Д.С-д

Монгол орон-оньсого таавар, гайхамшгийн орон. Одоо ч дуусаагүй нүүдэлчин хэвшил, төр ёсны хоёр мянга хоёр зуун жилийн уламжлал, хамгийн том империэс хамгийн жижигхэн вассал, дагуул улс бүгд багтдаг түүх шастир, хот дүүрэн малтай атлаа ганц дээлтэй хүн,  юу ч байхгүй харагдах мөртлөө юугаар ч дутахгүй айл, мянган жилийн өмнөх ба нэн орчин цагийн хоёр хэвшлээр зэрэг амьдрагч айлууд, нэг харахад ирээдүйгээ алдсан ч юм шиг гутрам, эргээд харахад зөвхөн энд л хүн төрөлхтний ирээдүй байгаа мэт, зарим үед ерөөсөө ирээдүйгээр аялж яваа мэтээр төрөх  сэтгэгдлүүд өвөл зун ээлжлэх адил.

Монгол орон-орон зайн эрх чөлөөний орон. Хязгааргүй уудам хээр тал, уулс хангайнхаа дунд эрх дураараа аж төрөх хэв маягийг нь хаант ёс ч, социалист дэглэм ч хазаарлан хорьж дийлээгүй юм. Мянга мянган жилийн туршид монгол хүн хүссэн цагтаа морио унаад хүссэн зүгрүү тоос татуулан одож мөнх хөх тэнгэрийн дор хэрэн одохын жаргалыг эдэлж ирсэн. Монгол хүн хэзээ ч, хаашаа ч одоход бэлэн болоод итгэл төгс. Одоо ч хэвээрээ...

Монгол орон-Иргэншлээс дутахгүй соёл тээсэн нүүдэл. Монголчууд зуунаас зуун дамжсан нүүдлийн замдаа хамгийн их соёл, оюун санааны үнэт зүйлийг тээж, үр ачдаа дамжуулсан үндэстэн.  Бат бэх хэрэм цайз, сан хөмрөгт л хадгалж үлдээж болох үлэмж баялаг соёл, бичиг соёлын дурсгалыг  үеэс үеэс өвлүүлэн үлдээж чадсан юм.  Хамгийн эртний бичиг үсэгтэй үндэстнүүдийн нэг монголчууд өнөөдөр ч хүн ам нь хамгийн их бичиг үсэгтэй үндэстний нэг.

Монгол орон-гүн ухааны эгшиглэн.  Намрын хуйсгануур салхитай өдөр найрын гэрээс хангинах уртын дуу, эзгүй талд яваа цор ганц хүний хоолойноос эгшиглээд хаяа хярхаггүй талыг дүүргэн дүүргэх  шуранхай, борог эсгий гэрт түүдгийн гэрэлд  амилах туульс бүгдээр оршин амьдрахуйн утга, ертөнцтэй зохицох, сэтгэл зүрхээ баясгалангаар цэнэглэх  тухай гэгээдийн сургааль мэргэдийн санаа. Буддын сургааль, Сократын санаа, Аристотелийн бодролд  ая эгшиг оруулаад гүн ухаанаар цэнгэгч ардууд. Цэнгэл жаргалыг зугаа найраагаар бус цэцэн билиг ухаарлаар хөглөх хүн зон.

Монгол орон-бодол бясалгалын орон зай. Хүн ганцаараа явахдаа юм бодож хоюулаа болоод түүнийгээ ярилцдаг. Үлэмж цэлмэг тэнгэр, бахдам уулс, тэнэгэр талд муу муухай бодол, төөрөгдөл бүгд хийсэн арилдаг. Сайхан бодол бүхэн сайхан төсөөллийг үүсгэж, сайхан төсөөлөл бүхэн сайхан биелэлд хөтөлдөг.

Монгол орон-үнэнч нөхөрлөлийн үлгэр. Бид хамгийн өгөөмөр ууч, найрсаг нөхөрсөг хүн зон. Бидний өвөг дээдэс “нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэж сургасан юм. Дайсан гэдэг бол нөхөрлөж амжаагүй анд хэмээн нүүдэлчид хэлдэг. Эзэн Чингэс хаан ч үй олон үнэнч нөхрөө өнгөрсөн үеийн дайснууд дотроос олжээ. Хорвоо дэлхий нөхөд болон  хараахан найзалж амжаагүй байгаа андуудаас бүрддэг  тад нутгийн философи хэлдэг.

Монгол орон-мөрөөдөл бүхэн амилдаг гайхамшгийн орон. Тэртээ XIII зуунд ганцаардан гадуурхагдсан өнчин хөвүүн Тэмүүжин улсаа эргүүлж авахыг ч хүссэн. Улсаа эргүүлж аваад ертөнц дахиныг тэгшитгэхийг л хүссэн. ХХ зууны эхээр өвөг дээдэс тусгаар тогтнолоо сэргээхийг хүссэн. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр орны дунд ч  гэсэн өөрийнхээрээ л тусгаар тогтнохыг хүссэн. Бидний өвөг дээдсийн мөрөөдөл бүхэн биелсэн. Биднийх ч бас биелнэ.