Манай улс бол улс шиг л сайхан улс. Бусад үй түмэн улсуудад болдог бүх юм манайд ч бас болдог. Ер нь тэгж ярьвал тэдгээр газруудад болдоггүй юмнууд ч өлхөөн болчихдогоороо улсаас ч илүү улс. Он солигдох энэ сайхан мөчийг тохиолдуулаад өөрийн орноо энэ бол МОНГОЛ УЛССС! гэж заналтайгаар хэлмээр санагдаж байна. Ингээд цөмөөрөө нэг хуучин оноо эргэж саная даа.   

-Оны хувцас.
ГОЁЛ наадам маадам бишээ. Зүгээр нэг оймс л байгаа. Яагаад ч үгэнд орохгүй байгаа хүүхдээ хүн сугавчлаад гарах нь гардаг. Гэхдээ гутлы нь өмсгөдөг. Харин 43-өөс доошгүй размерийн хөлөнд хүсээгүй байхад нь өмсгөх ч ярвигтай юм шиг ээ. Урьд хожид “Барсан хэвнэгт баатар” гэх мэт өөр хувц хунар түүхэнд үлдсэн байдаг бол энэ цаг дор “бор оймст Гуравдах” гэж түүхнээ орох нь ээ.

-Оны “бүтэлгүй новш”-нууд.  Нэг ийм нэртэй кино байдаг сан. Гуравдахыг баривчлах үйл явц тэр киног бүрнээ санагдууллаа. Манай шижгэр залуус гэрийнх нь үүдэн дээр хонон өнжин ноололдохоор барахгүй хажуу айл руу нь хүртэл дайрч паакталсан нь тоглоод байгаа ч юм шиг, үзжаагаа хүнд еөр үнэмшил төрж өхгүй, ямар сайндаа л, “айн одоо тэр талаас нь гөжөөд үз, зүйтэй одоо доороос нь юмаар төнк! Эээ тэгээд алдаад унагаачхым даа...” гэж мэгцэн суужаахав.

 -Оны өөрийгөө зодож нүдээд байсан хүн. 300 гэж хэлээ л биз. Ер нь дэлгүүрийн худалдагчаас өөр хүмүүс талхны үнийг ягштал мэддэг байх албатай юу? Дэд сайд ажлаасаа яарч гараа л талх бариад гэртээ харьжаах ёстой юу?

Гэвч дэд сайд маань сонгууль ойртох тусам улам паакталж, ХБХ зарлан төрөл бүрийн талх урдаа тавиад  бүгдийнх нь үнийг “зөв” тоочиж байв. Тэнэгтэхээ болиочээ гээд хэлээд өгчих ганц хүн олдоогүй юм уу, эсвэл биеэ тоогоод бусдын үгийг сонсохоо байцан нь тэрүү. Уг нь МАН-ын залуусаас ганц часхийсэн нь энэ залуу даа гэж хүмүүс ярьдаг байсан сан.

-Оны өөрийгөө хорлолт. Тэнд нэг хүн гулсуурт суугаад чөлөөт уналтаар уруудаж байхад бас нэгэн этгээд өөрийгөө хорлочихсон нь  хүний эрхийн хуульч хатагтай. Эхлээд “яасан соёлтой, яасан ч боловсролтой, үгүй ер ийм айхтар охин байх гэж” амтай болгон шагширч байсан юм. Гэтэл тэрээр МАН-аас гарлаа. За энэ ч  яахав. Гэтэл гарсан намаа үгийн муухайгаар муулж гардаг байгаа. “Тэгнээ тэр, гадаад нөхөртэй юм гэсэн, монгол хөрснөөс бүр холдчиж” гэж байх зуур мань хүн монгол орондоо хайртай хүн монгол нөхөртэй байх ёстой юм! гэж мэдэгдээд л дор нь гадаадыгаа монголжуулсанаа зарласан. Энэ бүхнээрээ тэрээр хажууханд нь лифтний хаалга онгорхой байхад гулсуурын хаалга татаж ороо л доошоо сүнгэнэсий шүү дээ. Энэ сонгууль гэгч өөрийгөө мэдэрсэн залууст тун ч халгаатай эд болтой юмаа.

-Оны төөрөгсөд.
АН-н Үндэсний зөвлөлдөх хороо ид хуралдцан авч байтал гэнэт дайсны заншлаач илэрсэн нь МАН-н гишүүн  С.Бямбацогт байлаа. Түүнийг модон илжгэнд тэлж хадсангүй зүгээр л ....хөөсөн юм. Гэтэл удалгүй МАН-н бага хурал дээр АН-н тагнуул явж байгаад баригдаж шараа болсон нь Мо Батбаяр байжээ. Түүнд ч мөн өгөөмөр хандаж хоолой руу нь хайлсан алт цутгалгүй амьд үлдээсэн нь өдгөө ч та бидний дунд гялалзсаар яваа.

-Оны жаргал.
Олимпийн медаль бол нэг орой л баярлуулан жаргаана. Яахав зарим нь маргааш шараа тайлж нахихым даа. Харин сонгуультай жилийн монголчууд бол хэдэн сардаа жаргаж дуускуу. Аль тойрогт хэн дэвшиж байгааг бол өөрийнхөө өвчнийг тоочиж байгаам шиг л дуржигнуулна. Хөмсгөө зангидсан, нүд нь хурцадсан, гар нь савсан, үе үе шүлсээ гүдхийтэл залгисан (үнэндээ амаараа гарах гээд байгаа зүрхээ буцааж залгиж байгаа нь тэр)тэдгээр улстөрчид хэн нь хаанаас баараггүй сонгогдох тухай таавар мэргэ уралдуулж суухдаа чухам жаргалын дээдийг эдэлнэ. Нэр дэвшигчдийг хэдэн үеэр нь андахгүй, бүр хэдний өдөр хэнтэй нийлж хаанаас юу шаасныг нь хүртэл барин тавин тоочно. Оны жаргал бол сонгуулийн  ам халалт байлаа.

-Оны Балган.  Сонгууль өнгөрөв үү гүй юу яармагийн дэнжид баахан гэр майхан дэрвэлзэж эхэлсэн нь газар түрүүлж олж авах иргэдийн цугларалт, тэмцэл байлаа. НИТХ-д өрсөлдсөн АН-ын нөхөд хэтдээ газартай болно гэж  амласаныг ялагдсандаа шаралхасан эсрэг намын нөхөд нь ийнхүү мушгиж цуурхал тараасан байжээ. Тэр үеэр хотын экс мэр Ц.Батбаяр нар л үүнийг хийчихлээ дээ гэсэн яриа хүртэл тарав. Үнэн худал нь харин яаж тогтсын бүү мэд. Экс Мэр биш юм гэхэд цуу үгийг санаачилсан тэр этгээд бол оны Балган мөн.

-Оны учир холбогдолын хууль. Насаараа хуулиар мэргэшээд бүр төгсөрцөн С.Нарангэрэл гэдэг хүнийг Гуравдахь -ын шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцохыг харсан.

-Японы тусламжаар өгсөн техник хэрэгслийг хууль зөрчөөд ... хувьдаа .... ТВ9 телевиз  байгуулсан нь буруу...  тул...
С.Нарангэрэл:
-Хамгийн  гол нь тэр тэлвийз чинь өөрөө тийм сайхан юм гаргадаг телвийз шүү дээ. Тэрнийх нь төлөө Энхбаярыг шийтгэх биш  шагнал өгөх ёстой. 

Чукча гэхдээ сайхан л дуулдаг шүү дээ гэдэг онигоо шиг л юм даа.

-Оны хүлээлт. Сонгогдох шиг л болсон. Нэг сэрсэн чинь бүр шоронгийн тухай ч дуулдах шиг... Ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй шинэ он гаргах нь дээ. Хурдан хурдан шийдэхгүй, хүнийг тэгж зовоож хөгшрүүлж байдаг нь юуных вэ хардагсад тоймоо алдлаа. Увс Өвөрхангайн энэхүү дөрвөлөөс  Г.Батхүү ганцаараа Их хурдын танхимд орж ирээд байгаа билээ. Энэ бол тод манлай уяачийн шандас.

-Оны үг.
Олон сайхан үгнүүд моодонд орсоныг бүгдийг нь яаж бичихэв, захаас нь дурды золиг. Алдарт үгнүүд бол манай гуравдахь-ийн “Сонскувайн сонскувайн” гэдгээс эхлээд “Лаа, Гэр, Оюунгэрэл” ба Баярцогтын “Чи мэдлэггүй байна”-аар үргэлжлээд сүүл хавьдаа Арвин гишүүнтэй холбоотой “Урвалт” гэх үгүүд шив дээ. Ер нь “манай Гуравдах” гэдэг үг өөрөө их сайхан, сэтгэлд хоногшсон үг юм аа.

-Оны body language. Дуучин Болдоос эхлээд Ерөнхийлөгч хүртэл биеэрээ үлгэрлэсэн Монгол ёсолгоо энэ удаа Шинэбаяраас эхлээд Баярсайхан дээр түр зогсолт хийчихээд байгаа Салаавч хэмээх зүйлтэй уралдан барианд орлоо. Аль нь илүү моодонд орж, хүний сэтгэлд хоногшихыг ирэх жилийн буухианаас л харж дээ.

-Оны сургалт. Нарны гүүр. За болоо.

-Оны залхуучууд.
Шинэ УИХ эмхлэгдэн байгуулагдсаны дараа МАН-ын ахмадууд танхимын хаалга хөндөлдүүлэн буйдан дээр үүрэглэж байсныг хүн хэлж өгөхгүй л бол жагсаал гэж мэдэхийн аргагүй байлаа. Энэ нь үе үеийн тэмцэгчдийн нэрийг хугалсан үйл явдал боллоо гэж ясны тэмцэгч хүмүүс нь дуртай бишээр ярьж байна. Нээрээ ч физикийн хичээлд сууж байгаа 7-р ангийн банди нараас ч залхуу харагдаж байв шүү.

-Оны хүндэтгэл. Фэнгшү хэмээх Ганбаа гудамжны тэмцэгчээ байж Их хурлын гишүүн болсон ч үг хэлэхдээ сууж чадахгүй байгаа явдлаа өөрөө бол “төрөө хүндэлж байна” гэж байгаа. Гэвч зарим муу санаатай хүмүүс үүнд нь үл итгэн, “наадах чинь давсан сумаар онжигондоо онуулцым бишүү” гэад байгаа юм. Харин Гандан хавиар бол “эр хүний босоо цагаан хиамар гэдэг чинь Ганбаатар юм шүү дээ” гэж цуурч байтал ухвар мөчид зарим охид “цагаан нь ч юүв дээ” гэсэн ч гэжаах шиг. Тэднүүст ямар хамаа байнаа, улстөр ярьж байхад!

-Оны ясны эр.
Батзанданг яриад л эхэлбэл гишүүд урдаа байгаа шил шаазангаа барьдаг гэнэ. Тэхгүй бол хангинаад хагарчих гээд байгаа аж. Мань хүн гудамжинд чанга чанга хашгирч ярьсаар байгаад  чуулганы танхимд ч тэрийгээ хаяхгүй яс зааж байгаа нь энэ. Түүний тэмцлийн оргил үед баргийн цагаан хоолой шатчихдаг байсан гэх гэлцдэг нь одоо нэгэнт домог хууч болон үлджээ.

-Оны хулигаанлаг явдал. У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарт тохиолдсон тэр явдлыг диалог руу хөрвүүлбэл:

    -Түй май!
    -Май чи!

Ийм л юм болсон доо.

-Оны умдаг.
Тэнгэрийнх л дээ. Баянсэлэнгэ гишүүн одоо хөлөртөл нь атгацан байгаа.

-Оны өөрийн гэсэн бодолтой эр. Хууль зүйн сайд нь орлогчийгоо “одоо ямар зодолтой биш дээ” гэчихсэн толгой сэгсэрч суусан гэнэ лээ. Интерполд хүртэл захидал бичиж орхидог,  дараа нь хэлж ярьж байгааг нь харвал үнэхээр өөрийн гэсэн бодолтой эр. Харин хүмүүсийн ярих нь, “наадах чинь өөрийн гэсэн бодолтой нь үнэн, гэхдээ тэр нь  манай Гуравдахын бодол шүү дээ” гэж байна.

-Оны айдас. 25 настай хүүгийн гарт улс орныхоо мөнгөний бодлогыг бариулах хэрэг үү?! хэмээн Э.Батшугарыг Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоход дээр дооргүй сандралдаж байсан үе ард хоцорч айдсыг нь ашгүй “Дэлхийн сүйрэл” залган авсан билээ.

-Оны буудалт.
Төрийн соёрхолт ахмад найрагч маань Стивэн Сигал гэгч Холливудын эрийн гарыг барьснаа “аргагүй адуу малтай ноцолдож өсдөг монгол эрийн гар байнаа” гэсэн нь нодлингийн “талх 300 шүү дээ” гэснээс ч том буудалт болж түүхнээ үлдлээ.

-Унтаа сонгууль. “Улс”-аас, та сонгуулиа өгсөн үү, өгөөгүй бол өгөөчээ гэж хүн нэг бүр лүү хоёроос доошгүй удаа утасдаж байсан ч орон нутгийн сонгууль нэг л жигтэйхэн болж өнгөрлөө. Энгүүн нэгэн сонгогч би л гэхэд хэсгийнхээ санал авах байр хаа байгааг лавлах утаснаас асууж мэдсэн ба олох гэж тойрсоор хөлөө хөлдөөх дөхсөн юм. Тэгээд ч ирц нь хүрсэнгүй.

Оны зарчимлаг хэрүүл. Чингис хааныг хэн 11 сарын 14 төрсөн гэж хэлсэн юм бэ?! Гүтгэж байна!!! хэмээн түүхчид болоод түүх шимтэн сонирхогчид цэц булаалдав. Тэр өдрийг ”товлосон” болохоос, “олсон” юм биш гэдгийг ойлголгүй, “зарчмын хувьд” эсэргүүцсээр байгаа иргэд одоо ч байна. 

-Оны өгөөмөр зан. Иргэн С.Жавхланг хөөрхөн дуулчихдаг хүү шүү гээд Төр нь гавьяат жүжигчин цол өгснийг мань эр кармаалж ирээд таалагдсан өөр нэг хүндээ “май миний найз!” гээд л өгч орхив.. Яг л өөрөө ....үгүй ядаж л  тэр биеийг нь хөөмөлдөж цутгаад хийчихсэн юм шиг өгөөмөр зан гаргалаа. Тэгсэн чинь “наад муугаа надаа л өгчихгүй дээ” гэж зах дээр хуучин юмс зардаг улсууд халагласан сурагтай.

-Оны  бүлтрэлт. Улстөрчдийн бүлтрээнээс уйдах янз орж байтал нүүрний тос зардаг нэгэн авгай гараад ирсэн нь сайхан явдал байлаа. Гэхдээ түүнд, 3-р ангийн Түмэнбодис гэдэг хичээлээ дахин сайн унш гэж зөвлөхийн хамт элдвийн зөгнөлт кино битгий үзээд байгаачээ, зүгээр тосоо зараачээ гэж уриалмаар байгаа юм.  Түүний бошгуудаас: “...далайн ус 90 хэм босч ирээд газрыг нөмрөн авна, дэлхийн тэнхлэг баруун тийшээ хазайх тул кранууд зүүн тийшээ унах гээд байна. Буулгаачээ наадуулыгаа. 70 гаран цаг харанхуй нөмөрнө. Лаа шүдэнз авцгаа....”.

-Оны хоёр талт тайлбар.
Д.Арвин хатагтайг МАН-аас гарч АН-д орсныг МАН-ы гишүүд “энэ бол увайгүй урвалт!!!” гэж байгаа бол АН-ы гишүүд “энэ бол улстөрч хүний зоримог сонголт” хэмээн дүгнэж байна. Харин өөрөө бол зүгээр л “сонголт” гэж хэлсэн билээ. Нэгэнт магнаг агсдаг МАН-аас гарсан юм чинь энэ цагаан сараар энгийн нэгэн даалимбан дээл өмсөх байх аа.

-Оны захын эзэн.
Сайхансамбуу бишээ. Тэр чинь жижиг гар. Харин засгийн ордныг тэр чигээр нь шахуу ирүүлж алга ташуулсан, 1000 сэтгүүлчийг авчраад 100–г нь гадаад руу аялуулах гэж байгаа “Дүнжингарав” том захын нээлт сүр дуулиан дагуулсан үйл явдал боллоо. “Оны зах”-аар Дүнжингарав, оны “захын эзэн” цолоор Наранхүү нар шалгарлаа.