-    Коммунист үзэл суртал гэж нэг иймэрхүү юм л байсан юм даа

Социализмын үед албан байгууллага болгон 7 хоногт нэг удаа ажлын дараа лекц, Бямба гариг бүрт өглөө 08.30 цагаас улс төрийн сонсгол хийдэг уламжлалтай байж билээ. Намын үзэл суртлын ажил доозоо хэтрүүлж байсан үед бололтой 1980-аад оны эхээр кино зураач П.Цогзол гуайд тохиолдсон хөгтэй гэхэд хаашаа юм, марзан ч гэх үү, хэнхэг ч гэх үү нэгэн явдлыг Долгион бид хоёрт ярьж бид хоёр элгээ эвхэртэл инээж билээ.


Долгион бид гурав

Aжил тарсан нэг орой гэнээ. “Монголкино үйлдвэр”-ийн хамт олныг цуглуулаад хотын намын хороны лектор гэх нэг нөхөр “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг” сэдвээр лекцэлж өгсөн юм байх. Лекц ч ном журмаараа эхэлж, ам нь халсан лектор маань хөрөнгөтний үзэл суртал шингэсэн гутал хувцас руу хальж, одоогийн залуус хөрөнгөтний үзэл суртал шингэсэн гутал өмсөж байна, эцэг эх нь үүнд анхаарал хяналт тавихгүй байна, хүүхдүүд чинь хөрөнгөтний хувцас сонирхоод татагдаад байна гэхчлэн зэмлэнгүй авч өгчээ. Ингээд жийнс, урт түрийтэй сапожка гээд хэд хэдэн гутал хувцсыг нэр зааж гэнэ. Лектор маань коммунист ухуулгаа дуусгангаа асуух зүйл байна уу гэж сүрхий царайлан заал руу хандан хэлж гэнэ. Юу ч асуусан бэлэн зэлэн хариулчихна гэж бардаж суусан бололтой. Заал таг чиг. Босох хүн байдаггүй. Тэгэхлээр нь зураач П.Цогзол гуай гараа өргөөд босоод ирж.

-    Таны ярьж байгаагаар хөрөнгөтний үзэл суртал шингэсэн гутал хувцас гэдэгт тэр урт түрийтэй сапожка ордог юм байна. Мэдэж авлаа. Үгүй тэгээд тэр хөрөнгөтний үзэл суртал чинь түрийд нь ордог юм уу, өсгийд нь уланд нь шингээстэй байна уу, эсвэл оёдолд нь шингээсэн байдаг юм уу?

-    Тэгэхлээр манай намын коммунист үзэл суртал гэдэг маань гутлын үйлдвэрийн “90-ийн гутал”-д (90 төгрөгийн дотоодын ботинк) шингэчихсэн байгаа хэрэг үү?

-    Манай дарга нарын тусгай 10 дугаар дэлгүүрээс худалдаж авсан дарга нарын өмсөөд байдаг швейцарийн цуванд тэр хөрөнгөтний үзэл суртал шингээгүй юм уу?  Яахлараа манай дарга нар хөрөнгөтний цув өмсөөд байдаг юм гээд асуугаад тавьчихаж.    


Цогзол гуай

Хотын намын хорооны лектор таг, гөлийгөөд хариулах үг ч байдаггүй, кино үйлдвэрийн хүүхнүүд Цогзол гуайн хэдэн талаас хашгичаад татаж чангаагаад суулгачихаж. Тэгсгээд лекц өндөрлөжээ. Нөгөө коммунист ухуулагч шившиг болоод гарч одов.

Лекц тараад Цогзол гуай боловсон хүчнийхээ дарга Шагдар гуайтай зам нийлээд алхаж явтал цаад нөхөр нь тун таагүй хандаж байх юм гэнэ. НАХЯ-ны хошууч байгаад намын илгээлтээр “Монголкино үйлдвэр”-ийг тохинуулахаар очсон чекист нөхөр юм байна.

-    Чи шал дэмий юм асуулаа, олны дунд. Хөрөнгөтний үзэл суртал гэж яах аргагүй байдаг юм. Хувцас хунарт шингээстэй байдаг юм. Хуучны ноёны хувцас, ламын шар дээлийг хөрөнгөтний үзэл суртал гэхгүй чи юу гэх гээв гэж ирээд л аашилж байх аж.

Цогзол зураач мөчөөгөө өгсөнгүй, өөрийгөө зөвтгөөд л. – Гутал хувцсанд шингээд байхдаа яадаг юм, тэгж ярих юм бол Таны тэр До яамны майор погоонд чинь коммунист үзэл суртал шингээстэй юү гэж ирээд л хариу өчлөө.

Маргааш нь бөөн хэрэг мандав аа. “Монголкино үйлдвэр”-ийн дарга Донров хөөрхий “муу нэрт” Цогзол гуайг албан тасалгаандаа дуудаж бангадлаа. Яахлаараа чи хотын намын хорооны лекторт ийм асуулт тавьдаг нөхөр вэ гээд л, бодвол Улаанбаатар хотын намын хорооноос гомдол очиж, шийтгэ барь гэсэн бололтой. Цогзол гуай  ч мөчөөгөө өгсөнгүй өмссөн гутал хувцсанд хөрөнгөтний үзэл суртал шингэнэ гэж юу байдаг юм гээд л. Худлаа гэвэл Та наад өмссөн гутлаа хар, тэр “90-ийн” ботинкаа өмсөхгүй яасан юм гээд авч өгч.

-    Чи даан ч намын гишүүн биш юм. Намын гишүүн байсансан бол чамайг шийтгэх байлаа гэснээр Донров даргын яриа өндөрлөж, хэргийг нь дараад өнгөрчээ.

Нээрээ би МАХН-ын гишүүн байсан бол ёстой алуулах байсан байх аа хэмээн П.Цогзол гуай Долгион бид хоёрт ярьж билээ. 1964 он байсан бол Лоохуузын хамсаатнаар шууд тодроод л 25 жил малчнаар хөөгдөх тавилан Цогзол гуайг дайрах байсан байх даа? Даан ч 1980-аад он, перестройка айсуй үед хотын намын хороо ч гэж хотын намын хороо, тийм ч балай юм ухуулж байх гэж?

Коммунист нийгмийн үзэл сурталтай эвлэрдэггүй, хэнээс ч айхгүй хэлээд тавьчихдаг, эршүүд зантай, залуу сэтгэлгээтэй энэ хөгшин эдүгээ 79 насыг зооглож буй ч хөнгөн шингэн хэвээрээ, кино урлагийн, ерөөсөө Монголын урлаг соёлын амьд архив болоод таваргаж явна.   

Ардчиллын үүр гийсэн Цагаан морин жилийн хувьсгал эхэлж байх үед МоАХ, АН-д элсэж, ардчиллын салхийг хагалалцаж явсан Цогзол зураач маань Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор энгэр цоолж, хүсэн хүлээсэн “Урлагийн гавьяат” цолоо ардчиллын буянаар хүртсэн тухайгаа бид хоёрт хүүрнэсэн нь ийн ажгуу.

Та минь ээ, одоо бид чинь ингэхэд ямар үзэл суртал шингэсэн гутал хувцас өмсөж зүүж яваасан билээ дээ, эргэцүүлээч!