Юу ч мэдэхгүй сайхан сэтгэлтэй
хүмүүсийн цаана, эрх чөлөөнд
нүүрлэх хамгийн том аюул
нуугдаж байдаг.
Лүис Брэндис


ХАЛАМЖ

Олимп, Дэлхийгээс медаль авсан тамирчиддаа сар бүр мөнгө өгөхөөр болов. Тэд эх орныхоо төлөө насаараа явчихаад олигтой амьдарсангүй гэсэн тайлбартай. Медаль аваагүйнууд нь эх орныхоо төлөө яваагүй болж тараах нь. Амжилт гаргасан нь сайхан амьдрахад буруудаад байх зүйл байхгүй ч, амжилт нь ганцхан тамирчний ид үетэй холбоотой. Тухайн үед бүх хүн өөрийн сонголтоороо дуртай спортоо сонгож амьдралаа болгосон шүү дээ. Төрийн буруу байхгүй. Ялангуяа “өнөөдрийн төр” ямарч буруугүй. Сайхан амьдрах гэж байхад нь хүчээр бөх барилдуулчихсан биш. Сагсанбөмбөг, хөлбөмбөг гээд насаараа шигшээ багийг төлөөлж явсан ч, одоо орох оронгүй, архинд орсон хүмүүс адилхан өөрсдийн сонголтоор амьдарсан. Хэрвээ ингэвэл багийн спортоор хичээллэсэн эдгээр хүмүүс ч барьцахад буруу байхгүй. Спортыг заавал ингэж ялгаж салгах нь төрийн хийх ажил мөн үү! Ижил гараанаас гаргах бодлогыг тэд хийх ёстой. Тухайн үед төр нь үнэлэж чадаагүй (цол, тэмдэгээр үнэлсэн), үнэлэх ч механизмгүй байсан. Энэ бүхний бурууг өнөөдрийн төр үүрэх ямар хэрэг байгаа юм бол. Ирээдүйгээ харах ёстой. Ирээдүйгээ харах ёстой гээд, өнгөрснийг үгүйсгэсэн юм биш. Зодог тайлсан хүн, ид үедээ байгаа тамирчнаас өндөр цалин авдаг тогтолцоог манай удирдлагууд бий болгоод байна. Амжилт гаргах биш, амжилт гаргасан тамирчид руу чиглэсэн учраас гаргалгаа нь буруу. Энэ гажиг тогтолцоо тун удахгүй алга болно. Спорт гэж юу байдгийг эрүүл саруул сэтгэдэг нэг нь цуцлах биз. Э.Бадар-Ууган мөнгөө урьдчилж аваад заал бариулна гэдэг нь зөв л дөө. Ирээдүйд мөнгө өгөхөө болчих юм чинь.

Олимп, Дэлхийн медальтнуудаас хамгийн дээд тал нь 7.5 саяыг З.Ойдов гуай сар бүр авна. Монголын хамгийн өндөр цалинтай, орлоготой тамирчин хэн бэ гэсэн чинь зодог тайлсан хүн. Японд сүмочингүй бол энэ үзүүлэлт бүр хошин шогийн болно. Ахмад дайчдад адилхан тэтгэвэр, дээр нь байр өгдөг болохоос эх орноо харийн түрэмгийллээс хамгаалсан гээд бүхнээс өндөр цалин өгдөггүй. З.Ойдов гуайгаас мөнгө харамласан юм ерөөсөө байхгүй гэдгийг дахин хэлье. Спортын салбар нь дөнгөж өндийх гэж ядаж яваа улсын хувьд ийм бодлого гаргачихаад сууж байгаа нь амиа хорлохтой адил. Юу ч мэдэхгүй, сайхан сэтгэлтэй алга ташигчид олон юм даа. Манайхан ямар нэгэн асуудалд ухаанаа биш сэтгэлээ тавиад туучихдгийн нэг жишээ. Асуудлыг сайхан сэтгэлээр шийддэг бол ухаанаар яах юм. Улаанбаатар болон Монголын хэмжээнд заал танхим хэд байдаг билээ. Ялангуяа стандартын гэхээр заал тун ховор. Нэг сая гаран хүнтэй хот гэхэд гаднах спорт цогцолбор нэг ч байхгүй. Гадны ахлах сургуулийн спорт цогцолборын хэмжээнд ч хүрэхээргүй байна. Спортоор хичээллэх нь амьдралын баталгаагүй ийм нөхцөлд урагшаа харах ёстой. Шигшээ багийн тамирчдын цалин гэж өрөвдмөөр л юм байдаг биз дээ (ойролцоогоор 150-200 мянга). Ихэнх спорт байнгын шигшээ баггүй. Цэвэр шударга өрсөлдөөнийг спортод бий болгох биш өрсөлдөөний гадна байгаа, өмнө нь өрсөлдөж байгаад больсон хүмүүст хамаг байдгаа өгдөг бас л овоо гарууд шүү. Өвөө, эмээ нь баярлаж сайхан амьдраагүй бол хүүхдүүд нь сайхан амьдраг л дээ. Ахмадууддаа харж үзэж сайхан сэтгэл гаргаж, эцэст нь хүүхдүүдээ өвөө эмээ шиг нь болгох гээд л байна. Одооны хүүхдүүд ийм системээр явбал ирээдүйд, эмээ өвөөгийнхөн тавилан хүлээж буй. Ирээдүйг нь битгий хулгайл!!! Бид Кувэйт, Катар биш. Хүн бүрт өгдөг далан мянгаар, эмнэлэг, сургуулт барьсангүй гээд бөөн асуудал Монголын хэмжээнд яригдсан. Спортод яг ийм нөхцөл байдал тулгараад байна. Баабар гуайн хэлдэг шиг “Идлээ, цадлаа, баалаа”. Гол нь юу ч мэдэхгүй сайхан сэтгэл гаргагчид үүнийг анх санаачилсан юм шүү дээ. Тэд юу ч мэдэхгүй, чадахгүй, тооцоолохгүй, ирээдүйг харахгүй, мэргэжлийн биш. Гэхдээ тэдэнд л мөнгө яаж үрэх вэ гэсэн эрх мэдэл бий. Тэд боддоггүй, тараадаг, цацдаг, бусдад таалагдахыг хүсдэг, сайхан сэтгэл гаргаж байна. Ядуу сэтгэлгээ тараахыг түрүүлж боддог. Тараадаг учраас бид ядуу хэвээрээ байна.

Хэрвээ амжилтыг мөнгөөр дагуулах гэж байгаа бол төр мэргэжлийн болоход хэцүү эдгээр төрлүүдийг цалингаар хөгжүүлдэг. Улсын шигшээ нэг жиндээ гурван (эсвэл тав) бөхтэй. Эдгээр бөхөд сарын нэг саяыг (ирээдүйд өснө) сарын цалин гээд өгөөд эхэлвэл шигшээд багтах гэсэн тулаан, өрсөлдөөн эхэлнэ. Спортод ийм л өрсөлдөөн байдаг биз дээ. Давхар клубээсээ цалин авна. Мэдээж дасгалжуулагчид цалин өндөр, хяналт сайтай. Сардаа сонгон шалгаруулалт тогтмол хийгээд байхад хэн ч шигшээ багаас хасагдахыг хүсэхгүй. Ингэхээр дархлагдсан нэг тамирчин алга болж, тогтмол бэлтгэлтэй байхгүй бол болохгүй болно. Дороос нь үргэлж залуус чангаана. Олимп, Дэлхийгээс медаль авсан нь биш Монгол Улсын шигшээ багт багтах нь нэр төрийн хэрэг, сайхан амьдралын баталгаа болно. Харин амжилтыг дүгнэх шалгуур өөр үнэлгээтэй. Тэр нь тухайн үедээ нэг л удаа байхаар. Тэгэхгүй насаар нь гэж коммунист зан гаргавал спорт эрүүл саруул болохгүй. Дэлхийн аваргын мөнгөн медалийг тэд, хэсгээс шалгарвал тэд, шагналт байр тэд гээд үнэлгээг нь тогтоочихвол стандардад ойртоно.

ҮНДСЭН САЛБАР

Улс орон хөгжихийн тулд эхлээд үндсэн салбартаа анхаарлаа хандуулдаг. Боловсрол, эрүүл мэнд, хууль, эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц гээд явж өгнө. Дагалдах салбар болох урлаг, спорт эхний ээлжинд байхгүй байж болдог. Үндсэн салбаргүйгээр улс орон урагш алхахгүй. Спортын салбар ч адилхан. Урагш алхахын тулд үндсэн салбар болох суурь баазаа тавина. Стандартын заал, танхим, цогцолбор, эрх зүйн орчин, боловсон хүчин гэх мэт. Тамирчин бэлдэх нь дараагийн ажил бол медаль, халамж, хангамж хамгийн сүүлд. Эхэнд дурдсан үндсэн хэсэггүйгээр спортын салбар урагшлахгүй. Манай спорт урагшилахгүй байгаа шалтгаан гол сууриндаа биш дагалдах зүйлст асар их мөнгө зарж байгаатай холбоотой. Олимпын медаль, халамж. Дагалдах зүйлст ямарч суурь, ямарч хөгжил байхгүй. Угаасаа эдгээр зүйлс эхний ээлжинд байхгүй байсан ч болдог юм. Адил гараанаас гарах бүх нөхцөл хангагдсан үед хувийн хэвшил хүссэн хүсээгүй спортыг мэргэжлийн салбарт оруулчихна. Дотооддоо бодлогогүй байхад гаднаас орж ирдэг мөнгөн урсгал бас л үр дүнгүй. Олон улсад төлөөлдөг гол холбоодын үйл ажиллагааг сайн харвал хөлбөмбөг, олимпын хороонд хамгийн их мөнгө орж ирдэг. Гэхдээ хэн нь ч тайлангаа гаргаж өгөхийг хүсдэггүй. Дотооддоо бодлогогүй үед гадагшаа харьцдаг хэд ямар байх нь ойлгомжтой. Ёстой л нөгөө амьдрахын тулд биш, идэхийн тулд амьдардаг хэд спортод шавчихаад байх шиг. Хөлбөмбөг хөгжихөд хөлбөмбөгийн холбоо, сагс хөгжихөд сагсны холбоо, олимпизм хөгжихөд олимпын хороо, бөх хөгжихөд бөхийн холбоо саад болж буй. Спортыг гутаасан эрэмдэгүүдээр дүүрэн. Үнэндээ спортод дуртай, хайртай, ойлгодог нэг нь гутаахгүйн тулд холхон шиг байсан дээр. Гөтэгийн хэлсэн: Бүхий л тэнэглэл, ухаантай, тэнэг хүмүүсээс биш, хагас ухаантай, хагас тэнэг хүмүүсээс л гардаг.

Манай улс Олимп, Дэлхийн медальт тамирчиддаа мөнгө өгөхөөр болсны дараа, чөлөөт бөх 2020 оны Олимпын наадмаас хасагдах магадлал өндөр хувьтай боллоо. Телевизийн программд захиалга байхгүй, допинг их хэрэглэдэг, заалны орлого буюу үзэгч байхгүй, дүрэм дэндүү их өөрчлөгддөг гээд хэд хэдэн шалтгаанаар яваад өгөв. Хуучин Зөвлөлтийн хүчинд оршин тогтнож байжээ. Тэгэхээр чөлөөтийн Дэлхийн аваргад тамирчид медаль авбал яах вэ гэдэг эхний асуулдал гарч ирнэ. Дараа нь Олимпт ордоггүй самбо, сүмогийн Дэлхийн аваргууд барьцаад эхэлнэ. Олимпт ордоггүй өөр дэлхийн аварга нь болдог спортууд олон бий. Би буруу сонсоогүй бол оюуны спортынхон медаль авчирсан байх аа.

ТӨГСГӨЛ

Дээрх бүхний шалтгаан нь хоцрогдол. Шинэ юм хийх тэнхэлгүй учраас одон медаль, халамж, шагнал урамшуулал, ахмадууд хүлээн авахаас өөр хийж байгаа ажил алга. Төр нь баахан медаль, цол тэмдэг өгнө. Олимпын хороо нь зэрэгцээд л баахан тэмдэг. Үнэндээ юм хийх ямарч тэнхэлгүй тамирдчихсан сэтгэлгээ явж байна. Спортын байгууллагуудын ихэнх ажил иймэрхүү дагалдах зүйлс дээр төвлөрдөг. Социализмын алдаа болох хувь хүний хүслийг үгүй хийдэг механизм бол насаар нь гэдэг тодотгол. Хорьтой залуу насаараа мөнгө авахаар болвол тэр хүнд хүсэл үлдэх үү!!! Хүслээ алдаж зовлонгүй болвол тэр хүн өөрийгөө юунд сорьж, юунд илэрхийлэн харуулах болж байна. Назарбаев ерөнхийлөгч болоод олон дорвитой ажил хийж, Казахстан огцом үсрэлт хийжээ. Гэтэл ард түмэн гэх сайхан сэтгэлтнүүд насаараа нь ерөнхийлөгч болгож орхив. Үүнээс хойш Казахстан баларсан. Юм ойлгодог хэд нь Назарбаевыг болиулахыг хүсдэг ч сайхан сэтгэлтэй алга ташигчид одоог хүртэл дэмжсээр буй.

Монгол улсын ерөнхийлөгч 2040 онд Олимпыг эх орондоо зохиох тухай ярьсан. Уг нь боломжтой. 1960 онд ямар азгүй хүмүүс нь Өмнөд Солонгост амьдардаг байна гэж бидний шоолдог байсан хүмүүс 70 онд бидэнтэй зэрэгцэж, 1988 онд буюу 18 жилийн дараа Зуны Олимпыг зохион байгуулсан. Дайны дуусаад 19 жилийн дараа Токио мөн ийм амжилт гаргасан. Манайд бараг 30 жил бий. Эдийн засгийн өсөлт Япон, БНСУ-ын ид үеэс өндөр байгаа манай улсын хувьд хангалттай боломжтой. Ингэж бодохоор боломжтой ч юм шиг, өөрсдийнхөө хэдийг харахаар боломжгүй ч юм шиг.