Хөгжлийн хүчний төв
Алдартай брэндийг урлах, дэлхийн олон сая хэрэглэгчдийг удирдах, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн хийх, хэрэглэгч төвтэй үйлчилгээг зах зээлд гаргах нь ямар чухал бас ямар бахархам гэдгийг хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сеүл хотноо болсон Самсунгийн корпорацийн Galaxy Unpacked 2023 үйл ажиллагаанд оролцоод яс махаараа мэдэрлээ.
Алдартай брэндийг урлах, дэлхийн олон сая хэрэглэгчдийг удирдах, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн хийх, хэрэглэгч төвтэй үйлчилгээг зах зээлд гаргах нь ямар чухал бас ямар бахархам гэдгийг хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сеүл хотноо болсон Самсунгийн корпорацийн Galaxy Unpacked 2023 үйл ажиллагаанд оролцоод яс махаараа мэдэрлээ. Шинэ бүтээгдэхүүн, түүний концепц, зорилго, технологи болон хэрэглээний ирээдүйн хандлагыг танилцуулж байхад дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олон зуу, мянган хүнээс хэн ч эсэргүүцэж бас огтхон ч эргэлзэхгүй юм. Тэр утгаараа хүчирхэг брэндийн нэг шинж тэмдэг бол шашин мэт хүмүүсийг итгэл үнэмшлийг базаж, шүншигтэй бурхан мэт брэндийг мөнхөд амьд байлгадаг ажээ.
Олон компани шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулахдаа зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ функцийг яриад уйтгартай хэмнэл рүү хүмүүсийг оруулж, хүчээр борлуулалт хийх гээд чичрээд тэнэгтдэг бол том брэндүүд шинэ бүтээгдэхүүн гаргаж буй учир шалтгаан, зүй тогтол, зорилго, мөрөөдөл, нийгмийн үр дүн дээрээ төвлөрч ярих юм аа. Миний хувьд анх удаа ийм арга хэмжээнд уригдаж оролцож үзлээ.
Алдар нэг, амжилт зүгээр нэг ирдэггүй. Иймээс уг арга хэмжээ, шинэ бүтээгдэхүүн, сүпер технологийг нь тоймлохоос өмнө та бид Самсунгийн өөрийнх нь түүхтэй заавал танилцах ёстой.
1936 оны шөнө гэртээ ирсэн Самсунгийг үүсгэн байгуулагч Lee сарны гэрэлд унтаж буй 3 хүүхдээ хараад амьдралдаа ямар ч зорилгогүй явж буйгаа ухаарчээ. Тэр үедээ 26 настай байсан юм уу даа. Японы колончлол дор байсан нийгмээ хараад хувийн санхүү болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэсэн хоёр том зорилго тавиад хувийн бизнес рүү эргэлт буцалтгүй оржээ. Дайны нөхцөл байдал, уур амьсгалаас болоод бараг ямар ч солонгос хүн гадаадууд, япончуудтай хамтран бизнес хийх бодолгүй байв. Мань эр үүнийг сөрөөд цагаан будааны худалдааны хамтарсан бизнес эхлүүлээд хүчээр хаалгаад, Хятад, Солонгосоор аялж судалгаа хийсний эцэст хүнсний ногоо, хатаасан загасны олон улсын худалдааны бизнес эхлүүлжээ. Анхны дэлгүүрээ 19 хүнтэйгээр 1938 онд Дэгүд нээж, ногоо, загасаа хөдөөнөөс цуглуулаад Хятад, Манжуур руу гаргаж эхлэв. Энэ ногооны дэлгүүрээ мань эр Samsung Sanghoe буюу "Гурван одтой дэлгүүр" гэж нэрлэжээ. Sam гэдэг нь гурав гэсэн утгатай хэдий ч давхар том, олон, хүчтэй гэдэг утгыг агуулдаг бөгөөд хүмүүсийн дуртай тооны нэг аж. Харин Sung гэдэг нь од гэсэн үг бөгөөд үргэлж гялалзан гэрэлтэх, үргэлж бусдаас өндөрт байх, мөнхөд орших гэдэг утгыг бэлэгджээ.
Самсунг гэдэг нэр том, хүчтэй, мөнх гэсэн утгыг заадаг аж.
Энэ мөчөөс эхлээд бизнесээрээ дамжуулан улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, өөрсдийн нийгмээ байгуулах, үүний тулд хөдөлмөрлөх, хэрэгтэй бол ямар ч хамаагүй золиос гаргах ёстойгоо ойлгосон бололтой. Улмаар 1947 онд Сеүл рүү төв оффисоо нүүлгэн шилжүүлж, ирээдүйн том бизнесийн сууриа тавьжээ. Үүний дараа Токио руу явж Sony, Honda, Toyota-ийн бүтэц, засаглал, түүхийг ба бэгүй судалж хуулбарлахыг зорьжээ. Самсунгийн бизнес дайны дараах Солонгосын сэргэн мандлыг шууд илтгэхийн сацуу ард иргэдэд итгэл найдварын оч бадраасан кэйст яах аргагүй тооцогдоно. Самсунгийг үүсгэн байгуулагч гэр бүлийн эрхэм зорилгыг үр ач нар нь ингэж тайлбарласан байдаг. Тэр нь:
1. Бизнесээрээ дамжуулан улсаа хөгжүүлэх
2. Хүний нөөц, авъяас чадварыг үргэлж эрхэмлэх
3. Аливаа зүйлийг учир шалтгааныг олох
Дайны дараа хөдөө аж ахуйгаас илүү оюун мэдлэг дээр суурилсан бизнес руу Самсунг орохыг шийдсэн бөгөөд улмаар 1970-аад оны үед эдийн засгийг нь дэмжих зорилгоор Америк багагүй зээл, санхүүжилтийг Солонгост өгсөн байв. Гэтэл ОПЕК бойкот хийж, газрын тосны үнэ өсч эхэлснээс болоод Америк, Солонгос хоёр байгалийн нөөц дээр шууд суурилаагүй өөр шинэ бизнесийн салбарыг хөгжүүлэх ёстой дээр санал нэгдэв. Энэ нь хагас дамжуулагч болж таарав. Улмаар Самсунг Америкийн нэгэн хагас дамжуулагчийн компанийг талыг нь худалдан авч энэ салбар руу эргэлт буцалтгүй орсон өнөөгийн алдарт Самсунг Электроникийн эхлэл байв. Улмаар 1983 оны 2 сард Lee нийт ажилчиддаа дараах захидлыг явуулсан байна.
“Солонгос хүн ам ихтэй, газар нутаг жижигхэн улс. Нийт газар нутгийн талаас илүү нь уул толгод бөгөөд байгалийн баялаг, уул уурхайн нөөц болох газрын тос, уран, эрдэс гэх зүйл бараг үгүй. Гэсэн хэдий ч бидэнд боловсролтой, ажилсаг ард түмэн бий. Иймээс бид толгойгоо ашиглан масс экспорт хийж улсаа хөгжүүлэх ёстой. Гэтэл улс орнууд эдийн засгийн хямралд орж, дотоодын зах зээлээ хамгаалан, худалдааны хориг тавин, манай улсын уламжлалт экспорт явахаа болилоо. Яг энэ цаг үед бид хагас дамжуулагчийн салбар руу орох ёстой. Энэ бол та бид оюун ухааны экспорт хийж, бүтээлч байдлаа дэлхийд таниулах шинэ боломж юм”
гэж хэлээд өнөөдрийн Самсунг Электрониксийг урлажээ.
Улмаар 1983 онд анхны үйлдвэрээ ашиглалтанд оруулж, өдгөө технологийн аварга групп болж чаджээ. Эхэлж байхдаа Японоос туршлага судалж, чадахгүй зүйл дээрээ Японы инженерүүдийг хулгайгаар 5 дахь өдрийн шөнө авч ирээр бүтэн сайн өдөр буцааж явуулдаг байв. Япончуудаас маш их зүйл сурснаа хүлээн зөвшөөрдөг юм билээ. Дээрх үеийг дүгнэн хэлбэл, Самсунгийн эхний 50 жилийн түүх борлуулалт, үйл ажиллагаа, эдийн засгийн удирдлага байсангүй. Харин эх оронч сэтгэлгээ, амьд үлдэх инстикт байжээ. Энэ утгаараа БНСУ-ын түүх, тусгаар тогтнолтой салшгүй холбогдоно. Энэ утгаараа бизнесийн цөм зорилго зөвхөн ашиг, орлогоор хязгаарлагдах ёсгүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Энэ үеэс эхлэн Самсунг дэлхийн компани болох эргэлт буцалтгүй замдаа орсон байна аа.
Түүнээс хойш 40 жилийн дараа буюу 2023 оны 7 сарын 26-нд “Ухаалаг гар утсыг нийгмийн хөгжлийн, хүний бүтээмжийн хүчний төв болгоно” гэж өнөөгийн Самсунг Электрониксийн ерөнхийлөгч Tэ Mүн Ро зарлахад нь яг хажууд нь гэрч болоод зогсох хувь тохиов.
Samsung Galaxy Unpacked арга хэмжээгээ Самсунг голцуу гадаадад, тэр дундаа АНУ хийдэг байсан бол энэ жил Сеүлд хийж байна. Цаад санаа нь Back to Origin буюу голомт дээрээ эргэж төвлөрч буй бололтой. Эвхэгддэг гар утсыг олон жилийн өмнө зах зээлд гаргаж байсан энэ хамт олон энэ удаа эвхэгддэг ухаалаг утсаар зөөврийн болон ердийн компьютерийг орлуулна гэж байна даа. Хэдхэн жилийн дараа компьютер, нөүтбүүк гэж байхгүй болбол гайхах зүйл алга болжээ.
Жинхэнэ манлайлагч, гайхалтай удирдагч хүний бусдаас ялгагддаг нэг зүйл бол алсын хараа нь байдаг. Тэ Мүн Ро ерөнхийлөгч яг жилийн өмнө Самсунгийн Mobile Experience Business буюу гар утасны хэрэглэгчийн бизнес нэгжээ өөрийнхөө шууд удирдлага дор авч, компанийнхаа дизайны төвийг давхар удирдах болсон юм. Гол зорилго нь бүтээгдэхүүний дизайн, инженерчлэл, судалгаа ба хөгжүүлэлтийг процессийг улам сайн холбон уях байв. Энэхүү ажил нь компанийнхаа алсын хараа, үүсэл хөгжил, голомтоо улам сайн ойлгон мэдэрч, бизнесийн өсөлт хөгжил, ирэдүйгээ зураглах зорилгыг агуулж байв. Үр дүнд нь Самсунгийн дизайны стратегийг гаргаж чаджээ.
Энэ стратегийн зорилго нь маш энгийн бөгөөд ойлгомжтой юм. Тэр нь
“Бид технологи юу бүтээж чадах вэ буюу боломжгүйгээс боломжийг эрэлхийлэхээс илүүтэйгээр хүний нийгэм технологиор дамжуулан юуг заавал хийж, ямар асуудлыг шийдэх нь чухал гэдэгт итгэдэг. Хүмүүнлэг зорилго, нинжин сэтгэл, энэрэнгүй чанаргүй технологийн ололт нь ямар ч зорилгогүй төгс төгөлдөртэй агаар нэг”
хэмээн Самсунг өөрсдийн дизайны стратегиа томъёолжээ. Энэ зорилготой нь танилцаж байхад Оппенхаймерийн киноны түүх толгойд зэрэгцэн бодогдож байв. Самсунг түүнийг алдааг давтахыг хүсээгүй буюу технологийн ололт амжилт, хөгжил дэвшлийг гагцхүү хүний сайн сайхны төлөө зориулна гэж зорьж буй нь илт байна.
Энэхүү стратегийн зорилт нь 1996 онд "Хүнээс урам зориг авч, ирээдүйг бүтээнэ" хэмээн томъёолсон Самсунгийн философитой шууд холбогдно. Улмаар Самсунг корпораци бүтээгдэхүүний дизайны философио Мөн чанар, Инноваци, Яруу зохицол гэсэн гурван тодотголоор хэмждэг болжээ. Мөн чанараар дамжуулж яагаад энэ бүтээгдэхүүнийг урлах болсноо баталдаг бол инновацийн хэмжүүрээр дамжуулан анхны зорилгоо умарталгүйгээр асуудлыг шинэлэг, бүтээлч түйвээлт байдлаар шийдэх, харин яруу зохицлоор дамжуулан үндсэн бизнесийн агуулга нийгэм, байгаль орчин, тулхтай хөгжил, ёс зүйн үнэ цэнээр хязгаарлагдах ёстой ажээ. Ингэж байж дэлхийн түвшинд шилдэг брэнд төрдөг юм байна.
Яг дээр дурдсан философи, зорилго, стандарт, стандарт, тодотгол, хэмжүүрийг Самсунг Электроникс өөрийн үйлдвэрлэж буй бүхий л тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, гар утас, програм хангамж, үйлдлийн систем, эдгээрийг холбодог технологи болон хэрэглээний экосистем дээрээ заавал суулгадаг. Үүний сонгодог жишээ нь хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн 5 дахь үеийн нугардаг гар утаснууд, таблет, ухаалаг цаг, үйлдийн систем байлаа. Улмаар нугардаг гар утасны стандартыг бид тогтооно, дэлхийн хөгжлийн л бид л удирдана гэдгээ маш зоригтойгоор мэдэгдэж байна билээ.
Samsung Galaxy Z Flip5 загвар өмнөхөөсөө бараг 4 дахин том болсон шинэ Flex дэлгэцээрээ маш онцлог болж чаджээ. Ингэснээр утсаа маш хялбархан удирдах, бусад төхөөрөмжтэй хоромхон зуур холбогдон хорших ажиллах хурд болон тав тух хамаагүй нэмэгджээ.
Дараагийн онцлох зүйл нь яах аргагүй хиймэл оюун ухаантай хоршин ажиллах дүрсний дохио боловсруулах тусгай алгоритм бүхий зургийн камер нь байв. Өнгө, загварын хувьд бүсгүй хүн бүрийн цүнхэнд явдаг гоо сайхны жижиг цүнхтэй яруу зохицолтой хослох ажээ. Самсунг энэ загвараа хүний бүтээлч байдал болон өөрийгөө илэрхийлэх өв хэмээн томъёолж байна.
Тэгвэл Samsung Galaxy Z Fold5 загвар буюу том дэлгэцтэй утсаа хүний бүтээмжийн оргил бөгөөд хөгжлийн хүчний төв хэмээн зарлав. Таблетаас дутахгүй том дэлгэц, хүчирхэг батарей, хамгийн нимгэн, хамгийн хөнгөн Galaxy Fold 5 загвар нь Z цувралын хамгийн хүчирхэг гүйцэтгэлийг танд төдийгүй архаг тоглоомчдод мэдрүүлнэ гэж онгирч байв.
Хамгийн сүпер нь энэ загвар таны тогтмол ашигладаг програм хооронд асар хурдан шилжих боломжийг олгох ба нэг дэлгэц дээр 4 өөр аппликейшнийг зэрэг ашиглах боломжтой болжээ.
Над шиг олон дэлгэцтэй зэрэг ажилладаг, мульти таск ажил хийдэг хүнд бол үнэхээр мөрөөдлийн функц юм. Дараагийн онцлох зүйл нь дэлгэцийн гэрэлтүүлгийн хэмжээ өмнөх загварас даруй 30%-аар нэмэгдсэн тул ямар ч хурц нартай өдөр ч утсаа чөлөөтэй ашиглах боломжтой.
Шинэ загварын Galaxy Tab S9 нь Qualcomm Snapdragon ® 8 Gen 2-ээр тоноглогдож, динамик сэргээх хурдаа 60-аас 120 Гц-ийн давтамжаар автоматаар тохируулж, батарейны оновчтой үр ашигтай байдлыг тэнцвэржүүлдэг болжээ. Байнга хэрэглэдэг хүмүүсийн хувьд Eye Comfort дэлгэц нь цэнхэр гэрлийг багасгаж, нүдний ядаргааг 70%-аар бууруулахаас гадна гадаад орчныг автоматаар мэдрэх Vision Booster нь нарны туяанд хувирч хамгийн тодоор дэлгэцээ харагдуулна.
Харин Galaxy Watch6 утасны хувьд өрхийн эмчийг орлохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн функцууд нь эрс сайжирч, нойр хянах илүү боловсронгуй системтэй болжээ.
Энэ цаг таныг унтаж байх үед таны арьсны температурын мэдээллийг авч, сарын тэмдгийг мөчлөгийг тооцоолохоос гадна зүрхний цохилт болон хэмнэлийг тодорхой давтамжтай хэмжиж, хэмнэл хэт өндөр эсвэл бага үед анхааруулж мэдэгдэнэ. Усанд сэлэх, дугуй, алхах, фитнес, хүчний дасгал, йога зэрэг 90 гаруй дасгал хөдөлгөөнийг бүртгэх ба энэ бүх хөдөлгөөнийг автоматаар танина. Хэт доргилт, хэвийн бус хөдөлгөөнийг танд анхааруулж, эрүүл мэндийн байгууллагын тусламжийн төвтэй шууд холбож өгөх нь ээ. Мөн бугуйн цагаараа утасны камераа удирддаг болжээ.
Эцэст нь нэг зүйлийг заавал онцлон хэлмээр байна. Энэ бол Самсунгийн эх дэлхийдээ үзүүлж буй эерэг нөлөөлөл, бизнесээрээ дамжуулан бүтээж буй тулхтай хөгжлийн загвар юм. Хэрэглэгч төвтэй бизнесийн схемийн дагуу дахин ашигласан материалыг улам ихээр үйлдвэрлэлдээ ашиглах болов.
Үүний жишээ нь шинэ загварын Galaxy Z Flip5 ба Fold5-ийн үйлдвэрлэл, дизайн, хэрэглээ дээрээ хүрээлэн буй орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэхийг зорьжээ. Улмаар хөнгөн цагаан, шил, хуванцар материалыг хаягдал бүтээгдэхүүнүүдээс дахин ашиглан хэрэглэж шинэ бүтээгдэхүүнүүдээ урлажээ. Жишээлбэл, Galaxy Z Flip5 ба Fold5 шинэ загварууд дээр хэрэглэдэг 15 бичил хэсгүүдийг дахин ашигласан материалаар хийсэн нь өмнөх загваруудаас 6-аар илүү үзүүлэлт болов. Сав, баглаа, бодлоо 100% дахин ашигласан материалаар хийдэг болоод удаж байна. Шинэ утасны дэлгэцийн хамгаалалтыг ч дахин ашигласан цаас болгож солиод эхэлжээ.
Дараа жилийн Samsung Galaxy Unpacked даанч хол байна даа...
DR. ADITYA
зочин
Оноч
Зочин