Шүүмж  
                
Монтаж гэдэг үг Франц үг бөгөөд “холбоос” гэсэн утгатай. Орос хэлэнд шофёр, этаж… гэх мэтээр олон Франц үг байдгийн нэг бөгөөд “суурилуулах” гэсэн утгыг ихэнхдээ заана. Цахилгааны монтаж ч гэж ярьдаг…


ЭХЛЭЭД ЖООХОН ТҮҮХ ЯРЬЯ АА

1900 оны 8 сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагджээ. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Энэ цагаас телевиз гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Харин манайд Б.Ренчин агсны санаагаар “виз” хэмээх үгээр орлуулсан гэх бөгөөд энэ нь “Алсын, агаарын виз” гэсэн бүр гүн утгатай болсон  гэдэг.

Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байдаг. Гэхдээ л энэ телевизийн урлаг 20-р зууны хамгийн том ололт юм. Орост 1939 оны 3 сарын 10-наас телевизийн нэвтрүүлэг тогтмол явах болсон бол АНУ-д 1931 онд анх эхэлж, 1935 онд Германд нэг шууд нэвтрүүлэг хийж үзээд  бас л 1939 оноос Америкийн телевизийн түүх  эхэлжээ. Дэлхийн 2-р дайны дараа телевиз дэлхий дахинд  эрчимтэй хөгжлийн замдаа оржээ. Тайланд улсад 1955 онд, Энэтхэгт 1959 онд, Малайз улсад 1963 онд, Пакистан 1964 онд, Турк улсад 1968 онд, Хятад улс 1958 онд, БНСУ 1956 онд, Япон 1953 онд телевизтэй болжээ. Харин 1970 оноос телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх болсон түүхтэй.

Монгол Улс бас ч гэж нэлээд эрт буюу 1965 оны 10 сард БНМАУ-ын Засгийн газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны 3 сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. Ингээд 1967 оны 7 сарын 11-нд наадмаар Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг явуулж үзээд 9 сарын 27 нд анхны нэвтрүүлгээ дамжуулж пүрэв, бямба, ням гарагуудад нэвтрүүлэг явуулж эхэлжээ.

Өнөөдөр манайд телевизийн урлаг үүсэж хөгжөөд 47 жил болсон байх бөгөөд олон сайн нэвтрүүлгүүд энэ хугацаанд гарсан ч харин телевизийн нэвтрүүлгийн талаар бичсэн шүүмж судлал бараг харагддаггүй. Тийм болоод энэ салбарт 27 жил ажиллаж хэдэн зуун болсон, болоогүй нэвтрүүлгүүд хийсэн хүний хувиар  нэгэн шүүмж бичихдээ Баатар найруулагчийн нэвтрүүлгийн онцлогийг мэргэжлийн үүднээс задлах гэж оролдъё.


УРЛАГ ТАЛААС НЬ ЭХЛЭЭД ХАРАХАД

Нэвтрүүлгийн монтаж хийж байхдаа би хамт ажиллаж байгаа залуустаа жоохон “баатардаад” өгөөч дээ гэж  их хэлдэг. Юу гэсэн үг вэ гэвэл жоохон урлагтай, ритмтэй  монтажлаад, “нүд хуураад” өг гэсэн ухаантай үг. Жирийн иргэд монтаж эвлүүлэг энэ тэрийн тухай ойлголт муутай тул үгээр илэрхийлэх тийм ч амархан ажил биш юм байна. Телевизийн урлаг бол “нүд хуурах урлаг” билээ.

Эрт дээр цагт урчуудын хорооны хананд “Нүд баясаж, сэтгэл бадарна” гэсэн үг бичээтэй байдаг байж билээ. Ярих гээд ядаад байгаа Баатарын “Монгол тулгатны 100 эрхэм” бол чухам л нүд баясгаж сэтгэл бадраадаг!

Баримтат кино, нэвтрүүлэг хоёрын ялгааг өнөөдөр олж хардаг, ойлгож хийдэг хүн тун ховор болжээ. Мэдээж баримтат кино хуучин цагт бол баримтыг дүрсжүүлснийг хэлдэг байлаа. Төсөв хөрөнгөтэй, нэлээд хэмжээний цаг хугацаа хамарсан, нямбай хийцтэй, гол нь цаг хүч зарсан, архивын дүрсүүд буюу түүхэн дүрс оролцуулсан дэлгэцийн бүтээлийг баримтат кино гэж ойлгож ирсэн.

Британийн BBC телевизийн  баримтат киногоор телевизийн баримтат киноны стандартыг хэмжиж болно… гэх мэтээр энэ тухай маш урт юм ярьж болох ч өнөөдөр баримтат кино гэх ойлголт бүтээлч тал руугаа их явж байна. Creative documentary буюу баримтат уран сайхны (бүтээлч) хэлбэр сүүлийн үед маш хүчтэй дэлгэрч байна.

Миний бодлоор бол баримтат кино уран сайхны кинотой нэгэн адил дүртэй байдаг. Нэвтрүүлэг цаг үеийн шуурхай байдлыг чухалчилдаг болохоор заавал дүр бүтээгээд байх шаардлагагүй. Гэхдээ зарим мэдээ ч баримтат кино мэт үлдэх нь бий. Жишээ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт лантуу барьсан хар хувцастай хүчнийхэн орж ирээд түүнийг “оймсдож” авч явсан мэдээ бол зүгээр л баримтат кино, бүр жоохон хэтрүүлбэл уран сайхны киноны хэсэг шиг “баримтат кино” юм. Яагаад гэвэл тэнд өнөөх дүр байсан болоод тэр. Хэрвээ хэн ч танихгүй нэг хүнийг тэгж авч гарсан бол мэдээ л байх байлаа. Нэг талаасаа харвал төр хэмээгч төмөр нүүртүүдийн дүр, нөгөө талаасаа Монгол улсын экс “ерөнхийлөгч” гэх дүр хоорондын маш хүчтэй зөрчил, драм байсан болоод тэр. Магадгүй он цагийн уртад энэ ТВ9 телевизийн мэдээний жоохон дүрс манай телевизийн салбарт торойж үлдэх биз ээ.

Энэ өнцгөөр авч үзвэл Херо энтертаймэнтийн хийгээд байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” бол яалт ч үгүй баримтат киноны жанрт багтана. Тэр ч бүү хэл  Чухал 100 сэдэв” ч баримтат киноны хэлээр хийгддэг. Эхнийх нь бол  гол баатартай, бас тэр гол баатрын  дүрийг тодотгон оролцож байгаа туслах дүрүүдтэй болохоор маргаан байхгүй. Тэр ч бүү хэл хөтлөгч П.Анужин гэх цэмцгэр бүсгүй, яруу найрагч  Б.Лхагвасүрэн хоёр ч өөрсдөө дүр юм. Баатар өөрөө “баатар”-уудынхаа тухай нэг удаа ярихдаа; “Төрөө ахаа яг яс юман дээрээ энэ хоёр маань ихээхэн зөрчилтэй хоёр хүн байгаа юм шүү дээ. Гэхдээ л энэ хоёргүй бол одоо энэ бүтээл амилахгүй болтлоо “дүр” болоод суучихлаа…” гэж ярьж байсан билээ.

Баатар бол зураач залуу, одоо сүүлийн үед түүний нэвтрүүлгүүдийг дэмжээд яваа гэх Х.Баттулга ч зураач хүн. Түүний  сонирхлыг Баатарын зураачийн чадвар татсан, бас өөрийнх нь ч зураач сэтгэл хөдлөөд хамт юм хийгээд байгаад би огтхон ч эргэлздэггүй. Зарим хүний боддог шиг тэр хүн баахан мөнгөөр Баатарыг “баатар” болгоод байгаа гэдэгт эргэлздэг. Түүнийг би ДУДС- д хамт сурч байхаас мэднэ. Нэг ч их гар султай хүн ч биш. Харин  бид бүгд ДУДС-иас ургасан ургамлууд.

Уран зураг, уран зохиол хоёр хөгжсөн газарт кино, телевизийн урлаг хөгждөг. Урлаг гэсэн утгаар энэ бүхнийг ярьж байгаа юм шүү. Түүнээс биш телевизийг зүгээр л хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж ихэнх нь хардаг болохоор урлаг талаас нь шүүх, шүүмжлэх нь ховор байдаг. Өмнө нь манайд яруу бичлэг дээр суурилсан нэвтрүүлгүүд зонхилдог байсан болоод ч тэр үү Баатарын монтажийг эхлээд хальт харахад нэг л замбараагүй энд тэнд үсэрсэн, хар, цагаан, өнгөт холилдсон, гэнэт клип шиг юм цочтол орж ирсэн мэт харагдана. Тэрээр зураач хүн учир үзүүлэх талыг түлхүү барьдаг. Одоо саяхан гарсан “Ёс зүй” нэртэй Чухал 100 сэдвийг тогтож ярья.

Маш урт нэвтрүүлэг ч хүн дуустал нь үзээд байгаад түүний монтажийн ур чадвар харагддаг. Жишээ авсан энэ нэвтрүүлэг эхлэхдээ “Харанга” хамтлаг тоо тоолоод эхэлж байна. Хар цагаан. Дууны эхний бадаг үг нь “Маргааш өдрийг гэрэлтэйд бод…” гэж эхлээд  монтаж тасарч П.Анужин ганцаараа шар өнгөтэй хар цагаан хүмүүс дунд явах бөгөөд хажууд нь нэг гудамжны эр дагаж гүйсээр бараг уран сайхны кино тавилттай эхлэх боловч унших текстээ алдаатай уншиж дахиж монтаж орно. Тэгээд алдаагүй дахиж явах бөгөөд текст дуусахад “Харанга” хамтлаг “ Замд гаръя” гэж уриад дараагийн хөтлөгч аанай л  монтажаар орж ирнэ. Өөр дугаарууд Welcome in гэж урьж байдаг.  Ердөө энэ эхлэл ганц минут хүрэхтэй үгүйтэй ч Баатарын монтаж ажиллаад эхэлжээ. Тэгээд “Харанга” хөгжмөө хөглөх шахуу юм болоод харанхуйлахад Далай лам, П.Анужин бас нэг содон “дүртэй” Х.Баттулга ганц цайныхаа цоохор дээлтэйгээ хөтлөгчийн суудалд сууж байгаагаар “баримтат кино” маань эхлэх ажээ. Ийм эхлэл үзсэн хүн яавч дуустал нь үзнэ. Гэхдээ гэртээ энэ олон телевизүүдийг удирдаад үзэж суугаа үзэгч  яг уран сайхны киноны хэмжээтэй нэг цаг гучин минутыг дуустал үзэх гэдэг маш их маргаантай юм. “Баримтат кино” гэж хаалт хийж ирээд л онцлоод байгаа нь нэгд “Ёс зүй”  хэмээх өргөн сэдэв авсан, хоёрт өнөөх л олон сонин дүрүүд орж ирсэн учраас тэр. С.Баярцогт гэх “дүр” анх удаа шахуу юм ярилаа .У.Хүрэлсүх хэмээх тодоос тод байж байгаад алга болсон “дүр” гэнэт гараад ирлээ. Далай ламаар эхэлсэн нэвтрүүлэг Н.Энхбаяр гэх асар том дүр уучлалт гуйж байгаагаар төгсөж байх ажээ. Гэхдээ хүмүүсээ оруулж ирэхдээ яг таарсан газарт нь дэс дараатай оруулж өгснөөрөө энэ цаг гучин минутын “кино” огт уйдаахгүй ар араасаа цуварсаар   үзүүштэй байсаар дуусч байгаа хэрэг. Харанга хамтлаг бүхэлдээ энэ “киноны хөгжмийг” хийлээ.

Манай телевизийнхэн “баатардах” маягийг хэлбэрийн хувьд дуурайх хандлага их түгээмэл болж байгаа нь сайн тал боловч бас хэт өнгө хэлбэр хөөж хар цагаан хольж хутгах талаасаа харагдана. Түүний бүтээлүүд маш их хүч хөдөлмөр, олон удаагийн дахин монтаж хийгдэж байж гардгийг би өөрөө ийм юм хийдэг хүн учраас ойлгож , ажилсаг, уйгагүй, хамгийн гол нь бүтээлээ хийхдээ баясан цэнгэж хийж байгаад  нь гайхаж бас баярлаж хардаг. Ажил хийхдээ ялархаад байгаа хүн хэзээ ч өөдтэй юм хийдэггүй. Жишээ нь л гэхэд С.Зориг агсаны радиогоос олсон болтой хоолойг хуучин хальсны дуу хураагч эргэж байгаа дүрс өгч  монтажлан оруулсан зэрэг маш олон жижиг сажиг монтажны ололтыг тоочиж болох авч үзэх урлагийн гол зорилго  нь үзэгчид дуустал нь шимтэн үзсэн байхад л оршдог билээ. Тийм болоод ч миний тайлбарласан тайлбарлаагүй үзэгчид үзсээр л байна. Үзэх үзэхдээ бүр нүд баясаж , сэтгэл бадран үзэж байна.

Телевиз киноны урлаг олны хамтын бүтээл байдаг төдийгүй нэвтрүүлэгт  орж буй  энэ олон шуудайд хийсэн үхрийн эвэр шиг яриа ,үзэл бодлыг нэг шугаманд оруулж холбож суурилуулж бүтээл болгох гэгч  найруулагч хүний монтажны урлагаар л бүтдэг бөгөөд “Баатардах” гэсэн телевизийн монтажны урлагын бүр нэг хэл,найруулга  бий болчихоод байгааг тайлбарлах гэж энэ нуршуу шүүмжийг бичлээ.

Олон ч телевиз “баатардах” санаатай камерын хөл хэрэглэдэг, кран ашигладаг болж түүний  нэвтрүүлгүүд бусаддаа сайн нөлөөгөө үзүүлж байгаа нь харагдах боллоо. Энэ маш сайн хэрэг. Тэгээд ч би “Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болох юмсан” гэж бичдэг, уриалдаг нэгэн. П.Анужингийн санаачилсан “Монгол тулгатны 100 эрхэм” ч бараг ийм уриатай кино юм.

Харин “Баатардах” гэдэг энэ утга “халтуурдах” гэх утгын яг эсрэг утга буюу урлагтай, сэтгэлтэй, хурдтай, цэвэрхэн гэсэн имижийг  телевизийн монтажны урлагт шууд заах болсон байна.