Үлэг гүрвэлийн гарын авлага
Үлэг гүрвэлийн үүсэл Үлэг гүрвэлүүд архозавр хэмээх эртний аварга биет мөлхөгчдөөс үүсчээ. Матар ба шувууд бол өнөөгийн архозаврууд юм.
Үлэг гүрвэлийн гарын авлага
Энэ номд үлэг гүрвэлийн тухай анхан шатны болон нарийн мэргэжлийн мэдээллүүд багтсан. Ном чамайг олон янзын үлэг гүрвэл болоод тэднээс өмнө байсан хачин сонин амьтад, үлэг гүрвэлээс гаралтай бусад амьтадтай хүртэл танилцуулах болно.
Үлэг гүрвэлийн үүсэл
Үлэг гүрвэлүүд архозавр хэмээх эртний аварга биет мөлхөгчдөөс үүсчээ. Матар ба шувууд бол өнөөгийн архозаврууд юм.
Одоогоос 251 сая жилийн өмнө Пермийн галавын сүүлчээр дэлхий дээр их сүйрэл болж манай гаригийн нийт биологийн зүйлийн 90 хувь нь устан мөхжээ. Харин тэрхүү сүйрлээр мөхөлгүй үлдсэн зүйлүүд дэлхийгээр хурдацтай тархаж, хувьсан хөгжсөнөөр өнөөгийн амьтан, ургамлууд үүссэн байна.
Идэш тэжээлийн төлөө бусад амьтадтай өрсөлдөх шаардлага бага болсноор үлэг гүрвэлүүд дараагийн 150 сая жилийн турш дэлхийг эзэгнэсэн юм.
Үлэг гүрвэлүүд Дунд төрмөлийн эриний Триасын галавын сүүлээр бий болжээ.
Үлэг гүрвэл үүсэхээс өмнө дэлхий дээр гурван удаа галав юүлж, олон зүйлийн амьтан, ургамал бүрмөсөн сөнөөд байв.
Эх төрмөлийн эриний сүүл, Дунд төрмөлийн эриний эхэн үед манай гариг дээр Пангэй хэмээх асар том ганцхан тив байжээ. Хожим Пангэй хуваагдан салсаар одоогийн тивүүд үүсчээ.
ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮД ЮУ ИДДЭГ БАЙСАН БЭ?
Тухайн үлэг гүрвэл юу иддэг байсныг шүднийх нь хэлбэрээр мэдэж болно.
Өвсөн тэжээлт: ургамлаар хооллодог.
Махчин: мах иддэг (бусад үлэг гүрвэл, гүрвэл зэргээр хооллодог).
Холимог идэшт: ургамал, үндэс, мах, шавьж, загас зэрэг төрөл бүрийн идэштэй.
Загасан идэшт: гол төлөв загас иддэг.
Шавьж идэшт: шавьжаар хооллодог.
1.Загасан идэшт спинозаврын шүд. Конус хэлбэрийн, шовх үзүүртэй энэ шүд гулгамтгай гадаргуутай загасны хайрсыг зууж, хазахад тохиромжтой.
2.Аллозавр хэмээх махчин үлэг гүрвэлийн хөрөө иртэй, хутган шүд. Махчин гүрвэлүүд ангаа зууж, зажлахад тохирсон шовх үзүүртэй, хөрөө мэт арзгар шүдтэй байв.
3.Өвсөн тэжээлт диплодокийн шүд. Өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд навч болон бусад ургамлыг тасдан авч, залгихад амар хавтгай шүдтэй байжээ.
4.Хадрозавр хэмээх нугасан хошуут өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн үелсэн шүднүүд. Хадрозаврын том эрүүн дээр олон зуун ширхэг үелсэн шүд байрладаг. Нэг шүд элэгдэж муудангуут оронд нь дараагийн шүд урган гарна. Ийм байрлалтай шүд их хэмжээний ургамлыг зажлахад маш тохиромжтой байжээ.