(Шинэчлэлийн Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын сонорт хүргэюү!)

-    Шинэчилбэл шинэчилсэн шиг, шинэчлэгдвэл шинэчлэгдсэн шиг

Нийслэлийн хүн амын их төвлөрөл, хөдөөнөөс урсах их миграц, замын түгжрэл, орчны бохирдол, утаа, энэ бүхэн энэ хотын өөрийнх нь даац нэгэнтээ олон дахин хэтэрсний шинж тэмдэг юм. Даац нь нэгэнтээ хэтэрчихсэн, түүнд төр засгаас тавих хяналт бүрэн алдагдсан дүр зураг харагдаж байна. Даацын хэтрэлтийг зогсоох үр ашигтай арга, механизмыг одоогоор бодож олоогүй байна.



Тийм үр ашигтай арга механизмыг олж хэрэгжүүллээ гэхэд хүн амын зүгээс ямар нэгэн хэмжээний эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Эсэргүүцэлгүйгээр аядуу аргаар шийдвэрлэж чадахгүй.

Даацын хэтрэлтийг зогсоох үр ашигтай арга, механизм бол юуны өмнө нийслэл дэх энэ олон захуудыг дагуул хот, алслагдсан дүүргүүд рүү нүүлгэх явдал юм. Каир хотын жишээгээр бол том том сүлжээ их дэлгүүрүүдийг хотын захад байгуулах нь төвлөрөл, түгжрэлийг сааруулах нэг оновчтой туршлага мэт. Каирын туршлага холдоод байвал бэлээхэн Москвагийн туршлага байна. Метроны Кольцевая шугамын дотор нэмж зах том дэлгүүр барихыг хориглосон, шинэ томхон сүлжээ дэлгүүрүүд (АШАН, ИКЕА, Метро гэх мэт гипермаркетууд) нисэх буудал орох хурдны зам дагуу байрласан байдаг шүү дээ.

Их дэлгүүр, захууд хотын төвд байх нь хүн хэт холхих, хулгай луйвар гарах, иргэд алтан цагаа дэмий өнгөрөөх, халдварт өвчин тархах,  машины замын түгжрэл, авто аваарь, агаарын ба хөрсний бохирдол зэрэг сөрөг үр дагавартай аж.



Захуудыг цэнгэлдэх хүрээлэнд хааяа нээж ажиллуулдаг оросын туршлагыг мөн  судалж үзүүштэй. Ер нь байнга зах ажиллах нь Улаанбаатар шиг ийм хотод төдийлөн үр ашгаа өгөхгүй, үйлчлэгч үйлчлүүлэгч нь хязгаартай. Улаанбаатар дахь өдөр, шөнийн захуудын бараа борлуулалт бараг зогссон.

Учир нь хүн амдаа хэт ихдэхээр асар их бараа овоорч нөөцлөгдсөн, наймаачид нь өмнөд хөршөөс тасралтгүй зөөсөөр байна. Захуудын эзлэх талбай, машины парк, захуудын ойролцоох замын түгжрэл хэр хэмжээнээсээ хэтэрсэн. Зах дагасан тэнэмэл золбин амьдрал бий болсон. Гэмт хэрэг зах дээр их гардаг.



Захуудынг нүүлгэвэл дор хаяад 300 мянган хүн машин унаатайгаа дагаж нүүнэ гэсэн тооцоо хийж болно. Захуудыг нүүлгэх, байршуулах маршрутыг дараахи байдлаар төсөөлж болж байна. Үүнд “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Цайз” – гэх мэт хүнс, барааны, авто сэлбэгийн, арьс ширний том захуудыг Налайх, Багануур дүүрэгт шилжүүлж, төмөр замын сул зогсолтыг эргэлтэд оруулж, Улаанбаатар–Налайхын хооронд зорчигчдын галт тэргийг  (бидний багад Налайх руу 5 төгрөгөөр, Хүрхрээгийн зуслан руу 1 төгрөгөөр зорчдог байж билээ) тогтмол (24 цагаар байж ч болно) явуулдаг болох. Арьс шир, ноос ноолуурын, мөн “Хар хорин” гэх мэт барааны захуудыг биокомбинат, Эмээлтийн чиглэлд нүүлгэх. Авто машин зардаг ил захууд манай нийслэлд хэрээс хэтэрсэн (тоо, талбайгаар нь аваад үз), тэдгээрийн зогсоолыг чөлөөлөхөд л асар их зай талбай гараад ирэхээр байна. Гадаадын хөгжилтэй орнуудад хотоосоо зайдуу машины бирж ажиллуулдаг туршлагыг хуулж яагаад болохгүй билээ.

Ерөөсөө зах бол үйлдвэрлэл биш, зах бол эдийн засаг биш, зах бол үр ашиг бүр ч биш юм. Зах бол Хятад, Энэтхэг,  Индонез шиг хүн ам нь хэт их өссөн, шигүү суурьшсан, ажлын байр хомс улс оронд олон зуунаар ажиллаж ирсэн зах зээлийн механизмын салшгүй хэсэг болохоос бус манайх шиг шилжилтийн үеээ дуусгаж, эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн жижиг улсад, ийм цөөхөн хүн амд зориулагдсан салбар биш ээ.

Мэдээлжсэн, өндөр технологийн, тархины хөгжлийн XXI зуунд заавал захаар амьдарна, зах хөгжүүлнэ гэж зүтгэх нь мугуйд, бүр тэнэг хэрэг бус уу? Тэгээд ийм цөөхөн хүн амтай оронд шүү.  Иймд захуудын нэр хүндийг зориуд унагах хэрэгтэй.



Нөгөө талаасаа зайлшгүй бодож тооцож үзэх, хэзээ нэгэн цагт нүүрлээд ирэх нэгэн гэнэтийн үзэгдэлд эртнээс бэлтгэх гэсэн утгаар захуудын эсрэг зориудын бодлого баримтлах ёстой мэт. Юу гэвэл, харилцан адил визтэй зорчдог журамд шилжих шаардлагыг БНХАУ-ын зүгээс үе үе тавьж, элдэв хэлбэрээр ойлгуулж ирсэн ба нэг л өдөр визээр нэвтрүүлдэг болбол яах вэ? Захаар амьдралаа залгуулагчдад гэнэтийн цохилт учирвал яах вэ? Тэр үед төсөөлөхийн аргагүй хүндрэлүүд үүсч, төр засагт ихээхэн асуудал хуримтлагдах нь гарцаагүй. Энэ талаар бэлтгэлийг одооноос хангаж, ялангуяа хөгжлийн хурдны XXI зуунд заавал захаар амьдрах гэх албагүй шүү гэдгийг иргэддээ эртнээс ойлгуулж мэдрүүлж байхгүй бол төр, засгийн тогтворой байдалд нөлөөлөх хэмжээний уршиг дагавар учирч болзошгүй.



Хотын их ачааллыг багасгах дараагийн нэг асуудал бол, дэлхийд улс орны нэр хүндийг доош татаж буй, ажлын байрны эрэлт хэрэгцээг огт хангахгүй байгаа, мөнгө олох хэрэгсэл болсон энэ олон их дээд сургуулиудын заримыг нийслэлээс нүүлгэх явдал. Энэ асуудал яригдсан, гэхдээ бүтсэн нь нэгээхэн ч байхгүй. Маш их эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Гэхдээ төрийн мэдлийн их сургуулиудыг эхлэн гаргах бус, нэрнээсээ цаашгүй хувийн дээд сургуулиудыг дагуул хот, Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Сайншанд руу нүүлгэх хэрэгтэй мэт. Үлгэр жишээч загвар хот болж буй Баруун-Уртад их сургууль байгуулж яагаад болохгүй гэж? Хэрэв төрийн мэдлийн сургуулиудыг эхлэн “хөөж туух” аваас, хувийнхан нийслэлд бэхжиж аваад үнэд, орж хаданд гарч, адаг сүүлд нь дийлдэхээ болих бус уу?

Хотын их ачааллыг багасгахын тулд том том эмнэлгүүдийг хотоос зайдуу, захад байруулдаг олон улсын нийтлэг жишгийг хуулах хэрэгтэй мэт. Өвчтөнд эрүүл агаар хэрэгтэй, дуу чимээ, утаа, тоосноос хол байх, нөгөө талаасаа өвчин тахал дэлгэрүүлэхгүй  гэдэг утгаараа. Сөүлийн захад байдаг солонгосын эмнэлгийн хотхонууд манайханд бэлээхэн жишээ болмоор.

Нийслэл рүү хөдөөнөөс урсах их миграцыг зогсоохын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, нийслэлд аж төрөх иргэний мэргэжлийн шалгуур, ажлын байрны эрэлт хэрэгцээг зааж өгөх хэрэгтэй болов уу. Ерөөсөө Монголын хувьд сүүлийн 20-иод жилд шинээр гарч ирж буй асуудал бол их миграц. Манай орны хувьд миграц нь дотоод, гадаад гэсэн хоёр урсгалтай. Дотоод гэдэгт хөдөө орон нутгаас хүн ам нийслэл рүүгээ олноороо шилжин суурьшиж, хотын даац хэтэрч байгаагаар илэрч байхад гадаад гэдэгт Өмнөд Солонгос, Казахстан руу манай иргэд ажиллах хүчнээр олон мянгуулаа гарсан, эдүгээ манай олон мянган иргэн АНУ, Европын орнуудад элдэв шалтгаанаар очиж суурьшиж байгаа явдал аж.

Гэхдээ манайд дотоодын миграц нь хөдөө, зах хязгаар нутгийг эзэнгүйтүүлэх бодит аюул  учруулж байгаа бол гадаад миграц нь англиар “brain drain” (махчлан буулгавал оюун ухаан урсаж гарах гэсэн үг) гэгдэх үзэгдэлд хүргэж болзошгүй болоод байна. Хэтдээ улс орны өнгөтэй, өөдтэй сэхээтнүүд гадаадад гарч алга болдог хөгжиж байгаа орнуудын нийтлэг үзэгдэл угаас цөөн хүнтэй, асар уудам нутагтай Монгол шиг улсад нэн тааламжгүйгээр эргэнэ гэдэг нь ойлгомжтой.

Монгол орон нээлттэй болоод 23 жилийг үджээ. Энэ хугацаанд гадаадын хичнээн иргэн давхардсан тоогоор манай улсад ирж үзсэн гэдгийг тооцвол маш их тоо гарах болов уу. Монголд ирсэн гадаадын иргэд ерөнхийдөө нааштай сэтгэгдэл өвөрлөж буцдаг боловч тэд нь эргээд өөрийн эх орондоо манай орны тухай ойлголтыг төвөвшүүлэхэд гол үүрэгтэй гэдгийг бид бодолцох ёстой. Монголд очоод ирсэн гадаадын албаны хүмүүстэй уулзаж байхад эхний сэтгэгдэл нь маш өндөр байдаг. Тэд албаны шугамаар гол төлөв урин дулаан цагт ирээд зочлуулж хүндлүүлээд буцдаг. Харин Монголд удаан хугацаагаар сууж ажиллаж, амьдарсан гадаад иргэд манай улсын талаар маш тааруу сэтгэгдэлтэй буцдаг болсон байна. Тухайлбал:
-    монголчууд ажил хийдэггүй, бүтээдэггүй, бэлэнчилдэг
-    гэмт хэрэг их гардаг
-    албаны түшмэд нь  авилга, хээл хахуульд дуртай
-    Монгол орны байгаль орчны бохирдол, цөлжилт, гол усны ширгэлт,
-    нийслэлийн их утаа
-    зохион байгуулалтгүй барилгажилт
-    газрын төлөө дажин зэрэг нь манай улсын талаархи имижийг улам ч уруудуулж байна.



Японы жишгээр хог шатаах замаар эрчим хүч гарган авдаг дэд станц олныг байгуулах асуудлыг судалж хэрэгжүүлбэл ямар бол?
Улаанбаатарын өвлийн их утаанаас дайжиж Дипломат корпусынхан өвөлдөө явж алга болдог жишиг тогтож эхэлж байгаад ноцтой дүгнэлт хиймээр байна. Ер нь энэ их утааг түргэн арилгахгүй удах аваас гадаадын ЭСЯ-д ээлж дараалан хаагдаж мэдэх аюултай. Манай хотын утааны талаар Германы дипломатчид нутагтаа очоод эвгүй зүйл ярьсныг  Берлинээр дамжиж өнгөрч явахдаа сонсоод би ихэд түгшээд ийм дүгнэлт хийж байна.