Миний “Үзэхийн хязгаар”
Хэвлэгдэж гараад удаагүй нэг номыг гуравхан сарын дотор бараг 30 гаруй удаа уншчихлаа. Хэн ч албадаагүй, эл номоор сүүлд нь шалгалт авна гэж тулгаагүй байхад дотоод итгэл, сэтгэлийн зөнгөөрөө салж чадахгүй байгаа нь тэр. Өнөө ч миний ширээнээс буух болоогүй бололтой. Тэр даварсан ном бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”.
О.Дашбалбар агсны үхэлтэй намайг холбож гүтгэх бүрт би... Тухайн үед нэг сонинд ажиллаж байсан сэтгүүлч бүсгүйтэй намайг эндүүрэх тусам би бараг баярладаг. Түүнд итгэж түүнийг өмөөрч бичсэн минь үнэн. Бараг 16 жилийн турш зарим нэг хүнээр гүтгүүлж байгаадаа ийнхүү сайн сайхан амьдарч яваа ч байж магадгүй. Харин хэргийн эзэн хэрхэн амьдарч яваа нь бас сонин. “Үйл үйлээ эдэлж, үнээ тугалаа дагадаг” ёсон бий... “Үзэхийн хязгаар”-ыг би ганцхан утгаар нь баригдмал байлгамааргүй байна. Энэ хорвоо дандаа өргөстэй биш бас цэцэгтэй. Би голдуу л цэцгэн дундуур туучсаар амьдарсан. Харин ажил мэргэжил минь дандаа өргөсөн дундуур туучуулсан даа. Цаашид ч ялгаагүй биз ээ...
Би амьдралдаа дөрөвхөн номыг маш олон удаа уншсан байдаг юм. Америкийн зохиолч Теодер Драйзерын 1900 онд бичсэн “Керри эгч”-ийг бараг 100 гаруй удаа уншсан байх. Америкийн 100 гаруй жилийн өмнөх тэр амьдрал яг өнөөдрийн Монголын амьдралын эд эс бүхэнд давтагдаж байгааг гайхдаг. Дрүэ шиг, Херствүд шиг, Керри шиг хүмүүстэй өдөр тутам тааралдахдаа тэднийг би түвэггүйхэн таньдаг болсон. Араас нь Омар Хаямыг гуравдугаар ангиасаа эхлээд өнөөг хүртэл уншлаа... Салж чаддагүй юм, үнэндээ. Шавар тагш уруул тосоход хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн уруулын өмнөөс хэрхэн хашгирдгийг, бид амьдралын тайзан дахь утсан хүүхэлдэй, тэгээд амьдрал аажмаар биднийг хэрхэн авдрандаа хураадаг тухай... хөл доор гишгэгдэх өвс сайхан бүсгүйн намирсан үс байсан тухай... Гуравдугаар ангийн сурагч би өвөөгийнхөө хуучин амбаарыг ухаж тоглоом хайж яваад Омар Хаямын салбарч урагдсан шүлгийн түүвэр олсон билээ. Энэ бол миний амьдралдаа олсон хамгийн том “хөрөнгө” байсныг одоо л би ухаарч байна. Тэр өдрөөс би номонд дуртай болж энэ ертөнцийн бүх юм хоорондоо уялдаа холбоотойг сэхээрсэн гэж бодно. Том бодож байж магадгүй ээ. Гэхдээ ингэж итгэхийг хүсдэг. Харин би энэ амьдралд ганц зүйлийг л олсонгүй. Тэр нь найз нөхөд. Хэнд би чин сэтгэлээсээ хандана тэр дандаа урван тэрсэлж байдгийг ойлгохгүй явсаар өнөөг хүрчихлээ. Хэнд сэтгэлээсээ итгэнэ түүнд сэнсэртлээ хууртсаар үлддэгээ гайхдаг. Хууртах бүртээ би
...Айлчилж ирсэн нөхөд минь буцлаа
Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ
Хун, хундаа дасдгийн адилаар
Хүн, хүндээ дасдаг юм байж дээ... хэмээх дууны бадгийг сэтгэлдээ аялдаг. Гэхдээ яахав ээ, хууртаж л байг. Нөгөө “...Зүсэрч л байг бороо юм чинь, сэмэрч л байг сэтгэл юм чинь...” гэдэг шиг миний ийн шаналсны тоогоор үр хүүхдийг минь сайн нөхдөөр шагнах байлгүй, бурхан. Тэр дандаа миний талд байсаар ирсэн. Хүссэн бүхэн минь бүтдэг. Эхэлсэн ажил минь дандаа сайн сайхан болж амжилтад хүрдэг. Сайхан хамт олноор хүрээлүүлдэг. Харин найз нөхдийг л бурхан надаас харамласан шиг харамласан даа. Гэхдээ би түүнийг аль эрт уучилсан. “Одоо би шаналахаа больсон. Учир нь зүрх сэтгэлдээ бэлгэвч углачихсан” гэж өөрөө өөртөө хэлдэг болсоон...
Бараг гурван жилийн өмнө уншигчдын хүртээл болсон Ц.Хулангийн “Зүгээр л нэг амьдрахсан” дурдатгалыг 20 гаруй удаа уншсан байдаг юм. Одоо ч номын сангаасаа үе үе сугалж авчраад унших дуртай. Ц.Хулан, Л.Өлзийтөгс хоёр бол нэг үед амьдарч яваа ч өнгө төрх, үзэл бодол нь тэс өөр хоёр агуу яруу найрагч хатагтай. Ц.Хулан уламжлалт аргаар туурвидаг бол Л.Өлзийтөгс уламжлалыг хүчтэй эвдэж огт өөр нэг өнгийг Монголын утга зохиолд авчирсан шидтэй. Гэхдээ Ц.Хулан ч бас яруу найргийн нэг өөр өнгө юм шүү. Аль аль нь ухаарал өгдөг. Учирлаж, аргаддаг атлаа амьдралыг үзэх нь огт өөр. Ц.Хуланг уншихаар ардын дууны аялгуу сонсогдох шиг, заримдаа бүр сонины хурц, дайчин нийтлэл уншиж байгаа юм шиг болдог. Харин Л.Өлзийтөгс бол С.Саранцацралтын зургууд шиг... Н.Жанцанноровын аялгуу шиг заримдаа бүр транс ч юм шиг санагдана. Эл хоёр бүсгүйн дурдатгал номыг уншаад, шүлгүүдийг нь яаралгүй тайван “хүлхэж” байх нь надад хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингээд дөрөв дэх хамгийн ихээр сонирхол татсан ном бол мэдээж Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. Сэтгүүлч хүн олон юмнаас үүдэж нийтлэл бичдэг. Зурагнаас, зүйр үгнээс, улс төрөөс, үйл явдлаас,ер нь юунаас ч байж болно. Тийм нийтлэл бичих шиг амархан юм надад лав байхгүй. Харин өөрийнхөө сэтгэлд хамгийн хөндүүр байдаг сэдвээ олны өмнө тайчих мэт гаргаж тавих зоригийг надад “Үзэхийн хязгаар” өгөв. Яагаад, ямар учраас ийм бодол төрснийг би тайлбарлаж чадахгүй. Дундсайхан уулын хэцэд алсыг хараад өдөржин бодол болж суухад “Миний “Үзэхийн хязгаар” орж ирсэн юм. Ямар нэг чимэг байхгүй. Гүн ухаан байхгүй. Далд санаа агуулаагүй. Хүнээс мөнгө төгрөгөөр захиалга аваад бичээгүй. Зүгээр л “Үзэхийн хязгаар”. Тиймээ, Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар “...