Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ.

Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай.

Жинхэнэ ардчилалтай оронд л чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжин цэцэглэдэг. Ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хувь хүний эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалахад оршдог ч төр өөрөө хүчний систем учир нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийг хамгаалах нэрээр бүх иргэдийн эрх чөлөөт байдалд халдаж чаддаг, тэг сэн нь ч хамгийн хурдан бөгөөд өгөөжтэй гэж үздэг болохыг олон орны жишээнээс харж болно. Жишээ нь, Лондонд явган хүний замууд дээр дуран суурилуулсан бөгөөд саяхан хүний утсыг сонсох эрх авах гэж төр нь хууль гаргах гээд бүтээгүй. Аль ч төр “лууван” гэхээсээ “ташуурын” бодлогоо хэрэгжүүлэх дуртай.

Тийм ч учраас иргэний эрх чөлөөт байдлаа хамгаалахын тулд иргэд хамтран нэгдэж төрөөс халдах оролдлого бүрийг таслан зогсоохын төлөө тэмцэх учиртай. Төрийн хүчний машин иргэний эрх чөлөөт байдлыг өнөөдөр хязгаарлаж чадвал, маргааш та бидний эрх, эрх чөлөөг бас хязгаарлаж чадна. Бидний хамгийн нандин, үнэт зүйл бол бидний эрх, эрх чөлөө.

МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ

Манай улсад иргэний эрх чөлөөт байдалд төрийн зүгээс санаатай, санаатай бусаар халдах явдал гарсаар байна. 2011 онд нийт 141 мянган гэмт хэргийн мэдээлэл ирж, 22 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн жилээс хорин хувиар өсчээ. Мөн улс орон хөгжиж, мөнгөжих тусам төрөл бүрийн шинэ, онц хүнд гэмт хэргүүд гарах боллоо. Хар тамхи тээвэрлэх, борлуулах, хэрэглэх, хүн худалдаалах, барьцаалах, айлган сүрдүүлэх, мөнгө угаах, интернэтээр банкны данснаас мөнгө хулгайлах зэрэг хүн төрөлхтний өмнө нүүрлээд байгаа бүхий л гэмт хэрэг ээлж дараалан гарах болсныг бид харж байна.

Шинээр гарч буй гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд тэдгээрийг түрүүлэн харж, урьдчилан сэргийлэх, бусад орны туршлагаас сурч, хүчний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог чадмаг зохицуулсан, олон хувилбараар бодож төлөвлөсөн нарийн бодлоготой байхыг цаг үе шаардаж байна.

Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ёстой манай байгууллагууд гэмт хэрэг гарсны дараа л бужигнаж, нийтийн үйлчилгээний хувийн хэвшлийн байгууллагуудыг дарамтлах, хууль журмаа биелүүлснийх нь төлөө ажилтнуудыг баривчлан саатуулахаас хэтрэхгүй байгаа юм. Төр урьдчилан сэргийлэхийн тулд бүх иргэдийн нууцад нэвтэрч, эрх чөлөөт байдалд халдахыг хүчтэй оролдох боллоо.

Ер нь цагдаа бүр хэний ч нууцад халдаж банкны дансны мэдээллийг авах, утасны болон цахим шуудангийн агуулгыг сонсох, бичих, хүний байгаа газрыг тогтоох, үзсэн цахилгаан хуудсыг тогтоох, компьютерийн хавтаснуудыг нээх, улмаар бодит цагт тагнах эрхтэй болчихвол яах билээ. Жорж Орвелийн “1984” он шиг “Бодлын цагдаатай” (Thought police) болох уу? Ер нь хүчний байгууллагууд өөрсдөө хүний нууцыг хамгаалж чадах эсэхийг шалгаж баталгаажуулдаг ямар институц Монголд байдаг юм бэ?

ХЭН ХУВИЙН НУУЦЫГ МЭДЭХ ЁСТОЙ ГЭЖ?

Хэрэв цагдаа, шүүхийн байгууллагаас хувь хүний банкны дансны үлдэгдэл, бүх гүйлгээний жагсаалтыг өгөхийг шаардвал банк биелүүлэх ёстой юу? Үгүй. Зөвхөн прокурорын бичгээр өгсөн шийдвэрийг л үндэслэн гаргах ёстой. Би банкны захирал байхдаа арваад жилийн өмнө хэрэглэгчийнхээ нууцыг тэгж хамгаалж байсан. Аливаа хүн гэмт хэрэгтэн гэдгийг зөвхөн шүүх баталдаг. Албан бусаар олж авсан баримт бол хууль ёсны биш бөгөөд шүүх хурал дээр баталгаа болдоггүй.

Шинэ он гарахын өмнөхөн хүүхэд барьцаалж, мөнгө нэхсэн хэрэг Монголд анх удаа гарлаа. Хэрэгтэн нууцалсан дугаараас залгаж байсан учир гар утасны үйлчилгээний компаниас хэний утас болохыг яаралтай гаргаж өгөхийг хүүхдийн эцэг, дараа нь цагдаа шаарджээ. Хуулийн дагуу Прокурорын зөвшөөрлийн бичиг ирсний дараа шаардлага биелүүлж “хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан” гар утасны компанийн удирдлагуудыг баривчлан саатуулсан байна.

Хүний амь нас эрсдэлд орсон нөхцөлд холбогдох газрын шийдвэр маш хурдан гарах зохицуулалт байхгүйгээс хүүхэд эндэх шахав. Ийм явдал дахин гарвал яах вэ, прокурорын шийдвэр хэдхэн минутын дотор гарч, холбогдох байгууллагуудад нь хүрсэн байх талаар юу хийх вэ?

Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор “гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтыг хэрэгжүүлэх заавар, журам хуульд нийцэж байгаа эсэхийг” хянах ёстой. Үүнийг нарийвчлан хянаж шалгаад шинэ гэмт хэргийн ямар ч нөхцөлд түргэн шуурхай ажиллаж болох систем, ядаж жил бүр туршин шинэчилдэг өөрийн дэг журам байна уу, Ерөнхий прокурор оо!

Жишээ нь, үүрэн утасны үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч гэсэн утасны дугаараа нууцлах үйл чилгээ үзүүлэх гэрээндээ хэрэв цагдаа болон нийгмийг аюулаас хамгаалах байгууллагууд шаардвал тухайн дугаарын эзний нэрийг шууд хэлнэ, урьдчилсан төлбөртэй бол утасны дугаарыг нууцлах үйлчилгээ үзүүлэхгүй гэх мэт тодорхой заалт оруулах цаг болжээ. Харин тодорхой дугаарын утсаар ярьсан түүхийг бол зөвхөн прокурорын шийдвэрээр гаргах нь мэдээж. Нууцын тодорхой түвшний мэдээллийг тодорхой байгууллагуудад түргэн шуурхай гаргаж гэмт хэрэгтэй тэмцэхэд тусална, тодорхой түвшний нууцыг тийм нөхцөлд тийм байгууллагууд гаргана гэж ойлгомжтой, гүйцэтгэж болох заалтуудыг холбогдох хуульдаа оруулахад юу нь болохгүй байгаа юм бол? Ядаж УИХ-ын гиш үүд ажлаа таслаад, хуралдаа ирэхг үй болчихоод байдаг. Нэгэнт л хуулийн засаглал доор байгаа учраас хүн бүр зөвхөн л хуулиа сахихгүй бол нийгэм эмх замбараагүй болно.

ИРГЭД НЭГДЭХИЙН УЧИР

Хувь хүний утсаараа хэнтэй холбогдсон нь банкны дансных нь адил Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагддаг. Хуулийн дөрөвдүгээр зүйлд хувь хүний нууцын төрөлд захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг оруулжээ.

Хувь хүний нууцад халдахыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд “шүүхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө” гэж заасан байдаг.

Энэ заалтыг биелүүлсний төлөө үүрэн утасны компанийн захирлуудыг баривчлан эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа нь иргэний эрх чөлөөт байдалд төрийн зүгээс халдаж байгаа хэрэг юм. Иргэд бид эрх чөлөөт байдлаа хамгаалахын төлөө тэмцэх ёстой.

                                                                                                                                            Үргэлжлэл бий.