Хууль зүйн сайд АНУ-д ямар мэдэгдэл хийчихэв ээ?
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин АНУ-д ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзалт хийжээ. Улс орны чухал чухал нууц мэдээллүүдтэй харьцдаг, хууль хүчний байгууллагуудын ил далд бүхий л үйл ажиллагаануудыг мэдэж байдаг нөлөө бүхий албан тушаалтны энгийн иргэдэд хийсэн мэдээлэл гэхэд хэт задгай гэмээр уг уулзалт багагүй анхаарал татаж байна.
МИАТ-ийн, бас Татварын хэрэг гээд том дуулианууд дэгдээд буйг манай иргэд ихээхэн сонирхож байгаа. АНУ-д байгаа иргэд ч энэ хэргүүдийн талаар Хууль зүйн сайдаас асууж лавлаж. Харин манай Хууль зүйн сайд “МИАТ-ийн хэргийг бид зарлахаас өөр арга байгаагүй. Яагаад гэвэл тэр хэрэг дээр ажиллаж байсан хүмүүст маш их дарамт ирж эхэлсэн. Тиймээс тэд энэ хэргийг задлаач ээ гэдэг хүсэлт тавьсан юм” гэж ярьжээ.
Ер нь бол аливаа хэрэгт холбогдогсдын гэм буруутай шүүхээр нотлогдоогүй байхад хэнбугай ч задалж, зарлах эрхгүй. Одоо бол мөрдөн байцаагчид нь шууд салбарынхаа сайдтай энүүгээр нь шоудъя, тэрийг нь жаахан байж байгаад...гэх маягаар “хэлэлцэж” суудаг болж л дээ. Үнэн хэрэг дээрээ бол шууд барьж аваачаад бүгдийг нь хорьчихож байгаад шалгаж байхад дарамт шахалт гэж сүртэй юм юу байхав дээ. Энэ чинь АН эрх барьж байгаа, шал өөр нөхцөлд шалгагдаж байгаа хэрэг шүү дээ. Арай л хэтрүүлээд байгаа санагдах юм. Мэдээж улсын өч төчнөөн сая долларыг идэж шамшигдуулсан ийм ноцтой эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж шалгаж байгаа нь сайн хэрэг. Харин улс төрийн ашиг хонжоо хайж, хэт хэм хэмжээ давуулан ашиглаж байгаа нь зохисгүй. Энэ бол сайн засаглалын зүгээс ирэх дохио биш.
Нөгөө талаар Хууль зүйн сайд ямар хэргээр хаашаа томилолтоор ажиллаж байгаагаа олон нийтэд зарлаад явах хэр зөв юм бэ. Наанадаж аюулгүй байдалтай нь холбоотой элдэв зүйлс гарвал яах юм. Гадаадад битгий хэл дотоодод дарамтад өртөөд байгаагаа л гайхаад байгаа сайд биз дээ. Тийм л юм бол ажил үүргээ чимээгүй хийж сур л даа.
Х.Тэмүүжин сайд тэр уулзалт дээр “Бид энэ хэрэг дээр гурван сар ажиллаж, одоогоор зургаан сая долларыг нь илрүүлээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард би өөрөө Хонгконг явлаа. Танайд манай маш их хэмжээний мөнгө бэлнээрээ ороод байна, чухам хаашаа ороод байгааг нь хэлж өгөөч ээ гээд л. Хонгконг манайтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл “Авилгатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэлээ” гээд л долоон булчирхайгаа дэлгэжээ. Ингэх хэрэг байв уу гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ядаж гаднынханд инээдэмтэй харагдана бус уу.
Эндээс нэг зүйл ил болж байна. Тэр нь дуулиант хэргүүдийн шалгалт амжилттай явагдаж байгаа нь. МИАТ-ийн хэрэг дээр гэхэд идэж шамшигдуулсан гэх их мөнгөнөөс одоо илэрчихсэн байгаа нь л зургаан сая ам.доллар гэнэ. Татварын хэрэг гэхэд л 17 тэрбум төгрөгийг тус газрын найман эрх мэдэлтэн данс руугаа хуваагаад л шилжүүлчихсэн байсан аж. Үнэхээр аймаар гэхэд багадам явдал болжээ.
Бас нэг сонин юм сайд ярьсан байна. МИАТ-ийн зэрэг том хэргүүдийг шалгах явцад цагдаад байх ёстой баримт мэдээллүүд цагдаадаа биш, тэдний гэр орноос гарч ирж байх юм гэнэ. Энэ талаар Х.Тэмүүжин “Манай цагдаа тэгэхээр гэмт хэргийг мөрдөн шалгах биш, харин ч гэмт хэрэгтнүүдэд мэдээлэл өгсөөр ирж. Бас нийслэлийн газар, өмчтэй холбоотой том хэргүүдийг илрүүлээд зарлах биш, нөгөө хүнтэйгээ тохирон дарах байдлаар мөнгө олдог байсан байгаа юм. Тэгээд л цагдаагийн дарга нар хөрөнгөжөөд байдаг. Тэднийг зайлуулаад эхэлсэн, зарим нь бүр Америкт ирчихсэн, Х.Тэмүүжингээс яаж Хууль зүйн яамаа салгаж авах вэ гээд хурал хийгээд явж байна гэнэ. Америкт ирж хуралдталаа тийм чинээлэг болсон байна шүү дээ” гэж буу халжээ. Энэ үнэний ортой байж магадгүй, гэхдээ эзэн биетэй нь нэг мөсөн зарлахгүй яагаад битүүд нь харлуулаад явна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ одоогоос 10-аад жилийн өмнөөс сэтгүүлч миний бие “Land Cruiser, хаш хөөрөгний эзэд”, “Хайран чиг хурандаа нар минь” гэх мэтээр цуврал нийтлэл бичиж сануулж байхад эцэстээ цувралаа зогсоо гэх команд л ирдэг байсан. Сүүлдээ бүр хувийн дарамтад орох тийшээгээ эргэж, заримынх нь захиалгаар гадагшаа хил давах эрхгүй хүний дансанд орж хүртэл үзсэн. Тэгэхээр энэ бол шинэ юм биш. Тэр үед гарын таван хуруунд багтах нөхдүүдийн тухай л асуудал байсан. Цаашаа нэг их тэлсэн нь юу л бол. Тиймээс нэлэнхүйд нь хурандаа нар гэж чичлэх нь шударга биш юм. Хэтрүүлэг бол ямар ч үнэ цэнтэй ажлын нэр хүндийг бууруулж байдаг зүйл шүү дээ.
Хууль зүйн сайд АНУ-д өөр нэг хачин мэдэгдэл хийжээ. Өшөө цаана нь шалгах ёстой томоохон хэргүүд олон байна гэдгийг тэр зарлалаа. Энэ тухайд тэрбээр “Олон хүн бидэнд “Одоо “Эрдэнэт”-ийг шалгаач ээ, их юм гарна шүү” гэж хэлдэг. Гэвч нэг болгоомжлол байна. Хэт олон газар зэрэг гал асаавал тэр их эсэргүүцлийг даахгүй, шинэчлэл маань нурж мэднэ” гэж ярьсан байна. Боловсон хүчний хувьд ч ийм олон том хэргийг нэг дор шалгах чадавхи манайд байхгүй гэнэ. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн хэрэгтэй тэмцэх 60-хан хүн байгаа аж. Энэ бараг үнэн байх. Гэхдээ Хууль зүйн сайд маань хүчин чадлынхаа нөөц бололцоог дэлхий нийтэд ингэж зарладаг нь яаж байгаа юм бол. Улс орон дамнуулан явагддаг, Улс төр-бизнес гэсэн хосолмол бүлэглэлүүдийн үйлддэг гэмт хэргүүд дээр бүх орны хүчний байгууллагууд анхаарлаа хандуулан ажилладаг. Манайх ч энэ чиглэл дээр тэдний зиндаанд биш юм гэхэд байгаа чадлаараа ажиллах ёстой. Тэгж ч ирсэн. Ер нь бол дээрээ татаастай нь л гадаадад мэргэжил дээшлүүлдэг, ОХУ-руу академид явдаг тогтсон жишиг үйлчилж ирсэн нь үнэн. Ирээд л шууд улаан ромбо зүүсэн пээдийсэн пээдийсэн дарга нар болдог. Улс төрийнхөнд үйлчилж, нэг нэг бүлэглэлд толгойгоо шургуулж аваад, тэднийхээ эрх ашгийг хамгаалах ажилд гарцгаадаг байсан. Мэргэшсэн зүйлээрээ фронт дээр ажиллаж, ёс зүйгээ харуулж байсан нь бараг байхгүй. Тийм болохоор цагдаа дотор байх шинэ тутам, ялангуяа эдийн засгийн хэргүүд дээр ажиллах мэргэжлийн тусгай чадавхи эзэмшсэн баг нь боловсон хүчнээр дутмаг байгаа юм.
Х.Тэмүүжин энэ талаар ярих явцдаа нэг зүйл дээр алдаа гаргалаа. Түүний үед МИАТ, Татварын хэрэг хоёрыг л эцэслэх юм байна. Харин “Эрдэнэт үйлдвэр” гэх аварга том сав руу өнгийж чадахгүй гэдгээ тэр шуудхан хүлээлээ. Яагаад вэ. “Эрдэнэт үйлдвэр” бол үе үеийн төрийн дээд зиндааны нөхдүүдийн түшиц газар байсан. “Эрдэнэт”-ийн бизнесийг тэд аль ч нам хүчин байсан ичиж улайхгүйгээр нэг нэгнээсээ уламжлан авсаар ирсэн. Энд ганцхан “Хүнийхэн” тоглоогүй, “Өөрийнхөн” нь байгаа. Үүх түүхийн нэг хэсгийг баллуурдчихдаг үе одоо өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийнхөнтэйгөө “үзэж” чадахгүй юм байна. Өндөрлөгтэй бол шөргөөцөлдөхгүй аж. Харин МАН-ынхан руу бол зуудаг нохой шиг л явна. Шударга биш харагдавч тэрний зовлон үнэхээр их байгаа ажээ.
Аа, харин тэр ажил албанаасаа хусагдсан цагдаагийнхан хаана очоод ганихарч суух, балга тагш юмны ард хэнийгээ харааж, юугаа мөрөөдөж найгах нь сайдын санаа зовох асуудал биш юм шиг санагдана. Хүний эрхийн асуудал шүү дээ. Иргэддээ ийм бололцоо олгох гэж л хил хязгаараа нээлттэй болгосон биш үү. Ажлаас халагдлаа гээд бүгд бөбөөчин болох ёсгүй биз дээ.
Манай нийтлэг ёс зүй үнэхээр доройтжээ. “Энэ үнэхээр гайгүй нөхөр байна шүү. Овоо юм хийгээсэй, бололцоог нь олгоосой” гээд найдаж суух суур нөгөөх маань сэтгэлээр унагаасан юм хийгээд явчихдаг. Бүгд ховоор ажлаа явуулдаг. Хов живэнд үнэхээр их ач холбогдол өгдөг болжээ. Энэ үзэгдэл бүх газруудыг хавтгайд нь бүрхэж, нэлэнхүйд нь эзэмдсэн байна. Тэр таныг тэгж байна, ингэж байна, тэгэх гэж байна гэнэ гээд л шивэгчингүүд очоод шургадаг. Нөгөө нөхөр шазайтал нь зуугаад, итгээд, элдэв ажиллагаа явуулаад унадаг. Үнэндээ энэ бол хамгийн бүдүүлэг явдал шүү дээ. Хов жив нь сүүлдээ хүний хувь заяа шийддэг болон шид орж эхэлж байна. Энэ чинь нөгөө 37 он биш биз дээ. Бид юу болж явна вэ. Энэ зуун бол баримтын зуун. Тэр битгий хэл урлаг нь, уран зохиол нь тэр чигээрээ баримтжаад явчихлаа шүү дээ. Бидний арга барил л баримтаас зугтаж, уламжлал, элдэв хийсвэр зүйлстэй хутгалдсан хэвээр байна бус уу.
Х.Тэмүүжин бол АН-ын залуу үеийн дотроос цойлон гарч ирж чадсан залуу лидер. Зан чанарын хувьд шазуур зуусан, хатуу хариг хүн гэж зарим нь дүгнэдэг. Өс хонзонгийн хүүдий, хүнийхээ хувьд энэрэх нинжин сэтгэлгүй, байдаг л нэг хөмхий зуугч гэж олон хүн хэлдэг. Миний хувьд тэр бол шилмэл үзэл санаа тээгч. Үнэт зүйлтэй хүн. Ийм зүйлсийн дэргэд зан чанарын зарим нэг өө сэв бол жижиг зүйл. Гэхдээ үйл ажиллагаа, бодлого хоёртоо сэтгэлийн мухрын ээдэж гашилсан зүйлээ хутгачихвал тэр хэн ч биш болно. Ёстой нөгөө шүүхдэлцээд байсан багштайгаа дараагийн өөр газар уулзах эрэмбэгүй болж үлдэнэ. Тэрэнд одоо зам дээр нь гарч ирсэн жижиг чулуу болгоныг доош нь шигдтэл гишгиж байх зав байхгүй. Алт шиг үеүдээ ариглах хэрэгтэй. Энд Р.Амаржаргал гишүүний өгсөн ярилцлагад тэндээс уурсаад л хариу шидээд байвал хүндлэгддэг, хайрлагддаг төвшин нь намсаад л байна шүү дээ.
Түүний дайтах ёстой субъект бол хууль ёсыг гажуудуулагсад, гэмт хэрэгтнүүд, тогтолцооны гажиг болохоос “Өнгөрсөн үе” биш. Тэр хааяа “Өнгөрсөн үе”- дээ бүхэлд нь хүйтэн ханддаг хүн юм шиг харагддаг. Бас тэр өршөөх, мартах, уучлах тал дээр маруухан нөхөр шиг үзэгддэг. Уг нь жижиг сажиг юмыг үл хэрэгсэж сурах сайхан шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүд, хөгшдийг уучилж байх хэрэгтэй. Уучлал, тайтгарлын ард дандаа гоё улирал ирдэг. Гоё улирал танд, таны хүрсэн амжилт дээр гоёыг л нэмнэ. Ингээд танд улам их амжилтыг хүсэн энэхүү нийтлэлээ өндөрлөе.