Манай улсын Драмын театр бас нэгэн өвлийнхөө нээлтийг хийлээ. Театрууд улирлын нээлтээ тэнхээ шалгасан аварга бүтээлүүдээр хийдэг уламжлал цэнхэр гаригт тогтоод хэр удсаныг бүү мэд. Гагцхүү бид энэ жишигтэй хөл нийлсэн нь л чухал юм. Гэхдээ жишгийг авах нэг хэрэг. Жишгийн өмнө орших, эс орших нь л бүр цаад чухал нь билээ. Одоогоос хэдэн өвлийн өмнөх нэгэн нээлт санагдана. Урам хугарч санаагаар унасан болохоор ахин театрын нээлт рүү зүглээгүй.

“Парисийн дарь эхийн сүм”-ийн өмнө монологуудыг нь нийтийн дууны шүлэг тэрлэгчид самарч, хөгжмийг нь поп урсгалын жараахайнууд баллаж, тоглолтыг нь одон тэмдэгтэй архаг жүжигчид оромдож, харин давгүй менежмент, дажгүй шийдэл хоёроор найруулагч нь чардайн чирч арай ядан хаалгаа нээж байж билээ. Гэвч энэ өнгөрсөн явдал. Одоо харин яах бол... Иймэрхүү бодол тээсээр театрыг зорьж явлаа.

Энэ удаа манайхан Алдарт В.Шекспирийн “Гамлет”-аар цас бударсан анхилуун сайхан үдэш өвөл цагийн үүд хаалгаа нээлээ. Сэтгэл хөхиүн болгодог, жингэнэсэн гэрэлт хонх чихэн дээр цахилдаг, санаа сэтгэлээс урьдийн, бүр өчигдрийн хөндүүрийг хүртэл ул мөргүй хийсгэдэг тийм нэг ариухан цагаан цас хаялдаг даа. Алхаад баймаар, амандаа дуу аялмаар  яг тийм шидэт цас хаялсан орой. Энэ хотын бүх хүн аз жаргалтай болчихсон юм шиг, бурханд захиалаад аваад ирсэн юм шиг тийм үдэш байлаа. Надад л лав байгалийн өгсөн тэр үдшийн өгөгдлүүд ийм л мэдрэмж өгсөн. Харин театр юу өгөх бол?

В.Шекспирийн жүжгүүд дэлхийн театруудын нэр хүндийг тодорхойлсоор бидний цоо шинэ зуунд ч асуултын тэмдэг болон даналзаж байна. Монголын театр Ази тивдээ В.Шекспирийн хамгийн олон жүжгийг тавьсан театрын нэг байх. Зургаагийн зургааг тавьсан гээд бод л доо. Үнэхээр бахархах зүйл мөн шүү.  Тэр дундаа “Гамлет” бол “Гамлет”. Хэн дуртай нь барьж авдаг эд ч биш. “Гамлет”-ийг тавьснаараа театр өөрөө театр гэх нэр хүндийг олж авдаг болохоор. Манай ахмадууд үнэхээр агуу улсууд ажээ. Тэдний эр зоригоор өнгөрсөн зуунд бид “Гамлет”-тай, бас театртай болсон. “Гамлет”-аар манай театр Эрдмийн театр гэх эрхэм цолыг олж авсан.  Нэгэнт ингэж далайд гарсан болохоор шинэ зууны зүг хүчээ аван сэлүүрдсэн хэрэг. Бахархаж болноо, тэднийг. Тэр үеийг. Ямар нэгэн алтан мөнгөн нэр сүргүйгээр зүгээр л тэр цаг үеийг хайрлахгүй байх аргагүй юм. Чухамхүү тэдний хүчээр бид хоёр дахь “Гамлет”-ийг тавьж байна. Энэ бол шинэ зууны “Гамлет”. Тэгэхээр манай даруухан театр жам ёсны дагуух дуулианаар энэ өдрүүдэд бүчүүлж байгааг гайхах шаардлагагүй. Учир нь “Гамлет” тавигдсан газар болгон шуугиан босч байдаг. Харин бидний шуугиан хаа хүртэл сонсогдож чадах бол гэсэн бухимдуу асуулт орж ирнэ. Тэгснээ зөвхөн манай хотоор, зөвхөн манай улсаар л хязгаарлагдах байх даа гэсэн гуранги хариу гарч ирнэ. За, ингээд театр луугаа орох уу?

Ерөнхийлөгчийн оронд залуу эзэнтэн, гишүүдийн оронд туслахууд морилсон “Гамлет”-ийн нээлт

Манай хотын хоёр том театраар үндсэндээ нэг хэсэг хүмүүс л эргэлддэг. Урлагийнхан, бизнесийн цөөн эрхмүүд, мэргэжлийн сургуулийн оюутнууд, урлаг соёлын алдартнууд, элчин сайдууд, улс төрийн ноёдууд гээд. Энэ удаа ч тэдний зах зухтай л хүрээлэл цугласан байв. Театрын гадаа машинтай очих бололцоог хаасныг үзэхүйд саарал ордны өндөрлөг гурвын хэн нэг морилох гэж байгаа нь илт. Цагдаагийнхан холхиж, чихэндээ аппараттай хамгаалалтын сүрлэг эрс хэд гурваараа алхалж, цасан дээр дэвссэн улаан хивсэн дээгүүр ахмад жүжигчид сугадалцан хөвөрч, гэрэл зурагчид багширсан байдаг л нэг нээлт. Үзэгчдийн суудал дүүрч, хөшиг нээгдэх агшин тулж ирлээ. Тайзан дээр театрын удирдлагууд, ерөнхий найруулагчийн хамт гарч ирэв. Тоглолтын дараа биш өмнө яагаад ийм бөөнөөрөө гарч ирж байгаа юм бол гэсэн бяцхан  гайхшрал төрнө. Гэвч хэдэн хормын дараа гайхшрал маань юу нь мэдэгдэхгүй юмаар солигдож орхив. Театрын дарга үгэн дундаа С.Баяцогтын буянаар энэ жүжиг амилж буйг зүгээр ч нэг энгийн байдлаар биш бөөн бөөн мөнгөний тоотой хамт тунхаглалаа. Түрүүчийн Засгийн газрын үед сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт театрт гар сунгаж ийнхүү байж боломгүй хэмжээний баяр талархлын үгс унагахад хүргэсэн бололтой. Шинэ “Гамлет”150 сая төгрөгөөр боссоныг удирдлагууд онцолж байв.

Манайхан хаа сайгүй мөнгөн дор бөхөлзөж, өнгөн дор тонголзож байдаг болсны хамгийн тод илрэл энэ болов. Ядаж театр нээлтэн дээрээ мөнгө ярьдаггүй байж болдоггүй юм байх даа.

Манай театр бүх цаг үед ядуу тарчиг байгаагаа гайхуулж ирлээ. Урлаг руу Төр мөнгө шиддэггүй болохоор тэд мөнгөнд ийнхүү бүх идеал-аа тавьж өгдөг болон хувирчээ. Улсын төсвөөс ирж байгаа мөнгийг улстөрчид өгч байгаа мэтээр хүлээж авдаг гажиг ч театр хэмээх өндөр сүмийг эзэлсэн байна. Юутай гашуун. Төсвийн мөнгийг хувиарласныхаа төлөө сонгогчдоос оноо түүдэг улстөрчдийн согог урлагийн байгууллага дээр хүртэл үсэрхийлсэн нь бухимдлыг минь ийнхүү төрүүлэв. Яагаад театр ийм долдой болчихов. Яагаад театр ихэмсэг тэргүүнээ мөнгө, эрх мэдэлтнүүд мэтийн зүйлс рүү хандуулдаг болчихов. Мөнгө дагаж намирсан үгс, нэг тайзан дээр зогсож байгаад нөгөөгөө бяцхан алдахад тэрэн дээр нь хальт гишгих гэсэн сонин тулаан...ер бусын энэ үдшийг ёстой хачин эхлүүлсэн. Театр ариун нэртэй ч ад мөрийн өрсөлдөөн сөргөлдөөнөөр ууршиж байдаг газар. Амьдрал тэмцэл тэнд тэгтлээ их үзэн ядахын аргагүй өөрийн хуулиар өрнөж байдаг болохоор энэ зэргийг үзэгчид бол нэг их мэдэрдэггүй, мэдэрсэн ч сонирхдоггүй байх.

“Гамлет”-ийг үзэхээр УИХ-ын дарга З.Энхболд гэргийн хамт хүрэлцэн ирсэн бол Монгол улсын тэргүүн хатагтай Болормаа хүүгийнхээ хамт, Ерөнхий сайдын гэргий Сэлэнгэ ганцаараа ирэв. Театрын удирдлага Спикерээс гадна УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэнд талархлаа дэвшүүлсэн нь ахиад л гайхаш төрүүлэв. Учир нь Ерөнхийлөгчийн оронд түүний хүү залуу эзэнтэн хоймор морилж, Ерөнхий сайд биш оронд нь гэргий нь хамгаалалт сэлттэй заларч, УИХ-ын гишүүд өөрсдөө биш туслахуудаа илгээсэн юм. Ингэж манай улс төрийнхөн театрыг “Гамлет”-тай нь хамт дорд үзэн, “Гамлет”-ын гайхамшигт асуултад бидний улс орон ямархуу мораль-д идэгдэн сөнөж буйг илтгэсэн өрөвдөлт “хариулт”-ыг өгч байхад театрын дарга хөшигнийхөө өмнө зогсоод тэдэнд харамслаа илэрхийлж чадахгүй байгаа нь манай театрын ядуугаас болж байна гэж би хувьдаа харсан.

Гишүүний туслах жүжиг үзэх эрхгүй биш эрхтэй. Шүүмжилж буйн учир нь гишүүд өөрсдөө биш туслахуудаа явуулсанд байгаа юм. Б.Наранхүүгийн туслах “Б.Наранхүү” театрын үнэтэйд тооцогддог суудалд тухалж, Женко Баттулгын туслах бүсгүй үзэгчдээс уучлал зөвшөөрөл аль алиныг нь авалгүй шилбүүрдэн хөл дээр нь гишгэлэн зүтгэлж Эрдмийн театрын эрхэмсэг оршихуйг нулимж байх ичгүүртэй байсан. Театр гишүүдэд ингэж доромжлогддог газар болж хувирсан нь дэндүү өрөвдөлтэй санагдана.  Үйлээ үзэн хөлс хүчээ урсган байж босгож байгаа жүжгийнхээ нээлтэд ядаж өөрсдийгөө хүндэтгэдэг эрхмүүдийг урьж байгаасай. Менежерүүд нь холбогдож, ирэх эсэхийг нь нягталж, бүх зүйлийг театрын ариун ёс зүйд нийцүүлж хийж сурах цаг болжээ. Тэгэхгүй бол театр мөнгө, өнгө, эрх мэдлийн уланд зүгээр л нэр төрөө тавь өгдөг буурчийн газар шиг болж хувирна шүү дээ.  
 
Хачин аа, сонгодог жүжгийн нээлтийн хөшигний өмнө ийм чанга хашгирдаг театр үзсэнгүй 

Товчхондоо В.Шекспирийн өмнө манай театр чангаар хашгирав. Жүжгийн нээлтийн хөшигний өмнө театр ингэж бөөнөөрөө хашгирч байхыг би хувьдаа ихэд гайхав. Театр жүжиг эхлэхийн өмнө чимээгүй, гүн эрхэмсэг, дуугаа хураан ихэмсэглэж, үзэгчдийг өөрийн эрхгүй зүрхээ даран анирдуулахад хүргэж байдаг бус уу. Харин хөшиг нээхийн өмнөх энэ агшинд ерөнхий найруулагч үг хэлсэнгүй.

Ийнхүү хэдэн сарын турш нүдсэн сурталчилгаа, хашгираан, хэм хэмжээгээ алдсан хөөр хөөсөн дунд манай шинэ зууны “Гамлет” хөшгөө нээлээ.

Хамгийн эхлээд Гамлет, Офелия хоёрыг хэр зэрэг дүйсэн хослол болохыг дэлхийн үзэгчид хардаг байж магадгүй. Учир нь сонгодог урлагийн алдартай хосууд болохоор тэр. Өнгөрсөн зуунд манайх ямар гоё Гамлет Офелия хоёрыг хүлээж авсан билээ. Өнөөдрийн хосыг тэгэхээр Жамсранжав, Сувд хоёртой жиших нь зүйн хэрэг. Манай нялххан Офелия хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүрхий пиардсан шигээ тийм ч сэтгэл дүүрэн Офелияг бидэнд үлдээж чадсангүй. Намхан нуруу, тайзнаас царай зүснийх нь элэементүүд тэгтэл тод ялгарч харагдаж өгөхгүй нийтлэг монгол төрх сэлтийг шүүмжлэх нь илүүц юм. Учир нь энэ чинь ази Офелия шүү дээ. Харин хэлээ хазалсан хэт нялх дуу хоолой, үсний засалт, галзуурахаас өмнөх үеийн тоглолтууд  зэрэг нь нь зарим үед Жулетта ч юм шиг эсвэл зүгээр л нэг Офелия болох гэж оромдсон санагдаж гонсойлгосныг үзэгчдийн зарим нуухгүй байв.
  
Үнэндээ Офелияг сэтгэлд сийлж өгсөнгүй. Ийм л нэгэн үлдэцгүй тоглолтыг залуу жүжигчин А.Ганчимэг хийлээ.  И.Одончимэг хэдэн жил зүтгэж байж Жулеттагийн дүрд хүрч байсныг мэдэхгүй юм. Харин Жулеттад хэн ч өнөөдрийг болтол түүний сийлсэн амжилтыг эвдэж чадаагүйг нь мэдэх юм. Манай залуучууд дэндүү хурдалдаг болжээ. Бүх юм ийм амархан байж болдоггүй юм гэдгийг яагаад хэн ч хэлж өгдөггүй юм бол. Жүжигчин Г.Нармандах олны хэсэгт гарч ирж байна. Түүнийг хараад өөрийгөө яаж хадгалж буйг нь, хорьдугаар зуны домогт Гамлеттай ханилан жаргаж явсан дурсгалдаа хичнээн хүндэтгэлтэй хандаж байгаа нь ердөө гарч ирээд орохын зуурын олны хэсэг дотроос ялгаран харагдаж байв.  Яагаад ч юм миний дотор тэр арай  Гертруд байсан юм биш биз дээ гэсэн бодол байн байн орж ирж байв. Гертрудад эмэгтэй хүнийхээ хувьд зүрх сэтгэл нь зовлон жаргалд хуу дэвтсэн, бүх талаар болж гүйцсэн хүн л тохироно. Гэхдээ МУГЖ  Уранчимэг өнөө үеийн драммын театрын нүүрийг тахалж яваа жүжигчний нэг гэдгээ Гертрудаар баталж чадсан. Түүний хувьд хангалттай. Тэр тайзан дээр ямагт үүргээ гүйцэтгэдэг хатуу чанд зарчимтай. Зарим нь үүргээсээ салж давхин самуурч, зарим нь үүрэгтээ сөхөрч, зарим нь зүгээр л чадал дутан унадаг бол тэр хөлс хүч гарган гүйцэтгэдэгээрээ ялгаатай жүжигчин. Тэр зарчим нь зарим үед хэт их шунал тачаал, хэт их яаралт болж харагддаг ч энэ цагийн нэр нүүр гэж түүнийг хэлэхэд таатай байна. 

Залуу Гамлет тань руу зүрхээ шидье

Жүжигчин С.Болд-Эрдэнэ. Түүнийг Гамлет гэдэгтэй тэртээ тэргүй театр сонирхогчид бүр анхнаасаа маргаагүй. Маргах үндэслэл ч байхгүй. Өнөө цагийн драмын театрыг жүжигчин С.Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Эрдэнэбилэг наргүйгээр төсөөлшгүй болжээ. Цаг хугацаа уухилан хурдалсаар Д.Цэрэндагвыг, Хасар Жагааг аясхан түлхэж байна. Тэрэг шиг залуус, зураг шиг охид зөвхөн залуу насаараа театрыг авч явна гэдэг мэдээж худлаа. Гэхдээ тэрэг шиг залуусаас, зураг шиг охидоос тоотой хэд нь торойгоод гарч ирдэг нь урлагийн хууль. Торойтол гарч ирсэн хэдээс С.Болд-Эрдэнэ сугаран дүүлж чадлаа. Тэр бидэнд гайхалтай ариун сэтгэлт өшөө авагчийн дүрээр нэвтрэв, тэр бидэн рүү зүрх сэтгэл нь шархалсан гунигт хүүгийн дүрээр нэвчив, тэр бидэнд санаа сэтгэлийн тэнхэлгээ үүрд алдчихсан мэт чиг шугамаа алдсан гаслант эрийн дүрээр хоношив, тэр бас эргүүлэгнээс эрсхэн шийдээд гарч чаддаг, залуухан, эрэмгий, ухаан төгс хан хүүг төрүүлэв. Энэ үдшийн бүхий л түгшүүр, бусдын өмнөөс энэлэн харамссан сэтгэл, ялимгүй эргэлзээ, теартыг өмгөөлсөн уур хилэн бүх зүйлийг залуу Гамлет алга болгож хаяв. Ай, гараа хүргэж үзмээр Гамлет...нүд рүү нь эгцлэн ширтээд ухаан алдаж унамаар Гамлет байлаа....тэр.

Найруулагч Наранбаатарын “Гамлет” ритмтэй, асар хурдтай, өрнүүн, хэл утга нь ойлгомжтойгоороо цоо шинэ “Гамлет” болж чадсан байх. Тэр гол дүрийн жүжигчнээ ямар ч төөрөгдөлгүй олж чадсанаараа амжилт олов. Найруулагч хүн гол дүр дээрээ л зүрхээ салаалуулчихвал тэр төсөл бүхэлдээ нурдаг. Харин Наранбаатар цэх хатуу сонголт хийж чадсанаараа нэр төрөө авч гарлаа.   
 
Клавдийг унагасан Д.Цэрэндагвад чөлөөлөлт хэрэгтэй болжээ

Ардын жүжигчин Д.Цэрэндагва. Хаан ахынхаа амийг хөнөөж, хатныг нь булаан эзэн суудаг самуун ван Клавдийн дүрийг энэ удаа авчээ. Аваад “алжээ”. Ардын жүжигчний маркийг дэндүү арай дэндүү унагажээ гэж түүнд хэлье. Хөдөлгөөний хурдаар залууст шахагдахгүй гэж үзсэн жүжигчин хүний цуцашгүй эрч хүч түүнээс ханхлавч Клавдийгийн дотоод “юм”-ыг гаргаж чадсангүй. Тоглолт нь тэр чигээрээ худлаа. Үг хэл нь ч амнаас нь хүчтэй сугаран гарч чадахгүй, ямар нэгэн хуучин тоглож байсан монгол хаадынхаа нэг шиг л хий сүржин дүр үзүүлэхээс хэтэрч чадахгүй тоглолтоо унагаж байлаа. Магадгүй түүнд дандаа магтаал очдог байх. Магтаал бол ямар ч буурьтай насыг, ямар ч авъяасыг, ямар ч хичээл зүтгэлийг нурааж орхих ид шидтэй зүйл ажээ. Театр алдарт даруулсан архаг жүжигчдийнхээ эрхшээлээс гарах цаг болсныг Ардын жүжигчин Д.Цэрэндагвын унасан Клавдий харууллаа. МУГЖ Б.Жаргалсайхан Полоний сайдын дүрд боломжийн ажиллажээ. Гэхдээ Хасар нь арай биш ч “Хар санаа сайр сэтгэл” –ийг үзэж байгаа юм шиг  танил юм Полонийгоос ханхлуулаад ч байх шиг дүүрэн биш дүгнэлт орж ирээд байснаа нууж чадамгүй нь. Манай театр дэндүү цөөхөн жүжигчидтэй юм болов уу, дэндүү их жүжигчдийнхээ эрхшээлд баригдчихсан юм болов уу. Нэг дүрд гарч ирэхдээ нөгөө дүрийнхээ үнэр танартай хамт л шуугиж явцгаах юм...хэцүү ч юм даа. Ийнхүү миний нийтлэл өндөрлөж байна.  

Браво...эрхэм С.Сансаргэрэлтэх...Браво ноён Х.Мэргэн хэмээн эцэст нь чин сэтгэлээсээ чангаар хашгиръя. Бас “Гамлет”-ийг тавьсны тань төлөө эрхэм ерөнхий найруулагч танд баяр хүргэе. Таны зориг, таны улс төржилт, таны эрх мэдэл биднийг шинэ зууны Гамлеттай болголоо. Хамгийн чухал нь энэ шүү дээ.