Тавдугаар сарын цох
Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй. Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий.
Маш олон хүн сэтгүүлч, сурвалжлагч болохыг хүсч, гэмт хэргийн мөрөөр сурвалжлах явцдаа “зах зээлийн ороо бусгаа энэ цаг үед”, “төрийн бодлого үгүйлдэгдэж байна”, “ард түмэн туйлдсаар байх уу” гэхлэнгээр санаа бодлоо хавчуулах боломжийг хайдаг. Хүний нийгмийн хөгжил нь нийтийн ашиг сонирхлын тусгал байдаг болохоор “хүн бүр сурвалжлагч сэтгүүлч” болж дуу хоолойгоо хүргэх сонирхлыг тусгасан бизнесүүд бий болж. Үүний тод жишээ нь фээсбүүк, твиттер мэтийн нийтийн сүлжээ юм. Тэнд хэн дуртай нь “Улс төрийн тоймч”, “шуурхай мэдээний сурвалжлагч болж болно.
Урлаг, уран бүтээл өөрөө түүхийн турш ардчилагдсаар явж байна. Бүжиг хийх нь зөвхөн авъяастай, уран налархай хүнд олддог боломж байхаа аль хэдийнэ болжээ. Ямар хүн “таанц” хийж, чадахгүй бол зүгээр гар хөлөө хөдөлгөсхийгээд бүжиглэчихэж болж байна. Дуулахад сайхан биш юмаа гэхэд ядаж л солгой биш хоолойтой биш байх учиртай тэр үе ард хоцорч. Хип хоп бол дуулах урлаг ардчилагдсны илэрхийлэл. Хэрвээ чи зурах чадалгүй бол зургийн аппарат аваад мөрөөдлөө тодорхой хэмжээгээр биелүүлж болно. Уран бүтээл улам бүр бүх нийтийн үйлс болсоор байна. Ингэлээ гээд авъяас билигтэнд гай түй болсон юм огт байхгүй.
Хүн болгон дуулдагаас болоод дуулах урлаг алга болчихдоггүй шиг, хүн болгон сэтгүүлч байхтай зэрэгцээд мэдээллийн хэрэгслэл, мэдээллийн уран бүтээлчид оршсоор байна. Одоо ч байнга гарч л байдаг, зөвлөлтийн үеийн “Амьдрал нулимсанд дургүй” киноны эхлэлд ийм хэсэг бий. Өнгөрсөн зууны жараад онд телевиз анх нэвтэрч эхлэх үеийн операторч хархүү “ Зурагт радио гарснаар ном, хэвлэлийн эрин ингээд төгсч байгаа” тухай ярин бүсгүйчүүдийг бишрүүлэх төдийгүй, нэгийг нь хөл хүнд болгож байгаа тухай гардаггүй юу. Түүнээс хойш хагас зуун жил өнгөрсөн ч ном хэвлэгдэж сонин гарсаар л байгаа шиг бүх хүн уран бүтээлээр оролдох боломж нээгдсэн ч уран бүтээлчид тодрон гарахад садаа болох юм үгүй хэвээр. Цаашдаа урлаг, уран бүтээл улам ардчилагдаж, нийтийн үйлс болсоор байх нь. Гэвч авъяас билиг, урлан бүтээхүй үргэлж үнэ цэнэтэй, содон гайхамшигтай хэвээрээ үлдэнэ.
Бидний хийж байгаа бүхэн ямар нэгэн санаа бодлын илэрхийлэл болдог. Хашгирах, дуулах, уурлах, инээх, тэр бүү хэл дуугаа хураан ажин түжин болох ч санаа бодлын илэрхийлэл. Олон хүн эцэг эхийнхээ “ дуугүй зэмлэл хамгийн сүртэй” хэмээн дурссан байдаг. Бид гомдсон нэгэнтэйгээ дуугарахаа больдог нь хамгийн айхавтар зэмлэл болдог. Тасралгүй боловч аажим хувьсч байдаг байгаль дэлхий шигээ аажуу тайвуу амьдралын хэмнэлтэй явсан монголчууд “баярлалаа”, “чамд хайртай”, “тандаа хайртай” бараг ярьдаггүй байсан нь учиртай. Нүүдэлчид болохоороо баярладаггүй, эсвэл сэтгэлээ илэрхийлдэггүй байсан ч юм биш. Хөөрч догдолсон сэтгэл, хязгааргүй их хайр, энэрэлээ аажуу тайвуугаар, ерөнхий төрхөөрөө илэрхийлнэ. Чихэр авсан хүүхэд өдөржингөө нүд гэрэлтэн талархана. Бэлэг аваад харж байгаа, аав ээждээ үзүүлж байгаа, ах дүүтэйгээ хувааж байгаа, түүнээ амталж байгаа, амталсны дараа сэтгэл хангалуун байгаа бүхий төрх нь өглөгийн эзэнд талархал илэрхийлнэ. Үгээр хэлэх аргагүй бүтэн бүтэн, аз жаргал дүүрэн талархал.Өглөгийн эзэн хүүхдийг ямар их баярлуулснаа бүрэн бүтэн мэдэрнэ. Хайртай хүнээ хараад хөл нь хөнгөрч, үйл үртсээ андууран алдан сэтгэл хөдөлж байгаа бүсгүй үгээр илэрхийлэх аргагүй хайр илэрхийлнэ.
Харин суурин газрын цаг хугацаатай уралдсан хүмүүст хэн нэгнийихээ хэрхэн баярлаж байгааг хараад суух, талархснаа үзүүлээд байх зав зай гарахгүй. Тэгэхээр баярлалаа гэж үгээр хэлэхээс аргагүй, ээжтэйгээ утсаар ярихад царай төрхөнд нь байгаа хайр энэрэл харагдахгүй тул “тандаа хайртай” гэж хэлэхээс өөр замгүй. Зэрэгцэн оршиж байгаа талархах, хайраа илэрхийлэх ёсон аль нь ч алинаасаа сайхан юмуу, муухай биш.
Эрнандо Сото эдийн засагчдийг шоолж, адууны талаар судалгаа хийх даалгавар өгөхөөр бэлчээрт очиж ажиглахын оронд өрөөндөө суугаад “хэрвээ би морь байсан бол яах вэ” бодоод унадаг хэмээн егөөдсөн байдаг. Адууг тэгж судалж болохгүй. Харин хүнийг бол болно. Чиний санаанд орсон зүйл бусдад ч бас бодогдож болохыг анзаардаггүйд бидний алдаа байдаг. Туршлагатай мөрдөгчид гэмт этгээдийн “миний бодсныг өөр хүн бодохгүй” гэсэн төөрөгдөл дээр ажилладаг.
Уран бүтээлчид л үзсэн дуулснаа бусадтай хамгийн сайн хуваалцдаг хүмүүс. Гэхдээ тэд хэний ч бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэдэг гэвэл алдас болно. Харин бусдынхаа бодсон боловч илэрхийлж амжаагүй, сэтгэлд байсан ч бодолд ороогүй санааг л илэрхийлдэг. Тухайн уран бүтээлчийн хийсэн зүйл бусдын санаанд нийцнэ гэдэг бол түүний санаж байсан, хараахан илэрхийлж амжаагүй байсантай утга давхцана гэсэн үг юм. Санаа нийлэхгүй байна гэдэг бол санал бодлын салбарт хамтран ажиллахын нэр юм. Та яг түүн шиг бодсон ба тэрийгээ няцаасан байдлаараа ялгагдаж байна гэсэн үг.
Ингээд та нарын ч бас бодож байсан зүйлийг,дараа нь няцаасан санааг, заримаас нь жаахан өрсөж ч юмуу бичснээ толилуулж байна. Хорвоо төгс төгөлдөр бишээс хойш яалт ч үгүй шударга бус юм байсаар л байгаа юм. Наад зах нь, энэ өгүүлэл таны санаагаар дүүрэн боловч миний нэрээр гарч байх жишээтэй...
Аа тийм, ямар ч тавдугаар сар, цох хорхойн тухай өгүүлээгүй атлаа ийм гарчиг өгсөн нь ямар учиртай вэ, гэж үү? Яахав дээ, тавдугаар сар болж байна. Харин тэр цох нь энд ямар ч хамаагүй ээ. Хэзээ ч юм бэ санаанд үлдсэн “Майский жук” гэдэг нэр санаанд ороод болохгүй байсан юм.
Зочин
Aзу
зиак
Зочин
ZYBCH
Зочин
луун шивээст
Зочин
Батнэрэн
Зочин
bilgee
Зочин
Оюунчимэг
Зочин
1111
Зочин
hehe
Зочин
Зочин
Зочин
таяа
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin