Фэйсбүүк дээр байна. Манай олон зураачид, урлагийнхан Элизабэт Коппа гэгчид гомдож явдаг ажээ. Гэхдээ гудиггүй улсууд, гомдол гаргана гэж байхгүй тэгсгээд хаячихдаг байна. Эл хатагтай болохоор өөрийгөө “монголын зураачдыг дэлхийд гаргах гүүр болсон, хүний хайлан..” гэх зэргээр танилцуулах. Гэтэл зураачдын зургийг худалдаж авангуутаа хуулбарлуулж заран “амьдралаа залгуулдаг” гэж чих дэлсэх. Мөн нөхөр Р.Коппагийн хамт нэг бус монгол хүмүүстэй бизнесийн гэрээ хийчихээд явцын дунд биелүүлэхгүй луу унжиж “орлогоо нэмэгдүүлдэг” юм байх. Гэтэл мань эр Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч гэж байгаа. Банкны зогсох хөл нь итгэлцэл. Итгэлцлийг хүн л төрүүлнэ. Бодмоор. Манай сэтгүлч нар, янз бүрийн холбооныхон, улсын байцаагч нар сонирхвоод үзвэл уйдаахгүй юмнууд байдаг болтой. 

Хулхины гарууд л юм даа. Айн, бишээ хулхидуулж ханадаггүй монголчууд юм. Монгол орон, монголчууд гэдэг хүмүүс гадны сайн эрсийн нүдээр үнэгүй, эзэнгүй  Баянбүрд болж харагдсаар байгаа хэвээрээ гэж үү?

Монголчууд гудиггүй дээрээ шуурамхай.  Жаргаланханыг санаж байна уу? Зүгээр Чингисээ. Онгоцноос бууж ирүүтээ өвдөглөн суугаад газар үнсэж  байгаа түүнийг харсан хэн ч ариун цэврийн тухай бодох сөгөөгүй, харин хаан эзэн нь буугаад ирчихсэн юм шиг  шүтэн харж байлаа. Тэрбум доллар зүгээр авчраад оросын их өрийг төлөөд өгчих шахсан түүнийг манай дарга нар шүлэнгэтэн дагаж байв. Наадмаар ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын дунд хоймор эзлэн ханхайж суусан цаг саяхан. Тэгсгээд тэр арилсан. Тэр зүгээр нэг индонез новш, луйварчин этгээд байлаа.

Дараа нь Канадын “засгийн газрын гишүүн”  Флинн гэдэг баатартай болоодхов. Араас нь мөдхөн мөнгө нь хүрээд ирэх түүнийг баруун тийшээ харахад л баахан миссүүд уралдан хэвтэж, зүүн тийшээ харахад л зүгээр баахан зоог барьж гүйлдсээр хэдэн сар болсны дараа баригдаж шорон луу гаа явсан. Хэдэн сар шүү.

Монголчуудын сэтгэлд орос хүн нэлээн дотно. Орос нь тийм байгаа юм чинь тэр герман, тэр румын хүмүүс тэнгэрийн хүү аятай л хүндлэгддэг цаг байлаа. Ерэн он гарсаар бүр америк, япон хүмүүс үзэгдэх болж манайхан дагуулж гөлрөх нь халаг. Юм үзэж нүд тайлж байгаа нь тэр хөөрхий.Монгол эрсийн сонирхолын хүрээ өвөрмөцийг хэлэх үү, асуух юм нь дууссаны дараа зодож үзэх нь хууль. Тэгээд л гадаадын жуулчдыг зодож гарсан даа.

Солонгос улс моодонд орж, хангүг хүн хаданд авирсан цаг буюу 2003 оноос алдарт аз жаргалын түлхүүр Вако түйвээж эхлэв. Өчнөөн улс амьтанд тэвхийтэл барьчихсан орон сууцны зураг үзүүлж, “за энийг хар, яаг ийм сайхан байшин босно. Та энчээ жаргалаа эдэлнэ. Эхлээд жаахан мөнгө өгчих, байрандаа орохдоо үлдсэнийг нь...”. Манайхан уралдан мөнгөө тушааж эхэлсэн. Байр баригджаагаа гээд л яваад байлаа, байрандаа орох хугацаа боллоо, за оръё гэтэл байрны сүүдэр ч алга байлаа. Бөөн бужигнаан үүссэн дээ. Энэ мэтчилэн Даланзадгадын станц, Номаранг, ядаж байхад манай замын гэрэл дохио, Улаанчулуутын хог боловсруулах  үйлдвэр гээд бараг хийсэн болгон нь солонгос нөхдийн нэр хүндийг унагасаар байлаа.

Эхэндээ ч Солонгос хүн гайгүй зиндаанд байлаа даа Монголд. Мөн л өнөөх миссүүд нь уралдаж, дарга нар нь нахилзаж, тэд харин хямсалзаж байв. Удалгүй зарим нэгнийх нь тар танигдаж, манайхан ч тийшээ ихээр зорчин солонгос дарргын доор хар бор ажил хийдэг байсан тул нэр хүнд нь “яаралтайгаар” унаж, “Өө үхсэн хужаатайгаа таарсан амьтад юм шив дээ” гэж үзэх болсон. Гэвч одоо Монголд ажиллаж байгаа солонгос эзэдтэй байгууллагуудын дотоод журам нь яг л Солонгос улсад байгаа мэт байдаг нь таалагдахгүй байгаа. Энэ нэг л үзээрийн явдал шүү.

Хорт Боб гэж ярьдаг. Фрийдланд монголчуудыг дутуу үнэлсэн, хүссэн бүхэн нь биелнэ, дарга нартай нь л ярьчуул тэгээ болоо гээд эхэлсэн. Удахгүй хамар дундуураа цохиулж, ухаарлын шанаа авснаар монголчууд ч зах зухаас нь юмаа мэдэхтэйгээ боллоо. Гэхдээ түүний зориг, хөрөнгө оруулах шийдвэрт талархах ёстой.

Монголчууд гадны амьтан гэхээр л учир начиргүй бөхөлзөхөө байж, гайхаж гөлрөхөө  больж байгаа. Харин тэд дутуу үнэлсээр байна. Санасандаа хүрч байгаа нь ч бишгүй байх шиг. Цагаан арьстнууд нэн найрсаг хүмүүс. Дэлхийд тэргүүлж байгаа бүхий л соёлыг цагаан арьстнууд л гаргаж, түгээж байна. Сайхан сэтгэлтэй нь мундахгүй, аа гэвч юм үзээгүй каашны хүүхдүүдээр хөнгөхөөн тоглоод түрийвчээ зузаалчий гэсэн нь бас л ховоргүй байна. Тэдний гэрээнд маш болгоомжтой хандах шаардлагатай. Нуугдмал, үл анзаарагдам нөхцлийг үгэн дотор үг нууж буй болгодог авьястнууд. Энэ бол хэдэн зуун жилийн хур туршлага. Болгоомжил манайхаан, хэрсүү ханд.