Нэгдүгээр сургууль Тандаа сөгдөн мөргөмү!
1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ.
1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ.
Энэ сургуульд гол төлөв 1-р 40 мянгат, 2-р 40 мянгат, 50 мянгатын хүүхдүүд суралцдаг, тэр үедээ л элитийнхний сургууль байв. Зиндаархвал дээд элитийнхэн нь Орос 3-р сургууль (одоогийнхоор бол Далай ээж захын чанх өмнөх), Орос 2-р сургууль (Төмөр замд), манай 1-р сургууль, 23-р сургуульд суралцаж байв. Бусад сургуулийнхныг би муу хэлж байгаа юм биш, гэхдээ бодит байдал дээр ялгаа зиндаа их байсан болоод л тэгж хэлж байна. Манай сургуулийн ахуй орчин ч гэж тэр үедээ л (одоо ч тэр хэвээрээ) тасархай байсансан. Хотын яг төвд, цэвэр цэмцгэр, нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалынхтай хаяа нийлэх шахуу, тухайн үедээ 1940-өөд онд Улаанбаатарын хамгийн өндөр барилга нь тэр үеийн Засгийн газрын байр, манай сургууль хоёр байсан гэлцдэг.
Одоо ОХУ-ын Элчин сайдын яам байгаа энэ газар чинь навтгар дан шавар байшингууд бүхий гэр хороолол байсан юм. Зүүн талд нь залгаад нурсан байшингийн туурин дээр бид цэрэг болж байлдаж тоглоно. Дараа нь тэр хавийг газарт оруулаад хашаа хатгаад орос цэргүүд ирж байрлан лут бүтээн байгуулалт эхлүүлж байв. Тоглоомын талбай хумигдлаа. Тэгэхээр нь сургуулийнхаа арын хашаанд шилжиж тоглодог болов. Оросын ЭСЯ-ны барилгын хашааны модыг мөн ч олон удаа суга татаж буу шийдэм, өвөлдөө хоккейны цохиур мод хийсэн байх. Манай дэггүй банди нар орос цэргүүдтэй тамхи арилжаалж татна. Акурк хамт түүлцэж л явлаа.
Намрын адаг сард Польшийн Төрийн Зөвлөлийн дарга маршал М.Спыхальскийг угтаж авах жагсаалд оролцоод ангиараа цөөрөмд сэлж осгож үхэн алдаж байлаа. Би манлайлж ус руу орж байснаа санаж байна. Энэ нь Их тэнгэр явдаг зам дагуу, Туулын наад бургасанд байсан том тогтоол ус л даа. Манай сургуулийн урд талын шинэ хороолллыг (220 мянгат) хятадууд барьж байсныг их сонирхож тэр хавиар их явна. Гэтэл “Соёлын хувьсгал” дэгдээд хятадууд хөөгдөж тэр хороолол эзгүйрлээ. Дутуу орхисон олон байшинд, миний санаж байгаагаар Баянгол зочид буудлын барилга дотор их ч тоглосон доо. Яаж унаж үхчээгүй юм. Анги, сургуульдаа олон арван найзтай, ер нь их нийтэч хүүхэд явлаа би. Одоо ч гэсэн найзууд хэвээрээ үлдсэн, хүүхэд цагийн найзуудаа хүндэтгэж үздэг. Хүүхэд цагийн найз нөхдөд бол ямар ч ашиг сонирхол байдаггүй гэж би боддог. Тиймдээ ч хүүхэд насны үерхлийг хамгийн нандин нь гэж үздэг шүү.
Биднийг нягтруулахад манай ангийн багш Шониүндондогийн (Шондук) байгуулсан гавьяа нэн их ээ гэж би хувьдаа боддог юм. Хорвоог орхисон энэ багшаа би хэргээр алдаршуулж байна. Үр хүүхэд ач зээ нар нь уншиг. Эрхүүд их сургууль төгсөөд манай ангийг 7-р ангиас даасан тэрээр маш их нийтэч, өргөн мэдлэгтэй, маш сайн орос хэлтэй, урлагийн авьяастай, шогч нөхөр байсан юм. Цэл залуу боловч лагс том биетэй, халимагаа арагш нь самнадагаас их овортой харагддагсан. Намар, хавартаа биднийг зохион байгуулаад Сонгинын бургасанд салхинд гарч хонтуутаар амраана, тоглуулна, янз бүрийн тэмцээн зохион байгуулна. Бороо, цас, шороонд норно, хөрнө, даарна, галын наадам хийнэ. Хээрийн хоол хийж идээд майханд шуугилдаад хонох хичнээн сайхан байсан гээч. Тэр зугаалгыг бид тэсэн ядан хүлээгдэгсэн.
Өглөөний сонсгол гэдгийг Шондук багш маань санаачлан эцэг эхчүүдээр ээлжлэн хийлгэнэ. Манай анги 1-р сургуулийнхаа 3-р давхрын 35 тоот өрөөнд байрлана. Тэр ангийг физикийн кабинет болгон тохижуулах нөр их ажлыг Шондук багш маань маниусын хүчээр хийж билээ. Бид чинь хэрдээ л дархан, мужаан явлаа. Ялангуяа шөнө хонож ажиллах донтой байж билээ. Тэр үед заал авна гэж нэг зугаатай ажил байсансан. Одоо хэвээрээ байх. Бид заал аваад шавайгаа ханаталаа сагсан бөмбөг тоглодогсон. Шондук багш маань дунд нь орчихоод л, тэр том лагс биеийг үл хайхран үеийн юм шиг л үзчихнэ шүү дээ. Гадаад ертөнцийн талаар маш их юм ярьж өгдөгсөн. Уншсан сонссон гэж жигтэйхэн их.
Ер нь кабинет тохижуулахаас эхлүүлээд анги угаах хүртэл бүх ажлыг Шондук багш маань сонирхолтой болгочихдог байсан тул тэр нь залхаалт биш, харин ч бидний хувьд зугаа цэнгэл маягтай, гар нийлээд амархан бүтдэг, нэг ёсны хөдөлмөрийн хүмүүжлийн хэлбэр байлаа. Бид тэгж нягтарсныхаа ачаар улсын хоёр ч удаагийн олимпиадад түрүүлж, сургуульдаа спортоор тэргүүлж чадсан юм (манай анги 1972 оны улсын орос хэлний, 1974 оны улсын монгол хэлний олимпиадын аварга анги). Бид орос багшаар орос хэл заалгадаг, гадаадад төгссөн багш нар анги даадаг тийм сургууль тэр үед түгээмэл байсан бил үү? Тоо бодлого, физик, хими, гадаад хэлээр тасралтгүй нүддэг, тэгээд бүр тооны тусгай ангитай сургууль манайхаас өөр байгаагүй. Улсын хэмжээний бүх олимпиадын аварга зөвхөн манай сургуулиас л төрдөг байв. Манай 1-р дунд сургуулиас төрсөн төр-нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн алдартнууд гэвэл тоймоо алдана даа. Тийм аймгийн тийм сум байгуулагдсаны төдөн жилийн ойд, нутгийн зөвлөл, нутгийн салбар зөвлөлөөс, манайхаас төрсөн алдартнууд, гавьяатнууд гээд олон ном, сэтгүүл, цомог бишгүй байдаг даа. Хэрэв 1-р сургуулиас төрсөн, эл сургуулиар овоглодог алдартан гээд ном хэвлүүлбэл лав өлхөн хэдэн боть гараад ирж магад.
Ер нь аливаа хүний ертөнцийг үзэх үзэл дунд сургуульд төлөвшдөг шиг санагддаг. Гэхдээ цаашаа суралцах, ажиллах явцад ертөнцийг үзэх үзэл, бодол санаа нь өөрчлөгдөж, ухаан суух тал руугаа явдаг шиг байгаа юм. Бид, би дунд сургуулийн сурагч байхдаа юу ч хийхэд бэлэн, яавал ч яах зоригтой байсан байх. Зоригтой дээрээ ухаантай байх суурийг манай 1-р сургууль бат тавьж өгсөн дөө. Үүнийг би хаана ч хэлнэ чиг, батална чиг...