Ц.Мянганбаяр: Дан ганц монгол хүн, монгол хөрөнгө оруулагч уул уурхайн салбарт өнөөгийн цаг үед гадаадын тусламж дэмжлэггүйгээр явж чадахгүй юм байна
Манай “Ярилцъя” булан энэ удаа “Монгол газар” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мянганбаярыг уншигчидтайгаа уулзуулж байна.
Манай “Ярилцъя” булан энэ удаа “Монгол газар” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мянганбаярыг уншигчидтайгаа уулзуулж байна. Банк санхүүгийн ертөнцөд дэгдсэн шуугианд түүний нэр хавчуулагдан, арилжааны хоёрын хоёр банкыг дампууралд хүргэсэн гол буруутнаар нэрлэгдэн чичлэгдэж буй энэ үед өөртэй нь уулзаж, бизнесийнх нь бодит зовлон жаргалын талаар ярилцсан юм.
-Ц.Мянганбаяр захирал ахиад л олны хараа барианд ороод ирчихсэн, анхаарлын төвд зогсч байна. Бизнесийн ертөнцийнхөн бүгд таныг ойлгож байгаа ч монголын олон нийт ойлгохгүй байна. Тийм болохоор одоо өрнөж байгаа үйл явдлуудтай холбоотой асуулт тавъя. Бэлэггүй юмнаас эхэлж байгааг уучлаарай. Таныг „Анод”, „Зоос” банкуудыг дампууруулсан гол буруутан гэж зарлаж байна?
-Юуны өмнө манай компани үйл ажиллагааныхаа явцад гадна дотны хөрөнгө оруулагчдын өмнө хийгээд банкуудын өмнө хариуцлагатай харилцагч байж ирсэн гэдгийг би хэлэхийг хүсч байна. Өнгөрөгч хугацаанд арилжааны банкуудаас авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулсаар ирсэн. “Анод” банкинд манай компани зөвхөн хүүнд гэхэд нийт 17 тэрбум төгрөг төлсөн. “Зоос” хийгээд бусад банкинд ялгаагүй арван хэдэн тэрбум төгрөгийг зээлийн хүүнд өгсөн байдаг. 2008 оноос банкуудын зээл төлөлтөнд хүндрэл гарсан шалтгаан нь Иточугийн аккредитивтэй холбоотойгоор үүссэн. Иточугийн баталгаатай аккредитив хаасан зээлүүдийн эргэн төлөлт удааширсантай холбогдож хүндрэл гарч эхэлсэн хэрэг. Бусдаар бол бид жилдээ 50 сая орчим долларын борлуулалт хийдэг компани шүү дээ. Энэ үзүүлэлт өөрөө компанийн талаар тодорхой түвшний ойлголтыг өгөх байх. Зээл авсан бүхнийг ад шоо үзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хүн үлдэх юм уу. Зээлийн хүүгээ төлнө, энэ 1500 гаруй хүний ажлын байрыг баталгаатай авч явах хэрэгтэй, үйлдвэрлэлийнхээ техник технологийг сайжруулах гээд урсгал зардал өдөр бүр хэдэн тэрбумаар хөвөрч байдаг өөрийн гэсэн хуультай, онцлогтой салбар шүү дээ. Монголчууд үүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгодог ч байх гэж бодож байна.
-„Монгол газар” компанийг анх 1992 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэсэн гэдэг юм билээ. Харин алт олборлолтын ажлаа хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Тийм ээ.Үнэн. Алт олборлолтоор бол 1996 оноос эхлэн дагнан ажиллаж байна. 2000-2002 онуудад алт олборлолтоор Монгол улсдаа тэргүүлж байсан. 1996-2008 онуудад 16.2 тонн алт олборлон, 180 тэрбум орчим төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт татвараар нийт 43.8 тэрбум төгрөг оруулаад байна. Эдгээр тоон үзүүлэлтүүд баримтынхаа хувьд маш чухал ч хүмүүс тоож сонсдог гэж үү. Тэгэхээр тооны хажуугаар салбарын онцлогтой тодорхой ойлгоцууд байх хэрэгтэй байна л даа.
-Тийм ээ. Тэгэхээр бүгдийн анхаарлыг татаад байгаа „Олон овоот”-ын орд дээр жишээ татъя л даа?
-Манай компанийн „Олон овоот”-ын алтны үндсэн орд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрладаг. Энэ ордын геологи хайгуулын ажлыг бид 2000 оноос эхэлсэн. Хүдэр боловсруулах үйлдвэрээ 2003 онд алтны 4,2 тонн нөөцөнд тулгуурлан ашиглалтанд оруулсан. 2003-2009 оны хугацаанд хоёроос гурван үе шаттайгаар үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлж, хоногт 2000 тонн хүдэр баяжуулж байна. 2008 онд 1.8 тонн алт олборлож 50 сая ам,долларын борлуулалт хийсэн. Тэгвэл “Айвенхоу Майнз” компани Оюутолгойн ордод 2000 оноос хайгуулын ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хайгуулын ажилдаа 4.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт зарцуулсан мэдээ байдаг. Тэгэхээр уул уурхайн компани гэдэг асар их зардал, хөрөнгө мөнгө шаарддаг салбар гэдэг нь харагдах байх.
-Уул уурхайн бизнес үнэхээр хүнд хүчир ажил. Бас асар өндөр зарлагатай. Таны хэлж байгаа баримтууд үүнийг нотолж байна?
-Мэдээж тийм. Хөдөлж хөдөлмөрлөж байгаа улсуудад, нэн ялангуяа ийм хүнд хүчир бизнест зориг гарган хүч сорьж байгаа компанид асуудал зөндөө тулгарч таарна. Угаасаа амар хялбар ажил энэ салбарт байдаггүй. Манай компанид ч хөрөнгө дутагдаж, үйлдвэрлэл доголдох үе гардаг. Мэдээж тэрхүү дутагдсан хөрөнгийг банкны зээлээр санхүүжүүлэх шаардлага гарч ирж таарна. Энэ бол зайлшгүй тохиолдох зүйлс ш дээ. Гэтэл манай улсын банкны систем, дүрэм журам, бодлого, уул уурхайн онцлог үйл ажиллагаатай зохицож уялддаггүй. Ердөө л энэ.
-Банкны хуулийн талаар бизнесийн байгууллагууд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээний заалт хэт хатуу, бодит хөрстэйгөө уялдаа муутай санагддаг?
-Жишээлэхэд манай банкууд нэг жилийн хугацаатай, сарын 1,8-2,6 %-ийн өндөр хүүтэй, 1-3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг хэн нэгэн хуулийн этгээдэд олгодог. Үүн дээр нэмээд, зээлээ хугацаанд нь төлөөгүйн нэмэгдэл хүү 20%-иар тооцдог. Гэтэл зөвхөн хайгуулын хэдхэн цооногийн өрөмдлөгийн (100 тууш метр) зардалд гэхэд нэг сая доллар зарцуулагддаг. Тухайлбал манай компани 30 тонн алтны нөөцийг тогтооход, 500 гаруй цооног өрөмдөж, зардалд нь 15 сая доллар зарцуулсан байна. Энд би бас нэг зүйлийг хэлье. Олон улсын зах зээлд монголын ямар ч компанийн геологи хайгуулын ажлын үр дүнг хүлээн авч, зөвшөөрдөггүй. Тийм болохоор гадаадын мэргэжлийн компаниар л өрөмдлөг, лабораторийн шинжилгээ, хайгуулын үр дүнгийн үнэлэлт дүгнэлтийг зайлшгүй хийлгэх шаардлага гардаг.
-Тийм үү. Жишээ хэлэхгүй юу?
-Жишээ нь Канадын мэргэжлийн компаниар хийлгэхэд доод тал нь нэг сая доллар төлөх болзол тавьдаг.
-Доод тал нь уу?
-Хамгийн доод тал нь.
-“Олон овоот”-ын нийт нөөцийг хэд гэж тогтоосон бол?
-Геологийн тогтоцоор “Олон овоот”-ын ордын алтны нийт нөөцийг 100 тонн хүрнэ гэж Канадын компани тогтоож дүгнэлт гаргаад байна. “Олон овоот”-ын ордыг нээж ашиглахад манай компани, манай геологичид, манай инженер техникчид, манай ажилчид асар их хичээл зүтгэл гаргаж, оюун ухаанаа зарж, монгол хүн юу сэтгэж, юу хийж бүтээж чаддагийг харуулсан гэж би хувьдаа үнэлдэг. Энэ бол үнэхээр хэн ч үгүйсгэж чадашгүй хөлс хүч урсгасан ажил. Бид зорилгодоо хүрч алтны үндсэн орд нээж, хүдэр баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулж, алт олборлон улсдаа тушааж, 1000 гаруй хүний ажлын байрыг говь нутагт бий болгож чадсан. Энэ ажлаараа бол би үнэхээр бахархдаг. Үнэхээр энэ ордод үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчийн хувьд өөрийн боломжоос хэтэрсэн хөрөнгө оруулалтыг зориглон хийсэн. Даанч уул уурхайн хөрөнгө оруулалтын үр өгөөж 8-10 жилийн хугацаа шаарддаг юм байна.
-Тийм байх л даа. Дээр нь манай банкны зээлийн хугацаа нэг жилээс хэтрэхгүй байгаа нь байдлыг хүндрүүлэх гол шалтгаан болж байна шүү дээ?
-Миний гол зорилго монгол хүн монголын газар шороондоо эзэн байж, өвөг дээдсийн үлдээсэн баялгийг өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаанаараа олборлож чаддагийг харуулахад чиглэгдэж байсан. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд банкны зээлээс гадна өөрийн компаний орлогыг зориулж “Олон овоот”-ын ордыг, уурхайг барьж босгосон. Алтны үндсэн орд нээн илрүүлж, Хүдэр боловсруулах үйлдвэр ашиглаж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрлэгч нь монголдоо ганц манай компани байгаа. Төр засгийн зөв дэмжлэг, банкны урт хугацааны томоохон зээлийн бодлого байсан бол өдийд ганц биш хэд хэдэн үндэсний хөрөнгө оруулалттай орд, үйлдвэрүүд бий болж чадах байсан гэдэгт би хатуу итгэдэг. Манай “Олон овоот”-ын ордыг үйлдвэрлэлтэй нь хамтаар олон улсын хөрөнгийн зах зээлд гаргадаг аргачлалаар тооцож үнэлэхэд 190 сая долларт хүрч байгаа юм. Гэвч яая гэхэв. Дан ганц монгол хүн, монгол хөрөнгө оруулагч уул уурхайн салбарт өнөөгийн цаг үед гадаадын тусламж дэмжлэггүйгээр явж чадахгүй юм байна гэдгийг ойлголоо.
-Үнэхээр гол гороймоор үг байна. Өөр арга чарга байхгүй гэж үү?
-Дэмжлэг олдохгүй юм байна. Эх орноосоо эрээд, чардайгаад, ойлгуулах гэж хичээгээд эцэс сүүлд нь ингээд л сууж байх сайхан биш байна. Тэгэхээр банкны хүндрэл, доголдлыг арилгахын тулд ордынхоо тодорхой хувийг олон улсын зах зээлд борлуулахаар яриа хэлцэл хийж байна. Энэ тал дээр монголбанк, сангийн яам ойлгож дэмжиж туслана гэж найдаж байгаа.
-Тэдний дэмжлэгээр яах юм. Нэгэнт ойлгохыг хүсэхгүй, харин ч бүр нэр төрд тань халдаж, буланд шахаж байгаа төрөөс юуных нь дэмжлэгийг гуйх юм бэ. Гадныхан ийм орд руу гуйгаад л ороод ирнэ шүү дээ?
-Монголд юм хийж бүтээхэд татварын орчин үнэхээр хүнд. Ялангуяа өөрийнхөө, дотоодынхоо, үндэснийхээ компанид дэндүү хүндрэл үзүүлдэг. Манай компанитай ижил уул уурхайн салбарт ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд татварын бүх төрлийн хөнгөлөлтийг чөлөөтэй эдэлдэг. Тэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд гааль, худалдаа, НӨАТ-ын татвар төлдөггүй. Тэр ч бүү хэл нөөц ашигласны татвараа ч төлдөггүй. Гэтэл дотоодын компани болохоор бүх төрлийн татвараа төлөхийн дээр 68 %-ийн татварыг нэмж төлдөг.
-Нөгөө л гайтай 68 %-ийн татвар ?
-Энэ 68%-ийн татвар бол алтны компаниудыг хөгжиж дэвших, үйлдвэрлэлээ шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх бүх боломжийг хаахын зэрэгцээ банкны өр зээлээ барагдуулахад ч саад болж байна. Бүгд л харааж байгаа биз дээ. Манай компани гэхэд „Олон овоот”-ын ордоос олборлосон алтны борлуулалтаас 68 %-ийн татварт дөрөв орчим тэрбум төгрөг төлсөн байгаа. Алтны жижиг компаниуд 68 %-ийн татвараас зугтаж, олборлосон алтаа нууж байна. Үүнээс болж Монгол Улсын Эрдэнэсийн сан нэмэгдэхгүй, валютын нөөц багасч байгаа. Энэ бүхэн нөгөө л 68 %-ийн татвартай шууд холбоотой нь бэлхэнээ харагдаж байна шүү дээ. Зарим компаниуд нь дампуурч алга болсон.
-Говьд үйлдвэр барьсан нь сайхан үйл хэрэг. Гэхдээ ийм байдалд орсон нь харамсалтай байна?
-Эцсийн эцэст бидний арваад жилийн хөдөлмөрийн үр дүн, амжилт бол Өмнөговь аймгийн ямар ч эрчим хүч байхгүй, дэд бүтэц байхгүй хөдөө нутагт монголчуудын босгосон шинэ уурхай, шинэ үйлдвэр байгуулж чадсан маань юм. Энэ бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж чадсан явдал бидний бахархал. Бидэнд гадны аль ч улсын компаниудтай хамтарвал хамтрах боломж байсан. Гэвч монголчууд яагаад өөрсдийнхөө эрдэс баялагт эзэн нь болж, өөрсдөө юмаа хийж болдоггүй юм. Бид чадна гэдгээ харуулах ёстой. Үүний төлөө цөмөөрөө ажиллая, үйлдвэрээ байгуулъя гээд зүтгэсэн. Эцсийн эцэст улс орон үйлдвэржиж байж л хөгжинө. Би үйлдвэр барьснаа хэзээ ч буруу шийдвэр гэж үзэхгүй. Үйлдвэржилт явж байж энэ улс орон хөгжинө. Хэдэн байшин барьснаар хөгжчихгүй. Байшин барилга барих ёстой. Гэхдээ эхлээд үйлдвэрүүдээ баръя. Дараа нь тэр барилгаа баръя л даа.
-Таныг нийтдээ 200 тэрбумын өртэй гэх юм?
-Жишээ нь, Бороогийн үйлдвэрийг Канадын “Хөрөнгийн бирж”, Канадын “Тэтгэвэрийн сан”, мөн Канадын “Империал банк” 250 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж, санхүүжүүлсэн байдаг. Тэгээд 43 тонн алтыг монголоос аваад гарчихлаа. Татваргүйгээр шахам. „Олон овоот”-ын үйлдвэр гэдэг бол монголчуудын өөрсдийнх нь үйлдвэр гэсэн үг шүү дээ. 100 орчим тоннын нөөцтэй. Энэ санхүүжилтэд “Зоос”, “Анод” банкууд оролцсон. Энэ хоёр банкинд байгаа зээлүүдийн тэн хагасыг нь Иточүгийн батлан даалтаар Комацугийн техникүүдийг худалдаж авахад зориулсан. Үйлдвэр өргөтгөл хийгдээд, шинэ хүчин чадлаараа дөнгөж нэг жил ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар өвөл зунгүй ажилладаг алтны компани гадны Бороог оролцуулахгүй л бол манайхаас өөр байхгүй. Би өөрийгөө зөв алхам хийсэн л гэж үздэг.
-„Олон овоот” одоогийн байдлаар 100 тэрбумын өрөнд байгаа гэж үнэн үү. Гэвч таны өмч үү, эсвэл „Жаст” группын мэдэлд шилжчихсэн юм уу?
-Энэ тэрний мэдэлд шилжсэн гэх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, „Жаст” групптэй арван сая төгрөгийн дүрмийн сантай 50:50 хувийн хамтарсан компани байгуулж, хамтран ажиллах гэрээнийхээ дагуу л ажиллаж байна. Түүнээс биш “Жаст”-ын мэдэлд шилжсэн гэх зүйл байхгүй.
-„Жаст” группыг таны өрийг төлсөн аврагч боллоо гэж мэдээлсэн байсан ?
-Аврана гэхэд хаашаа юм. Бид монголын уул уурхайн салбарт хэнтэй ч өрсөлдөхгүй өндөр түвшинд хүрсэн компани шүү дээ. “Жаст” бол энэ салбарт дөнгөж анхны жилдээ л бидэнтэй хамтарч ажиллаж байгаа улсууд шүү дээ. Хэвлэлийн фантааз байлгүй дээ. Өнөөдрийн байдлаар “Жаст” группын зүгээс “Анод”-ын юм уу, “Зоос”-ын өрийг барагдуулчихсан тийм юм байхгүй, ярилцаж байна. Гагцхүү эцсийн эцэст бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, тэрнийхээ үр ашгаар л өр зээлээ дарна. Энэ бол бодитой хийгдэх зүйл.
-Төрийнхөө зүгээс бол дэмжлэг байдаггүй ээ?
-Жишээ нь, энэ жил алтны зөвөлгөөн боллоо. Энэ үеэр алтны үйлдвэрлэлийг санхүүжүүлэх талаар төрөөс тодорхой алхмыг хийсэн. Нийтдээ 60-70 сая доллар арилжааны банкуудаар дамжуулж алтны үйлдвэрлэгч нарт хувиарласан шүү дээ. Гэхдээ тэрнээс үүнээс нэг ч долларыг манай компанид өгөөгүй.
-Яагаад тэгж гадуурхаж байгаа юм бэ?
-Гадуурхах ч биш юм аа. Тэр банкууд нь чадваргүй байдаг юм уу. Эсвэл өгөх дургүй байдаг юм уу. Ийм л дүр зураг харагдаж байгаа юм даа. Мэдээж бид маш их гайхдаг. Цөмөөрөө үүнийг ойлгодоггүй. Үнэхээр ойлгомжгүй асуудал байгаа биз дээ. Үгүй яахав ээ, төр алт үйлдвэрлэгч нарынхаа төлөө арга хэмжээ авч байна. сайн хэрэг. Гэхдээ хамгийн том алт үйлдвэрлэгчдээ өгдөггүй. „Зоос”, „Анод” банкуудын өгсөн зээл жишээ нь уул уурхайн салбарыг дэмжиж олгосон зээл боловч надад гэхээсээ илүү Иточүгийн батлан даалтад итгэж өгсөн зээлүүд.
-Таныг их хэмжээний мөнгө гадагшаа гаргасан гэх мэдээлэл байх юм?
-Хүмүүсийн хардлага байх аа. Их хэмжээний мөнгийг харин үйлдвэр рүү, уурхай руу хөрөнгө оруулалтаар хийсэн гэдэг нь үнэн байх.
-Ц.Мянганбаяр 200 тэрбумын өртэй гэж бараг бүх мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Үнэн үү?
-Арай ч 200 тэрбум төгрөгийн өр өнөөдөртөө алга. „Олон овоот”-д ойролцоогоор ил уурхай болон Хүдэр боловсруулах үйлдвэрт нийт 90 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Энэ маань ирэх жилүүдэд үр ашгаа өгөөд, өр ширийн асуудал дарагдана гэдэг тэртээ тэргүй тодорхой. Бүх уул уурхайн төслүүд дээр бид дандаа гадныхантай хамтарч ажилласан түүх л байна. Анхны удаа эзгүй говь нутагт бид үйлдвэр байгуулсан. Эхний үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Гайхамшигтай сайхан бүтээн босголт. Надад ямар өвөг дээдсээс уламжилсан хур хөрөнгө гэж байсан биш. Энэ бол монголчуудын хувьд гарцаагүй туулах ёстой зам л гэж би боддог. Өмнөговьд дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас бид үйлдвэрлэлээ дизель станцаар цахилгаанаар хангаж, ил уурхайдаа хүнд даацын уулын техник ажиллуулж ордоо ашиглаж байна. Өнөөдөр түлшний үнэ байнга нэмэгдэхийн хэрээр тэр хэрээр үйлдвэрлэлийн зардал төдий хэмжээгээр өсч байна.
-Монголчууд өрнөөс их айдаг хүмүүс. Энэ зан байдлаасаа болоод таныг эргэж сэхэхээргүй уналаа гэж хараад байх шиг байна. Ойролцоогоор хэдий хугацааны дараа та сэргэж чадах вэ?
-Бидний тооцоогоор бол гурван жилийн дотор энэ төсөл бүрэн хэрэгжиж, бүх өр зээлийг дарж дуусах ёстой.
-„Олон овоот” гадны ямар нэгэн санхүүгийн байгууллагад барьцаанд давхар байгаа юу?
-Бид АНУ-ын Goldman Sachs компанитай хамтарч ажиллаж байгаа. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын маш том банк. Өнгөрсөн жил бид 30 сая доллар авснаас 25 саяыг нь алтаараа төлчихсөн байгаа. Энэ жил үлдэгдлийг нь төлөх ёстой.
-Харилцаа бол хэвийн гэсэн үг үү?
-Хэвийн.
-Нэр хүнд гэдэг бол хамгийн үнэтэй капитал. Та яагаад энэ зүйл рүүгээ дуртайгаар нь шавар цацуулж байдаг юм бэ. Бүр төв банкны ерөнхийлөгч нь хүртэл ийм ажилд хошуу нэмэрлэж байна?
-Л.Пүрэвдорж гуайн юу бодож явдгийг сайн мэдэхгүй. Тэр хүний хувьд өөрийн ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа болов уу л гэж бодож байна. Асуудлыг шийдэх зөв гарцыг хамтарч шийдвэл илүү үр дүнд хүрнэ гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна.
-Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж гуай та хоёр нэг нутгийн улс биз дээ. Ц.Мянганбаяр тэгчихжээ, ингэчихжээ гээд л ил гарч ирээд цоллоод байгаа нь мөс жудгийн хувьд ч эвгүй харагдах юм?
-Мэдэхгүй юм даа.
-Энэ хэнэггүй байдал тань явсаар бий болгосон, босгосон, бүтээснийг тань харлуулахад хүрч байна биш үү?
-Хичнээн тэнэг юм бичиж байгаа нь тэртээ тэргүй бүгдэд ил байхад бид тэгж боож үхэх гэж явах хэрэг байна уу. 100 тонн алттай байж дампуурна гэдэг ойлголт монголд л байдаг байх. Хувь хүн Мянганбаярын талаар хэвлэл мэдээллээр зөндөө бичдэг. Бараг өдөр болгон миний өөрөө ч мэдэхгүй зүйлийг бичих юм. Гэвч би тэр болгонд нь эмзэглэж хэл ам хийж явдаггүй. Харин манай компани, тэнд ажиллагсдын хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэж хараар будахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанид нийт 1500 ажилчид ажиллаж байна. Нэг ажилчны ард 4-5 ам бүл байна гэвэл 6000-7500 хүний амьдралын асуудал хөндөгдөнө гэдгийг бодолцож баймаар байна. „Монгол газар” компанийн хийсэн бүтээсэн зүйлийг яагаад ч юм хэвлэлийнхэн маань сурталчлах дургүй байдаг. Зөвхөн Ц.Мянганбаяр гэдэг хүний тухай элдвийг зохиомжилж, энэ хүний дотор явдаг хүнээс тэс ондоо нөхрийн дүрийг гаргаж бичихэд бүх анхаарлаа хандуулдаг. Энэ бүх байдлаас болоод яагаад ч юм би компанийнхаа хийж бүтээсний талаар, юунд зорьж тэмүүлж, ямар хэмжээний бүтээн босголт хийхийн төлөө зүтгэж байгаагаа ярьж таниулах сонирхолгүй болчихсон.
-Өөрийг тань барьсан, эсвэл барина, хорино л гэсэн мэдээ сонинуудыг чимэж байна. Цагдаад шалгагдаж байгаа өр зээлтэй тань холбоотой асуудал байна уу. Эсвэл өөр хэрэг байгаа юм уу?
-Ямар нэгэн луйврын хэрэг ч юм уу, эсвэл эрүүгийн хэрэг би хийгээгүй.
-Танд харамсах зүйл байгаа л биз дээ?
-Монгол улс дахиад зуу гаруй тонн алтны нөөцөө хэн нэгэн Солонгос, Хятад, Канад хүмүүст алдах байх. Гэтэл дэлхийн бүх улс гүрний төв банкууд алтны нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Яагаад вэ гэвэл ирж байгаа 2010 онд эдийн засгийн хямрал буурахгүй, ихэнх улс орнууд эрчим хүч болон нефтийн төлбөрүүд, үнэт активуудыг алтаар хийж байна. Монгол улс бүх үнэт эрдэс баялаг дээрээ дандаа гадныхантай хамтарч дууслаа. Гэтэл энэ улс оронд чинь үндэсний эдийн засгийн хөгжлийн эрх ашиг гэдэг ойлголт байх ёстой юм байгаа биз дээ.
Maria mong
Mongolia
Зочин
Таын тогооны үлгэрийг санагдуулж байна.
ulziinu
би
av