Монголын хөлбөмбөгийн шигшээ – Хөлбөмбөгийн холбоо
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг Challenge cup-2014 тэмцээн манайх шиг улсын хувьд том боломж байдаг. 2012 оны тэмцээний урьдчилсан шатанд, чанга сугалаа татаж Филиппинтэй тоглосон бол энэ удаа дөрвөн улстай хэсэгт тоглох болсон нь том давуу тал байлаа. Багаар бодоход гурав тоглоно.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг Challenge cup-2014 тэмцээн манайх шиг улсын хувьд том боломж байдаг. 2012 оны тэмцээний урьдчилсан шатанд, чанга сугалаа татаж Филиппинтэй тоглосон бол энэ удаа дөрвөн улстай хэсэгт тоглох болсон нь том давуу тал байлаа. Багаар бодоход гурав тоглоно. Чансаа өндөртэй Лаос хэсгийг тэргүүлж, хоёрдугаар потноос Афганистан, гуравдугаар потноос Шри Ланк, дөрвөөр манайх орохоор болов. Бусад хэсгийг бодвол тун боломжын сугалаа татчихсан. Нийт таван хэсгээс, хэсгийн тэргүүн байр эзэлсэн багууд дээр өндөр үзүүлэлттэй хоёр баг нэмэгдэж цааш шалгарах дүрэмтэй. Лаос бол сайн баг, гэхдээ сүүлийн жилүүдэд доош унаж байгаа бол Афганистан, Шри Ланкын хувьд хөлбөмбөгийн спорт зогсонги байдалд орчихсон. Лаосын хөлбөмбөгийн ид үе унаж, инфляциасаа болж мөнгөний ханш доошилсон Азийн ядруухан улс. Афганистан хар тамхи тариалалтаасаа болж сүүлийн 30 жил үймээнтэй байгаа. Хар тамхи цэврээр нь тарьдаг хоёрхон улсын нэг (нөгөөх нь Колумби), улсын эдийн засаг нь хар тамхи, хууль бус наймаанаас өөр орлогогүй. Спортын салбар гэхээр юм байхгүй. Хөлбөмбөгчид нь бүгд эх орноосоо дүрвэж гадны лигүүдэд тоглодог. Манайхаас цөөхөн тоглолт хийдэг хэдхэн улсын нэг. Шри Ланк ч ялгаагүй ойр ойрхон болох цунами цайны талбайг нь сүйдэлчихдэг, байгалиас дэндүү хамааралтай болчихсон. Хөлбөмбөгийн чансааны хувьд Кайманы арал, Сэйшелийн арал, Монтсэррат гэх мэт улсын өмнө бичигддэг, ард нь тусгаар тогтносон улс байгаа юм уу гэмээр. Гэхдээ эдгээр улсуудын хөлбөмбөгийн хөгжил, тоглолтын арга барил манайхаас илүү. Тийм ч учраас манайх сүүлийн потонд Гуам, Брунэй, Хойд Марианы арлууд, Макаотой хамт хуваарилагдсан юм. Боломж байвал хожил авч болмоор сугалаа. Гуравдугаар потны Пакистан, Бангладеш, Таиван, Шри Ланк, Камбожоос хоёр сулханы нэг нь болох Камбож, Шри Ланкын нэгтэй, хоёрдугаар потны Түркменистан, Палестин, Энэтхэг, Тажикистан, Афганистаны хамгийн сул Афгантай, нэгдүгээр потны Филиппин, Мьянмар, Непал, Киргизстан, Лаосын хоёр сул Лаос, Непалын нэгтэй нь орсон юм. Зардал хэмнэх үүднээс хэсгийн тоглолтыг чансаа өндөртэй Лаост хийхээр болж, хэсгийн зургаан тоглолтыг зургаан өдөрт багтаахаар болжээ.
Манай улсын хувьд өвлийн хүйтнээр бэлтгэл хийх болсон нь хүндрэлтэй байв. Гуравдугаар сар бол Азийн цаг агаарын хамгийн тохиромжтой үе. Тэрнээс хойш ихэнх улсууд 30-аас дээш хэмийн халуунтай байдаг учраас цаашдаа Азийн бүхий л урьдчилсан тоглолтууд энэ үед болно. Бид ямар дулаан газар руу нүүлтэй биш өөрсдийн гэсэн арга хэмжээг авахаас өөр аргагүй. Улаанбаатар, Москва хоёр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Азиас Казахстан манайд дөхөх хүйтэн боловч газар нутгийнхан 7 хувь нь Европт ордог шалтгаанаар Европын Хөлбөмбөгийн Холбоонд хүсэлт тавиад орчихсон. Ганц манайд тохируулж өөрчлөлт хийхгүй нь тодорхой. Ингэхээр манайхан дулаан газрыг хайх хэрэгтэй болно. Нэг, хоёрдугаар сард нийслэл хот маань -20, -30 хэмтэй. Ингэж хүйтэрдэгийн гол шалтгаан Туул голын жавар. Хоёр дахь том хот Дархан ч гэсэн өвөлдөө хүйтэн, голын жавартай. Харин Эрдэнэт бол хажуудаа томоохон голгүй учраас өвлийн улирал харьцангуй дулаахан. Бараг 80 км-ын цаана байдаг Сэлэнгэ мөрнөөс усаа татдаг. Зузаан иртүүз өмсөөд дээгүүрээ нимгэхэн курткатай байвал даарна гэж байхгүй, малгайгүй тоглох үе ч зөндөө байдаг. Дээр нь хиймэл зүлгэн талбайтай. Ямарч л байсан Улаанбаатараас 4-6 хэм дулаахан. Заримдаа 8 хэмийн зөрүү ч гарна. Хажуудаа Хангарьд гээд Монголын хамгийн том спорт цогцолбортой. Ямарч асуудал гарахгүй. Гол асуудал нь тоглогчдын хичээл сургууль, ажлаас нь авах чөлөө. Ер нь манайд ажилгүй, гэр бүлгүй хүмүүс хөлбөмбөг тоглохгүй бол бусад хүмүүсийн хувьд боломж тун бага. Эрдэнэтэд бэлтгэл хийсэн бол манай тамирчдын хувьд харьцангуй дээр байх байсан болов уу! Гэхдээ өөр боломжыг хайгаад үзье. Говийн аймгууд өвөлдөө дулаахан байдаг. Шигшээ баг тоглолтоо хийх үеэр Өмнөговьт +10 хэм дулаантай байсан. Улаанбаатарын дундаж -20 хэм барагтай бол Дорноговь, Өмнөговь руу болдоггүй. Урагшаа Өргөн, Замын-Үүд, Ханбогд бүр ч дулаанхан. Дээр нь уурхай зонхилсон говийн аймгууд удахгүй хөлбөмбөгийн хиймэл талбайтай болно гэж байгаа нь таатай мэдээ юм. Үргэлжийн асуудалтай байдаг уул уурхайн компани шигшээ багийг дэмжиж байгаагаа харуулж сурталчилгаа хийх нь татгалзахын аргагүй санал байх нь ойлгомжтой. Спортын нэвтрүүлэг хийгээд бэлтгэлийн явцыг харуулаад байх нь хаана ч байхгүй том сурталчилгаа болно. Удахгүй Өмнөговь руу төмөр зам татчихвал Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян-Ханбогд-Цогтцэцийгийн чиглэлийн тээврийн зардал харьцангуй бага, явахад хялбар болно. Тэгэхээр дараагийн тэмцээний бэлтгэлээ говь руу, бүр болохгүй бол Эрдэнэт хийвэл тохиромжтой. Спортод хэдхэн хэмийн зөрүү, хэдхэн метрийн өндөр нам том ялгаа харуулдаг шүү дээ. Дээр нь гадаа талбайд тоглох гэж байж, зааланд бэлтгэл хийх нь оновчгүй шийдвэр. Хичнээн хүйтэн байсан ч, заалны хөлбөмбөг тэс өөр. Бөмбөгний ойлт, өнхөрөлт зааланд ямар байх билээ. Дээр нь заалны пүүзтэй бэлтгэл хийнэ. Заалны гүйлт хүртэл тэс өөр.
Шигшээ багийн хувьд нийслэл хотдоо гадна талбай, заал хоёрт хосолсон бэлтгэл хийгээд хоёрдугаар сарын хорины өдөр эх орноосоо мордож, хамтарсан бэлтгэл, цаг агаарын зөрүү гаргах тоглолтыг нутгийн клубтэй хийсэн юм. Нөхөрсөг гурван тоглолтыг хийх үед төвийн хамгаалагч Энхжаргал бэртэл авсан нь том гарз байлаа.
АНУ-д сурдаг Мөрөнгийн хувьд өөрөө ирэх сонирхол асар их байсан ч, зардал байхгүйн улмаас ирж чадаагүй. Уг нь ганц хүний онгоцны билет ямар үнэ хүрэх вэ дээ. Ирээд байр хоолны зардал гэх юм биш, гэртээ ирэх хүнд энэ олон ивээн тэтгэгчдээр тийзний мөнгө гаргуулж чаддаггүй муу л байна даа. Хэрвээ Мөрөн ирсэн бол хамаагүй өөр тоглолт гарах нь ойлгомжтой. Францын Сэнт-Этьен тэргүүтэй клубуудэд шалгалт өгч байгаа Мөрөнд, манай хэсгийн багуудаас түүний чансаанд хүрэх тоглогч ховорхон байх даа.
Эхний тоглолтоо гуравдугаар сарын хоёронд талбайн эзэдтэй хийлээ. 1-1-ээр тэнцэж Цэдэнбалын дамжуулалтаар Түмэнжаргал гоол оруулсан. Дараагийн тоглолтоо Афганистантай хийж 1-0-ээр хожигдсон бол, хэсгийн сүүлийн тоглолтоо Шри Ланктай хийж 3-0-ээр хожигдсон юм. Бүх тоглолтуудыг интэрнэтээр бичлэг тааруу, гацаж түгтэрч үзсэн болохоор задлаж бичихэд хэцүү юм. Тоглолтын арга барилыг харахад манайх ахиад л нөгөө тактикгүй тоглолт харагдсан. Зохион байгуулалт байхгүй 4-4-2, 4-5-1 гэсэн байрлалд зүгээр тавьчихсан дүр зураг. Би өмнөх нийтлэлүүд дээрээ бичиж байсан. Манай багийн бэлдэх хамгийн чухал ажил бол хамгаалалтын зохион байгуулалт дээр нь сөрөг довтолгоо. Манайх шиг чансаа муутай багууд яаж багаар, бүлгээр хамгаалах, яаж давхар (дабл) хамгаалалт хийх тал дээр илүү түлхүү ажилдаг Сөрөг довтолгоо гэхээсээ илүү замбараагүй цөлөлт. Сөрөг довтолгоо гэдэг чинь үүрэг даалгаврын хуваарьтай байх ёстой. Хамгаалж байгаад урагш нь цөлөхийг сөрөг довтолгоо гэдэггүй. Эсрэг багууд өмнөх өрсөлдөгчдөөс харьцангуй сул, дээр нь арагш суусан хамгаалалтыг үе үе хийсэн учраас манайх бөмбөг эзэмших боломжыг хадгалж байлаа.
Үндсэн техникийн алдаа болох туулт, тогтоолтууд дээр их алдаж байсан. Манайхны үргэлж дутагддаг зүйл болох хурд энэ удаа ч дутагдсан хэвээр байлаа. Бас нэг хуучны ужиг харагдсан нь хамгаалалтын шахалт. Лигийн тоглолтыг үзэх юм бол арын хамгаалагчид шахаж бараг 30 метрт бүх тамирчид багтахаар дүр зураг харагддаг. Багаасаа хамгаалалтын хувилбар байхгүй урагш шахах нэг л төрлийн аргаар тоглоод сурчихсан нь үргэлжилсэн хэвээр. Шри Ланк дээр үүнийхээ улмаас гоол алдсан бол Лаос дээр буруу шахаж нэг гоол алдсан ч азаар захын шүүгч отон өргөчихөв. Нарийн харвал бас л эргэлзээтэй отон. Эсрэг багуудаа хамгийн олон отон тоглолтонд оруулдаг улс нь манайх. Макаотой өмнө нь талбай дээрээ ингэж гоол алдсан бол Хойд Солонгос дээр бүр ч тод харагдсан. Хурд муутай баг шахсан хамгаалалтыг хийхээр амжилт гаргахгүй нь ойлгомжтой. Манайхаас чансаа муу Шри Ланк хүртэл хурдаар илүү байлаа. Гэвч чансаа илүү ч, хэсэгт хуваарилагдсан байраас харвал Азийн Хөлбөмбөгийн Холбоо Шри Ланкыг манайхаас илүү гэж хуваарилалт хийсэн. Лаос тоглолтын хувьд Афганаас илүү байсан боловч хэсгээ тэргүүлж чадсангүй. Манайхыг чансаа муу гээд хамаг хувилбараа туршиж үзсэн бололтой хэдэн үйлдлээ хэд дахин давтаад л байсан. Сүүлдээ тэрийгээ болиод гоол оруулах гээд улайрч байсан ч чадаагүй юм. Япон дасгалжуулагчийн арга барил л даа. Илүү алсын юмыг харж, түүнийхээ төлөө ажилладаг. 2012 онд ажлаа хүлээж аваад унаж яваа Лаосын хөлбөмбөгийг босгох гэж байгаа харагдсан. Хугацаа нь болохоор Лаос шал өөр болох биз. Бидний хождог Гуам, Макао яг л ийм аргаар манай дээр гараад ирсэн шүү дээ. Болохгүй байсан ч хувилбараа хийгээд л байна. Сүүлдээ хувилбар нь биелэж ирэх эхний шат харагдана. Хамгийн чухал нь хувилбартай тоглолт хийлгэж сургах дадалтай болгох юм. Манайхан хувилбараа хийгээд ганц хоёр үзээд болохгүй бол больё больё өөрсдийнхөөрөө тоглоё гэдэг. Ийм учраас хувилбар сурах дадлыг хэвшиж чаддаггүй. Гуам А хэсэгт Таиваныг 2-0-ээр хожсноос харж болно. Таиваны сэлгээ Гуамыг хожих боломжтой гэж бодож байсан ч, гарааны 5-6 тоглогч нь тоглоод барсангүй. Манайх Лаостой сайн тоглосон гэж байгаа ч тоглолтын арга барилыг харвал Лаос хэдхэн хувилбарыг уйгагүй давтсантай холбож тайлбарламаар харагдсан. Манайхан шиг өнөөдрөө бодсон бол зогсоо зайгүй довтолсоор дуусгах байсан биз. Сагсанбөмбөгийн дасгалжуулагчаар Өмнөд Солонгосын Пак Сун Гин ирэхэд энэ байдал бас харагдсан. Хожих нь чухал биш, арга барилаа олох нь чухал гэдэг ирээдүй рүү чиглэсэн арга. Сайн тоглогчоо яг хэрэгтэй үед нь суулгахад, Азийн нэг тэмцээнээр манайхан бөөн юм болсон. Гэтэл тэр тоглолт чухал биш сууриа сайн тавихыг боддог арга нь тэр байсан юм. Тийм ч учраас хожил гэж улайрдаг манай сагснаас удахгүй явсан даа. Тийм хүнийг бид ойлгож чадахгүй байна.
Манай шигшээд дэвшилтэй зүйл харагдсан нь хувь тоглогчийн арга барил сайжирснаас харж болно. Улаанбаатар хот 20 орчим зүлгэн талбайтай болсон нь тоглогчид стандартын талбайд тоглох нөхцөл бүрдсэн. Бөмбөг, пүүзний хувьд харьцангуй элбэг, хямдхан олдох болсон нь техникт нь нөлөөлжээ. Дээр нь телевизээр гарч буй хөлбөмбөгийн томоохон лигүүд хөлбөмбөгчид болон сонирхогчдын мэдлэг, тоглолтыг харах чадварыг харьцангуй нэмсэнтэй холбоотой.
Манай шигшээ багийн хувьд 1998 оноос хойш албан ёсны тоглолтууд хийх болсон. Анхны тоглолтоо Кувэйттэй хийж 11-0-ээр хожигдож байсан бол дараа нь Узбекистанд 15-0-ээр хожигдсон. Манайхыг хэн олон бөмбөгөөр хожсон нь хэсгээс гарах учраас ингэж олон тоогоор хожсон болохоос бусад багууд шиг 5-6 бөмбөгний зөрүү гарангуут хаячихаагүй. Тэгээд ч манайхны анхны тэмцээн, анхны зүлгэн дээр болсон тоглолт. Энэ хоёр тоглолт Бангкокын Азийн Наадмын тоглолт юм. Азийн хоёр том улстай нэг хэсэгт орсон хатуухан сугалаа байлаа. Тухайн жилдээ Кувэйт мөнгөн медаль хүртсэн. Тэр үеийг бодвол Узбекистаны хөлбөмбөг үнэхээр их өөрчлөгджээ. Сервер Жепаров Азийн шилдэг болж, Чэлситэй хамтарсан бэлтгэл хийж, Максим Шацких Киевийн Динамогийн бүрэлдэхүүнд Аваргуудын Лигт олон жил тоглосон. Бунёдкор клуб Барсэлонатай бэлтгэл хийж, Ривалдог клубтээ тоглуулав. 2010 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатнаас гарах тун дөхөв. Энэ байдлаараа удахгүй шилдэг 32-т орно. Манай бахь байдгаараа.
Улсын эдийн засаг нь хөгжөөд байдаг, хөлбөмбөгийн бүх том тэмцээнийг үзэж байна, хорь орчим том жижиг ногоон зүлгэн талбай, таван стандартын том ногоон талбайтай, тэрнээс гурав нь олон улсын хэмжээнд үнэлэгдэнэ. 2000 оны эхээр хөлбөмбөгийн пүүз олдохгүй кэттэй тоглодог, бөмбөг олдохгүй арсанбөмбөгөө хагарахаар нь оёдог байсан үе түүх болжээ. Зүүн Ази, Ази, Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо ямарч их тусламж өгөв. Байдаггүй ээ. Макаог нульдаг байсан одоо барахаа больсон. 6-0-ээр хождог байсан Гуам, жил ирэх бүр онооны харьцааг ойртуулсаар хэдэн жилийн өмнө хожсон. Гуамын хөлбөмбөгийн түүхэн дэх анхны хожил. Удахгүй Хойд Марианы арлуудад хожигдох нь. Одоог хүртэл тусгаар тогтносон улс хожиж үзээгүй, хэдэн арлуудтайгаа өгөө аваатай. Лаостой тэнцэхэд сайн байсан л гэнэ, нэг үр дүнгээр бүх юмыг харж болохгүй 2000 оны дундуур Таивантай, тэрний өмнө Бангладештэй тэнцэж л байсан. Тохиолдлын ийм зүйлс цаашдаа ч гарч ирнэ. Манай хөлбөмбөг бага зэрэг хөгжсөн нь дагалдах зүйлстэй холбоотой болохоос хөлбөмбөгийн холбоотой тийм ч хамааралтай биш. Бөмбөг, пүүз, талбай олон болсон үед тоглогчдын ур чадвар өсч, улс орон хөгжснөөр хүмүүс амьдрал эрс дээшилж, хөлбөмбөг зориулах зав нь ихэсчээ. Клубын хүүхдээсээ ориг пүүзийг нь гуйгаад, шигшээгийн бэлтгэлд, гадагшаа тэмцээнд явдаг үе ч ард хоцорсон. Тийм юм харах ямар хэцүү байдаг гээч.
Манай шигшээ баг хожигдлоо, хөгжихгүй байна, урагшлахгүй байна гээд байдаг энэ бүхний цаад шалтгаан нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо. Монголд хөлбөмбөг хөгжихөд энэ холбоо саад болж буй. Энд өөрчлөлт шинэчлэлт гарч байж өөрчлөгдөнө үү гэхээс энэ янзаараа л хэвээрээ байна. 15 жилийн өмнөх тоглолт яг одоо болж байгаа та бүхэн харж байна уу! Гоол төсөл гээд гээд баахан худлаа юм яриад байдаг. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо нэг удаагийн гоол төслөөрөө 105х67 метрийн хиймэл зүлэг барьж өгдөггүй юм. Стар спортоор үзсэн гоол төслөөр хиймэл зүлэг, үзэгчийн суудлыг жил хүрэхгүй хугацаанд барьж өгч байсан. Тэр нь нэг л гоол төсөл бол манайд хэдэн гоол төслөөр барьж өгснийг бүү мэд. Тэгж ярьвал бидний мэдэх Англи дасгалжуулагч өөрийн сангаараа дамжуулж цэнгэлдэх барьж өгөх гэж байхад нь хөлбөмбөгийн холбоо саад болсон гэдгийг сонссон. Мөнгө шилжүүлэх гэтэл хувийн данс хүрээд ирсэн гэж. Хэн ч байсан эдгээр зүйлс манайд баригдах л байсан. Энийг би бариулсан гээд явах ямар хэрэг байна. Бин Хамман Монголд ирээд Азийн Хөлбөмбөгийн Холбоо жил бүр 250 000 доллар өгдөг гэж пал хийтэл нь хэлж билээ. Тэрнээс хойш л бид үүнийг мэддэг болсон болохоос бидний мэддэггүй олон мөнгөн урсгал бий. Зүгээр л нэг жишээ дурьдахад манай улс 2014 он хүртэл Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооноос бандуулсан. Зүүн Азийн энэ холбоо ядуу буурай Монгол, Хойд Солонгосыг бүх зардлыг нь дааж тэмцээн, сургалтанд суулгаж, цогцоороо хөгжихийн олон ч тусламжыг өгдөг байсан. Манай хүүхдүүд жил бүр гадагшаа тэмцээнд явдаг байсан. Одоо үгүй. Филиппинтэй тоглохын өмнө Филиппиний ерөнхий нарийн бичиг танайх Зүүн Азиас бандуулах гээд байна гэж сануулж байхыг бодоход хаа холын тэр улсад энэ мэдээлэл очиж байна. Бид л мэддэггүй. Жижигхэн жишээ хэлэхэд Монголд адидас албан ёсоор оруулж ирэх болсон компани хөлбөмбөгийн холбоотой хамтраад шигшээ багийг иж бүрэн хувцасаар хангая. Хувцасны өнгөний кодоо явуулчих гэсэн манайд ашиггүй гээд явуулаагүй. БНСУ-өөс танай холбоо ямар хүнд сурталтай юм гэж албан ёсны түншдээ хэлж байсан гэдэг. Шигшээ баг хувцастай болж, зарагдсан хувцас бүрээс 5 хувийг нь холбоонд өгнө. Гол нь хэнд ашиггүй вэ гэдэг л гол хэрэг оршиж буй. Өмнөд Солонгос, Герман дасгалжуулагчид ирэхэд бас л ажлуулаагүй. Герман нь ямар мундаг хүн гээч. Манай нэг дасгалжуулагч яаж 37 онд төрчихөөгүй юм, тэгсэн бол энэ нөхдүүд хамгийн түрүүнд буу барьчихсан хядаад явж байх байсан биз гэж хэлсэн. Аргаа барсан хүний үг.
Энэ жилийн хүүхдийн футзалны нээлтэнд Ганболд гуай ахиад нөгөө үгээ хэлж байна лээ. Бид хүүхдүүд та бүхэндээ хөгжлийн программаа боловсруулж удахгүй хүргэх болно гэж. Нэг онигоо байдаг даа. – Ааваа хамгийн бага нэмэгдэхүүнийг багш ол гэсэн – Намайг жоохон байхад олоорой гээд байсан одоо болтол олоогүй юм уу гэж аав нь хэлж байсан шиг, намайг ч гэсэн жоохон байхад боловсруулж байна л гэж байсан, дуусаагүй л юм байх даа гэж бодогдож инээд хүрсэн. Энэний өмнөх намрын нээлт дээр “Ерөнхий сайд Алтанхуягийг охинтой болсонд баяр хүргэе аа” гэж хэлж байсан нь бүр ч инээдтэй.
Сүүлд холбооноос гаргасан юмыг харья
Хөлбөмбөгийн анхдугаар зөвлөлгөөн өчигдөр болж Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, салбар нэгжийн төлөөлөл нийт 100 орчим хүн оролцлоо.
Зөвлөлгөөнөөр "2012-2022 оны хөгжлийн хөтөлбөр"-ийг дэлгэрэнгүй танилцуулж, Монголын хөлбөмбөгийн "Их гэр бүл"-ийн өмнө ямар эрхэм зорилго байгааг тодорхойллоо.
Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гишүүн бүрийн эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс нь юу юу болох, хөлбөмбөгийн хөгжилд эв нэгдэл, шударга зарчим, бие биеэ хүндэтгэх хүндэтгэл, хатуу чанд сахилга бат ямар чухал болох, хөлбөмбөгийн хөгжлийг гардан хэрэгжүүлэгч бүх нэгж, хувь хүний өмнө ямархуу өндөр хариуцлага хүлээж байгааг МХБХ-ноос төлөөлөгчдөд нэгдсэн ойлголт өглөө.
Мөн "Хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд клуб, салбар хороодын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх дотоодын эрх зүйн баримт бичгүүд болох нэгдсэн дүрэм журмын хүрээнд санал солилцож төлөөлөгчдийн саналыг сонслоо.
"Хөгжлийн төлөө хамтдаа" уриан дор "Хөгжлийн хөтөлбөр"-д дэвшүүлсэн зорилтыг хамтран хэрэгжүүлэхэд нэг санаа зорилготой, эв нэгдэлтэй, нийтээрээ хариуцлагатай, бас хурдтай ажиллах цаг тулж ирснийг холбооны удирдлагаас онцлов.
Зөвлөлгөөний дараа урт хугацааны "Хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үүднээс МХБХ-ны салбар хороо, дүүрэг болон клубуудтэй холбооны удирдлагууд "Тунхаг гэрээ"-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Манай хамт олон, их гэр бүл, нийтийн төлөө гэх тусам улам аюултай болдог нь үнэн. Хүн төрөлхтний бий болгосон хамгийн айхтар харгислал нийтийн төлөө гэх үйлийн үрээр л бий болсон. Хэнийг нийтэд оруулах, хэнийг оруулахгүй вэ гэдгийг эдгээр хүмүүс хийдэг нь хамгийн аюултай. Чи нийтийн нэг болохын тулд тэдэнд таалагдах гэж хичээх болно. Энэ бол тэнэглэлийн хурц хэлбэр. Хүмүүст нэгдсэн ойлголт өгдөг ямар том хүмүүс вэ!!! Юу ч ойлгохгүй яваад байхаар нь цуглуулждээ. Аргагүй ээ, энэ хурал дээр нь дандаа “амьгүй албат”-ууд нь суусан болохоор аргагүй. Амьтай гэдгээ мэдэрдэг хүмүүсийг анхдугаар хуралдаа суулгахгүй. Коммунизмыг шүүмжилсэн номнуудыг уншаад үз дандаа ийм үг хэллэг бий. Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман амьд гэдгээ үргэлж сануулж ирсэн хүмүүсийн тухай. Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй” зохиолд Хойд Солонгосын “их гэр бүл”-ийн тухай гардаг. Хойд Солонгосын “их гэр бүлийг” уншаад өөрийн эрхгүй нулимс гарна. Ленин гэр бүлд нь багтахгүй сэхээтнүүдээ устгасан биз дээ. Дандаа “амьгүй албатууд” үлдсэн. Үндсэндээ бол хөгжлийн программ эдэр нь 15 жил хуурсан мэхлэлтийнхэн сайжруулсан хувилбар нь. Амьгүй хүмүүс ийм зүйлд ахиад л хууртагдана.
Тиймээ бид “амьд хүмүүс” гэж бодохоор инээд хүрэх юм...