Төлөв даруу ЛАОС орон
Энэтхэг-Хятадын хойг дээр Вьетнам, Камбож, Лаос гэсэн багц гурван орон хожуухан социалист лагерийн бүрэлдэхүүнд орж ирцгээв. Хаалттай нийгмийн гадаад мэдээ Зүүн өмнөд Азийн талаар дурдах хэрэг гарвал зөвхөн энэ гурван оронг л онцолдог байв. Тийм болохоор монголчууд Лаосыг тухайн үедээ Өмнөд Солонгосоос илүү сайн таньдаг байлаа.

Энэтхэг-Хятадын хойг дээр Вьетнам, Камбож, Лаос гэсэн багц гурван орон хожуухан социалист лагерийн бүрэлдэхүүнд орж ирцгээв. Хаалттай нийгмийн гадаад мэдээ Зүүн өмнөд Азийн талаар дурдах хэрэг гарвал зөвхөн энэ гурван оронг л онцолдог байв. Тийм болохоор монголчууд Лаосыг тухайн үедээ Өмнөд Солонгосоос илүү сайн таньдаг байлаа. Уг нь бол манайд чухал ач холбогдолгүй орон зайд оршдог, байдаг л нэг дэлхийн жижиг улс орнууд. Түрүүлж коммунизмд орсноороо хөөрхөн томорч Вьетнамыг “төлөг”-үүд, Лаосыг нь бүр “хурга” хэмээн гадаад явдаг дарга, “агаар таарсангүй” гээд буцаад ирдэг оюутнууд хэлж ирдэг сэн.
Тэр оронд сая очоод “Октябрын баяр”-ын урьд өдөр ирлээ. Хөвсгөл аймгаас арай томоохон нутагтай ч зургаан сая гаруй хүн амтай, хүмүүс нь бүгдээрээ лао үндэстэн, цөмөөрөө бурхан багшаа шүтдэг, МАХН гэдэг шиг ЛАХН (Лаос ардын хувьсгалт нам) гэдэг удирдан залах нэг намтай, манайхаас санаа авсан юм уу гэмээр улаан хөх улаан гэсэн хослол бүхий төрийн далбааг алх хадуурт час улаан намын тугны хамт намируулсан орон зочид төлөөлөгчдөө угтав. Энд өдийд нар буцаж өдөр богиноссон ч пүн хийсэн халуун. Харин ялаа шумуул татарч хурын улирал алсарчээ. Будаагаа хурааж дуусаад залгаад будаагаа тарьж байна.


-Танайх манай орныг бодвол бараг далайд гарцтай юм бишүү гэж Элчингийн ажилтан Хамсадагаас асуухад
-Меконг мөрний адаг тэнгист цутгахын наахна манай өмнөд хил дээр очингуутаа асар өндөр хүрхрээ үүсгэн доош буух тул усан онгоц явах боломжгүй гэсэн юм. Нийслэлийг нь Туул гол шиг ороон урсах Меконгийн цаад эрэг нь харин Тайланд улс аж. Өөрөөр хэлбэл Лаосын нийслэл улсынхаа төвд биш захад хил дээр оршино. 450 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн Вьентьян хот өнөөгийн Лаос орны зах хязгаарт мэт боловч нийт лао үдэстний төвд оршдог гэж үзэцгээдэг юм байна. Тайландын харьяа голын цаад эрэгт мөн л лао үндэстэн зонхилдог учраас тэгж хэлэх үндэслэл гарчээ. Эндхийнхэн гүүр даван Тайланд руу чөлөөтэй нэвтрэн хамаг эд бараагаа зөөж ирцгээх аж. Харин нөгөө хөрш Вьетнам, Камбожтой тийм ч дотно биш. Хойд хөрш Хятадтай бол саяхнаас л ойлголцож найз нөхөд болцгоож байгаа. Хятад, Вьетнамтай асар өндөр уулын хяраар хиллэн битүү ширэнгэ ойгоор таслагдсан болохоор тэдэнтэй хэл соёл зан заншлаар тэс өмнөө явж иржээ. Тайландтай бол ижил бичиг үсэгтэй, хэл ярианы хувьд хоорондоо манай ар өвөр монголчууд шиг ойлголцдог. Халуун орны өндөр уулнаас бууж ирсэн голууд дээр УЦС олныг барьж хөрш орнууд руугаа цахилгаан экспортолж ашиг олж байгаагаа онцолж байв. Франц тэргүүтэй гадаадын хувийн компаниуд УЦС өөрийнхөө хөрөнгөөр бариад 25 жилд багтаан ашгаа аваад Лаосын Засгийн газарт үнэгүй бэлэглэх гэрээтэй. Манай үндэсний компаниуд ч гэсэн энэ орныг одоохондоо ядуу буурай байгаа дээр нь давхиж очоод томоо байг гэхэд дунд гарын ямар ч үйлдвэр бариад авах бөөн боломж байгаа мэт санагдсан. Тэр хямдын хямд ажиллах хүчнээр нь тоосго өрүүлж, найрамдалт харьцаатай засаг төртэй нь хүссэн гэрээгээ тогтвортой байгуулъя гээд очиход харин ч дуртай байх болов уу. Ямартай ч энд тэндээс орилолдоод зүгээр суулгахгүй нам байтугай ногоонтны хөдөлгөөн ч байхгүй нь сайхан. Вьентьян хот өдгөө хүн ам нь саяд дөхөж байгаа, зах зээл гэдэг юмны амт шимтийг одооноос л харж эхэлсэн газар байна. Саяхан анхны 15 давхар барилга баригдаж, хоёроос дээш давхаргүй энэ хотын чимэг болжээ. Жижиг дунд үйлдвэрийг өрх бүр хөгжүүлж байгаа нь энэ гээд хотын гудамж руу харсан бүх хашаагаа буулгаж юу ч хамаагүй зардаг ТҮЦ-нүүд нээн тэр аяараа бөөн “зах зээл”. Нэг нь хуушуур хайрч байхад нөгөөх нь зэрэгцээд мотоцикль засварын газар нээчихсэн ч байх шиг. Үйлчилгээний байрны цаад мухар нь гэр орон нь бөгөөд дотроо плитка, хөргөгч, зурагт, эвхдэг ортой. Орон дээр гэрийн эзэн сэнс үлээлгэн халуунд нозоорон хэвтэх бөгөөд наагуур нь хүүхдүүд тоглож гүйлдэнэ. Хар зам тавьсан гол гудам руу харсан хэсгийг будаж шунхдан гоёж, рекламны самбар байрлуулан орчин үеийн янзтай болгожээ. Манайхыг бодвол халуун орны ой тасралтгүй ургах тул далдуу маягийн хэдэн сэгсэр мод тарьчихад дорхноо мөнх ногоон цэцэрлэгийг бий болгоно. Ийм моднууд ямар ч муухай хотыг далдалж үзэсгэлэнтэй тохь тухтай харагдуулдаг. Гол гудамжнаас цааш гэр хороолол руу нэвтрэхэд зам маш нарийхан зарим тохиолдолд мотоцикль хоорондоо чүү зөрөх давчуу юм билээ. Тэнд шороо тоос босон айлуудын нохой нь дуу дуугаа авалцан хуцаж боргоно. Өглөө үүрээр Вьентьянд энд тэндгүй тахиа донгодон, гахай хүржигнэх нь тосгонд буй мэт.


Франц, Японы дарлалаас чөлөөлөгдөж, Америкийн дайн дуусч тусгаар тогтносон социалист Лаос улс шинэ тутам байгуулагдаад ч өөд нар харсангүй. Их бага хэмжээгээр барууны ертөнцийг гадарлах болсон лаочууд тийм ч дуулгавартай коммунист бололгүй дотроо олон нам үзэл бодлыг уралдуулж улмаар үндэстэн ястнаараа талцан хэд хуваагдан хоорондоо байлдаад эхэлсэн. Энэ нь хөрш Камбож дахь их хядлаг, хоёр Вьетнамын хуваагдмал байдлын дараахь нэгдэл гэсэн том үйл явдлуудын сүүдэрт дарагдан дэлхий нийтэд төдийлөн анзаарагдаагүй болохоос...


АСЕАН-д Хойд Солонгос, Иран, Ирак, Сири, Афган зэрэг Еврази дахь гол гол “сахилгагүй” орнууд элсэн ороогүй юм байна. Тийм болоод ч тэр үү энх тайван, терроризм, тогтвортой байдал, байгаль орчин зэрэг олон улсын хооронд тулгамдан яригддаг үндсэн сэдвүүд дээр дорхноо ам хэлээ ололцож чадаж байна. Харин Европод нүүрлэсэн эдийн засгийн хямралыг юу гэж томьёолох, энэ нь Азид халдварлахад хэрхэх талаар санаа авахуйц олон илтгэл тавигдлаа гэж үзжээ. Вьентьянаас гаргасан тунхаг нь маш ерөнхий допломат авч дандаа л сайн сайхныг хийж гүйцэтгэхээр санал нэгдсэн байлаа. Тухайлбал орчин цагийн хөгжил технологийн үр дүнг хамтлагаараа хамгийн түрүүн харилцан хүртэж хуваалцаж байх, гишүүн орнууд нэгнийхээ ард түмний улс төрийн тогтолцоог чөлөөтэй сонгосон байдлыг нь үргэлж хүндэтгэн үзэх, улс орнууд өөр өөрсдийн соёл, эдийн засгаа чөлөөтэй сонгож буйд нь аль болох туслах, бүс нутгийн хэмжээнд маргаантай асуудал гарах тохиолдолд зөвхөн яриа хэлэлцээрийн журмаар шийдэж байх буюу дэлхийн аядуу үзэлтнүүдийн хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлцгээв. Цаашид тунгалаг, ардчилсан сайн засгийн газруудыг хөхиүлж тийм засаглалууд хоорондоо харилцан хамааралтай ажиллах, улс бүрт өөр байдаг барааны үнэ өртөг, хөгжлийн ялгааг адилсгах тал руу хүчин чармайх, эрчим хүч, ус, аюулгүй хүнс зэрэг сэтгэл түгшээсэн асуудал дээр хамтдаа байхыг ч сануулаад авав. Ядуурлаас салцгаах 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхой болгоё гэсэн НҮБ, Мянганы хөгжлийн зүгээс гарч буй санаачилгад хувь нэмрээ оруулна хэмээн тунхаглалаа.

Ирэх хавар Улаанбаатарт Ардчилсан орнуудын Гадаад хэргийн сайд нарын хэмжээний томоохон уулзалт дөрөвдүгээр сарын сүүлээр болох товтой юм байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг гэдэг олон улсын байгууллагыг даргалж байгаа. Энэ уулзалтад оролцох хүсэлтэй ч уг нийгэмлэгт элсээгүй орнууд байдаг аж. Тухайлбал нэг намтай Лаос, Хойд Солонгос, хоёр хөрш орон маань төдийгүй Сингапур хүртэл ардчилсан гэдэг талаасаа шаардлага хангаагүй гадна үлдсэн гэхээр манай хувьд чухам ардчиллын өлгий, үлгэр жишээ гэгдэхээр нэр хүндийг олжээ. Энэ талаар Ерөнхийлөгч “Бид ардчиллын талаар хэн нэгэнд зааж зөвлөх биш харилцан туршлагаа хуваалцах зарчмаар...” хэмээн даруухан тайлбарласан юм. Уг уулзалтад зарим нэг орныг оролцуулж өгөх шийдвэрийг манай тал даргалагчийн хувьд гаргах юм байна.
Шашин шүтлэг, түүх соёл, арьс өнгөний хувьд тэс өөр атлаа нэг эх газарт оршин буй хоёр тивийн улс орнууд дотор монголчууд аль алинтай нь тун нийтлэг харагдаж байв. Адаглаад гадна төрх нь гэхэд өндөр ч биш намхан ч биш, цагаан ч биш бор ч биш, өрнө дорно хоёрыг холбосон гүүр үндэстэн нь болж тодорно. Мөн түүнчлэн улс төрийн хувьд хүртэл Хойд Солонгосыг бусадтай зуучлуулах ганц боломж Монголд л бий гэлцэнэ. Одоо дараагийн дээд хэмжээний уулзалт хойтонгийн хойтон Европод Брюссель хотноо болохоор тохиролцлоо. Зочид ирэх сайхан, явах бүр сайхан гэгчээр Лаос эрхмүүд нисэх буудал дээрээ хүндэт харуулаа дагуулан ирцгээж гар барин далласаар үлдэв. Том орны төрийн тэргүүнүүд хоёр гурван онгоц дүүрэн хүнтэй, өөрийн унаагаараа ирээд буцаж байхад бид Тайландын Бангкок орох “микр”-ээр дамжин Сөүл, Хонконгоор өртөөлөн цас мөснийхөө орон руу зүтгэх нь жаахан санаа зовмоор.
Бид нутагтаа очоод Лаос хүүгийн нэр дээр зүсэлсэн хонийг нь өсгөх, Лаочууд оронд нь эндээ манай нэрэмжит цагаан будааны талбай дээр ажиллахаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Бас Их хурлын гишүүдийн суудаг ширээг энд ургадаг хамгийн үнэтэй улаан зандан модоор хийж өгсөн, хариуд нь Ерөнхийлөгчийнх нь шинэ ордонг “Эрдэнэт”-ийн хивсээр гоёж өгсөн тухайгаа дурсацгаав. Социализмын үед нэг суманд нь эмнэлэг барьж өгсний ачийг өнөө хэр нь ярьцгаах юм. Тэнд очих зав гарсангүй. Уг барилгад нь саявтар бас их засвар хийж өгсөн ба манайхаас очсон сайн эмч ажиллаж байгааг уламжлав.
Аа тийм бас манайхаас спортын дасгалжуулагч урьж ажиллуулсан. Тэд харин олигтой ажиллаагүй нь уг үндэстний чадамж, хөгжилтэй ч холбоотой байж магадгүй. Дашрамд сонирхуулахад өнөө хэр нь Лао үндэстнээс спортын төрөлд олимп, дэлхийн медальтан төрснийг сонсоогүй юм байна. Хараад байхад Азийн бусад орнууд шигээ унадаг дугуй ч унахгүй мотоцикль их хэрэглэх юм.
Малчдад хандан ташуур хийдэг нөгөө улаан мод чинь их үнэтэй болсон шүү, байгаль орчны хууль гараад мод огтлуулахгүй байна хэмээн захиж байдаг. Нэг ташуур бараг хорин доллар хүрэх байх шүү гэв үү. Харин авгай хүүхдэдээ цагаан сараар зориулж авдаг хүр хорхойн шүлсээр нэхсэн онцгой чанарын торго бол ёстой ёоз ёозоороо байгаа хэвээрээ гэж хэлүүлэв. Тэгэхээр манай наймаачид энд цөөнгүй ирдэг болтой юм билээ. Төлөв даруухан зантай, үргэлж алгаа хавсран залбирч явдаг хүлцэнгүй ч гэмээр Лао зон эрхэм нөхдөө “Сай байдии” (Сайн байна уу) хэмээн угтаж “Ла гоон” (Баяртай ) гээд үдлээ.
Аагий
orgil
eebii
Эрдэнэ
SUKH
Зочин
зочин
ц
Зочин
BOLD
Sain bichjee
Зочин
e
Зочин
Зочин
e
la luna
la luna
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
kkkk