Айлын  найранд уригдлаа.  Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан  надаар хэлүүлэхгүй  төсөөлнө дөө. Ай миний Монголын хө­дөөны найр ямархан  билээ дээ. Тэнгэрийн нарыг баруун хатавчиндаа аргамжчихаад  дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш.  Нэгэнт айлын найранд уригд­сан хойно ганган дээ­рээ тавьчихаад тэрүүхэн ха­тавчинд  донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.

“Уул байтлаа морь юм шиг ээ...” гээд. “За мань эр ч жинхэнэ согтож дээ”   гэж бодтол  цааш нь:

“Мөнгөн тоногтой  хазаар ч юм шиг ээ...
Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ...” гээд л явж өглөө. Нөгөө “Уул үүл нь нийлэн харагдах” гэдэг дууг солир хүний дуу гэдэг шиг энэ ч ёстой согтуу хүний дуу байх шив” гэж  дөнгөж бодтол

“Алтан хажтай хөөрөг ч юм шигээ
Амлагаа сайтай гаанс  ч юм шиг ээ
... Уул байтлаа морь юм шиг...
Учиртай нэгэн хайрхан ч юм уу даа” гээд дуулаад болдоггүй дээ. Ямар ч байсан мань эр өөрөө зохиогоогүй бололтой. Учир нь найрчдын зарим нь дагаж дуулаад байх юм. “Уул байтлаа морь юм шиг харагддаг...гэхээр гарцаагүй согтуу хүний үг баймаар.

Тэгээд бүр “Монгол газ­рын уул болохоор морь юм шиг харагдаад байна аа” гэх. За дүүрчээ дүүрч. Монгол хүн морь уул хоёроо андуураа л биз гэхэд уул яахаараа “Амлагаа сайтай гаанс шиг...” харагддаг хэрэг вэ. Бүр “Мөн­гөн тоногтой хазаар ч юм шиг ээ...”, “Мэтгээс сайтай ну­дарга шиг юм шиг ээ...”  бол­чихдог байна даа.

Тэр  янз бү­рээр хувирдаг ямар гээчийн уул юм бол гэтэл Богд хаан уул байв шүү. Төрсөн цагаасаа л харж өсөн энэ уул яагаад хазаар шиг, эмээл шиг, нударга шиг , морь шиг харагддаг юм бол.  Харин энэ жигтэй  дууны клипэнд даян аварга А.Сүхбат тогложээ. Хийморьтой, хүчтэй сайхан монгол эр ийм тэнэг үгтэй дууны  дүрс болсон гэхээр гэхээр жаахан харамсалтай... Айлын найрнаас  ийм хачин үгтэй дуу олсон бол  богино долгионы  радиогоор сүүлийн үед  сонин содон  дуу чих эсгээд байх боллоо. Дуучин Л.Болдбаатарын

“Аль нутгийн бүсгүй вэ чи
Ажил алба чинь хаана вэ
Гар барин танилцах уу даа
Гэр оронд чинь хүргээд өгөх үү дээ “ гэдэг дуу. Ёооё. Бүүр тэгээд

“Тэврээд авмаар гуалиг төрсөн  (тэвчээр алдав бололтой... ) Тийм нэгэн бүсгүй дээ чи... Тавхан минут л хүлээчих дээ (юун ч гялс юм бэ... )” гэнэ гээч.

Завханы  Батсүх хэмээн ард түм­нээ алдаршсан гавьяат маань бас нэг хачин дуу дуулдаг болжээ. 

“...Ай миний залуу нас ардын  дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад, найрагт согтоод дуулж явсиймоо”. Хэн ч дуулчихаар хөн­гөхөн аялгуутай үг нь хулгайн аргаар бүтсэн  энэ халтуурыг  гавъяат маань далибан малгайтайгаа хээр сууж байгаад дуулчихсан байдаг юм.
 
“Ай миний залуу нас амьдрал үхэл хоёрын дундуур
Ассан гал шиг дүрэлзэж явлаа
Ай миний залуу нас
Дайны жилийн цэрэг явлаа“ гэж Ш.Сүрэнжав найрагчийн Л.Дандар баатарт зориулсан шүлгээс  шууд хулгайлсан юм шиг санагддаг.  Дээрх дууг

“Ай миний залуу нас электро хөгжимтэй хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд архи уугаад, тамхи татаад тасарч л яв­сансан” гэж гуйвуулсан байдаг.  Бас МУГЖ Бат-Эрдэнэ хэмээх дуучны

 “Өөө... хөхөхөх бүсгүй л юм даа чи” гэж нэг дуу бий.  “За яахав дээ чи бол эмэгтэй л юм даа. Өөр чамаас авах юм алга даа” гэсэн утга өгүүлэх мэт. Л.Болдбаатар дуучны бас нэг дуунд “Хэнхдэг дүүрэн амраг минь”  гэсэн мөр бий. Том хөхтэй гэсэн үг үү,  эсвэл өөр утга санаа агуулна уу, бүү мэд. Бас “Босоо цагаан хийморьтой эр хүн” гэх эрос нэртэй дуу бий.  Эр хүний босоо хийморь заавал цагаан байхдаа ч яадгийн. Энэ мэт наргиантай дуунууд олон болж  өглөө,  үдэшгүй  хаана л явна салахгүй дагаастай.  Дууны үг шүүмжилсний дараа  дуу хуур шүлэг найргаа тэнгэр мэт боддог хэмээн өөрсдийгөө цоллогчид дургүйцэх нь тодорхой. Яагаад надад,  миний үеийнхэнд ийм үгтэй дуунууд таалагдахгүй байгааг одоо хэлье. Бид азтай. Бид жинхэнэ дууг дуулж сонсож  өссөн залуус.  С.Мөнхбатын үг,  Д.Банзрагчийн ая  МУГЖ Ц. Түвшинтөгсийн дуулсан  

...Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлгэн дуугаа аялахдаа жар­гасан гэжүү дээ чи минь
Сайхнаас  сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи  
... Хэнэгүйхэн занд минь  таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэж үү дээ чи минь
Ариунаас ариун төрснийг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи ... Ийм гайхалтай үгтэй, ихэмсэг тансаг аялгуутай дууг дуулж,  сонсч өссөн болохоороо би мөнгөн тоногтой хазаар шиг уулны тухай дуунд дургүй.

“Аргалд явсан ээжий минь та
Арай дэндүү  удлаа шүү дээ
Аагтай цайг чинь санан санасаар
Ангаж явна даа муу хүү чинь” гэж  АЖ А.Долгороор дуулуулж, дуунд нь уярч уйлдаг болохоороо “Салхин талдаа чамайгаа дагуулаад...  Санаа амар алхаж явна даа” гэх марзан дууг сонсмооргүй.

... Мөнх бусын заяа тавиланд гунигийн бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг миний зүрхийг аргадан  уянгална
Өдөр өдрөөр надаас холдох гэнэн цайлган насаа дурсана
Өтлөх тусмаа улам нялхарч сэтгэл гэдэг эмзэг болноо
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч...  гэдэг дууг гитарын аялгуунд  дуулж өссөн болохоороо  “айраг уугаад  найгаж явсан арван хэдтэй залуучууд“-ын тухай эрэмдэг дууг тоохгүй.   Дуу хуур,  шүлэг найргаар алдартай монголчууд  ийм ядмаг  тэнэг үгтэй дуу хийчихээд тэрнийгээ хаа сайгүй дуулаад байгааг сонсохоор инээд,  уур  хоёр зэрэгцээд байх юм.  Ямартай ч би дуунд дуртай. Гэхдээ утга төгөлдөр үгтэй,  яруу тансаг аялгуутай дууг сонсож өссөн болохоороо дуунд дуртай болсон юм шүү.