Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Нийслэлийн хувьд 2014 он үр бүтээлээр дүүрэн байсан байх. Харин энэ жилийг яаж төлөвлөж байна гэдгээс яриагаа эхлэх үү?
-Энэ асуултад хариулахад бэрхшээлтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Нэг үгээр хэлж болохгүй, бүгдийг нь ярина гэвэл ярилцлаганд багтахгүй, ном гаргах хэмжээнд хүрнэ. Гэхдээ хариулах гээд үзье. Ямар ч байсан 2014 онд бид замаа сайжруулах, гудамжаа тохижуулах гэх мэтээр хотынхоо хөгжлийн өнгө төрхийг нэмлээ. Сонсголонгийн гүүр дагуух замыг эс тооцвол Улаанбаатар хотын баруун бүс нутгийн замын сүлжээг үндсэндээ засч дуусгалаа. Харин энэ онд хотын зүүн бүсийн зам харгуйг сайжруулъя. Тэр дундаа зуслангийн чиглэлийн замыг цэгцлэх нь бидний зорилго болчихоод байна. 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй явууллаа. Нийтдээ 34 нэгж талбарт гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлчихсэн байгаа. Үр дүн нь түрүүчээсээ гарч байна. Иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сольж, эхнээсээ байрандаа орохоор зэхэж байна. Миний амаа хаттал ярьсан зүйл өнөөдөр нийтийн үйл хэрэг болж чадаж байгааг харж байна уу.
-Тийм байна...
-Анх намайг энэ тухай ярьж байхад инженерийн мэдлэггүй нөхөр юу хийж чадах юм гээд эсэргүүцэж байлаа. Тэр үетэй харьцуулбал одоо шал өөр болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зайлшгүй хийх ёстой зүйл гэдгээр хүлээгээд авчихсан байна. Гэхдээ бид 2013, 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ хөрөнгө, мөнгөтэй компаниуд иргэдтэй тохиролцож, газрыг нь байраар солих хэлбэрийг сонгосон. Яг ийм байдлаар түрүүнд миний хэлсэн 34 байршилд ажил эхэлснийг та нар мэдэж байгаа. Тэгвэл одоо энэ аргыг зогсооно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэ хэлбэр дээрх 34 байршлаар дуусгавар болж байна.
-Тэгээд ямар хэлбэр рүү шилжүүлж байгаа юм бэ?
-Иргэд өөрсдөө хашааны газраа барьцаалж, зээл аваад хотхон барьдаг хэлбэр рүү шилжинэ. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр дахь үе шат гэсэн үг.
-Яана гэсэн үг вэ дэлгэрүүлээч...
-Арван айл нийлээд хашааныхаа газрыг барьцаалж зээл авна. Тэр мөнгөөрөө газар дээрээ 30 айлын таун хаус бариуллаа гэж бодъё. Мэдээж өөрсдөө тэр хаусдаа амьдарна. Цаана нь үлдсэн 20 байрыг бусдад худалдана. Ингээд банкнаас авсан зээлээ төлчихнө. Цаана нь илүү ашиг ч унагаж болно.
-Худалдан авагч нь тийм амар олдох болов уу?
-Иргэдийн борлуулж байгаа орон сууцнаас худалдаж авах хүсэлтэй иргэдэд бас орон сууцны моргейжийн зээл олгоё гэж байна. Тэгэхээр хүн бүрт боломж нээлттэй.
-Сайхан сонсогдож байна. Гэхдээ хэзээнээс биеллээ олох вэ?
-Цаг дулаараад эхлэхээр ажил эхэлнэ. Бид сая банкны холбоодтой ойлголцоод гэрээ байгуулчихлаа. Монголбанктай тохирчихсон. Одоо зураг, техникийн даалгавраа боловсруулж байна. Дулааны шугамыг яаж шийдэх үү гэх мэтийн асуудлуудыг нь боловсруулж байна гэсэн үг.
-Нээрээ дулааны шугам татна гэдэг нь амаргүй ажил болох байх шүү...
-Байгалийн хий шахдаг шугам татна.
-Төвлөрсөн дулааны шугам биш гэж үү. Хий шахдаг шугам татвал хямд төсөр тусч байна уу?
-Мэдээж.
-Зээлийн нөхцөл нь ямар байх юм бэ?
-Хэрвээ иргэд зээлээ төлөхгүй байх тохиолдолд газрыг нь дуудлага худалдаанд оруулж, банкны зээлийг нь барагдуулах эрхийг хотын Засаг даргад өгөх ёстой. Энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл иргэдэд газрыг нь барьцаалж зээл олгох боломжтой. Банк санхүүгийн байгууллагууд ийм л нөхцөл тавиад байгаа юм. Хотын дарга иргэдийн барьцааны хөрөнгийг баталгаажуулахгүй гэвэл иргэдэд зээл олгоход хүндрэлтэй гээд байгаа юм. Зээлийн нэг нөхцөл нь энэ. Хоёрдугаарт иргэдийн барих байшин хотын ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтөд нийцсэн байх шаардлагатай. Гуравдугаарт бидний тавих технекийн даалгаврыг хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байшингаа хийгээр халаана, байгальд ээлтэй эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглана гэх мэтээр. Ийм л маягаар боловсруулж байна даа. Иргэдээ өөрийнхөө газар дээр байшин бариад өөрсдөө амьдар, бас бизнес хийгээч гэж байна.
-Хамгийн гол нь газартай л байхад зээл авчихна гэж үү?
-Тийм шүү дээ. Дээрээс нь сая миний хэлсэн шаардлагуудыг хангах ёстой. Энэ бол хямралын эсрэг авч байгаа арга хэмжээ. Гэр хороолол таун хаусаар солигдоод эхэлнэ. Тэгэхээр ажлын байр бий болно. Гэрээ хаусаар сольж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь нэмэгдэнэ. Ингээд зах зээлд эрэлт үүснэ. Энэ нь эдийн засгийн эрэлтийг дэмжиж байгаа хэрэг биш гэж үү. Дээрээс нь “Та нар газар дээрээ хаус барьж байгаа бол хажууд нь ажлын байр бий болго. Худалдааны төв, мужааны цех байгуулахад чинь зээл олгож дэмжье. Жижиг, дунд бизнес эрхлэхэд чинь тусалъя” гэдэг нөхцөл тавина.
-Тэгэхээр одоо ажил нь эхэлсэн 34 байршилд баригдаж байгаа орон сууцнууд хэзээ бүгд ашиглалтад орох вэ?
-Мэдээж гүйцэтгэгч компанийн хурдаас шалтгаална шүү дээ. 2020 онд дуусна гэсэн ерөнхий төлөвлөгөө бий.
-Одоо цахимаар газар эзэмшүүлэх хоёрдугаар ээлжийн ажил эхэлчихсэн явж байна уу?
-Тийм. Манайд газар өмчлөх хүний тоо нэг сая 100 мянга байдаг. Цахимаар газар өмчлүүлэх эхний ээлжийн бүртгэл явагдахад 281 мянга нь бүртгүүлсэн байдаг. Саяулаа бүртгүүлэх юм байх гэтэл 281 мянган хүн хүсэлт гаргангуут гайхсан л даа. Үнэндээ хүмүүс бидний гаргасан 52 байршлын газраас өмчлөх нь ямар ашигтай вэ гэдгийг сайн ойлгохгүй байгаа юм шиг байна. Гэтэл тэр газруудын дэд бүтцийн асуудлыг хотоос шийднэ, маш гоё бичил хот болгохоор төлөвлөчихсөн байгаа. Хамаг зураг төслийг нь бэлтгэчихсэн шүү дээ. Ирэх пүрэв гаригт шугам татах асуудлыг шийдэх гэж байна. Хувийн хэвшлийнхэнтэй хамтраад зам, дэд бүтцийг шийднэ. Ийм үнэ цэнэтэй газраас аваагүйдээ харамсч, дараа нь амаа барих вий дээ. Өнгөрсөн удаад цахимаар бүртгүүлээд газраа сугалчихсан хэрнээ аваагүй тохиолдлууд гарсан шүү.
-Тэр газруудыг яасан билээ?
-Сая эхэлсэн хоёрдугаар ээлжийн байршлуудад нөхөөд оруулчихсан.
-Дуудлага худалдаагаар зарах газрууд юу болсон бэ?
-Эдийн засгийн нөхцөл байдлаа хараад, хүлээх хандлагатай байна. Эдийн засаг тийм ч сайнгүй байгаа үед дуудлага худалдаанд оруулчихбал хайран газруудаа үнэд хүргэлгүй алдчих магадлалтай гэж болгоомжлоод байна. Хавар дулаараад ирэхээр хотын ажил идэвхжээд ирнэ дээ.
-Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгохыг иргэд нь дэмжчихлээ. Гэхдээ үүнийг тойрсон элдэв яриа тасрахгүй юм. Цэц дээр няцаагдана гэх мэтээс эхлээд...
-Одоо Багануур, Налайх дүүргийн Иргэдийн хурал нь санал асуулгын дүнг хэлэлцээд НИТХ-д уламжилна. Үүнийг нь бид Засгийн газарт өгч, улмаар УИХ-аар ярих ёстой. Ийм л ажил үлдсэн. Хамгийн гол асуудлаа шийдчихсэн. Тэр нь юу гэхээр иргэд нь маш өндөр хувийн саналаар Багануур, Налайх дүүргийг хот болгохыг дэмжлээ. Үнэнийг хэлэхэд манай түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал шүү. Харамсалтай нь хүмүүс анзаарахгүй байх шиг байна.
-Шууд ардчилал гэдэг чинь энэ биз дээ...
-Тийм шүү. Санал асуулга яагаад чухал байсан гэхээр ийм учиртай юм аа. Өмнө нь Налайхыг хот болгож нэг үзээд, дүүрэг болгож нэг үзээд таван удаа өөрчилсөн байдаг. Налайх дүүргийн статусыг дураараа шийддэг тогтолцоо бий болчихсон байсан гэхэд болно. Харин одоо иргэд нь өөрсдөө дүүргээ хот болгоё гээд шийдчихлээ. Тиймээс хэн нэгэн дарга тэдний шийдвэрийг дур мэдэн өөрчлөх эрхгүй болчихлоо.
-Дахиад иргэдээс нь асуудаггүй юм бол тийм эрх байхгүй гэж үү?
-Яг үнэн. Хэн дуртай нь шийдвэр гаргаж, өөрчилж байдаг том толгойтон байх эрх үүгээр дуусгавар болж байна. Нэгэнт иргэд нь шийдсэн учраас Багануур, Налайхыг хот болгох асуудлыг бүх шатанд дэмжээд явах ёстой. Хэнд ч үүнийг няцаах эрх байхгүй шүү дээ.
-Багануур, Налайх дүүргийг яг ямар хот болгохоор төсөөлж байгаа юм бэ?
-Маш хурдацтай хөгжинө гэдгийг үзмэрч шиг л хэлчихье. Үнэндээ энэ хоёр дүүрэг өөрийгөө хөгжүүлэх эрх мэдлээ олж чадаагүйгээс биш хөгжлийн нөөц бололцоо байсан юм. Харин одоо өөрийгөө хөгжүүлэх эрх хэмжээгээ авах нь. Одоо яана гээч. Засгийн газар, Улаанбаатар хот, бизнесийнхэн гээд хэн ч бай Налайх, Багануурт ямар нэгэн обьект барина, эдэлбэр газрыг нь ашиглана гэвэл тэднээс зөвшөөрөл авдаг болно. Энэ мэтээр Налайх, Багануур орлого ихтэй хот болох юм.
-Баянхошуу, Чингэлтэйг том төв болгон хөгжүүлэх тухай төлөвлөгөө юу болсон бэ?
-Налайх, Багануур дүүргийг хот болгох ажил амжилттай болбол дараагийн ээлжинд Биокомбинат, шувуун фабрик, Баянхошууг хөгжүүлэх ажил ар араасаа явна. Хот байхын давуу талыг биокомбинат, шувуун фабрикийнхан ойлгоод удахгүй өөрсдөө санал гаргана даа, харж байгаарай.
-Налайх, Багануур дүүрэг тусдаа хотын захирагчтай байх юм уу?
-Мэдээж. Иргэд нь хотын захирагчаа өөрсдөө сонгоно. Ямар ч нам оролцохгүй. Намгүй сонгууль болно гэсэн үг. Хотын дарга бол намын албан тушаалтан биш. СӨХ-ны даргыг айлууд нь биш нам сонгодог болбол аюул болно биз дээ. Үүнтэй л адил. Яагаад гэвэл хотын дарга гэдэг чинь зүйрлүүлбэл СӨХ-ны даргатай л адил.
-Нийслэлийн орон сууц корпорацийн ажилд ахиц байгаа юу?
-Хөтөлбөрөө баталчихсан шүү дээ. Ер нь нийслэл хотын иргэдийг орон сууцжуулах хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг бид хэрэгжүүлж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх хэлбэрээр, хуучин барилгыг шинэчлэх байдлаар, шинэ суурьшлын бүсэд орон сууц барих хэлбэрээр ажиллаж байна. Олон төрлийн энэ үйл ажиллагааг нэгтгэхийн тулд нийслэлийн орон сууцны зөвлөлийг байгуулж байгаа. Иргэд өөрийнхөө цалингаар хуримтлал үүсгэж орон сууцтай болох боломжийг нээхээр шат дараалласан ажлуудыг хийж байна.
-Энэ бүхэн хэзээ биеллээ олж, хэрэгжих юм бэ гэдгийг л хүмүүс сонирхоод байдаг...
-Ер нь бид хурдтай ажиллаад байгаа гэж бодож байна. Дээр ярьсан ажлууд ач холбогдол, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, цар хүрээний хувьд маш том, урьд өмнө хийгдэж байгаагүй ажлууд. Ямар ч байсан гадныхан биднийг “Ямар хурдтай юм бэ” гээд гайхаад байна лээ.
-Хуучин барилгуудыг шинэчлэх ажлын ахиц ямар байна вэ?
-Хан-Уул дүүрэгт ажил эхэлчихсэн явж байгаа. Бусад дүүргийн иргэд ч байшингаа шинэчлэх ажилд хамрагдъя гээд өөрсдөө санаачилга гаргаад маш идэвхитэй байгаа. Гүйцэтгэгч компаниа сонгох болохоор иргэд зөрчилдчих юм. Хан-Уулын иргэд хоорондоо ойлголцохгүй. Тэр үл ойлголцолдоо хотын даргаа хавчуулчихаад л маргалдаад байна. Хан-Уулын нэг байшингийн хананд миний зургийг тавьчихсан, шүүмжлээд л үзэж тарж байна. Тэгсэн харин нэг бялдууч нөхөр надтай уулзаад “Таны зургийг хананд өлгөчихөөд шүүмжлээд байна. Би хуу татаад буулгачих уу” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Манай иргэд ардчилсан нийгэмд амьдарч байна. Намайг муулах эрх тэдэнд бий. Яасан бялдууч нөхөр вэ” гээд хөөгөөд гаргасан. Зарим хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлдэг нийгэмд амьдарч сурахад яадаг юм бэ. Ерөөсөө ардчилалд суралцахгүй юм аа.
-Зөвшөөрөлгүй барилгуудыг яалаа...
-Заримыг нь буулгах гэж байна. Гэхдээ буулгахад асуудал бий. Зөвшөөрөлгүй ч эд хөрөнгийн эрх үүссэн байдаг тул энэ маргааныг хуулийн дагуу шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээс эхлээд буулгалтын зардлын асуудлууд гардаг. Жишээ нь 120 мянгатад барьсан өндөр байшинг буулгахад тэрбум хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй. Хуулиараа бол барьсан компани нь буулгах ёстой. Гэвч нөгөө компани нь төлбөрийн чадваргүй байдаг. Тиймээс хот өөрөө буулгахаас өөр аргагүй болж байна. Тэгээд газрыг нь дуудлага худалдаагаар зарж, мөнгөө олж авах гарц үлдэж байна.
-Нэгэнт барьчихсан байшинг нурааж, мөнгө үрэх хэрэг байна уу. Тэр байшин бол өчнөөн мөнгөөр боссон бүтээн байгуулалт юм биш үү?
-Дураараа загнаж болдоггүй гэдэг сургамжийг өгмөөр байна шүү дээ. Гэхдээ иргэд их зовлонтой юм аа. Нэг болохоор буулга гэх юм. Буулгая гэхээр бүтээн байгуулалтыг нураалаа гэх юм. Аль хүнд таалагдах гэхэв. Зүгээр л хууль дүрмээ биелүүлээд явна. Өөр сонголт байхгүй.
-Нийтийн тээврийн шинэчлэл хийх туршилтыг өнгөрсөн намар явуулсан. Энэ хавраас хэрэгжүүлэх хэвээрээ юу?
-Дөрөвдүгээр сараас хэрэгжүүлнэ. Үнэнийг хэлэхэд тэр арга иргэдэд ашигтай. Нэг тасалбараар хичнээн ч тээврийн хэрэгслээр зорчиж болно гэхээр хэрэгтэй байгаа биз. Туршилтыг намар гэнэт хийсэн учраас иргэд тухайн үед цочирдсон байх л даа. Дээрээс нь автобусны буудлуудын хоорондох уялдаа холбоог тааруу төлөвлөснөөс дутагдалтай зүйлүүд гарсан байх. Гэхдээ эрүүл мэнд талаасаа ч иргэдэд ашигтай л байсан. Автобус дамжиж гүйгээд өдөрт алхах нормоо биелүүлж жин хасна. Бодисын солилцоо нь сайжирч, бие нь эрүүлжинэ. Социализмын үед хүмүүс яагаад туранхай байсан бэ гэвэл хүн бүр хувьдаа машингүй, автобуснаас автобусны хооронд гүйдэг байсантай л холбоотой шүү дээ. Энэ талаас нь харвал нийтийн тээврийн шинэчлэлийг намар туршсан байдлаар нь хэрэгжүүлчихмээр байгаа юм.
-Тэгээд ямар байдлаар хэрэгжүүлэх юм бэ?
-Буудлуудынх нь уялдаа холбоог сайжруулж, нэг л дамждаг болгоно.
-Автобуснуудын тоог нэмнэ биз дээ?
-Мэдээж. Эхний ээлжийн сунадаг автобуснууд орж ирнэ.
-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай яривал...
-Энэ хөтөлбөр хэрэгжиж чадвал Улаанбаатар хот таван тэрбум ам.долларын орлоготой болно. Нэг жишээ хэлье. 2013 онд Сөүлд Хятадын гурван сая жуулчин очсон байна. Нэг жуулчин дунджаар 3.9 сая воннын худалдаа хийжээ. Ингээд бодохоор нийт гурван сая жуулчин 11 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байгаа юм. Энэ бол зөвхөн Хятадын жуулчдаас Сөүлд оруулсан хөрөнгө оруулалт. Хятадаас гадна өөр олон орноос тэнд жуулчилж байгаа гээд бод доо. Ийм учраас Солонгост ажилгүйдэл алга, айл бүхэн, такси болгон орлоготой. Иргэд нь чинээлэг байна.
Гэтэл монголчууд бид малынхаа махыг хил давуулан худалдаж, хэдэн цаас олох гэж аргаа ядаж сууна. Эдийн засгаа сэргээж, иргэдээ ажилтай болгох гэж толгойгоо гашилгаж байдаг. Тэгвэл таван сая жуулчин аваад ирэхэд л таван тэрбум ам.долларын орлого олох нь байна шүү дээ. Жуулчин гэдэг бол тухайн улсад үлдэж цагаачилдаг хүмүүс биш. Чинээлэг хүмүүс жуулчилдаг юм. Өмнөд хөршийн нэг жуулчин манай брэндийн дэлгүүрээр ороод арван сая төгрөгийн худалдан авалт хийж байна. Ийм худалдан авалт хийх жуулчид олноор цуглабал Монгол Улс сэргээд ирнэ. Малчид махаа, сүүгээ, ногоогоо худалдана. Айл бүхэн бизнестэй, орлоготой болно. Найрсаг Улаанбаатарын зорилго ердөө л энэ. Харамсалтай нь найрсаг Улаанбаатар хөтөлбөрт хуучинсаг, коммунист, хүчирхийллийн үзэл санаатай залуус саад тээг болохуйц үйлдлүүд гаргах гээд байдаг боллоо.
-Гадныханд бүдүүлэг хандаж байна гэж үү?
-Сая гадны иргэд амиа алдлаа. Үүнээс нь болоод Улаанбаатар бол аюултай хот гэдэг ойлголт дэлхийд түгэх нь байна шүү дээ.
-Дээрээс нь манайхан вьетнамчуудыг ад үзээд сүйд болж байна...
-Харин тийм. Хэзээ билээ нэг монгол залуу Сөүлд очоод хөгшин эмгэнийг хүчиндчихсэн л байсан шүү дээ. Тэглээ гээд солонгосчууд “Монголчуудыг ална, хядна” гэж хашгираагүй. Хуулийн байгууллага нь хэргийг хянаж, тогтоогоод ялыг нь өгөөд л гүйцээ. Манайхан гадны оронд очоод хүүхэн шуухан эргүүлдэггүй гэж үү. Тэр тоолонд гадныхан “Муусайн монголчууд манай охидуудыг доромжиллоо” гээд босч байсан удаа бий юу. Манай залуучууд Японы сумо бөхийн дэвжээг эзэгнэж л байна. Тэглээ гээд тэднийг эсэргүүцээд орилж байна уу.
Гадныхан үнэхээр манайд ирчихээд хэрэг хийсэн бол хянадаг, шийддэг цагдаатай, төртэй улс бид чинь. Вьетнам иргэн хууль зөрчсөн байвал хэнээр ч заалгахгүй хуулийн дагуу арга хэмжээ авна. Харин хэрэг хийгээгүй бол монгол ч бай, вьетнам ч бай бүх хүн Монгол Улсын хуулийн хамгаалалтад байх ёстой. Манай Үндсэн хуульд иргэний эрх биш хүний эрхийг дээдэлнэ гэж заасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хэн бүхний эрхийг дээдэлнэ гэсэн үг. Үүгээрээ манай Үндсэн хууль гайхалтай шүү. Энэ л зарчмаар хүн ёсны найрсаг байдлаар хандмаар байна. Харамсалтай нь Улаанбаатарыг найрсаг хот биш гэсэн имижтэй болгох санаархлууд яваад байгаад бачимдаад байх юм.
-Ер нь монгол хүмүүс их бухимдалтай, ууртай болчихжээ...
-Харин тийм. Хөрөнгө оруулагчдыг дайрч давшлаад, гаднаас ирсэн жуулчдыг барьж зодоод байвал яаж хөгжих юм бэ. Үнэндээ өөрөө өөрсдөдөө эдийн засгийн хориг тавьж байна л гэсэн үг. Манай өмнөд хөрш ямар том гүрэн билээ. Гэсэн хэрнээ эх орондоо хөрөнгө оруулагч, жуулчдыг татах гэж байдаг чадлаараа хичээж байна. Орос ч гэсэн хөрөнгө оруулагч хайгаад хэцүүдэж байна. Гэтэл монголчууд бид л том байх юм. Бид дотооддоо машин үйлдвэрлэдэг бил үү. Үгүй ш дээ. Гадны улсаас гар утас худалдаж авна. Эдэлж, хэрэглэж байгаа бүхнээ бид дэлхийгээс авдаг. Ийм байж дэлхийн эсрэг, дэлхийн иргэдийн эсрэг зогсоод яах юм бэ.
-Жуулчдыг татахын тулд яг юу хийхээр төлөвлөсөн юм бэ?
-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд олон том фестиваль зохион байгуулах гэж байна. Австрийн Вена хот жилд 83 фестиваль зохион байгуулдаг. Үүнд зориулж 280 сая евро зарцуулдаг. Тэр фестивалиудыг нь үзэх гэж 36 сая жуулчин ирдэг. Вена хот ингээд л цэцэглээд байна шүү дээ. Бид энэ жишгээр фестивалиуд зохион байгуулна. Манай зүүн талд байгаа Манжуур жилдээ зургаан сая жуулчин авч байна. Бид яагаад чаддаггүй юм. Байгалийн нэг л бүсэд байна шүү дээ. Ингээд Улаанбаатарт жуулчин уриад аваад ирсэн чинь зодоод балбаад дээрэмдээд байвал яах юм. Аюул боллоо гэсэн үг. 1990-ээд оны дундуур байх аа. Өмнөд хөршид Японы хоёр жуулчинг танхай залуус алчихсан юм. Тэгэхэд Хятадын төр засаг япон иргэдийг хөнөөсөн хүмүүсийг илрүүлж нийтийн өмнө цаазалсан байдаг. Жуулчин, хөрөнгө оруулагчдыг үргээх аюулаас сэргийлж, тийм арга хэмжээ авч байна шүү дээ. Хүчирхийллийн үзэл санаагаар гадныханд хандаад хууль зөрчөөд байгаа монгол иргэддээ бид хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Яагаад гэвэл монголчууд ажилтай, орлоготой амьдармаар байна. Хүүхдээ сургуульд сургаж, айл өрхүүд бизнестэй баймаар байна. Үүнд хүчирхийллийн үзэл санаатай хэдхэн хүн гай болж болохгүй.
-Улстөрчид ч эх оронч царайлж популизм хийдэг байдал газар авчихлаа. Үүнээс болоод гадны хөрөнгө оруулалт, гадныхныг үзэн ядах сэтгэлгээ дэлгэрээд байна уу гэж харагдах юм...
-Энэ мунхаглалын хохирогч нь бид өөрсдөө болоод байгаа нь хамгийн харамсалтай. Монголчууд бид ядуурал, ажилгүйдлээсээ залхах цаг болоогүй юм уу. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг унагаснаас болоод 50 мянган хүн ажилгүй болчихлоо. Тэднийг С.Ганбаатар ажилтай болгох юм уу, үгүй ш дээ. Тэгэхээр энэ чинь ямар зорилготой популизм юм бэ. Манай хотод 100 мянган хүн ажилгүй болчихоод байна. Популизм хийгээд байгаа улстөрчид тэднийг ажилтай болгож байна уу. Ингэж хүнээр тоглож болохгүй ээ.
-Нийслэлийн татварыг нэг хэсэг нь шүүмжлэх юм. Нөгөө хэсэг нь зүйтэй л гэх юм. Та юу хэлэх вэ?
-Нийслэлд орон нутгаас шилжиж ирэгсдийн тоог сааруулах зорилгоор татвар бий болгох нь гэдэг ойлголт байгаа юм шиг байна. Тэр бол буруу шүү. Аливаа хот хүн амаа өсгөх л сонирхолтой байдаг юм. Үүний тулд ганцхан шаардлага тавьдаг. Та хотод амьдарч болно, гэхдээ гадаа хүндэрч, гал түлж болохгүй шүү л гэдэг. Хотын инженерийн хүрэлцээ одоохондоо муу байгаа учраас шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох нөхцөл үүсч болно. Түүнээс биш хот руу нүүлээ гэдэг утгаар нь иргэддээ дургүйцэх асуудал байж болохгүй.
-Нийслэлийн татварыг ямар хэлбэрээр авах гээд байна вэ?
-Эхний ээлжинд иргэдээсээ биш зочид буудлын оронд татвар ногдуулъя гэж байгаа юм. Бусад хотуудад ч ийм татвар байдаг. Аливаа иргэн тухайн оронд очлоо гэхэд аюулгүй байдлаа хангуулах үйлчилгээ авдаг. Тэр үйлчилгээнийхээ төлбөрийг төлж байгаа хэлбэр юм.
-Өөр татвар авахгүй юм уу?
-Архи, тамхины хэрэглээний татвар байж болно гэдэг санал УИХ дээр гарч л байна лээ. Ер нь нийслэлийн татварыг зөв ойлгох ёстой. Дэлхийд бол аль ч орны иргэд хотын татвартаа дуртай байдаг юм. Яагаад гэвэл хотын татварыг эргээд иргэдийн бизнесийг дэмжихэд зориулдаг учраас тэр л дээ.
-Хотын төв рүү машинтайгаа орвол татвар төлөх тухай яриад байсан. Тэр саналыг яахаар болсон бэ?
-Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Дүн нь гараагүй байна. Хэрэв хэрэгжүүллээ гэхэд иргэдээсээ асууна. Ийм жишиг тогтчихоод байгааг та нар мэдэж байгаа биз дээ. Хүмүүс мартчихсан болохоос хогны ногоон уутыг иргэдээсээ асууж байгаад хийсэн. Иргэний танхимд хэлэлцсэн. Дараа нь дүүрэг, хороод дээр очиж ярьсан. Тэр үед иргэд жигтэйхэн дэмжиж байсан. Би ч Ардын намынханд “Үүнийг битгий улстөржүүлээрэй” гэж хэлж байлаа.
Яагаад гэвэл хот хогноосоо салахын тулд эхлээд иргэдээ хатуу зуршилтай болгодог юм байна. Энэ бол дэлхийд батлагдсан туршлага. Хогны уутгүй хот дэлхийд ховор. Тэгж ярих юм бол манайх шиг хогны уутаа үнэгүй авдаг газар байхгүй. Хогны уутаа худалдаж авна, үгүй бол торгуулна. Зориулалтын уутанд хогоо ялгаж хий гэдэг зарчим дэлхийн хотуудад үйлчилдэг. Биелүүлэхгүй бол торгуулна. Зориулалтын уутанд хогоо хийдэг автомат сэтгэлгээг иргэддээ суулгаж байж хотоо хогноос салгах тэмцлийн суурийг тавьдаг юм байна. Миний хувьд амихандаа үүнийг л эхлүүлэх гэсэн юм.
-Хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэлээ гээд таныг буруутгаад байгаа л даа...
-Угаасаа хогны мөнгийг хогонд нь зориулах хуультай. Тэр мөнгөөр эмнэлэг, сургууль барьж болохгүй. Яахав дээ, миний эсрэг аргаа барсан улс төр хийж ядахдаа тийм юм яриад байгаа юм. Гэхдээ одоо яая гэхэв. Тэдний улстөржилтөөс болоод өнөөдөр хүмүүс ногоон уут хэрэглэхээ больж эхэлж байна.
-Ногоон уут хэврэг байгаад байна уу?
-Хийцийн хувьд янз бүрийн асуудал бий л байх. Гэхдээ тэр чинь харьцангуй ойлголт. Ямар ч байсан зориулалтын уут руу хогоо хийдэг дадлыг иргэддээ суулгах л гэсэн. Харамсалтай нь улстөржүүлээд хаячихлаа. Одоо тэгээд болихоос.
-Ногоон уут тараахаа болих гэж байгаа юм уу?
-Өөр арга алга. Одоо зогсооё. Иргэдийн хуралд саналаа оруулна.
-Бидний шахалтаар энэ ажил зогслоо, хотын дарга буруу юм хийснээ хүлээн зөвшөөрлөө гээд л Ардын намынхан баатар аятай аашлах байх даа...
-Одоо яая гэхэв. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүнийг хийж л таараа. Тэгж ярих юм бол хогийг уутанд ялгаж хийдэг цаг ирнэ дээ.
-Засаг даргын орлогч нарын тухай асуудал хэл ам дагуулсан зүйл байлаа. Та өөрөө юу хэлэх вэ?
-Засаг даргын орлогч нарын тухай манай Иргэдийн хурлаас тогтоол гарсан юм. Засаг даргын орлогч нарыг төсвөөс цалинжуулахгүй гэж. Өөрөөр хэлбэл хариуцсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд түүнийхээ үр ашгаар цалинждаг байх тогтоол гарсан юм. Үүнийг нь УИХ нийслэлийн Засаг дарга хоёроос дээш орлогчгүй байх юм байна гээд буруу ойлгочихсон. Гэтэл бид орлогчгүй байх тухай яриагүй. Гэхдээ бид Иргэдийн хурлын тогтоолоо дагахаас өөр аргагүй.
-Цалингүй ажиллана гэдэг нь өөрөө хэт үнэмшилгүй санагдаад байгаа юм л даа...
-Цалингүй гэж ерөөсөө яриагүй. Аль ч компани менежерүүдээ хөдөлмөрийнх нь үр дүнгээр цалинжуулдаг. Ийм зарчим руу шилжье гэсэн юм. Ажил хийсэн, хийгээгүй тогтмол цалин авахыг төсвөөс цалинжих гээд байгаа юм шүү дээ. Үүнийг больё гэсэн юм.
-Танай орлогч нар хийснээрээ цалинжиж байгааг хэн хянах юм?
-Би хянана. Манай Иргэдийн хурал хянана. Нийслэлийн Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтныг төрийн албан хаагч төлөөлж болдоггүй юм. Улс төрийн албан тушаалтныг улс төрийн албан тушаалтан төлөөлдөг. Манай төрийн албаны тухай хууль тийм юм. Тийм учраас намайг Гэрэлчулуун юм уу Бадрал төлөөлөхгүй. Яагаад гэвэл тэд төрийн албан хаагчид. Харин намайг Гантөмөр төлөөлж УИХ, Засгийн газартай ажиллаж болно. Яагаад гэвэл тэр улс төрийн албан тушаалтан. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Тийм учраас нийслэлийн Засаг дарга орлогчтой байдаг. За ингээд яриагаа дуусгах уу. Гадаа уулзах хүмүүс хүлээгээд байх шиг байна.
-Улс төрийн сэдэвтэй хоёр асуулт байна. Асуухгүй гарвал уншигчид зэмлэнэ. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорчихсон. Зарим хүмүүс Н.Энхбаяртай гэрээ байгуулсан нь түүнийг огцруулах асуудлыг шуудруулсан гэж ойлгох нь бий. Эсвэл Н.Алтанхуягийг огцруулахын тулд Н.Энхбаяр Улаанбаатарт гэнэт гэрээ хийхээр ирсэн гэдэг гаргалгаа ч байдаг. Чухам тэр хоёрын хийсэн гэрээг асар их эсэргүүцэж байсан хүний хувьд та юу хэлэх вэ?
-Н.Энхбаяр яагаад ирж гэрээ хийснийг мэдэхгүй. Энэ тухай Н.Энхбаяраас асуусан нь дээр байх. Харин Н.Алтанхуяг дур мэдэн Н.Энхбаяртай гэрээ хийсэн нь манай намын дүрмийг ноцтой зөрчсөн. Ардчилсан нам хэн нэгний хувийн өмч биш. Энэ нам даргынхаа хувийн өмч байгаагүй, түүхийн дуудлагаар бий болсон юм. Тийм учраас би эсэргүүцсэн. Намын дүрэм зөрчсөн учраас хариуцлагыг дээд хэмжээнд тооцох хэрэгтэй гэдгийг нь хэлсэн. Ийм л учиртай.
-Үнэндээ энэ гэрээг хийсэн нь Н.Алтанхуягийн огцрох нэг шалтгаан байсан гэдэгтэй санал нийлэх үү?
-Ер нь Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах яриаг хамгийн их эсэргүүцдэг байсан хүн нь би. 1996 оныг давтаж болохгүй гэдэг байр суурь дээр хатуу байлаа. Гэвч Н.Энхбаяртай гэрээ хийхийг нь хараад “Ингэж болохгүй, уучлаарай огцруулахаас өөр аргагүй” гэж хэлэхэд хүрсэн юм. Одоо ч үүнийгээ зөв гэж боддог.
-Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын гэрээ таны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг хаах гээд байсан ч гэх яриа байлаа...
-Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдэж байгаа хүмүүст хандаж нэг л зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа хэлсэн байсан байх аа. “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш.
Надад тов тодорхой зорилго бий. Тийм учраас намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож байгаа хүмүүс эндүүрч байна. Уг нь 1990 оноос хойш намайг албан тушаал сонирхож байгаагүйг иргэд мэдэхийн дээдээр мэднэ дээ. Нийслэлийн Засаг дарга гэдэг албан тушаалыг одоо ч сонирхоод байгаа юм алга. Би бол зүгээр хотоо гоё болгох гэсэн хотын хүүхэд. Хүмүүсээ гоё хотод амьдруулмаар байна. Хүмүүс намайг хотын даргын ажлыг сайн хийж байна гээд л байгаа. Ингэж үнэлсэнд нь баяртай байна. Гэхдээ мэдлэгтэй, туршлагатайдаа энэ ажлыг сайн хийгээд байгаа юм биш. Зүгээр л хотынхоо төлөө сэтгэлээ өгөөд байгаа хэрэг. Сэтгэл гаргаж байгаа учраас ажлыг гайгүй хийгээд байж магадгүй. Ер нь аливаад сэтгэлээсээ хандахгүй бол хичнээн боловсролтой, туршлагатай байгаад ямар ч ажлыг олигтой хийхгүй л дээ.
-Метроны түлхүүрээ хэзээ гардаж авах юм...
-2020 онд метроны түлхүүрээ гардаж авна гээд үзчихнэ дээ.
-Тэр болтол хотын дарга байна гэж үү?
-Намайг сонгоод байвал зүтгээд л байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
“Өдрийн сонин” 2015.01.28 №021
“Өдрийн сонин” 2015.01.28 №021