(Шинэчлэлийн Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын сонорт хүргэюү!)

- Шинэчилбэл шинэчилсэн шиг, шинэчлэгдвэл шинэчлэгдсэн шиг!

Хүн ардаа үр бүтээлтэй, тууштай ажиллуулдаг төгс механизмыг бүрдүүлж чадаагүй ирснээс болж манай үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гол  заалтууд цаасан дээрээ үлдэж,  ажилгүйдэл  ядуурал нь хэвдээ явсаар өнөө хүрсэн нь нууц биш.

"Мянганы зам", "төдөн мянган айлын орон сууц", "Атрын III аян", аж үйлдвэрийн парк гэх мэт бүтээн байгуулалтын томхон хөтөлбөр нь монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх хөшүүрэг байх ёстойгоос бус барлаг хятад ажилчдыг ажиллуулж тэжээх гарц боломж биш юм.

Хэнийг хэрхэн ажиллуулах гэдэг дээр, ялангуяа боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй олон арван мянган насанд хүрэгчдийг хөдөлмөр эрхлүүлэх тал дээр манай үе үеийн төр, засаг, бүх шатны төрийн байгууллагууд  дорвитой, бодитой ажил зохион байгуулсангүй өнөөг хүрсэнд эрс дүгнэлт хийхгүй бол хожим нөхөж баршгүй ноцтой үр дагаварт хүрч болох юм.



Харин ч бүр үүний эсрэгээр нийгмийн халамжийн элдэв мөнгө тарааж залхуучуудын эгнээг өртөгтөх, монголчуудыг бэлэнчлэх социалист сэтгэлгээнд эгүүлэн оруулах бодлого явуулж, түүнийгээ "нийгмийн" хэмээн хөөргөдөж ирсэн нь хөгжлийн гол садаа болж байхыг үгүйсгэмгүй.

Олсон жаахан хуримтлалаа тарааж өгөөд хөгжсөн орон байдаггүйг гадаад орнуудын туршлага бэлээхэн  харуулж байна. Дэлхийн эдийн засгийн нэлээдийг  үйлдвэрлэж буй Япон улс тийм баян атал манайх шиг ард олондоо “хишиг  хүртээгээд” байхгүй байна. Насан туршдаа чин үнэнчээр, чөмгөө дундартал зүтгэж байж тэтгэвэрт гарахынхаа урд жил өөрийн байртай болдог нь Японд жирийн үзэгдэл аж. “Хишиг тараах”  замаар явбал сэтгэдэггүй, залхуучууд олонхи болж бэлэн юман дээр байсаар байгаад  адаг сүүлд нь АНУ,  Австралийн  уугуул үндэстнүүдийн адил мөхлийн ирмэг рүү явж буй гашуун туршлага эрт орой манайд давтагдах аюул тулгарч болохыг үгүйсгэхгүй байна.  

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын  үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, гол нэрийн хүнсний ногоогоор бүрэн хангах зорилт дэвшүүлж, түүндээ зориулсан ажлын байрууд олныг бий болговол нийслэл дэх ядуурал, ажилгүйдлийг бууруулж болох талтай. Сайншандыг аж үйлдвэрийн парк хот болгож гэмээ нь нийслэлээс дор хаяж 300 мянган иргэнийг тийш нь нүүлгэн суурьшуулж ажиллуулах хэрэгтэй.



Ийм зорилтыг зөвхөн монгол хүнийхээ хүч хөдөлмөр, хөлсөөр бүтээнэ гэдгийг бодолцон тэднийг ажиллуулдаг арга механизм, албадлага урамшууллын хосолсон тогтолцоог давхар тооцоолох ёстой. Ард түмнээ хөдөлмөрч болгож, зүтгүүлж байж аль ч  улс орон хөгжин дэвждгийг олон түмэнд ойлгуулж "бүсийг нь чангалах" хэрэгтэй. Хөдөлмөрийн энгийн харилцаа үүсгэж хуульчлахаас ажлаа эхлэе. Хөдөлдмөрийн харилцаа, ажлын байр гэдэг хоёр тусдаа ойлголтыг нэг болгоё.

Хүн амын 70 хувь нь ядуу, ядуулаг байдаг Египет орны жишгээс харахад хүн амаа бүгдийг нь ямар нэг ажлын байртай байлгаж байна. Тэнд өрхийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн үйлчилгээг урагшуулж чадсан.  Нэн ядуу өрх, тахир дутуу хүмүүс, өрх толгойлсон ядуу эмэгтэйчүүдэд зориулан халамжийн тусгай үйлчилгээ үзүүлсэн. Чингэхдээ бэлэн мөнгө тараах бус үндэсний үйлдвэрлэгчдийн бараа болох ариун цэврийн бараа, сонин, сэтгүүл, автомашины чимэглэл, угаагуур, алчуур, сурталчилгааны хэрэгсэл зэрэг гудамжинд борлуулж болохуйц жижиг барааг тодорхой хэмжээгээр улсын төсвийн мөнгөөр худалдан авч ядуу өрхүүдэд үнэгүй тараадаг. Ядуу өрхүүд тэдгээрийг гудамжинд худалдаалж, олсон мөнгөө өөрсдийн хэрэгцээнд зарцуулдаг.

Эдийн засгийн шинэчлэл хийхдээ нийгмийн халамж, ядууралтай тэмцэх асуудлыг орхигдуулахгүй зөв хослуулах шаардлага Монгол Улсад тулгарч байгаа өнөө үед дээрхи халамжийн үйлчилгээг сайтар судлан Монголд нэвтрүүлэх аваас нэн ядуу өрхүүдийн амьжиргаанд нэмэр болохын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихэд тустай гэж үзэж байна.

Ажилгүй бол турж үхнэ гэсэн сэтгэхүйг Египетэд хатуу суулгасан. Тийм сэтгэхүйг монгол хүн бүрт хүчээр суулгах өгөх хэрэгтэй. Уриалга, итгэл, сайхан сэтгэлээр, урлагийн хураар, одон медалиар монголчуудыг ажиллуулж хүчрэхгүй нь ардчиллын 23 жилийн турш нотлогдож байна.



Монголчуудаас бусад бараг бүх улс үндэстэн хүнс тэжээлээ өөрсдөө тариалж, ургуулж, арчилж, үйлдвэрлэж хэрэглэдэг байхад монголчууд ганцаараа шахуу хилийн чанадаас импортолдог гэдэгт гадаад улс орнууд маш их гайхаж эргэлзэж ханддаг юм байна. Хүн ам нь 2.8 сая, мал сүрэг нь 50 сая гэдэг тоог харьцуулж үзээд манай ядуурал, ажилгүйдэл, хүнсний импортыг хилийн чанадад ойлгож хүлээн авдаггүй юм байна. Энэ нь эргээд манай улсын олон улсын нэр хүндэд нөлөөлж байна.  



Хэдэн дуучин, хамтлаг, бөх тойрч зугаацсан, тэд нь нийгмийнхээ гол хөдлөх хүч болчихсон, урлаг уран сайхандаа хөвсөн ард түмэн гэх имиж төлөвшсөн байна. Энэ сиймхийг (тэдэнд бол сул тал нь) яаж ч ашиглаж болно гэх сэтгэхүй хятад, солонгос иргэдэд суусан бололтой дүр зураг харагдаж байна шүү…   
                                                                                                       


                                                                                                (Үргэлжлэл бий)