бодогдоно.
МАНАН гэдэг еэвэнгийн чинь тал нь АН биз дээ. Тэр тал дээр бөөрөөрөө ирж наалдчихаад одоо юу гээчийг ярьж байгаа юм бол. Ямар “Уг нь чи олиггүй л явдалтай хүүхэн байсан шүү дээ, би л муудаа чамтай нийлсэн болохоос “ гэж гонгинож байгаа эр нөхөр биш дээ. Ийм ч нөхдүүдтэй таарах гэж. Хувь заяа ч нэг тохуурхахаараа тохуурхсан шиг тохуурхах юм аа.
Дараагийн анхаарал татсан, анхаарал тавихаас ч өөр аргагүй байр суурь мэдээж МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийнх байлаа. Ноён Ө.Энхтүвшин өөрийн намын туссан өвчнийхөө оношийг зарлажээ. Тэр нь зүгээр ч нэг хатгаа төдий зүйл биш нэлээн ужиг нигууртай эд гэдгийг тэр ил тод хэлэв. Энэ нь түүний хэлсэн “Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараахь улс төрийн хүчнүүдэд тохиолддог ердийн нэг хүндрэл биш, нэлээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц” гэсэн үг дээрхийг нотолж буй юм. Хурцхан өнгөтэй түүний мэдэгдлээс энэ удаа өөрөө нэр дэвших бодолгүй байгаа нь илрэх шиг. Тэрбээр цааш нь сонгуулийн өмнө хоёр тусгаар болсон намуудынхаа тухайд “МАН, МАХН эвсч, нэгдэхийн тулд эхлээд намынхаа дотоод амьдралыг эргэж харах ёстой байх гэж бодож байна. Ардын намынхны хувьд эхний ээлжинд өөрийн намыг ингэж хоёр хуваагдах хүртэл нь үйл ажиллагаа явуулсан, сонгуульд удаа дараа ялагдал хүлээлгэсэн буруутнуудад арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь зөв алхам болно гэж хэлэх байна. Ингэж чадвал намын үзэл бодол, хөтөлбөрөө ойртуулах тухай асуудлыг ярих хэрэг гарах байх. Үүний дараа хоёр нам эвсэх, нэгдэх тухай асуудлыг ярихад болохгүй гэх газаргүй” хэмээжээ.
“Хэн энэ намыг ийм болгочихсон юм бэ, нөхөд өө” гэсэн халуун цочмог үгийг Москвагаас ирж намын генсекийн ажлыг авсныхаа дараа Санжаагийн Баяр ердөө хэдхэн жилийн өмнө хэлж байсан удаатай. Харин энэ удаа халуун тогоон дотор нь ч юм шиг, гадна нь ч юм шиг явсан Ө.Энхтүвшин агаар нэгэн үгийг хэлж байна. Сонин л юм. Ажиглагчийн хувьд түүний илэрхийлж буй байр сууриас гадагшаа биш дотогшоо чиглэсэн хатуу үнэр ханхалж байгаа нь илүү анхаарал татна.
Энэ удаагийн сонгуульд тус нам одооноос цагаан туг өргөж байгаа ч юм шиг. Сонгууль гэж хүчээ барснаас гэр орноо илүү өөд нь татаж авах бодлого руу анхаарлаа хандуулж ч байгаа юм шиг. Энэ бол хамгийн сонирхолтой байр байдал юм. Бас нэг сонирхууштай зүйл МАН-ын даргын амнаас уналаа. Тэр бол парламентын гадаа яваа БНН-руу хандсан эерүү дүгнэлтүүд. Үүний цаана ямар нэгэн үнэр байж ч мэдэх. Үгүй ч байж болох.
Тэрбээр “МАХН, МҮАН-ынхан эвсч, “Шударга ёс” эвслийг байгуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон. Гэтэл одоо энэ эвсэл ганхаж эхлэх гээд байх шиг байна. Энэ бүх үйл явцыг юу гэж харж байна вэ” гэсэн сурвалжлагчийн асуултад тээнэгэлзэх ч үгүйгээр “ Улс төрийн хариуцлагагүй байгаа нөхцөлд салж, нийлэх асуудал юу ч биш. Улс төрийн гэрээ, хэлэлцээр хийчихээд хариуцлагатай байж чадахгүй бол салах л хэрэгтэй шүү дээ” гэж шулуухан хариулжээ. Хашир улстөрч мөнөөх дүрэмгүй тоглогчдод хаягласан чинжүү шиг үгийг чулуудахаа мартсангүй. Эрх барьж буй АН-ын тухайд ч тэр соёл тээсэн байр суурь илэрхийлжээ. Улс төрийн зүтгэлтнүүд хийж буй улс төрийнхөө үндсэн зарчмыг ямар ч тохиолдолд хамгаалж байх үүрэгтэй. Тэр хувь улстөрчийн хувьд үүнээс өөр зэрлэгүүдийн түвшний байр суурь илэрхийлэх бололцоогүй болсон хүн. Тэр нь харагдаж байна. Сөрөг хүчин л гэж үргэлж өрвийж байдаг үс, сөрвөлзөж байдаг ам бас биш гэдгийг тэр харуулав.
Тэрбээр мөн хэдхэн хоногийн өмнө намынхаа гишүүд, дэмжигчдэд хандаж ил захидал илгээсэн. Тэр нь ерөнхий агуулгаараа мөн л гадагшаа элдвийг тохож улстөржсөн биш дотогшоо эргэсэн утга тээсэн нь нам дотор байдал тийм ч амар биш байгаагийн нэгэн илрэл юм. Түүний захидлыг намынх нь гишүүд тун нухацтай тунгааж уншаасай билээ. Сүүлийн үед аль ч намын дарга ийм хэмжээний үнэлэлт дүгнэлт, санал санаачилга дотооддоо хаяглаагүй. Ийм хэмжээний зовлон ч тээгээгүй байж мэдэх юм.
Өнөөдөр тус нам дотор элдэв шинэ бүлэг бүлгэм үүсч, шаардлага шахалтууд үзүүлж байна. Гэвч Ө.Энтүвшин өөрөө агуу их Н.Энхбаярын үед ч жигүүр санаачлан дэрвүүлж явсан түүхтэй. Тийм болохоор энэ мэт үзэгдэлд хатуу хариг хандахгүй биз. Харин цаадуул нь чухам цаг үеийн шаардлага тээж төрөгсөд үү, жирийн нэг дүйвээнээр үймэгсэд үү.
Энэ мэтээр нам хүчнүүдийн амьдрал идэвхжиж байна. Цаашаа улам ширүүсэх нь нэгэнт тодорхой болжээ. Тэр дундаа хамгийн элэг хөшөөм цэнгээнт үзүүлбэрүүдийг уулнаас бууж ирэгсэд маань л тавих даг аа...Циркт тавтай морил гэх шиг манай алиалагчид шовгор малгайгаа аван мэндчилж эхэлсэн бус уу?