Манай нийгмийн улс төр, эдийн засаг гэх мэт томоохон сэдвүүдийг сонирхдог идэвхитэй хэсгийнхний хорхойг хоёр сарын турш хөдөлгөж, хойшилж баашилж дуншсан хоёр гишүүний мэтгэлцээн өнгөрсөн баасан гаригт сая нэг юм болж өнгөрлөө. Би хувьдаа сэтгүүлчийн хувьд энэ “хэрүүл”-ийг тэгтлээ их хүсэмжлээгүй. Учир нь мэтгэлцээний сэдэв монголчуудын хувьд хамаагүй наадаж болохгүй гал гэж хэлж болох  “Оюутолгой” төсөл байсан учраас. Бид юугаар тоглож болох болохгүйгээ ялгахаа болиод нэн удаж байна. Юутай ч улс төржилтийн бохир шуурга улсын дотоод бодлогын хар хайрцгийг доторхтой гаднатай нь хаман авч одсоны хамгийн тод жишээ энэ үйл явдал боллоо.

Идэвхитэй хэсгийнхний анхаарал хэмээн зориуд онцлохыг хүсч байгаа маань ил далд хоёр шалтгаантай. Ил шалтгааныг нь хэлье. Үнэндээ монголчууд мэдэхийг хүсч байна, монголчууд мэдээлэлгүй байна, монголчууд мэтгэлцээнийг хүлээж байна л гээд хөсрүүлээд байгаа болохоос энүүхэн Дашинчилэнгийн Лах уулнаа хонио хариулаад өвөлжөө бууцаа бодоод шогшуулж яваа өвгөн Дамба, тэдний хотныхонд муусайн улстөрчдийн хэрүүл шиг хэрэггүй юм огт үгүй. Хотын захад зуслангийн байрандаа утаанаас хол намбайж суугаа Доржийнхонд бүр ч падлийгүй байгаа нь үнэн. Тэртээ тэргүй бид “Оюутолгой”-гоос орж ирж байгаа мөнгөнөөс түрүүчээсээ бүгд аваад идчихсэн тууж яваа улс. Одоо энэ толгой-гоор тоглох сонирхол хаа хаанаа байхгүй. Хэтийнх нь ирээдүй өгөөжтэй, хэлбийж хэтийсэн, засвар зайлшгүй шаардлагатай байгаа нэг хоёр зүйлээ л янзалбал барав гэж ихэнхи цүлх монголчууд ярьж байгаа шүү дээ.    

Үнэндээ монголчууд бид энэ ордын 34 хувийг эзэмшдэг ч тэнд өрнөж буй  бүтээн байгуулалтад сохор зоос оруулаагүйг тэнгэр газар гэрчилнэ. Юун тэр дэлхийн супер жишгийн бүтээн байгуулалт, шилдэг технологоор баригдаж буй үйлдвэрүүдийг битгий хэл өнөөдөр Утаанбаатар болчихоод байгаа Улаанбаатраа бараг бусдаар бариулж суусан улс шүү дээ. Бидний туршлага гэвэл энэ л байна. Ийм байж ирээдүйн Монголыг сэхээх эхний том төслөө дутуу гуцуу үнэлж, дуу дуугаа авалцан хэрүүлийн алим болгох хэрэгцээ хэнд хаана байгаа нь дэндүү ойлгомжгүй. Үр ашигтай ажиллаж байж ашиг түгээдэг нь ямар ч додугаар ангийн хүүхэд мэдэх анхны аксиом. Ядаж ямар ч гэнэн хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нөхсө­ний дараа дээрх зүйл рүү хуудсаа эргүүлэх нь зүйн хэрэг баймаар. 34 хувиа нэмэгдүүлэхийн төлөө ажиллалгүй л яахав. Гэхдээ одоо сууж яваа чарганыхаа нурууг хуга суучих нь бидэнд ашигтай юм уу. 

Ирээдүйд авах ашиг нэмэгдэх нь мэдээж бидэнд хэрэгтэй. Гэхдээ “Монголын талын хувь нэмэгдлээ ч, эрх мэдэл нь нэмэгдэхгүй” гэсэн гэрээний заалт байгааг бодож тоглохыг эдийн засагчид сануулсаар байгаа. Бид яг үнэндээ хамаагүй гар дүрэн хөдөлгөж чадах хэмжээний байр суурь, эрх мэдэлгүй байгаагаа огт тооцохгүй нэг нэг рүүгээ дайрч давшилж, буруутгаж байна.

Монголчууд бидний аархал бол 34 хувийг эзэмшдэг маань, бас дээр нь энэхүү баялгийн эзэн гэдэг цээж дүүргэсэн хоосон баярхал маань л юм шүү дээ. Тэгэхээр хамаагүй тонгочиж болох юм уу.

Оюутолгой бол үнэхээр бидний урьд өмнө учирч байгаагүй том төсөл.  Хүнээ ч олигтой тоолж чадахгүй балчирдаж суудаг бидэнд зарим талаар энэ төслийг ойлгоход олон юм хэрэгтэй шүү гээд хөндлөнгөөс гашуунаар хэлчихмээр болтол улс төржүүлэх боллоо. Бид энэ бүтээн байгуулалтад гар бие оролцохын төлөө л илүү анхаарч ажилламаар байна. Ядаж тэр том талбарт бацаандаад байхгүй пээдгэр гагнуурчин ч алга байна. Оюутолгойнхны аягыг ч өнөөдөр хятад хүн угаах шахаж байна. Үүний төлөө бол бид дугарах, цаашилбал тэнд хяналт тавьдаг том камер болохын төлөө зүтгэх хэрэгтэй байна. Тэгж чадахгүй байж өнөөдөр тэд биднээс илүү цалин авч байна, тэд биднийг тоохгүй байна гэж уйлагнан шороо цацалж, улс орон даяараа харааж ерөөж боломгүй бодогдоно.

“Рио Тинто”-гийнхон Оюутолгой ордыг олж нээсэн, хөрөнгө оруулалт хийсэн. Энүүхэндээ хэлэхэд хүний хөлс хүчээ урсгаж олсон юмыг бид булаагаад л авсан нь үнэн шүү дээ. Гэхдээ хүний газар байгаа баялгийн эзэн болох гэж бид бас аархаагүй. Хөрөнгө бэл байхгүй, хүч чадал сул доройгийнхоо л гунигийг одоо бид эдэлж байна. Тэд хөрөнгө мөнгө гаргасан учраас, бүр тодруулбал  тэд мөнгөний эзэн, мөнгөөрөө бүтээн байгуулалт хийж байна гэдгээрээ давуу эрхээ эдэлж байна. Хоёр тусдаа зовлонг хаа хаанаа эдэлж байна гэсэн үг. Тэгэхээр биднийг үл тоодог хөрөнгөлөг чинээлэг хүний эрэлхүү дээрэлхүү байдлыг нь хязгаарлахын төлөө баялгийн эзэд бид бодлогоо нэгтгэх нь чухал уу, хоорондоо ходоод гэдсээ дэлгэн хэрэлдэж тэмцэлдэх нь зөв үү. Миний хөндөх гэсэн санаа ердөө л энэ. Бодит нөхцөл байдал, хийсэн гэрээ хоёроо сайтар тунгааж хэр хэмжээгээ мэдэж тоглох уу, хамаа намаагүй талын салхи шиг зоргоороо аашаар юм болгонд хандах уу.

Угаасаа бидний санаархал, хөрөнгө оруулагчдын санаархал хоёр хэзээ ч тэврэлдэхгүй. Цээжнийхээ цаана бүгд тус тусын улс орныхоо эрх ашгийг  л тээнэ. Энэ бол харин том эрх ашиг. Том эрх ашиг гэдэг бол зүгээр нэг романтикуудын барьж давхидаг дарцаг биш. Тэгэхээр иймэрхүү дур зоргын давхилтуудыг бодлогоороо Төр хашиж байдаг баймаар байна. Ардчилал манай оронд хэдий болтол дур зорго байх юм бэ.

Оюутолгойн төсөл бол сайн төсөл. Үнэхээр төслийнхөө хувьд дэлхийд дээгүүр жагсах төсөл. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал талаасаа бас л ухаан зарж хийсэн гэж хэлж болно. Дотоодын улс төр тэнд тугаа аваачиж хатгадаг, өөрийн хүмүүсээрээ дамжуулж эзэн суудаг бололцоог гэхэд шууд хааж чадсан. Яагаад гэвэл Эрдэнэт гэдэг нэртэй ийм төрлийн зовлон дагуулсан сэдэв бидэнд бий учраас. Монголын төр эдийн засгийн бодлогоо улс төржилтөөс зугтаалгах, намуудын эрх ашгаас холдуулах анхны анти программыг Оюутолгой дээр суулгаж чадсан. Дээр нь дээс татаж хиллэсэн хоёр том хөршийнхөө нөлөөллийг давж, өөрсдийнхөө сонголтоор хөрөнгө оруулалтаа шийдэж чадсан. Энэ утгаараа эдийн засгийн аюулгүй байдал талаасаа мундаг төсөл. Энэ үгээрээ би хувь заяагаар тохиосон хоёр хөршөө бидний дайсан гэж хэлэх гээгүйг эрхбиш уншигч авгай та тунгааж байгаа биз ээ. Бидний тусгаар тогтнол бол тэдний хүмүүнлэг бодлогын тусгал гэдгийг тусгаар тогтнолын баяраар баар болгоныг дүүргэж “савцгаасан” бидний монголчууд эрхбиш шивнэлдээ байлгүй дээ. Үүх түүхээрээ холбогдсон, ийм хэмжээнд бие биенээ таньсан, дээр нь юугаар ч өрсөлдөх өрвөлзөх бололцоогүй размерын зөрүү хаанчилж байдаг бодит тавилан дундаа бид шинэ зуунд монголыг авч явах түүхэн том төслийг өөрийн эрхшээлээр хийж чадсан. Энэ гавъяа өнөөдөр нүдээ ухуулах шахам чичлүүлж байгаа хэдэн улстөрчдөд хожим очих нь лавтай.   

Өөр нэгэн гоё зураг бас харагддаг . Тэр бол энэ агуу төслийг дагаж талын монголд үрээ цацаж буй дэлхийн сонгомол уул уурхайн соёл юм. Монгол руу энэ том бизнесийн соёл орж ирж байгаа явдал, энэ салбарт тэргүүлэх дэлхийн хамгийн том компани ирж тэр соёлыг суулгаж өгч байгаа нь бидний уурлах шалтгаан лав биш. Бид өнгөрсөн хорин хэдэн жил төрөл бүрийн, төвшин бүрийн хөрөнгө оруулагчдыг үзсэн.

Нийтлэлийнхээ төгсгөлд би манай парламентын хоёр гишүүний мэтгэлзээнд яагаад бусдын адил хөөрцөглөж өгөхгүй байгаагаа товчхон хэлмээр байна. Мау Зедун ах нээрээ овоо хэлжээ. Би зарим нэгэн шиг тэртээ өнгөрсөн зууны эвгүй измийн төлөөлөгчдөөс ишлэж маазардаггүй хүн. Гэхдээ Мау ахын хэлсэн “Ард түмэн гэдэг бол цагаан цаас” гэсэн үгийг аргагүй бодох юм. Ард түмэн бол дээр нь юу ч бичиж тоглож болдог цав цагаан цаас гэдгийг манай хоёр сайхан харуулж өглөө. Чамгүй тоглолоо. Мэтгэлцээн мэдэхгүй байсан олон юмыг илчилж дэлгэж өгснөөрөө үр ашигтай болж гэнээ. Шууд хэлье. Энэ бол эмгэнэл. Мэтгэлцээн биш нэтгэлцээн. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Ингэж дэлхий нийтийн өмнө, дэлхийн эдийн засагчид, дэлхийн бизнесийн ертөнцийнхний өмнө гэдэс дотроо нээх гэж.  Өрсөлдөгч бусад айлуудад инээд наргиан нэмэхээс илүү монголчууд юу хожив. Дэлхий даяар л харлаа. Монголууд ямар итгэл даадаггүй. Яасан сайхан нууж хаахаа мэддэггүй шороо манаргасан нударган зодоон хийдэг улсууд хэвээрээ болохыг үзэж мишээлдлээ. С.Баярцогт энгийнээр хэлэхэд төр төлөөлж төсөл хийлцсэн хүн шиг мэдлэг цэгц хоёроор аархаж, өөлөөд хэлчихвэл гадны компанийн төлөөлөгч шиг  үл ялиг хэтрүүлж гялалзав. С.Ганбаатар нь бүхэл бүтэн нэг улсын парламентын гишүүн гэх өчүүхэн үнэргүй, гудамжны хөдөлгөөний тэргүүнээсээ салаагүй нөхөр болохоо барьж өгч бартаглав. Тэр хүн энэхүү шахаж тулгаж, эдэвлэж байж хийсэн маргаанаараа олон улсын хөрөнгө оруулагчдыг доромжлоод зогсохгүй, сонгочдоо ч хүндэтгэсэнгүй. Рейтингээ өсгөх биш унагав. Харин баалуулж балбуулахын одонд төрсөн гэмээр хувь заяа туулж яваа С.Баярцогтын рейтинг багагүй өсөв. Рейтинг бодсон улстөрчдийн наадаан эх орноороо тоглосоор аль хүрэхийг харин бид мэдэхээ байв.

С.Баярцогт хариуцлага талаасаа өөрийг нь өдөж урьсан С.Ганбаатараас хамаагүй соёлтой байсан. Тэр нөгөө нөхрөө хүндэтгэж, ард түмнээ хүндэтгэж бэлтгэсэн байна. Бүр биеэ авч яваа байдал, өмссөн хувцаснаасаа эхлээд хоёр өөр хүндэтгэл харагдлаа шүү дээ. Юмыг одоо жижгээс нь эхлээд л ярьж байя гэж боддог боллоо. Учир нь бид том байя л гээд давхиад байдаг. Сүүлдээ том жижиг бүх юмаараа хольж тоглоод дууслаа. Жишиг өөрөө жижиг томоо алдчихлаа.

Үндсэн хоёр гуравхан зүйлээр маргаан үүсгэж болох байлаа. Жишээ нь, манай зарга үүсгэгч 34 хувиа яаж үнэлж байгааг ч асуусангүй. Газар дорх баялгийнхаа бидэнд ногдох хувийг яаж үнэлсэнийг, яагаад тэр хувиа дэлхийн бирж дээр чөлөөтэй гаргах эрхгүй байгааг асууж хариу авч чадсангүй. Одоо энэ тоглоом цаашаа үргэлжлээд л байх уу. Сонгуульд намууд Оюутолгойн хувийг л барьж орцгоосон. АН нь 50 хувийг ард түмэндээ авч өгнө гэсэн байх. МАХН нь тэрнээс нэг хувийн илүүг ах дүүс бидэндээ авч өгнө гэсэн байх. Үнэндээ Монгол 51-ийг нь  авна л гэвэл энэ төсөл зогсоно. Хөрөнгө оруулагчид лацадчихаад л гараад явна. Энд төр тогтохыг хүлээнэ. Тэгэх эрх нь байгаа. Хүссэн ч эс хүссэн ч МАН- ын нөхдүүд ард түмэнд авч өгнө энэ тэр гэж  тоглоно.  Энэ тоглоомын суурь одоо бол нэлээн лав тавигдсан. Тоглоом явсаар Засгийн газрыг унагана. Засгийг унагах шалтгаан бол одоо ганцхан Оюутолгой. Оюутолгойгоос өөр шалтгаан байхгүй. МАН хэдийгээр тусгаар тогтнолын ордноосоо толгой нь шоволзох генераторгүй, идей үйлдвэрлэгчидгүй, стратеги хийдэг тархинуудгүй, энд тэндэхийн хараалын сэтгүүл зүй үйлдвэрлэхээс хэтэрч чадахгүй жижиг гарууд холхиулан намаа баллаж байгаа ч ЭНЭ ТОГЛООМ-ыг бол мэдэж байгаа. Тэд бол ямар ч эргэлзээгүйгээр тоглож унагахыг л бодно. Тийм хүйтрэл рүү эрх баригчид өөрсдөө шахчихсан. Н.Энхбаяр бас энийг камертаа харчихаад л бөмбөг бэлдээд хэвтэж байгаа. Дээр нь АН дотрох Н.Алтанхуягт дургүйчүүд харж байгаа. Парламент доторх бие даагчид ашиглана. МАН-аас хүч хавсрахад бэлэн уухилсан нөхдүүд бас бий. Худлаа гэвэл даан ч дээ гэмээр алсын шунал тээчихсэн, дахан дороо Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөл тээчихсэн дархан аварга тэргүүтэй фанатууд энэ зүг рүү алхаад ороход бэлэн байгаа. Ингээд л дотоодын дажин эхлэнэ дээ. Оюутолгой үнэхээр үйлтэй төсөл ажээ. Одоо тэгээд яах вэ?