Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд

Телевизийн “А-Ха” гэдэг  танин мэдэхүйн нэвтрүүлэг Монгол Улсын тусгаар тогтнол, Богд хаант Монгол улсын сэдвээр явж байна. Монголын залуу үе түүхээ хэр зэрэг мэддэгийг олны өмнө үзүүлээд өгөв.  Нэвтрүүлэгт оролцсон оюутан залуусын цуваа үргэлжилнэ. Асуулт: Монгол түмэн нэгдэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж  тусгаар тогтносон он сар  өдрийг нэрлэнэ үү.   Хариулт: 1921 оны гуравдугаар сарын нэгэн. А-Ха, ха,  Биш байна. 1921 оны долдугаар сарын нэгэн. А-Ха,ха. Биш байна. Дараагийнх нь 1921 оны арваннэгдүгээр сарын 24. А-Ха, ха,ха. Биш байна. 1990 оны арванхоёрдугаар сарын 10 . А-Ха, ха,  Биш байна. Дараагийн 10, 20 хүн бас л таасангүй. Хоёр дахь асуулт: Монгол Улсын тусгаар тогтнолд үнэт хувь нэмэр оруулсан гадаадын харьяат хүнийг нэрлэнэ үү. Хариулт: Ленин, Сталин, Мао Зе Дун, Кастро, Буш, Фрийдланд. Бүүр төөрч гүйцлээ бас л таасангүй. Гурав дахь асуулт: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх оронч баатруудыг нэрлэнэ үү. Дугаарлан зогссон залуус ийн хариулж байна.  Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр, Магнай, Дандарбаатар, Батзандан, Ичинноров. За за  бүүр хадуураад яваад өглөө. Бүгдээрээ таасангүй. Таах ч шинжгүй болхоор нь хөтлөгч редактор нь өөрөө зөв хариултыг болгоов. Зөв хариулт нэгдүгээр асуултын хариу. 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Хоёрдугаар асуултын хариу. Монгол улсын хаан Богд жавзандамба хутагт, Барон Унгерн Фон Штерн Берг. Гуравдугаар асуултын зөв хариу. Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Түшээ гүн Чагдаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав гэвэл онох байлаа. ”А-Ха”-д оролцсон залуусын хариултыг сонсоход “тэнэгүүдийн цуваа” ч юм шиг. Яг үнэнээр нь хэлэхэд тусгаар тогтнолын баярын “А-Ха”-д оролцсон оюутнууд байтугай сэхээтнүүд, УИХ-ын гишүүд нь хүртэл тусгаар тогтнолын өдрөө  мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй юм байна. Тэгээд баяр наадам тэмдэглэлт өдрүүдийн хуульд эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, хүүхэд, эхчүүдийн баяр,  намуудын төрсөн өдрийг “тэмдэглэдэг мөртлөө “ хамгийн эрхэм Тусгаар тогтнолын баяр болох арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслол хүндэтгэл амралт баярын өдөр болгон оруулдаггүй нь сонин. Тодруулбал, Тусгаар тогтнолынхоо баярыг  хуулиар хорьсон улс орон ганц Монгол боллоо. 2004-2008 оны парламентад Ардчилсан намаас ийм нэг санал орсон. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг ардчилал хүний эрхийн баяр болгоё, арванхоёрдугаар сарын 29-нийг Тусгаар тогтнолын баярын өдөр болгоё гэж  анх удаа асуудал оруулж хэлэлцүүлэв. Тэр өдрийн парламентын нэгдсэн хуралдаан ёстой нэг ”А-Ха” нэвтрүүлэг болсонсон. МАХН-ын эрхэм гишүүд Үндэсний тусгаар тогтнолын өдрийг эсэргүүцэж ихэд уурлав.  Богд хаан гэдэг чинь яр тэмбүүтэй түвд гэж ирээд л нэгэн цагийн эзэн хаанаа муу муухайгаар нь дуудаад “Арванхоёрдугаар сарын 29”-ний өдрийг  тусгаар тогтнолын баярын өдөр гэж зөвшөөрөлгүй   унагаж байв. \ 2004 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр батлагдсан баяр наадмын хуулийг уншигч та харж байна.\ Мөн өдрийн нэгдсэн хуралдааны протоколд хэн юу гэж хэлсэн нь тодорхой бий Г.Д\  Ардчилсан нам жинхэнэ тусгаар тогтнолын өдөртэй болох асуудлыг энэ 100 жилийн ойгоор нь тун  зальтайгаар бөх барилдуулъя гээд дахиад л орууллаа .  “Тусгаар тогтнолын өдөр” бас л унах нь мэдээж. Хэрвээ тусгаар тогтнолынхоо өдрийг зөвшөөрчих юм бол Монгол Улсын түүх үнэн зөвөөр бичигдэж эхэлнэ. Оросуудын зохиож өгсөн түүхийг монголчууд өөрснөө  шинээр үнэнээр нь бичих болно. Хуучин МАХН-ыг шинэчлэгдсэн гэж горьдсон чинь худлаа боллоо. Асуудлыг дахиад унагав. Харин 2004 онд нэмэлт өөрчлөлт орсон энэ хуулиар  олон улсын хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчилсан намын баярын өдөр, МАХН-ын төрсөн өдөр гуравдугаар сарын нэгнийг “Эх орончдийн өдөр” гэж нэрлэн бас л баярын өдөр болгосон хууль гаргаж тэр жилийн парламентын “А-Ха” өндөрлөж билээ.  Парламентын хуралдааныг Монгол Улсын их хурлын дарга Н.Энхбаяр даргалж байв. 2011 оны арванхоёрдугаар сарын 22-ны  хуралдааныг  Д.Дэмбэрэл даргалав. “А-Ха” нэвтрүүлэгт оролцож байгаа түүхээ  мэдэхгүй залуусыг “тэнэгүүдийн цуваа” гэж хараагаад ч яахав дээ. Орос, Монголын коммунистууд манай ард түмний толгой тархийг үзэл суртлаар баглаж ийм л болгочихсон юм чинь. Одоогийн залуучууд байтугай эрхэм гишүүд өөрснөө эх түүхийн хувьд “А-Ха”-д орлцогчдоос даанч ялгарсангүй. Парламентын сэтгүүлчид эрхэм гишүүдээс асуулга, тодруулга авах, саналыг нь сонссон бичлэг хийхийгээ парламентын “А-Ха” хийнэ гэдэг нь ийм учиртай. Эрхэм гишүүдийн өдөр болгон л “А-Ха” хийх ч дүүрчээ. Ард түмэнд үнэн түүхийг нь мэдүүлэхгүй болгоно гэдэг ёстой гэмт хэрэг дээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын өдөртэй болж түүнийгээ  хүндэтгэн тэмдэглэж байх ард түмний чин хүсэл   хууль болж чадсангүй хоёр дахь удаагаа уналаа. МАН-ынхны байж байгааг хараач, уур хүрмээр ч юм шиг, шоолмоор ч юм шиг, бүүр огиудас хутгаад явчихлаа. “ А-Ха, ха , А-ла-ла”.         
    Дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг тусгаар тогтнолын өдөртэй болох хуулийн төслийг дэмжихгүй гэж хурал хаяж байлаа.