Оросууд анх Монголд спорт хөгжүүлэхдээ, манайхны хамгийн хурдан амжилт гаргах төрлүүдийг дэмжсэн. Учир нь коммунист улсууд Олимп, Дэлхийгээс медаль авах нь коммунизмыг хэрхэн хөгжиж буйг харуулах сайхан боломж.  Ийм л шалтгаанаар чөлөөт бөхийн төрлөөр дөнгөж хоёр дахь Олимпоосоо дөрвөн медаль авсан нь спортын хувьд шинэ залуу улсын том амжилт байв. Чөлөөт бөхийн холбоо байгуулагдаад долоон жил болж байсан нь уламжлалт бөхийн барилдаан том суурь болсон нь ойлгомжтой. Товчоор бол манай спортын өнөөгийн нүүр царайн эхлэл. Бид одоо ч Оросуудын тавьсан замаар явж байна. Энэ бол бодлого гэхээсээ илүү бусдад өөрийнхөө сайн байгааг илэрхийлэх талбар байсан бол одоо Олимпын медаль нь дарга нарын албан тушаалаа удаан хадгалах талбар болон солигджээ. Монголын спорт хурдацтай хөгжиж байгааг хэн нэгэнд харуулах нь чухал биш. Спорт бол эрүүл мэнд гэж ярьж байгаа ч хачир дээрээ спорт бол медаль гэсэн бодлого ард нь нуугдаастай. Тэгээд ч 2 сая хүнээ хогон дунд хаячихаад, хорин хүнийг бэлдэж медаль авчихаад Монголд спорт хөгжиж байна гэвэл тэрэн шиг том эндүүрэл байхгүй. Одоо бид өөрсдөө сэтгэж, өөрсдөө бодлогоо боловсруулмаар байх юм.  Манай спортын  дарга нарын ярьдаг ажил нь ард түмэндээ медаль авчирах. Медалинд дургуй ард түмэн байхгүй. Медаль авчраад л байвал баярлаад л байна. Яг л улс төрчид шиг олонхын хүсдэг зүйлийг хийгээд байвал тэр бодлого мөн үү!!! Тэгэхээр улс төрийн “ааш” спортод тохирохгүй. Харин ямар “ааш” хэрэгтэй талаар өөрийн бодлоо сийрүүлье.

Аль нь хөгжил вэ?

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман үндэстэн хоёр хуваагдав. Нэг нь Баруун буюу капиталист Герман. Нөгөөдөх нь Зүүн буюу “коммунист” (албан ёсны нэр нь Ардчилсан Герман) Герман. Яг адил гараанаас гарсан, нэг үндэстнүүдийн спортын замнал шал өөр нөхцөл байдалтайгаар хөгжиж эхлэв. Зүүн Германы спорт яг л манайхтай адил. Олимп, Дэлхийн дэвжээнээс медаль авчирах нь туйлын зорилго. Тиймдээ ч Олимпоос медаль авахын төлөө, Олимпт медалийн тоогоор дээгүүр бичигдэхийн төлөө үхэн хатан зүтгэж, медальтай нэг нь одонгоор шагнуулна. Гэхдээ ард түмний амьдрал үлбэгэр дорой, тамирчид нь ядуу. Олимпт үзүүлж байгаа амжилт нь Баруунаас хэд дахин илүү болж, Олимпын медаль нь нэр төр, илүү хөгжиж буйн баталгаа гэдэгт бат итгэчихсэн байсан юм. Тиймээс анхаарал хандуулдаг юм нь ойлгомжтой Олимп. 1972 онд Баруун Германы Мюнхэнд болсон Олимпт, медалийн чанараар АНУ, ЗХУ-ын ард бичигдэж улс орноороо баярлан цэнгэж, Барууныг талбай дээр нь дарснаа бахдан ярина. 1976 онд АНУ-ыг ардаа орхиж ЗХУ, Зүүн Герман хоёр коммунизмын спорт хамаагүй илүүг харуулсан. Үнэхээр илүү байсан, гэхдээ медалиараа л илүү. Коммунизм нуран унахын өмнө 1988 онд Сөүлээс ахиад ЗХУ, Зүүн Германы медалийн ноёрхол үргэлжилсэн. Утга учиргүй тоон амжилтаа бахдан ярьж байхад АНУ, Баруун Германд мэргэжлийн спорт хөгжлийн эринд ирчихсэн байв: Зүүн Герман руу илүү дэлгэрэнгүй орох юм бол голдуу ганцаарчилсан спортыг дэмждэг нь харагдана. Зардал бага, амжилт үзүүлэхэд хялбар учраас тэр. Зөвлөлтийн манайд хэрэгжүүлсэн хамгийн хурдан амжилтанд хүрэх төрлүүдийг дэмжих нь Зүүн Германд утгаараа хэрэгжсэн нь энэ байв. Хөнгөн атлэтик, бокс, жүдо, чөлөөт бөх, дугуй, усанд сэлэлт, буудлага, гимнастикаар дийлдэшгүй байсан ч багийн спортоор юу ч байхгүй. Хөлбөмбөг, сагсанбөмбөгийн Дэлхий, Европын аварга, клубуудын тэмцээнүүдэд ч Зүүн Герман амжилт үзүүлээгүй. Зүүн Герман 1974 онд Мюнхэнд болсон Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад эхний бөгөөд эцсийн удаа оролцохдоо Барууныг 1-0-ээр хожиж байсан юм. Мэдээж капиалистуудыг хожихгүй бол нутагтаа очоод яах нь одооны Хойд Солонгос шиг. Хэсэгтээ хожигдсон ч Баруун Герман тухайн Дэлхийн аваргад түрүүлсэн. Зүүн Герман спортын эдгээр амжилтуудыг гаргаж байсан ч, тамирчид нь ядуу тарчиг, улс орны эдийн засаг нь туйлдаа хүрчихсэн байсан юм. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг энэ орон амиа хорлолтоор Европтоо тэргүүлж, 1977 оноос амиа хорлолтын статистикийг хөтлөхөө больжээ. Амиа хорлолтыг “өөрийгөө устгах” гэсэн хачин нэр томьёогоор орлуулж, эрх баригчид нь энэ тухай сонсохыг ч хүсдэггүй байв. Зүүнд аугаа найруулагч, зохиолч, тамирчид, сэхээтнүүд амиа хорлож байхад Баруунд эдгээр хүмүүс нь мандаж байсан юм.” Намайг дараа төрөлд минь хүссэн юм аа бичдэг улсад төрүүлж өгөөч” гэсэн гэрээслэл бол үүний нэг жишээ. Чадвартай хүмүүс ийм нийгмээс зугтахыг илүүд үзнэ. Энгэр дүүрэн медальтай ч, орох оронгүй, эрх чөлөөгүй Олимпын аваргууд. Насаар нь хүнийг ингэж хуурах нь сайхан биш.

Баруун Германд байдал эсрэгээр. Тэд Олимпт үргэлж Зүүнийхээ дор бичигддэг. Гэхдээ спорт бол медаль биш (Олимп биш), эрүүл мэнд, чөлөөт цаг гэдэг бодлого цэцэглэж байсан юм. Ард түмэн сэтгэл хангалуун, дуртай үедээ спортоор хичээллэж, чөлөөт цагаа өнгөрөөж, үнэхээр тамирчин болох хүсэлтэй нь цааш явна. Тамирчинг ажил болгохын тулд АНУ-ын мэргэжлийн спортын загварыг эх орондоо оруулж ирсэн. Олимпт Зүүнүүд алаад байдаг, мэргэжлийн спорт Баруунд хөгжөөд байдаг. Дайны дараа эрчүүдгүй болсон нутаг Европын Хятадууд гэгдэх Түркүүдийг цагаачлуулж сэргээн босголтыг хийж байсан ч (одоогор 8 сая Түрктэй), 1954 онд болсон Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад гайхамшигтай нь түрүүлчихэв. Дайнаас ёсхөн жилийн дараа босож ирсэн гэхэд итгэхэд бэрх. Дээр нь багийн спорт. Аадар бороонд Унгарыг хожиход адидасын анхны товруутай пүүз нөлөөлсөн. Дайны дараах эмх замбараагүй улс оронд багийн спорт хөгжүүлэх нь нэн тэргүүний зүйл. Хүмүүс багаар тоглоно, сэтгэнэ, харилцана. Тэгээд ч хямд зардалаар олон хүнийг хамруулж болно. Гол нь хүмүүс хүссэн спортоороо хичээллэж аль олон хүн сонирхож байгаа төрлүүд илүү хөгжинө. Харин зүүнд бол олон хүн сонирхох нь чухал биш хурдан амжилт гаргахаа хөгжүүлнэ. Спортын шударга өрсөлдөөнөөр адидас брэнд Баруунд үүд хаалгаа нээж байхад, Зүүнд допингоор Олимпоос медаль авах тухай туршилтууд болж байв.

Бэрлиний хана 1989 онд нуран унаж хоёр үндэстэн нэгдэв. Эдийн засаг нь шалдаа буусан Зүүн Германд, Барууны бодлого хэрэгжиж одон медальтай хэдий ч, захын бацааны толгойд хүрэхгүй Зүүнийхнийг тэтгэвэрт гаргаж насаар нь цалинг нь өгөхөөр болжээ. Энэ бол шууд сольж болсон ганцхан жишээ. Дээр нь нэг үндэстэн байсан учраас Зүүнийг удирдахад ямарч бэрхшээл гаралгүй, удалгүй Зүүний сэтгэхүй үгүй болж, Баруун үлдсэн. Нэг гараанаас хоёр өөр замаар явсан үндэстний хувьд спортын бодлогын сонгодог жишээ болон үлджээ. Бид аль замыг сонгох эрх чөлөөтэй ч, манай улсад Зүүний бодлого одоог хүртэл явж байна.

Өнөөдрийн байдлаар хоёр Солонгос яг энэ замаар явж буй. Адилхан нэг үндэстэн. Гэвч цаг хугацаа явах тусам ялгаа дэндүү ихсэж буй нь түгшүүртэй. Өнөөг хүртэл коммунист “баг”-аа аваагүй Вьетнам ч ийм байдалд хүрэх тун дөхсөн. Хэрвээ хоёр салчихсан бол Өмнөд Вьетнам өнөөдөр Хойдыг хол хаячихсан байгаа.

Багийн спорт болон зуршил

Зарим хүмүүс одоог хүртэл багийн спорт хөгжихгүй гэнэ. Өмнө нь амжилт гаргаагүй учраас тэдгээр хүмүүс хөгжихгүй гэдэг. Түүх ямар байна, одоо тийм байна гээд түүхээр амьдраад байж болохгүй. Уг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг биз дээ. Өмнө нь багийн спорт хөгжөөгүй нь үнэн (гэхдээ албаар хөгжүүлээгүй). Гэхдээ өнөөдөртэй ямар хамаатай юм. Ирээдүйг бид өөрчлөхгүй өөр хэн өөрчлөх вэ! “Түүхчдээ”!!! Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг хүмүүс 13-р зуунд хамгийн том багийн тоглолт хийж байсныг мэддэггүй эсвэл мэдээллээ боловсруулдаггүй байх. Зэр зэвсэгийн ялгаа багатай, үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй үед, цөөхөн Монгол гартаа сэлэм бариад яаж тэр олон газар нутгийг эзлэв. Гол нь багийн тоглолт, зохион байгуулалт. Дасгалжуулагч нь дэндүү сайн байсан нь ойлгомжтой. Ганц хүний спортыг хөгжүүлээд яг хаана хүрэх гэж байгаа юм. Бокс бол Олимп гээд цаашаа мэргэжлийн салбарт орох ёстой. Мэргэжлийн боксын аваргууд ихэнх нь Олимдын аваргууд шүү дээ. Жүдо, чөлөөт бөх, буудлагад хамаг мөнгөө үрээд яг хаана хүрэх гэж байгаа юм. Дэндүү жижигхэн юм биш үү!!! Бид өөрсдийгөө том ард түмэн гэдэг. Том байхын тулд том л сэтгэх ёстой!!! Судалгаа авч үзвэл хөлбөмбөг, сагсанбөмбөгөөр хичээллэгчид хамгийн их байна. Хөлбөмбөгийн ямарч тэмцээнийг үзэхийн тулд нойргүй хонож байхад Олимпын жүдогоор өөрийн тамирчдаа хараад бусдыг нь хэн ч тоож үздэггүй. Олон хүн сонирхох тусам тухайн салбар илүү хөгждөг. Багийн спортод амжилт гаргахгүй байгааг нүүдэлчдийн ганцаарчилсан араншинтай холбож тайлбарлагчид багагүй байдаг ч олон нүүдэлчин үндэстэн спортын амжилт арвинтай байгааг харж болно. Нүүдэлчин Түрк хөлбөмбөг, сагсанбөмбөгөөр Дэлхийд данстай. Арабууд бол голдуу нүүдэлчин талын угшилтай. Хөлбөмбөгөөр Азидаа лав том. Алжирын нүүдэлчин Бэрбэрээс төрсөн Зидан Дэлхийн шилдэг багийн спортын тоглогч, удирдаач нь. Орчин нь байвал нүүдэлчин байна уу, хар, цагаан арьстай байх нь чухал биш. Дагвадорж шиг орчиноо голсон хүмүүс олон бий. Өөрт нь тэнцэх орчинд яаж л бол яаж чадаж байна шүү дээ.

Өөр нэг нөхцөл нь спорт хөгжих гол нөхцөл нь дадал, зуршил болгох юм. Спортын гол зорилго нь эрүүл мэнд, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх. Үүнийг орчиноор нь дамжуулна. Сайн орчин бүрдүүлчихвэл хүмүүс өөрсдөө очоод л тоглочихно. Дээр жишээ авсан Баруун Герман болон спорт өндөр хөгжсөн улс орны бодлого нь зуршил болгох. Эхлээд маш олон заал, талбай, стандартын дагуу (гол нь стандарт) барьж, байгуулж бүтээн байгуулалтаа анхаарна. Харин гадагш тэмцээний зардал нь өчүүхэн хэсгийг эзэлнэ. Орчиноо сайн бүрдүүлсний дараа хүмүүс өөрийн эрхгүй спортоор хичээллэж улмаар байнга хийдэг зуршил нь болно. Эрүүл мэнд, чөлөөт цагийн хувьд асуудалгүй болсон бол дараа нь амжилт хэмээх нэмэлт зүйл орж ирнэ. Нэгэнт өсөлтийн үедээ очсон бол ялалт аяндаа ирнэ. Багийн спортыг албаар зохион байгуулалттай хөгжүүлдэг. Гэтэл манайд албаар хөгжүүлдэггүй нь яг л Зүүн Герман шиг.

Монголын спорт бол маш том идээтэй. Одоогийн дарга нар  гаднах өвчнийг нь намдаагаад яваад байна. Тэр идээг шахаж гаргаад доторхийг нь эмчилэхэд орилно, бахирна, эсэргүүцнэ. Эдгэх гэж цаг хугацаа авна. Эцэст нь идээ зүгээр болно. Орос бодлогоо одоо дуусгая. Тусдаа толгойтойн учир тунгааж бодьё. Николай Карамзиний хэлсэн: Оросоор сонин юу байна? Хулгайлж л байх шив” гэдэг шиг Монголын спортоор сонин юу байна? Хулгайлжил байх шив дээ.

Холбогдох нийтлэл: Амжилтын шалтгаан