Монголын үзэгчид, уншигчид хэвлэл мэдээллээр үзэж харах юм алга гэж шогширно. Зөв, үзэх юм үнэндээ байхгүй. Энэ салбарт дорвитой өөрчлөлт хийхгүй бол бид хэвлэл мэдээллийн эздийн дуртай дууг л сонсоод сууна.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээ хойшлуулав. Засгийн газар ч мөн ийм нэртэй бас нэг хуулийн төсөл мэдүүлсэн учир хамтад нь авч үзэхээр шийдсэн гэнэ. Энэ хууль зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд хамаатай мэтээр бодож байвал маш том эндүүрэл. Уншигч танд очих мэдээлэл үнэний үнэртэй, тэр хэрээрээ чанартай байх эсэхийг уг хуулиар л шийднэ. Талх авахдаа цаг хугацаа, хадгалалт зэргийг нь шалгадаг шигээ авч байгаа мэдээлэлдээ ядаж тэр дайны шалгуур тавих нь чухал. 

Кёкшүюзан Д.Батбаяр “Эх орон” телевизийн эзэн явахдаа найзуудтайгаа зурагт үзэж суугаад эхнэрийнх нь дуу явахад зурагтын удирдлагаа шүүрэхийн оронд телевиз рүүгээ утасдан “Дууг нь чангал даа” гэсэн гэдэг. Онигоо байх. Өнөөдөр аль хэвлэл, мэдээллийн байгууллага хэний өмч вэ гэдгийг бид таамгаар мэднэ. Харин Үндэсний тагнуулын академийн хийсэн судалгаагаар Монголд вэбсайт 200, телевиз 126, радио 72, сэтгүүл 102, сонин 131 байгаа аж. Эзэд нь бүгд л “Дууг нь чангал даа” гэж хэлдэг. Дээрх судалгаагаар нам, улс төрийн харьяаллыг нь бас гаргажээ: АН 10 сонин, есөн телевиз, есөн сайт; МАН 12 сонин, долоон телевиз, дөрвөн сайт, МАХН нэжгээд сонин, телевизийн дууны өнгийг тохируулдаг байна. Засаг авсан намын дуу хоолой болох заяатай МҮОНРТ одоогоор АН-ын жад сэлэмний үүрэг гүйцэтгэж явааг “Ажиглагч” Д.Цэрэнжав яруу тод харуулсан, эрх баригчид бас нэг телевизтэй болжээ. Төрөх, үхэхээс бусдад нь итгэх аргагүй улс төрчдийн тэжээвэр хэвлэл мэдээллээс үнэн үг дуулдах уу?! “Эрх чөлөөний” нэртэй, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжүүлэх зорилготой хуулийн төсөл дотор “төлбөртэй”, “захиалгат” нийтлэл, нэвтрүүлэг гэдэг агуулга явж л байна. Ийм тэмдэглэгээ хийчихвэл хүссэн хүнээ гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж болно гэдэг хоёргүй утга. Улстөрчид хэвлэл мэдээллийг ингэж л харж байна. Дургүйг нь хүргэсэн хүнээ хууль ёсоор “алах” сонирхол тэдэнд л бий.

Бид чөлөөт зах зээлд амьдарч байна. Дээрх хуулийн төсөл “Монгол улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, соёл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа, ял шийтгүүлсэн байдлыг үл харгалзан хараат бусаар үзэл бодлоо илэрхийлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах, эрхлэх эрхтэй” гэдэг заалттай. Энэ хуультай хуульгүй зөвхөн Улаанбаатарт телевизийн 55 суваг гарч байна. Гагцхүү зар сурталчилгаагаар амь зогоогч хэвлэл мэдээлэлд манай зах зээл дэндүү жижигхэн. Энэ талыг нь овжин ашиглаж, компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “ам барих” гэрээ хийдэг гэж Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа П.Баярсайхан ярьж байлаа. Тэгэхээр үзэгч, уншигчид хэзээ ч Спирт бал бурам, Мобиком, Оюу толгой, MCS, APU зэрэг реклам өгөгч томоохон компаниудын алдаа дутагдлын талаар мэдээ, мэдээлэл олж үзэхгүй. Энэ ч бага хэрэг гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд төлөөлөгчид ч манай хэвлэл мэдээллийн салбарын самуурлыг далимдуулан  Монгол төрийн бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрт нөлөөлөх гэж оролдох болсон байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт үгнээс цааш хэтрэхээ больж мэдэх нь!

Нэгэнт рекламаар биеэ аваад явж дөнгөхгүй учир бараг бүгдээрээ баян эзнийхээ амь тариагаар дөнгөн данган амьсгалахчээн болдог хэвлэл, ялангуяа телевизүүдээс чанартай бүтээл хүлээх огтхон ч хэрэггүй. Эзэд нь бизнесийн бодит ашгийн төлөө бус улс төрийн хонжоо харж байгуулсан хойно байгууллагаа өөд татах талаар санаа тавихдаа ч хойрго. Солонгосын олон ангит кино үзүүлж байгаад дундаар нь өөрийнхөө ашиг сонирхлыг хавчуулахаа чухалчилна. Уул уурхайн том компаниуд мэдээллийн хэрэгсэлтэй болдог жишиг нэгэнт тогтчихлоо. “Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Эх орон” телевизийг, “МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяр “Шинэ дэлхий” телевизийг, “Ухаа худаг”-ийг ухагч MCS “Шууд” телевизийг тус тус эзэмшиж байна. Мал малын захтай болохоосоо илүү ашиг сонирхлоо хамгаалах зорилготой хөрөнгөтнүүдийн хөлд Монголын сэтгүүл зүйн салбар гишгэгдээд дуусах царайтай. Магадлалын онолоор бол Монголоос сайн сэтгүүлч цөөхөн төрнө. Тэр чинээгээрээ чадалтай, чадавхтай редакц ховор бүрдэнэ. Харин хөрөнгөтнүүд сайн сэтгүүлчийг хоорондоо үнэ хаялцаад авчихаар сортоотой сэтгүүлч нар талын нэг, тавин тав тарна. Нэмэрт нь тэд авсан сэтгүүлчээрээ үндсэн ажлыг нь хийлгэхгүй дарга даамал болгох учир сэтгүүл зүйн бүтээлээр “жирэмслэх” завгүй хоцорно. Үүний балгаар сэтгүүлчдийн хооронд мэргэжлийн өрсөлдөөн гэгч огтоос үгүй болчихлоо. Үзэгч та Монголын хэвлэл мэдээллээс чанар шаардах утгагүй. Солонгос кино, реклам хоёрын завсараар улс төр л үзнэ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яаж ийгээд ижил агуулгатай хоёр хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлдэг юм гэхэд ч асуудал байна. УИХ-ын гишүүдийн олонх нь хэвлэл, мэдээллийн байгууллагын эзэд болоод хувь эзэмшигчид. Олны мэдэхээс Н.Алтанхуяг, Х.Баттулга, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Зоригт, Н.Номтойбаяр, С.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин... Тэд харцаараа хөдөлгөх сонирхолтой хэвлэл мэдээллээ хараат бус болгож, эрх чөлөө өгөөд явуулчих нь юу л бол?! Огт тийм санаагүй гэдэг нь ч дээрх хуулийн төсөлд байгаа заалтуудаас шууд харагдаад байна. “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус, өөрийгөө зохицуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байна” гэсэн боловч сэтгүүлчийг хянах энэ зөвлөлд “хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулагч” ч багтах ажээ. Өнгөрдөг УИХ-ын сонгуулийн дараа “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг сэтгүүлчээ зодоод ял сонссон бол удахгүй бүх эзэд хууль ёсоор сэтгүүлчээ “зодох” нь. Өвдөлтөөс таашаал авдаг донтон л биш бол үргэлж шанаа аваад байхыг хэн хүсэх билээ. Өвдөлт, үнэн хоёрын урвуу харьцаагаар үзэгчид, уншигчид л тархиа угаалгана. Хошногоо халуун төмрөөр хайруулсан нохой хуцдаггүй юм гэнэлээ.

Хуулийн төслийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүдээс ёс суртахуун горьдож яваа. Түүний хүссэнээр болдог юмаа гэхэд МАН-аас УИХ-д суугаа гишүүд аливаа асуудлаар нээнтэг хийж буй өнөөгийн нөхцөлд чуулганы ирц бүрдэхгүй байх нөхцөл ч харагдаж байна. Энэ удаагийн УИХ-д сэтгүүлчийн дипломтой хүн хэд хэд бий; Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин... Хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өөрөө сэтгүүлч явсан, одоо бол хувь эзэмшигч. Сэтгүүлчид УИХ-д суугаа мэргэжил нэгтнүүдээ горьдлогын нүдээр харж суугаа. Гэхдээ Олон улсын сэтгүүлчдийн холбооны “Сэтгүүлч гэж бүтэн буюу хагас цагаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хүн”-ийг хэлнэ гэж тодорхойлсноор бол хэн нь ч сэтгүүлч бус, тэдэнд найдлага тавих хэрэггүй. Сэтгүүл зүйгээр хооллохоо больсон улсаас ихийг хүлээх хэрэггүй, харин хэрхэн цээжээ дэлдэхийг нь бид хангалттай харна. Тарзан ч бас цээжээ дэлдээд гуугалдаг л юм билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдаад ч энэ салбар өөдлөхгүй шинжтэй. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл бас гарсаан. “Максима” ХХК телевиз цаашлаад Монголын бүх хэвлэл мэдээлэлд мониторинг хийж эхэлсэнээ зарлалаа. Энэ олон хэрэгслийн чухам алийг нь хүн сонирхоод байгааг бодитой тогтоогоод эхэлбэл зар сурталчилгаа өгөгчид тэндээс сонголтоо хийж эхэлнэ. Тэр цагт бусад нь эзнийхээ гар дээр амьсгал хураахаа хүлээн аахилж, яваандаа нүд аних магадлалтай. Тэгж гэмээн нь үзэгчид элдэв марзан бөөтэй ярилцаж суугаа нэвтрүүлэг үзэх нь аяндаа багасна. Харин “Максима” ХХК хэний өмч вэ гэдэг л сонин. Тус компанийн захирал З.Энхжаргал энэ талаар огт ам нээгээгүй болохоор төрөлх зөнгөөрөө хардах л үлдлээ. Басхүү Монголын хэвлэлийн хүрээлэн шиг худалдагдахгүй гэсэн баталгааг бурхнаас нэхэх үү?! Төр марзан хууль хэлэлцэж суухын оронд хэвлэл мэдээллийн байгууллагад жишиг, босго тогтоож болмоор. Булан болгонд банк байгуулагдаад эхлэхэд дүрмийн санг нь тогтоож өгсөнтэй адил арга хэмжээ. Гэхдээ хэн “хоточ нохой”-ныхоо амыг барих билээ, харин халуун төмөр бол зэхээтэй бий л дээ!

Жил жилийн төгсгөлд хэвлэл мэдээллийн салбарынхан шилдгээ шалгаруулдаг. Идсэн угаадас, уяаныхаа хэмжээгээр хэн сайн хуцсаныг нь тодруулаад ч байгаа юм шиг. Энэ удаагийн шагналууд урьд өмнөхөөсөө хавьгүй нэмэгджээ. Эздийн маань орлого овоо өссөн бололтой юм. Сэтгүүлчид ч үүнд баяртай яваа, дотроо бас бяцхан өрсөлдөж суугаа. Шанаадуулж болсон юм чинь шагнуулахад буруу ч юу байхав. Харин дээрх хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр улс төрчдийн үгийг сонссон Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн Ц.Батбаатарын дур нь гутчихсан явсан. Монголчууд мөддөө үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл авахгүй нь дээ.